Муухай Монгол зан

Монгол Улсын иргэн ямар эрх үүрэгтэй вэ? Үүнийг зохицуулсан янз бүрийн хууль журам байгаа, гэхдээ Монгол Улсын Үндсэн Хуульд юу гэж заасан байдгийг харая. Хүний эрх, эрх чөлөөний тухай 2-р бүлгийн 16-р зүйлийн 18 дахь заалтанд ''Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй...'' гэсэн байна.

Энэ заалтыг дурдах учир бол сүүлийн үед Корона вирустэй орнуудаас эх орондоо буцаж ирэх гэсэн Монголчуудыг эх орондоо байгаа хүмүүс нь ад үзэх явдал ихээр гарч байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, Монголд байгаа хүмүүс маань гадаадаас буцаж ирэх гэсэн иргэдээ хажиглаж, вирус чирж ирнэ хэмээн хачин муухай зан гаргаж байна. Монголын томоохон намын нэг гэгдэх Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ гэдэг нөхөр саяхан мэдэгдэл хийхдээ  гадаадад байгаа Монголчууд буцаж ирээд хэрэггүй, тэндээ байх хэрэгтэй гэсэн болчимгүй зүйл ярьсан  нь Монголчуудыг хоёр талцуулсан явдал болсон. 
Ингэж ярьж хэлж байгаа хүмүүс дээр дурдсан Үндсэн Хуулийн заалтыг дахиад сайн уншина биз. Хэрэв хар амиа бодож байгаа бол өөрийгөө муухай Монгол хүн гээд ойлгочих хэрэгтэй. Монгол хүн гадаад явах, буцаж ирэх эрхтэй гэдгийг бусад төөрөлдсөн хүмүүс нь цээжилчихээрэй. 

Энэ далимд хэлэхэд, манай Үндсэн Хуулинд Монгол хүнийг дээдлэх, хамгаалах тухай ерөөсөө зааж өгөөгүй юм байна. Нутагтаа байгаа Монгол хүнээ дээдлэх, гадаадад байгаа иргэнээ  хамгаалах, өмгөөлөх, шаардлагатай тохиолдолд эх нутагт нь ирүүлэх тухай үг өгүүлбэр алга.  Монгол хүүхдийг асарч хамгаалах, дэмжиж туслах тухай нэг ч үг олсонгүй. Тиймдээ ч хүүхдүүдээ хөсөр хаягдсан биз ээ. Хүүхдүүд нь газар дор амьдраад л, гуйлга гуйгаад л, хамгийн муу муухайг сурч хүмүүжиж байгаа нь аргагүй. 

Ер нь бол иргэнээ хаядаг улс орон гэж байх ёсгүй. Ажиглаад байхад зарим улсуудын төр засаг нь иргэнээ их хамгаалдаг учраас иргэд нь их бардам, толгой дээгүүр явдаг юм шиг. Корона тахал гарсанаас хойш манайхаас бусад олон орнууд  мөн өөрсдийн иргэдээ гадаад орноос татаж авсан байгаа. 
Ганц аливаа нэг тахлын үед ч гэлтгүй бусад гамшгийн үед иргэдээ аюулгүй байдлаас аврах, авчрах ажиллагааг ямар ч улс орон чадал боломжийнхоо хэмжээнд хийдгийг бид мэднэ. 

Энэ удаагийн энэ аюултай нөхцөл байдал бидэнд зохих хууль журмандаа нэмэлт,өөрчлөлт оруулах ёстойг харуулаад өглөө. Тухайлбал, Үндсэн Хуулиндаа иргэдээ иймэрхүү тохиолдолд яаж хамгаалах, туслах, аврах тухай тодорхой зааж өгөх хэрэгтэй нь харагдаж байна. Ингэж байж бид чинь Үндсэн Хуулиараа заагдсан хамгаалагдах эрхтэй гэдгээ мэддэг, толгой дээгүүр бардам явдаг болно. Жирийн иргэд нь хоорондоо талцаж, гадаадад байгаа иргэдээ авна, авахгүй гэж маргахгүй, улс төрчид нь худлаа цэцэрхэж дайран дээр давс нэмдэггүй болно.  

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө