Корона-гийн эргэн тойронд

Корона вирусийг  Монголд анх Франц  иргэн авчирсан билээ. Тэр мөч хүртэл Монголчууд хэрэндээ вирус оруулахгүй  гэж их чармайсан. Францын иргэн бөгөөд Францын Арева (Үндсэн компани нь Орана Майнинг) компаний ажилтан нэг этгээд ажлын шугамаар ирэхдээ Корона вирусыг ''аваад иржээ''. Мэдээж санаатай л аваад ирээгүй байх. Ашгүй одоогоор биеийн байдал тогтвортой, халуун нь буурсан мэдээ байна. Энэ нөхрийн дараа гадаадаас тусгай онгоцоор тээвэрлэж авчирсан Монгол иргэдээс энэ вирусын халдвар илэрсээр одоогоор нийт 6 хүн халдвартай гэж байгаа. Бүгдийг нь эмчлээд л гаргах хэрэгтэй. Харамсалтай нь нэг иргэний биеийн байдал муу байгаа гэсэн яриа байна. 

Одоогоор 1000 гаруй хүнийг гадаадаас авчирсан гэнэ. Нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Бид цөөхүүлээ учраас нэг ч гэсэн Монгол хүний төлөө байх ёстой. Тэр тусмаа энэ тахалын үед гадаадад байгаа иргэд маань гадуурхагдаж, эмнэлгийн болон аливаа туслалцаа авах боломжгүй буюу тухайн улс нь ийм үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан, мөнгө санхүүгийн хувьд цаашид тухайн улсад байхад хүндрэлтэй, эсвэл буцаж чадахгүй боогдсон, хөл хорионд орсон байгаа учраас Монголдоо авчрах нь бидний үүрэг юм. Төр засаг ч энэ тал дээр зөв ажиллаж байна. Хэрвээ уншигч та гадаадад байгаад, нутагтаа буцаж чадахгүй, буцах шаардлагатай байхад төрөөс тусгай онгоц явуулж авахгүй бол яах вэ? Иргэнээ гаднаас авах нь байтугай нутагтаа байгаа халдвар авсан настангуудаа хөсөр хаяж байгаа Италичуудыг юу гэхэв? Эсвэл Корона туссан өвчтөнүүд хэвтэж байгаа эмнэлгийг шатаасан гэх Иранчууд элэг нэгтнээ хайрлаж байна уу? Монгол хүн болж төрсөндөө, өмөөрч хамгаалах, очиж авах эх оронтойдоо бид бахархах ёстой! Тиймээс гаднаас Монголчуудаа татаж авах нь зөв, буруу гэж маргалдах нь маш буруу юм. Бид нэг нэгнээ бодохгүй бол хэн ч биднийг хаана ч бодохгүй. 

Эрүүл Мэндийн сайд бөгөөд фото зурагчин, сэтгүүлч, Соёлын гавъяат зүтгэлтэн  Д.Сарангэрэл хэдийгээр хичээн чармайж ажиллаж байгаа боловч алдаа гаргасаар байна. Эхний алдаа нь дээр дурдсан анхдагч Франц этгээдийг Монголд ирэхэд нь 14 хоног өөрөө өөрийгөө гэртээ тусгаарлаж ажиглаарай гэдэг зөвлөгөө өгөөд явуулсан байгаа юм. Өөрөө хэвлэлийн хурал дээр хэлж байна билээ. Нөгөө Франц залуу ''за'' гэж хэлээд мурьчихгүй юу. Зүй нь хяналт тавьж ажиллах ёстой байсан юм. Тэгээд л мань залуу гэртээ 14 хоног байхын оронд гадуур дураараа чөлөөтэй тэнээд, хүн амьтантай уулзаад, хоол унд энд тэнд идээд явсан байгаа юм. Түүгээр ч барахгүй хөдөө очиж бас олон хүмүүстэй харьцаанд (буюу хавьталд)  орсон гэжуга. Тэгээд л хэд хоногийн дараагаас халуурч эхэлсэнээр вирустэй болох нь илэрчээ. Ингээд энэ этгээд баахан Монгол хүнд халдаасан байж магадгүй болоод, хавьтсан хүн бүрийг илрүүлж шинжилгээнд оруулсаны дараа гайхалтай нь бүх хүмүүс халдваргүй гарсан билээ. Энэ явдлын дараа эрхэм сайдыг алдаа хийж,  аюул болгох шахлаа гэж баахан загнасан даа, бид. Бурхан гуай эрхэм сайдыг минь харж үзээд  тэр Францтай хавьтсан Монголчуудад вирус халдаагаагүй юм болов уу даа.

За ингээд амьтны хэл амнаас нэг юм арайхийж сугарч байсан чинь сайд маань саяхан дахиад л хачин мэдэгдэл хийж бидний дургүйг хүргэж орхилоо. Юу гэсэн гээч? ''Хэрэв энэ тахал олон нийтийг хамрах юм бол хөнгөн өвчилсөнийг нь хүлээж авах, эмчлэх боломжгүй. Хичнээн орилж чарлаад ч  эмнэлэгт авахгүй'' гэж хэлсэн!
Энд хоёр асуудал байна. Нэгд, нийтийг хамрана гэдэг нь юу хэлээд байна?
Хоёрт, зөвхөн хүнд өвчтөнийг авч эмчлэх ба хөнгөн өвчтөнийг авахгүй гэдгийг юу гэж ойлгох вэ?

1-р асуудлын тухайд, 

Нийтийг хамрах юм бол гэдэг нь хэрвээ тэгж хяналтаас гарах юм бол бид буруугүй шүү гэж эртнээс хаяагаа манаж, биеэ хариуцлагаас мулталж байгаа хэрэг гэж ойлгож байна. Хүмүүсийн сэтгэл зүйг дасгаж, юмыг яаж мэдэх вэ гэсэн байдлаар л хандаж байна даа. Уг нь ингэж хаяагаа манаж байхын оронд тийм байдалд яавал хүргэхгүй байх вэ гэж толгойгоо ажиллуулах ёстой юм л даа.  Хариуцсан ажилдаа эзэн болж чадахгүй, итгэлгүй байгаа бол ажлаа өгөх хэрэгтэй л дээ. Нөгөөтэйгүүр, иргэдээ сэтгэл санааны хувьд өөдрөг байлгаж, зоригжуулж, урам өгч байхын оронд муу ёрлож ийм мэдэгдэл хийж байгаа нь даанч өрөвдөлтэй. 

2-р асуудлын тухайд, 

Гаднаас олон Монголчуудаа авчрахын хэрээр халдвартай хүн илрэх магадлал өндөрсөнө гэдэг нь ойлгомжтой. Тэглээ гээд гадаадад боогдсон иргэдээ авахгүй гэж болохгүй. Тэгэхээр халдвартай хүний тоо нэмэгдэнэ гэсэн үг. Халдвартай хүнтэй хавьтагсадын тоо бас нэмэгдэнэ. Энэ олон хүнийг тусгаарлах, байлгаж эмчлэх байр сав бий болгох хэрэгтэй. Эмнэлэг нь хүрэлцдэггүй юм бол зориулалтын бус газруудыг (зочид буудал, амралтын газрууд, сургууль, цэцэрлэгүүд гэх мэт) зориулан тохижуулж ашиглах хэрэгтэй. Онцгой байдлын үед бүх нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд хувийн болон хувьсгалын ялгаагүй дайчлах ёстой. Зөвхөн хүндээр өвчилсөнийг нь аваад хөнгөн өвчтэйг нь авахгүй гэдэг бол тэнэг хэрэг. Тэр ''гологдсон''  хөнгөн өвчтөнүүд цаашлаад бусад эрүүл хүмүүстээ халдааж, тахлын тархалтыг улам нэмэгдүүлж бүр гамшгийн байдалд хүргэнэ гэдгийг төсөөлөхөд тийм хэцүү байна уу, сайд гуай? Хөнгөн өвчтөн нь хүндрээд чад болбол хохь нь уу? 
Нөхцөл байдлыг зөв дүгнэж, ямар арга хэмжээ авч ажиллаж болох вэ гэдгээ төлөвлөж ажиллах болохоос биш урьдчилан муу амлаж, бууж өгдөг байж таарахгүй. Эмээгээд байгаа бол ажлаа өгчих нь шулуухан. ''Хичнээн орилж чарлаад ч нэмэргүй'' ч гэх шиг. Үгийн сонголт энэ тэр бол,ялангуяа эмэгтэй хүн, эх хүний хувьд арай л харгис юм шиг. 


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө