Коронагийн ач тус

Корона вирус гай ч авчирна, гавъяа ч байгуулна. Энэ үгийг би Монголд хамааруулж байна. Энэ вирус бидэнд гай гэхээсээ илүү ''гавъяа'' байгуулж байна гэвэл зарим уншигч маань гайхаж байгаа байх. Одоогийн байдлаар вирусээр өвчилсөн 6 хүнтэй болчихсон, хөл хорио тогтоосон, олон ажил алба түр хаагдсан буюу царцаасан байдалтай байгаа. Ямар нэгэн халдварт өвчин ихээр тархаж, тахал гэж үзэх хэмжээнд хүрсэн үед улс орон болгон л ийм арга хэмжээ авч байгаа. Энэ бол хэн бүхний хүлцэх золиос.

Тэгвэл Корона ямар сайн зүйл бидэнд авчрав аа? Хамгийн гол нь энэ вирусын ''ачаар'' Монголчууд ариун цэвэрт сурч байна. Амны хаалт зүүж эрүүл мэндээ хамгаалж сурч байна, нус цэрээ гудамжинд хаяхаа больжсурч байна, шүлсээ дуртай газраа тургидаг ''уламжлалаа'' таягдан хаяж байна, гараа тогтмол угааж сурч байна. Зарим нэг хүний тарыг таниулж, нүүрнийх нь багийг хуулж өгч байна. 

Нэгдүгээрт , би амьсгалын замын өвчин гарсан үед амны хаалт зүүдэг хэвшилтэй болж байгаад их баярлаж байгаа. Корона бол амьсгалын замаар халддаг нэг төрлийн ханиадны вирус. Шинэ төрлийн мутацад орж бий болсон вирус юм. Тэгвэл энгийн ханиад томууны вирус байнга л тэнүүчилж явдаг бөгөөд жил бүр өчнөөн хүүхэд, томчууд өвдөж, бүр амь насаа алдах нь их. 
Ханиад томууны вирусээр 2019 онд Монголд 78 мянган хүн өвчилж, 431 хүн нас баржээ.Энэ төрлийн ханиад томуу улирлын шинж чанартай. Эндээс харвал бид 2019 онд 431 хүнээ ханиадаар алдчихжээ. Хэрвээ бид энэ ханиадны улиралд амны хаалт зүүгээд, гараа тогтмол сайн угаагаад сурчих юм бол ингэж олон мянгаараа ханиад томуугаар өвчлөхгүй, олон зуугаар нь оршуулахгүй л гэсэн үг. 2019 оноос өмнө хичнээн хүнээ алдаж байсан бол?

Хоёрдугаарт, нус цэр, шүлсээ гадаа гудамжинд дуртай газраа тургиж, газар хөрч, агаар бохирдуулдаг балиар зуршлаа больж эхэлж байгаа нь тун талархууштай. Зөвхөн Коронатай үед ч биш ер нь ханиад томуугүй үед ч нус, шүлсээ ил хаядагаа больцгооё. Хөндлөнгөөс харсан ч зохисгүй. Шүлс бол таны аманд ялгарсан шингэн учраас та буцаагаад залгичихаж болно. Та өөрийнхөө шүлснээс сэжиглэх ямар ч шаардлага байхгүй. Харин цэр гарсан тохиолдолд нусны алчуурандаа эсвэл цаасанд аваад боогоод хаях хэрэгтэй. Нусны алчуур гэдэг зүйлийг хэрэглэж хэвшмээр байна. Хүн бүр хармаандаа нусны алчуур, эсвэл ядаж зориулалтын амны  цаас авч явж сурах нь зүйтэй. Социализмын үед нусны алчуурыг хэрэглэж хэвшүүлж байсаныг сэргээх хэрэгтэй. Гадаа газар, гудамжинд хаясан цэр нус, шүлс нь газар хөрс, агаар бохирдуулдаг. Нян вирус тархах таатай  боломж болдог.

Гуравдугаарт, гар угаах гэдэг зүйлийг  хэвшил болгочихвол бид нэг алхам урагшаа алхана гэсэн үг. Гадуур яваад гэртээ ирсэн хүн гараараа дамжуулан ямар ч вирус, нян тээж ирэх аюултай. Гараараа бид бүх зүйлд  хүрч харьцдаг. Хаалганы бариулаас эхлээд элдэв гадаргуу, эд зүйлд хүрдэг учраас хамгийн бохир эрхтэн болдог. Тийм учраас зөвхөн элдэв өвчин гарсан үед  гэлтгүй энгийн үед ч гэсэн гараа боломж гарангуут угааж сурах нь маш чухал хэвшил! Орсон ч гарсан ч гараа угааж сурая. Зарим хүмүүс зөвхөн хоол идэхээсээ өмнө гараа угаах хэрэгтэй гэж ярьдаг нь учир дутагдалтай.  

За тэгээд дээрх зүйлүүдийг хэвшил болгочихож чадвал бид жирийн ханиад томууны үеэр ч өвчинд бага өртөж, эрүүл мэндээ сахиж чадах боломжтой болох нь. Ингэж олон арван мянгаараа өвчилж, эмнэлэг сахиж, олон зуун хүнээ алдахгүй болно. Уг нь хэвшүүлэхэд тийм хэцүү зүйл биш л дээ. Хүн бүр л хичээж, бие биендээ шаардаж байвал амархан сурна. Сайшаалтай нь нус цэр шүлсээ хаяхыг хориглосон журам гарч мөрдүүлж байгаа нь бас нэмэр болох нь ойлгомжтой.  Соёлтой улсын соёлтой иргэд болъё гэвэл муу зуршлаасаа салах шаардлагатай болжээ. 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө