Цаазын протоколоос татгалзах өргөдлөө өгье

Цаазын ялыг хэрэглэхийг хориглох тухай янз бүрийн гэрээ буюу  дагалдах гэрээ (протокол) байдаг. Голдуу хүний эрхийн тухай ямар нэгэн гэрээнд дагалдуулж ийм нэмэлт буюу дагалдах гэрээ (Протокол гэж нэрлээд байгаа) хийсэн байдаг ба үндсэн гэрээнд нэгдэж орсон гишүүн орнууд тухайн протоколыг зөвшөөрөх, үл зөвшөөрөх эрх эдэлнэ. Цаазын ялын тухай ямар протокууд байдаг вэ?

Иргэний ба Улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээний дагалдах 2-р протоколыг зөвшөөрсөн улс (ногооноор)


1. Европын Зөвлөлийн гишүүн орнуудын хооронд байгуулсан Хүний  Эрх Чөлөө, Эрхийг Хамгаалах Гэрээний дагалдах 13-р протокол гэдэгт цаазаар авах ялыг ямар ч тохиолдолд үл хэрэглэх тухай заасан байдаг. Оросоос бусад бүх гишүүн орнууд зөвшөөрч дагаж мөрдөж байгаа.
Мөн энэ гэрээний 6-р протокол гэж бий. Үүгээр энхийн цагт  цаазын ял хэрэглэхээс татгалзахыг заасан байдаг. Орос улс энэ протоколд гарын үсэг зурсан боловч хууль тогтоох дээд байгууллага нь батламжлаагүй байгаа. Бусад гишүүн бүх улс зөвшөөрч батламжилсан.

2. Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын Гэрээ гэж байдаг. Энэ гэрээний дагалдах гэрээ болох  2-р протокол гэж бий. Энэ протокол нь цаазын ялыг халах тухай  агуулгатай. Энэ протоколыг 1989 онд анх санаачилж 1991 онд дээрх гэрээнд дагалдах  хууль болгож баталжээ. 2017 оны 11 сарын байдлаар энэ протоколыг 81 орон зөвшөөрч хэрэгжүүлж байгаа бөгөөд 2 орон (Ангол, Гамби) гарын үсэг зурсан боловч батламжлаагүй байна. (Дээр зураг үзнэ үү)
11 зүйл заалттай энэ  протоколоор гишүүн орнууд өөрийн нутаг дэвсгэр дээр цаазын ял хэрэглэхээс  татгалзах үүрэг хүлээнэ. Харин уг протоколын 2.1. дахь заалтанд нь дайны үед онц ноцтой гэмт хэрэг хийсэн тохиолдолд цаазын ял хэрэглэж болох тухай заасан  байдаг.  Харин уг протоколыг батламжлах үедээ гишүүн орон энэ заалтыг хэрэглэх эсэх тухайгаа  шийдэх ёстой.

3. Америк тивийн улсуудад зориулсан Цаазын ялыг халах тухай протоколыг Хүний эрхийн тухай Америкийн гэрээнд нэмэлтээр оруулж өгсөн байдаг. Тус тивийн 13 улс энэ  протоколыг зөвшөөрч нэгдсэн байна.

Монгол улс дээр дурдагдсан  Иргэний ба Улс төрийн эрхийн тухай олон улсын Гэрээнд нэгдэж орсон бөгөөд уг гэрээнд дагалдаж буй 2-р протокол гэдгийг мөн зөвшөөрч батламжилжээ. Ингээд цаазын ялыг халсан байна. Дээр дурдсан эхний болон гуравдахь гэрээ бидэнд хамааралгүй гэрээнүүд. (Европын ба Америкийн улсуудад хамаатай)
Ерөнхийлөгчөөс онцгой тохиолдолд буюу бага насны хүүхдийг хүчирхийлж онц хэрцгийгээр амийг нь бүрэлгэсэн тохиолдолд цаазын ялыг хэрэглэх саналыг хэлэлцүүлэхээр Хууль Зүйн Яаманд хүргүүлсэн билээ. Үүнээс болж бөөн маргаан, хэрүүл болж байна.
Өмнөх нийтлэлдээ би энэ саналыг яагаад дэмжиж байгаа тухайгаа болон эсрэг байгаа хүмүүсийн хэлсэн бичсэнийг  яагаад буруу гэж үзэж байгаагаа бичсэн.

Б.Гүнбилэг
Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Гүнбилэг (Академич Ж.Болдбаатарын хүү) саяхан  цаазын ялыг сэргээх асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр өөрийнхөө фейсбүүк хуудсандаа бичлэгээ тавьсан байна. (Gunbileg Boldbaatar)
Мэдээж бид олон улсын гэрээнд гарын үсэг зураад батламжилчихсан учраас дагаж мөрдөх ёстой. Гэхдээ бид үндсэн гэрээнээс (Иргэний ба Улс төрийн эрхийн тухай Гэрээ) биш, уг гэрээний дагалдах протоколоос гарч болно. Тэгсэн тохиолдолд асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, бид цаазын ялыг сэргээж хэрэглэх шаардлагатай нөхцөл байдал бий болж байгаатай холбогдуулан 2-р протоколоос гарч байнаа гэж хэлээд л дүрэм журмынх нь дагуу татгалзаж болно. Энэ протоколоос татгалзлаа гээд , өөрөөр хэлбэл цаазын ялыг сэргээлээ гээд бусад улс орны хувьд  бидэнтэй харьцах харьцаагаа болих юм уу, муутгах шалтгаан болох учиргүй. Тэд бидний сонголтыг хүндэтгэх ёстой. Иргэдийн дийлэнхийн хүсэл санал энэ ялыг сэргээхийг дэмжиж байгаа нөхцөлд төр засаг нь эсрэг байр суурь баримталж муйхарлах нь зохисгүй. Эрх баригчдын өөрсдийнх нь хувь заяанд ч муугаар нөлөөлнө.

Тиймээс болсон нөхцөл байдалд уян хатан хандаж, шаардлагатай өөрчлөлт зохицуулалтыг цаг тухайд нь хийж явах хэрэгтэй. Холбогдох хуулиуддаа шаардлагатай өөрчлөлтийг хийнэ гэсэн үг.
Аливаа хууль бол тухайн цаг үе, нөхцөл байдалд зохицсон байх ёстой учраас хэзээ ч яаж ч өөрчлөгдөж болно. Манай Их Хурлын одоогийн эрхэм түшээд хэр зэрэг мэдрэмжтэй гэдгээ  харуулах цаг болжээ.
Гүнбилэг хуульч хүн гэхэд бас л богино бодолтой, хачин юм ярьж байгаа нь эмгэнэлтэй. Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч хийж байсан хүн шүү дээ! Тэрээр, бид нэгэнт гар бариад гарын үсэг зурчихсан учраас одоо энэ тухай ярихад оройтсон гэж байна. Олон улсын гэрээнд нэгдэж орж болдог, бас шаардлагатай бол гарч болдог. Гарын үсэг зурсан бол бандан тас гэдэг дүрэм байдаггүй юм аа. Боломж хомс гэж юугаа яриад байгаа юм?

Тэгээд ч бид цаазын ялыг бүрэн хориглох тухай агуулгатай дагалдах гэрээнээс (протокол) татгалзаж байгаа болохоос биш уг үндсэн гэрээ болох Иргэний ба улс төрийн эрхийн тухай  Гэрээнээс нь татгалзана гээгүй.  За нэгэнт уг протоколоос гарчихсан юм чинь бид дотооддоо зохих хуулиндаа өөрчлөлт хийгээд хэрэгжүүлээд явахад гадныхан та нар олон улсын гэрээ зөрчиж байна гэж хэлэх үндэс байхгүй ээ.
Гүнбилэгийн хэлж байгаагаар бол дотоодынхоо хуулинд өөрчлөлт хийгээд мөрдөөд явахад гадныхан та нар олон улсын гэрээгээ зөрчиж байна гэж хэлээд эдийн засгийн тусламжаа өгөхөө болих юм гэнэ. Протоколоос эхлээд гарах ёстой гэдгийг мэддэг баймаар. Мэдээж ингэхгүйгээр цаазын ялыг сэргээгээд хэрэглээд эхлэвэл бусад улс орон "муу хэлдэг" юм байгаа биз дээ?
Дахиад хэлье. Гүнбилэгийн хэлж байгаачлан, Хүний эрхийг хамгаалах гэрээнээс татгалзаагүй, татгалзана гээгүй, харин цаазын ялыг халах тухай дагалдах гэрээнээс (протоколоос) гарах тухай асуудал яригданаа. НҮБ-ийн нэр барьж сүржигнэх хэрэггүй л дээ, тэгээд ч цаазын ялыг сэргээлээ гээд манай тусгаар тогтнол алдагдаад, НҮБ нүүрээ буруулна гэж ямар юм байхав дээ.
Даанч гэнэн  гэхэд ч зөөлдөхөөр  юм ярьж байх юм. Доктор, хуульч хүн биз дээ?

Ер нь тэгээд орон орны онцлог гэж байна, цаг хугацааны зурваст үүсэх янз бүрийн нөхцөл байдал гэж байна, хүмүүсийн сэтгэлзүй, нийгмийн өөрчлөлт гэж  байна. Энэ бүхэн чинь цаг ямагт өөрчлөлт, зохицуулалтыг шаардаж байдаг. Хөдлөхгүй, өөрчлөгдөхгүй юм гэж үгүй. Ийм л байдаг. Бусад орны нөхцөл, хүмүүсийн сэтгэлзүй, нийгмйн байдал, хөгжлийн түвшин зэрэг нь  биднийхээс өөр. Илүү ч бий, дутуу нь ч бий. Бид тэр бүгдийг дагаж бусдын аашинд тааруулах гэж өөрсдийнхөө онцлог, шинэ нөхцөл байдал, шаардлага зэргийг үл хэрэгсэж далбаганах албагүй. Өөрсдөө толгойгоо мэдээд, тухай тухай үед нь өөрчлөлт зохицуулалтаа хийгээд явъя. Бид чинь тусгаар улс юм байгаа биз дээ?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол