Цаазын ялаар хэрүүл хийе
Ерөнхийлөгч Х.Баттулга |
Хүн зовлонг өөр дээрээ үзээгүй бол мэдэрдэггүй гэдэг үнэн үг. Миний жаахан охиныг хүчиндээд алчихсан бол энэ зовлонг үзээгүй Дорж, Дулмаа нар миний сэтгэлийн зовлон, уй гашууг мэдрэхгүй л дээ. Гэхдээ бүгд биш л дээ, олон хүний сэтгэл өвдөж, алуурчинг үзэн ядаж байгаа.
Цаазын ялыг сэргээхийн эсрэг байгаа цэцэн мэргэдийн тоонд алдарт Б.Баабар, О.Мөнхсайхан (МУИС-ын хуулийн багш), Т.Наран (Монгол нүүрс нийгэмлэгийн ерөнхийлөгч), Ц.Оюунгэрэл (УИХ-ын гишүүн байсан), Б.Янжмаа (сэтгүүлч), Ц.Бат (инженер), Ч.Ганжавхлан (Лантуун дохио ТББ-ын тэргүүн) гэх мэт орж байна.
Ц.Бат |
Эхлээд нэг зүйл тодруулчихая. Цаазын ялыг хүчингийн хэрэг болгонд хэрэглэх тухай ерөөсөө яриагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөвхөн бага насны (насанд хүрээгүй) охидыг хүчирхийлээд, дараа нь зэрлэгээр амийг нь хөнөөсөн онц ноцтой хэрэгт ийм ял оноох тухай санал явж байна.
Инженер Ц.Бат гэгчийн солиорч байгаагаар бол хүчингийн хэрэг бүрт цааз оноочихвол, хэргийг үйлдэгч хохирогчоо амьд үлдээж гэрч болгохгүйн тулд хүчиндүүлсэн охин болгоныг цааш нь харуулаад, ингэснээр бид хүчиндүүлсэн охидоо аврах боломжийг үгүй хийж байгаа юм байх. Ямар нөхцөлд хэрэглэх санал явж байгааг энэ инженер сэтэр зүүсэн нөхөр ойлгоогүй бололтой. Мөн тэрээр цааш нь, өнөөдөр хүчингийн хэрэг үйлдэгчдийг, маргааш нь ижил хүйстэнүүдийг, нөгөөдрөөс хар тамхичдыг цаазалж эхлэх аюултай гэнэ. Дараа нь та бидний ээлж ирнэ гэжээ. Цаазын ял нь ер нь өөр бодолтнуудыг устгах зорилготой гэж донгоссон байгаа юм. Асуудлыг ингэж гуйвуулж мушгих ямар сонирхол байгааг бүү мэд. Бодвол Ерөнхийлөгчийг харлуулах, гутаах санаа байдаг биз ээ. Эсвэл тархиндаа сумтай гар байхаас зайлахгүй нь. Ц.Батын эгч Ц.Оюунгэрэл (УИХ-ын гишүүн асан) ч бас хүнлэг нэгэн болох гэж ядаж байх шиг. Эгч дүү хоёр нэг тэрэгний өрөөсөн дугуйнууд болох нь харагдаж байна.
Ч.Ганжавхлан |
Үүнд хариу өгье л дөө. Би олон нийтийн сүлжээ ашигладаг хүний хувьд тодорхой асуудал дээр бусдын адил үзэл бодлоо илэрхийлдэг. Ерөнхийлөгчийн гаргасан энэ санал дээр би дэмжиж үгээ хэлдэг. Би бага насны хүүхэд хүчиндээд алчихсан этгээдийг цаазлах ёстой гэж бичдэг. Би нүүрэн дээрээ мууг эсэргүүцээд байгаа юм биш. Би энэ жигшүүрт хэргийг хийсэн хүн нэг секунд ч амьд явах эрхгүй гэж боддог. Ингэснээрээ би хүчирхийлэгч болчихгүй. Миний сэтгэлзүй , араншин тийм болохгүй яагаад гэвэл би тийм хүн биш.
Цаазын ял авах уу, эсвэл бүх насаараа хоригдох болов уу гэж ямар хэрэгтэн хэрэг хийж байхдаа бодож тунгаадаг юм бол? Миний бодоход хэрэг хийж байгаа хүн тухайн үедээ араатан шинжиндээ орчихсон байх учраас хожим авах ялаа дэнсэлж тооцдоггүй байх. Хэрэг хийснийхээ дараа ч ямар ял авахаа гэнэт санадаггүй байх.
Харин Ганжавхлан мэтийн нөхдийн хэлж байгаагаар, хэрэв цаазын ялтай байвал охиныг алчих юм байна, хэрэв бүх насаараа хорих ялтай бол амьд үлдээж магадгүй юм байна. Логикоор бодвол ямар ч хэрэг хийсэн хүн ул мөр үлдээхгүйг л боддог биз дээ? Ялангуяа ийм ноцтой хэрэг хийж байгаа хүн ямар ч гэрч үлдээхийг хүсэхгүй учраас хохирогч болон бусад гэрч болж болох бүгдийг л устгах нь ойлгомжтой. Инженер Бат гэгчийн хэлсэнээр, цаазын ялтай байвал хүчиндүүлсэн бүх охид алуулж, харин ял нь өөр бол (бүх насаар нь хорих ч юм уу) байвал хохирогч охид алуулахгүй амьд үлдэх боломжтой юм гэнэ. Тэнэг тэнэг гэхэд арай л!
Бүх насаараа хорих ял авсан хүн гянданд дээд тал нь 3 жил болоод үхдэг гэж Ганжавхлан мэдэмхийрчээ. (Судалгаа байгаа болов уу?) Гянданд өчнөөн олон жил сууж байгаа, сууж байсан зөндөө л зартай хулгайч байдаг даа. Ер нь 3 жил болоод үхчихдэг юм бол тэд нарыг 3 жил тэжээх хэрэг юу байсан юм? Дор нь цааш нь харуулчихсан бол адаглаад 3 жил хооллох, байлгах зардал, харгалзаж ажиллах хүн/цаг гээд багагүй зардал хэмнэгдэх биш үү? Адаглаад үр хүүхдээ алдсан ар гэр нь төр бидний өмнөөс өшөө авч өгсөн гээд сэтгэлээ аргадаж явах бус уу? Алуурчин амьд байгаа гэж бодоод байвал миний нойр лав хүрэхгүй зовж үхнэ.
Цаазын ялыг тодорхой онцгой нөхцөлд хэрэглэх тухай яригдаж байхад хавтгайд нь хэрэглэх гэж байгаа мэт ойлгож, ойлгуулж байгаа дээрх хүмүүсийн гуйвуулгыг иргэд маань цаг тухайд нь няцааж, буруутгаж, Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаагаа боломжит суваг боломж болгоноор илэрхийлэх нь чухал байна. Яагаад гэвэл, эцсийн дүндээ УИХ л тухайн өөрчлөлтийг зохих хуулинд нь хийх эрх бүхий байгууллага. Ерөнхийлөгч санал гаргаж чадах боловч хуулинд өөрчлөлт хийх эрхгүй хүн. Тэгэхээр хэрвээ иргэд Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байвал УИХ-д боломжоороо нөлөөлөх хэрэгтэй.
Бид чинь цаазын ялгүй улс боллоо гэдэг биз? Эсэн бусын жигшмээр хүн амины хэрэг зөндөө л гардаг болж. Өмнөхөөсөө олон гараад байгаа юм биш үү? Цаазын ялгүй боллоо гээд дээрдсэн юм уу? Ийм гэмт хэргийн тоо нь буурсан юм уу? Цаазын ялыг эсэргүүцээд байгаа хүмүүс тэр буурсан тоо баримтаа, харьцуулалтаа гаргаж тавиад мэтгэлцэх хэрэгтэй.
Ер нь тэгээд онц жигшүүртэй бөгөөд хүний амь хороосон ийм хэрэг хийсэн хүнийг насаар нь шоронд тэжээх ямар ашиг, ямар утга байна? Тухайн гаж донтон чинь бидний ирээдүй болсон нялх амьтныг хүчирхийлээд алчихаад байхад бид бас амийг нь өршөөгөөд насаар нь хоол өгч, харж ханд гэж тусгай хүн цалинжуулж татварын мөнгийг үрэн таран хийх нь зөв юм уу? Тэр гаж донтон ямар засраад сайн хүн болчих биш, буцаад шоронгоос хэдэн жилийн дараа гарч ирээд улсад хүчээ өгч баялаг бүтээнэ гэх биш, бид яах гэж тэр араатанг үхтэл нь тойглох ёстой гэж?
О.Мөнхсайхан |
Ер нь Ардчилал нэрээр хамаг юмыг задгай тавьж, өөгшүүлж байгаа нь жинхэнэ шударга ёсыг ч гажуудуулж байна. Хүний эрх ч бас бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг ойлгуулахгүй байж хүний эрх яриад байж таарахгүй. Алуурчныг нийгмээс зайлуулж байгаа нь шударга ёсыг хэрэгжүүлж байгаа явдал, нөгөөтэйгүүр жигшүүрт араатныг үхтэл нь тэжээх нь ёс суртахууны хувьд ч зохисгүй, эдийн засгийн хувьд ч хохиролтой. Тэр алуурчинд ямар ч эрх байхгүй. Тэр араатан нийгэмд маш их хохирол учруулчихаад байхад бид хүний эрх, хүнлэг ёс гэдэг далбаан дор бас давхар хохирох нь утгагүй явдал. Харин үүнийг утгатай гэж хэлээд байгаа дээр нэр дурдагдсан хүмүүс Монголд дэндүү цөөнх учраас амжилт олох горьдолт байхгүй юм.
Орос , Хятадаа боль гэхэд хүний эрхийг дээдэлдэг гэх АНУ-д ч цаазын ял хэрэглэж байгаа. Тийм учраас энэ ялыг онцгой нөхцөлд хэрэглэсэнээр бид ухраад баларчих юм шиг дэмийрч байгаа хүмүүст Бүү тэнэгт гэж хэлье!
News.mn дээр тавигдсан "Цаазын ялын эргэх холбоо цааз л байх болно" хэмээх гарчигтай нийтлэлд Д.Нарантуяа гэгч цаазын ял сэргээхийг буруушаасан өнгө аястай зүйл бичжээ. Энэ хүн мөн л цаазын ялыг хавтгайруулан хэрэглэх байгаа юм шиг ташаа ойлголттой байгаа бололтой. Уг нийтлэлд, "Мэдээж жигшүүрт хэрэг үйлдэж , хүний алтан амийг бүрэлгэсэн гэмтэнд гэсгээл хүртээх нь зүйн хэрэг. Гэвч энэ гэсгээл ийм хэрэг гарсан учир шалтгаан, орчин нөхцлийг арилгахгүйд гол учир бий. Хэн ч энэ хорвоод гэмт хэрэгтнээр төрдөггүй, гэмт хэрэгтнийг та бидний амьдран буй орчин, нийгэм бойжуулдаг" гэжээ.
Уучлаарай, энд зөвхөн тодорхой нэг төрлийн бөгөөд тодорхой байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэгт цааз оноох тухай ярьж байгаа гэдгийг дахиад сануулая. Бага насны хүүхдийг хүчиндээд, амийг нь хороосон гэмт хэрэг! Энэ хэрэгт цаазын ял оноож байгаа нь ийм хэрэг гарсан учир шалтгаан, орчин нөхцлийг арилгах гэсэн зорилго огт байхгүй бөгөөд бас огт боломжгүй гэдгийг бас хэлье. Адгийн араатанг үтэр түргэн устгаж нийгмээс, ертөнцөөс зайлуулах ганц зорилготой. Яагаад гэвэл энэ араатанд бүх насаар нь хорих ял өгөөд ч ийм гэмт хэрэг гардаг учир шалтгаан арилахгүй. Яагаад гэвэл ийм хэрэгтэн төрмөл байдаг учраас бид учир шалтгааныг нь арилгана гэж тэнэгтэхийн оронд зүгээр л зэрлэг ургамал зулгааж устгадагийн адил тасдаад л хаячих хэрэгтэй. Ийм гаж донтонг амьдран буй орчин, нийгэм бий болгодоггүй учраас нийгэм бойжуулдаг гэж андуурахаа больцгоо. Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхолтой хүмүүс бол төрөлхийн гажигтай, ухаан мэдрэл сэтгэц нь жирийн бус хүмүүс байдаг. Ижил хүйстнүүд төрөлхийн гажигтай байдаг лугаа адил. Тэгэхээр нийгэмд буруу өгч, тэндээс учир шалтгаан хайх хэрэггүй. Мэдээж нийгмээс улбаатай гэмт хэргүүд бий, гэхдээ энэ хэрэг бол огт өөр юм. Энэ ялгааг гаргаж, ойлгож чадахгүй бол энд тэнд хачин юм эрээчиж байхаа болих хэрэгтэй. Мэддэг, ойлгож чаддаг юмаараа бурж байвал адаглаад амьтны доог болж, элдвээр хэлүүлэхгүй шд.
Comments
Post a Comment