Хятадыг бараадах нь халгаатай

М.Энхболд (МАН-ын дарга,зүүн талд) Хятадын даргатай уулзав
Гуо Ан  буюу Улсын  Аюулгүй байдлын Яам нь Хятадын дотоод гадаад дахь нууц ажиллагаа, тагнах тандах үйл ажиллагаа явуулах гол зорилготой бүтэц юм. Хуучин ЗХУ-ын КГБ  гэсэн үг юм даа. Хятадын иргэд бараг нэрийг нь сонсоод л чичирдэг ийм л аймшигтай байгууллага аж.
Гадаадын их сургуулиуд, корпорацууд, иргэний байгууллагууд, тэр ч байтугай тухайн улсын засгийн газарт нэвтэрч чаддаг гэнэ.
АНУ-ын нийслэл дэх Хятадын элчин сайдын газрыг Гуо Ан-ы түшиц бааз гэж АНУ-д суугаа Хятад иргэд ярьдаг аж. Мэдээж энэ байгууллага дотооддоо (Хятадад) элдэв эсэргүү үзэлтнүүдийг мөшгиж илрүүлэх, цуглаан эсэргүүцлийг дарах, тэрс үзэлтнүүдийг дарамтлах, хавчих, оюунлаг сэхээтэн хэсгийг тандах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Төрөөс ч энэ байгууллагын үйл ажиллагаа явуулахад зориулж харамгүй хөрөнгө гаргаж өгдөг аж. Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч Чен Гуан Чен гэгчийг тагнаж мөшгихөд 10.5 сая ам.доллар зарцуулсан байх жишээтэй.
АНУ-д дүрвэж гарсан үл хөдлөх хөрөнгийн бизнестэй, томоохон хөрөнгө оруулагч нэгэн хятадын хэлж байгаагаар бол тэрээр олон жил Хятадын нууц албаныхантай холбоотой ажиллаж ирсэн бөгөөд тэд нарын үйл ажиллагааг санхүүжүүлж (албан байрын түрээс, хувийн онгоц түрээсэлсэн төлбөр, тагнах чагнах төхөөрөмжийг авч өгөх, бусад хувь хүмүүсийн зардлыг даах  г.м) байсныхаа хариуд өрсөлдөгчтэйгөө хийх бизнес тохироондоо нууц албаны ажилтнуудаас  туслалцаа авдаг байсан байна. Бодвол мөнөөх байгууллагын нэрээр дарамталж айлгаж өөртөө ашигтайгаар наймаа тохироогоо  хийдэг байсан биз.

Энэ байгууллагын томоохон албан тушаалтны өгсөн даалгаврын дагуу  мань эр  Хятадын Коммунист Намын ажилтнуудын хамаатан садангуудын гадаадад эзэмшиж байгаа хөрөнгийн тухай мэдээллийг цуглуулах зорилгоор нууц мөрдөгч хөлсөлж байжээ. Бүгд биш юм аа гэхэд Хятадын ихэнх томоохон бизнесүүд Гуо Ан-тай иймэрхүү харьцаатай байдаг гэж мань эр ярьсан байна. Энэ хүнтэй хийх шууд ярилцлага бүрэн хэмжээгээрээ цацагдаж чадалгүй таслагдсан байна. Ярилцлага нь Америкийн дуу хоолой (АДХ) хэмээх алдарт радио станцаар цацагдсан байна. Гэвч Хятадын Засгийн газар Вашингтон дахь АДХ станцын удирдлагуудад нөлөөлж, цаадуул нь радиогийн ажилтнуудаа дуудаж бөөн юм болсоны дараа 15-хан минут дамжуулахыг зөвшөөрсөн аж. Гэвч зөрүүд ажилтнууд нь уг ярилцлагыг бүтэн цаг гаруй дамжуулсан  учраас  ажлаас нь  түдгэлзүүлжээ.  Ингэж хятадууд АДХ станцын дууг хүртэл хааж чадах хэмжээний нөлөө үзүүлэх чадалтай болжээ. Мөнгө гэдэг ийм хүчтэй ажгуу.

Далай лам саяхан Монголд ирсэнтэй холбоотой хятадууд бас хилэгнэж, мөнгө тусламжаа өгөхгүй шүү гэж айлгангуут Монголын Засгийн газар "алдаагаа" дор нь ухамсарлаж буруугаа хүлээн, дахиж тэр муу ламыг Монгол руу "МАН амьд байсан цагтаа"  шагайлгахгүй гэж амлав даа. Гадаад Харилцааны  сайд "Харвард"  Ц.Мөнх-оргил ингэж уучлал гуйж Монгол төрийг гутаасан биз? Өөрөө болохоор уучлал гуйгаагүй, миний хэлсэнийг гуйвуулсан гэж биеэ өмөөрсөн байна лээ. Би харвард төгсөөгүй боловч тийм ч тэнэг биш. Тэгэхээр нэгэнт л Монголын төр засаг Далай ламыг уриагүй бөгөөд төр шашин тусдаа л юм бол тэгж бэмбэгэнэх хэрэг юу байсан юм? Хятадууд энэ айлчлалыг зориуд асуудал болгоод байгааг ойлгохгүй байна уу? Уучлал гуйгаагүй гэж хэлж байгаа боловч Далай ламыг МАН засгийн эрхэнд байсан цагт Монголд дахиж оруулахгүй гэж хэлдэг чинь өөрөө өөрийгөө гэмтэн болгоод бусдын аяг аашинд тохируулж буулт хийсэн хэрэг биш гэж үү? Ямар ч тэнэг ингэж ойлгоно доо. Хятадууд угаасаа Далай ламыг тэрс үзэлтэн, салан тусгаарлагч гэж үздэг учраас энэ айлчлалыг улс төржүүлээд байгаа хэрэг. МАН эдийн засгийн хувьд Хятадаас хараат болчихсон гэдэг нь эндээс харагдаж байна.

Харамсалтай нь Хятадын ашиг сонирхолд тааруулдаг  нь ганц МАН-д хамаарах  асуудал биш болчихоод байна. МАН засгийн эрхийг авч төр барьж байгаа учраас энэ намаар дамжсан бүхэн хүссэн хүсээгүй Монгол Улсад, Монголын ард түмэнд хамаарах нь мэдээж.
Хятад Монголын харилцаа хоёр орны түүхэнд голдуу зөрчилтэй, тааруухан байж ирсэнийг бид мэднэ. Тэр тусмаа урд хөршийн эзэрхий шунахай бодлого өнөөг хүртэл хэвээрээ байгааг мартаж болохгүй. Хятадууд гадаад ертөнцөд Монгол бол Хятадын нэг хэсэг гэж сурталчилж байна, дотооддоо иргэддээ мөн тэгж ухуулж ойлгуулдаг учраас Монголчууд хаана ч явсан Хятадын Монголынх уу гэж асуултанд хариулах болдог. 
Муу нэртэй С.Баярцогт өөрийнхөө оффшор данс дээр гэрийнхээ хаягийг Mongolia, China гэж бичсэн байна гээд л мөн ч их нүд үзүүрлэгдсэн дээ. Дансыг нь нээж бүртгэл хийсэн тэр банкны ажилтан гэж бас нэг Хятадын пиараар толгойгоо угаалгачихсан нөхөр байсан ч байж магадгүй. Тэгээд л Монгол гэхээр л Хятадын Монгол юм байна гээд л ард нь Хятад гээд биччихсэн байж мэдэх. Баярцогт тэнэг хүн биш учраас яах гэж Хятадын Монгол гэж бичүүлэх бил ээ? Зорилго нь юу байсан байж таарах вэ? Утгагүй юм гэж үүнийг л хэлэх байх.

Хятад дэлхийн эдийн засгийн 2-т жагсаж байгаа боловч барууны орнууд шиг жам ёсоороо ийм амжилтанд хүрээгүй. Харин сайн муу элдэв арга хэрэглэж, системийн дарангуйллыг ашиглаж чадсан учраас хуримтлал бий болгож босож ирсэн улс. Хүний нөөц сайтай учраас хямд ажиллах хүчээр дулдуйдаж барууны бизнесүүдийг татаж чадсан нь гол нөлөө үзүүлсэн. Ер нь Япон, Солонгостой адилаар барууны хөрөнгө оруулалтаар өндийж ирсэн гэхэд болно. Үүн дээр хятадуудын арвич хямгач бөгөөд ажилсаг чанар нэмэгдэж өнөөдрийн түвшинд хүрэхэд нөлөөлжээ. Гэхдээ цэвэр жам ёсоороо явж ирээгүй учраас энэ өсөлтөнд тодорхой хэмжээний хоосон хий  байна. Энэ хий  хагарвал Хятадын эдийн засаг 2-р байраа алдаж мэдэх байх.

Moody"s corporation  буюу Мүүди корпореишн (МК) гэж байгууллага байдаг.  Зээлжих зэрэглэл гэж манайхан сүүлийн үед их ярьж бичдэг болсоныг хүмүүс анзаарсан байх. Тэр зэрэглэл гэгчийг тогтоодог байгууллага нь жишээ нь энэ МК юм.  Энэ корпорацын охин компани болох Мүүди Инвесторс сервис нь эрсдэлийн шинжилгээ хийдэг, судалгаа явуулдаг, зээлжих зэрэглэлийг гаргаж өгдөг том байгууллага.  Тэд нар сая Хятадын зээлжих зэрэглэлийг бууруулжээ. Ирэх жилүүдэд Хятадын санхүүгийн чадавхи суларч , эдийн засаг нь саарч, өр зээл нь нэмэгдэх учраас зэрэглэлийг нь А1 байсныг нь Аа3 болгож бууруулжээ.  Өнгөрсөн жилд Хятадын нийт өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 253% -тай тэнцэж байжээ. 2013 онд энэ хэмжээ  нь 213% байсан бол даруй 40% -иар нэмэгджээ.

Манай улс Хятадаас их хэмжээний зээл авах тухай шуугиж байна.  Энэ бол геополитикийн хувьд их эрсдэлтэй учраас болж өгвөл өөр эх үүсвэр хайх нь зөв болов уу. Хятадын ер бусын хөнгөлөлттэй зээлийг дагаад элдэв болзол дагаж ирнэ. Мэдээж МАН-д мөнгө хэрэгтэй учраас хятадуудын тавьсан болзол бүхнийг зөвшөөрч мөнгөө авахаа бодно. Нөгөө Хятадын Чалко компанид ашигтай болзлоор нүүрсээ барьцаалж зээл авдаг шиг юм болно.
Хятадууд зээлээ дагуулж болзол тавина. Монголд хэрэгжих төслүүдээ өөрсдөө үнэлнэ, тоног төхөөрөмжөө нийлүүлнэ, ажиллах хүчийг урдаас хангана, хэрэв бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл бол гарах бүтээгдэхүүний борлуулалтыг хянах эрх эдэлнэ гэх мэт.  Өөр ямар ч болзол нөхцөл тулгах юм билээ, бүү мэд шүү дээ.

Сүүлийн үед хятад хэл сурах хөдөлгөөн өрнөв үү гэлтэй, эцэг эхчүүд хүүхдүүдээ "хятаджуулах" сонирхолтой болжээ. Хятад хэл хэрэгтэй хүндээ хэрэгтэй болохоос хүн бүхэн сураад байх шаардлагагүй хэл. Бид урд хөрштэй зохих хэмжээний харилцаатай байх нь мэдээж боловч хэтэрхий их хутгалдаж нялуурах нь тэдний зөөлөн аргад ороход амархан болно гэсэн үг. Танкаар эзлэх нь магадлал багатай гэхдээ зөөлөн аргаар буюу чихэр өгч саймширч байгаад уусгаж авах бодлого байдаг тухай ярьдаг.  Хятад хэл, дуу сурч, хятад бүжиг энд тэнд ил тод их хийгээд унаж байгаа нь нэг юм хэлээд байна. Монголын Үндэсний ТВ нь хүртэл кино шийг нь гаргах гэрээ хийсэн гэж дуулдана. За тэгээд энхрий хайрт МАН нь өөрсдөө л засгийн эрхэнд тогтож байхын тулд  ямар ч нөхцлөөр хамаагүй мөнгө олох гэж бадар барин гүйлдэж байгаа нь өөрсдийнхөө эрх ашгийг урьтал болгосон бэртэгчин зан гэж хэлэхэд ч багадахаар. Эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хөсөрдүүлж, эрсдэлд оруулж байгааг ойлгож ухаарах тэнэг толгой энэ намд алга гэж үү?
МАН биднийг хятадын Монгол болгох гэж байна хэмээн   хардах, түгших хүн олон байна. Мэдээж маргааш болчихгүй гэхдээ хэзээ нэгэн цагт бид гудамжинд хоорондоо хятадаар ярьдаг, автобусанд хятад дуу аялан гунхаж явах вий вий. Эрт урьдын цагт буюу Монгол улс Орос улсын мал мах, түүхий эдийн бааз байсан үед Сүхбаатарын талбай дээр 2 монгол залуу "Хотят ли русские войны"  гэж чангаар дуулан алхаж байсан юмдаг.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө