|
У. Хүрэлсүх |
Монгол Улсын Ерөнхий сайд
У.Хүрэлсүх МАН-ын даргаар сонгогдлоо. Сонгодог жишгээрээ бол сонгуульд ялсан намын дарга засгын газраа удирдаад явдаг гэсэн, МАН-ын дүрмэнд ч тэгж заасан гэж сонссон. Гэтэл сая болсон их хурлаар намын даргад нэрээ дэвшүүлж, манайд тогтоод байгаа гаж хэвшлийг үргэлжлүүлэх сонирхол хүчтэй байгаа нь харагдав.
Ж.Мөнхбат, Н.Дэмбэрэл, Д.Хаянхярваа нарын нэр дэвшсэн байснаас эхний хоёр нь нэрээ татаж, сүүлийнх нь тунаж үлдээд Хүрэлсүхтэй өрсөлдсөн боловч барсангүй. Тунаж үлдсэн Хаянхярваа маань Хүрэлсүхийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байгаа гэдгийг санавал тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг шиг юм болжээ. Өөрийнх нь нэрийг зүтгүүлж Сангийн сайд болгосон Ерөнхий сайдтайгаа намын даргын суудлыг булаалдана гэдэг бол том зүрх шүү. Хэрвээ намын дарга болчихвол хожим Ерөнхий сайд болно гэж тооцоолсон юмдаг уу даа.
|
Г.Майцэцэг |
МАН-ын намын даргад өрсөлдөнө гэж нэг эмэгтэй намын саарал ордон руу нэвтрэх гээд чадаагүй сонин явдал боллоо. Дарга болох санаатай бүсгүйд маань намынхаа их хуралд суух урилга, мандатгүй байсан учраас оруулсангүй. Мандатгүй байж орох гээд байдаг нь бас сонин. Энэ
"урилгагүй зочин" бол
Exclusive компанийн захирал
Г.Майцэцэг байсан юм. Яагаав нөгөө
"Цензургүй яриа" шоунд оролцож байсан
"польш" хүүхэн шүү дээ. Бизнесийг нь татвараар дарамталж байна гэж эсэргүүцээд ,
"уурандаа" баахан хувцас үнэгүй тарааж, үнэгүй юманд нугасгүй Монголчуудыг
"алалцуулж" байв даа.
За тэгээд Хүрэлсүх ялж (60% гаруй саналаар) Хаянхярваа ялагдаад, эцэстээ бие биенийгээ үнсээд
учир зүйгээ ололцох шиг боллоо. МАН-ын их хурал дээр ажиглагдсан нэг зүйл бол ямар ч байсан энэ удаадаа эвлэрцгээхээр тохирсон байдал харагдлаа. Нөгөө
Ж.Мөнхбат, У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар бүгд л бие биенээсээ
уучлалт гуйж, дахиж ийм явдал гаргахгүй гэж амласан. Тэдний хувьд энэ бол гарцаагүй бөгөөд шаардлагатай зөв шийдэл байсан. Хэрвээ энэ их хурал дээр талцал хуваагдал нь даамжираад бие биенээ барьж идсэн бол гадна талдаа нэр хүндээ улам алдаж, намынхаа хувь заяаг шавартай хутгах байлаа. Мэдээж үүний үр дагавар нь Засгийн газар нь тогтворгүй байх, улмаар дараагийн сонгуульд далаараа цэвэр тавиулж сэхэл авахгүйгээр дампуурах аюул байсан учраас энэ намын томчууд үүнийг харж эвлэрлийг санаачилж намаа
"дефолтоос" аварчээ. Мэдээж намаа аварч байгаа нь өөрсдийнхөө хувь заяаг аварч байна гэсэн үг л дээ. Хурлын төлөөлөгчид ч үүнийг гүнээ ойлгож уучлал хүсье гэж хэлсэн болгоны дараа нижигнүүлэн алгаа ташиж байв.
Ямар ч байсан намаа мөхлөөс энэ удаа аварлаа. Цаашдаа юу болохыг цаг хугацаа харуулна. Суудлаасаа бууж байгаа М.Энхболд хэлсэн үгэндээ,
"Шинээр байгуулагдсан Засгийн газраараа оролдох, үйл ажиллагааг нь үл дэмжих, буруутган сөргөлдөх байдал байж болохгүй гэдгийг сануулая" гэсэн. Мэдээж буруу үйлдэл, алдаатай шийдвэрийг хаацайл гэсэн үг биш шүү гэж бөөрөнхийлөхөө мэдэлгүй дээ. Ямартай ч МАН-ын хуучин, шинэ удирдлагууд эвлэрэхээс өөр зөв шийдэл байхгүй гэдгээ ойлгож талцаж муудалцсан бүлгүүдээ эвлэрсэн гэдгийг зарлалаа.
|
Б.Хурц |
Монголд анхаарал татаж байгаа бас нэг сэдэв нь
Б.Хурц гэдэг хүн байна. Тагнуулын Ерөнхий Газрын дарга байсан энэ хүнийг албан тушаалаас нь зайлуулаад Өмнөд Солонгост элчингээр томилох гэсэнд зарим гишүүд дургүйцэж бөөн хэрүүл боллоо.
Лу.Болд, Ж.Батзандан нар Хурцтай сөргөлдөж өмнөх урдах асуудлаа дуудалцан муудалцав. Хурц генерал Батзандан гишүүнийг
хутгалж ална гэжээ. Энэ үед хажууд нь байсан Ж.Эрдэнэбат, Лу.Болд нар гэрчилнэ гэсэн боловч дараа нь
Ж.Эрдэнэбат эрчүүдийн хооронд иймэрхүү юм байх гэсэн сонин тайлбар хэлээд Хурцыг өмөөрсөн нь Батзандангийн дургүйг бас хүргэчихлээ. Ална тална гэдэг бол гудамжны яриа л даа. Монголыг гадаадад төлөөлнө гэж байгаа дипломат хүний амнаас гарах ёсгүй л үг. Ер нь тэгээд баруун Европт нэвтрэх эрхгүй, шүүх дээр хэрэг нь байгаа хүнийг яахаараа өөр улс руу дипломат болгоод явуулах гээд байгааг ойлгохгүй байна. Ерөнхийлөгч Баттулга юу бодож энэ томилгоог дэмжсэн юм бол?
Ц.Нямдорж гишүүн Хурцыг мөхөхийнхөө өмнө бадамлаад унтардаг зул гэсэн. Гэтэл улам бадраад асаад байгаа юм биш үү? Амархан ч унтарчих зул биш бололтой.
УИХ-ын чуулган дээр мань эрийн томилгоог хэлэлцэж байх үеэр их баавар харагдаж байсан. Гишүүдийн но-той асуудлуудыг мэддэг бололтой,
Цааш нь ярих уу яах уу? гэж мушилзаж байгаа нь хүмүүсийн анхаарлыг их татаж, гишүүд Хурцад
"бөлдөгдүүлсэн" учраас юу ч дуугарч чадахгүй байсан гэлцэнэ. Цааш нь ярих уу, яах уу гэдэг үг нь моодонд ороод байгаа.
Ер нь
"бөлдөгдүүлсэн" байх магадлалтай. Улсын эрх ашиг хөндөгдсөн бүх л асуудал мань эрийн толгойлж байсан байгууллагаар (ТЕГ) дамждаг учраас Хурц их юм мэдэж байгаа.
|
Ц.Нямдорж |
Хурцын асуудлаар
нээлттэй сонсгол явуулна гэж шийдэж байх шиг байна. Хэрвээ нээлттэй явуулбал илэн далангүй ярих боломжгүй учраас хаалттай явуулах нь зөв байх. Зарим асуудал дээр улсын нууц хөндөгдөж магадгүй юм. Эрдэнэтэд шахаа хийдэг
Анхбаяр гэдэг хүний тухай яригдаж байгаа. Бүр Эрдэнэтийн мөнгөөр бараа аваад буцаагаад өндөр үнээр шахаад тэрбумаар ашиг олдог бизнес хийгддэг гэж байгаа. Өөрөөр хэлбэл, би таньдаг хүнээсээ 1000 төгрөг гаргуулж аваад тэр мөнгөөр нь бараа материал авчихаад нөгөө мөнгө өгсөн хүндээ тэр бараагаа хэд дахин нугалаад (жишээлбэл, 10000-аар ) шахдаг гэсэн үг л дээ. Зөрүү ашиг нь (9000 төгрөг) миний хармаанд орно. Ийм гэрээ одоо болтол хүчинтэй бөгөөд Эрдэнэт үйлдвэр ийм гэрээнүүдийн балгаар
"цусаа соруулсаар" байгаа гэнэ. Ц.Нямдоржийг энэ гэрээний ард байгаа гэж байна лээ. Тэр Анхбаярыг би мэдэхгүй гэж Ц.Нямдорж хэлж байгаа боловч адил нэртэй
хүү Анхбаяраа Эрдэнэтэд шахаа хийхэд тусалж байсан гэдгээ хүлээсэн. Эцэг хүний үүргээ биелүүлсэн гэж тайлбарладаг юм билээ. Төрийн өмчийн бөгөөд гадаадтай (Орос улстай) хамтарсан үйлдвэрт шахаа хийж шулна гэдэг бол улсынхаа оногдох хувиас луйвардаж авч байсан гэсэн үг биш үү? Эцэг хүний үүрэг чинь улсынхаа үйлдвэрийг шулахад хүүдээ туслах явдал гэж үү? Ариун явдал биш дээ. Соёлтой, ёс зүйтэй улсад бол ийм хэрэг илэрсэн бол холбогдогч этгээд , манай тохиолдолд Ц.Нямдорж, шууд огцорч улс төрөөс зайлдаг. Харин манайд бол эцэг миний үүрэг гээд л ичихгүй сууж байдаг. Ийм хүмүүс өөрсдөө ийм байж ёс зүй гэж худлаа шударга яриад байдаг энэ хачин үзэгдэл лав Монголд байна.
Энэ мэт но-той асуудлуудыг нэр цохож байгаад ярих биз ээ, тэр сонсгол дээр. Уг нь мэдээж нээлттэй явуулбал дээр л дээ, гэхдээ улсын нууцтай холбоотой гээд олон асуудлыг ярихгүй байж магадгүй. Хурцын асуудлыг ярих учраас мань эр мэдээж сөрөг довтолгоо хийж, мэдэж байгаа олон булхайг дэлгэх байх. Ер нь булай булхай байвал ил болгож байсан нь дээр. Хэн нь хэн бэ гэдгээ иргэд маань мэдэж аваг. Төр засаг ч луйварчдаас бага ч гэсэн цэвэршиг.
МАН-ын 60 тэрбумын асуудал бас л шийдэгдээгүй байгаа. Энэ мэт олон асуудал ил болох ёстой.
Comments
Post a Comment