Манай нохой

Х.Баттулга
Энэ жилийн халуун сэдэв: Ерөнхийлөгчийн сонгууль.  Намуудаас нэр дэвшигчид  эцсийн байдлаар тодорлоо.  МАХН-ын дарга Н.Энхбаяр өрсөлдөх эрхгүй хоцорч орондоо С.Ганбаатарын нэрийг дэвшүүлжээ. Фенг-шү хочит С.Ганбаатарыг танихгүй хүн Монголд ховор биз ээ.
За ингээд бид чинь энэ гурваас (Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар) аль нэгийг нь сонгох нь байна шүү дээ. Өөр сонголт байхгүй. Алдарт дуучин-түшээ С.Жавхлангийн хэлсэнээр "Гурван өмхийрсөн толгойноос"  нэгийг нь сонгох болох нь.
Энэ учиртай 3 толгойг ярихаас өмнө бидэнд яагаад үүнээс олон сонголт байхгүй байдаг юм бэ гэж асууя. Сонголтыг зөвхөн энэ гурван хүнээр буюу УИХ-д суудалтай 3 намаар хязгаарлаж байгаа нь Монголчуудын сонгох сонгогдох эрхэнд халдаад байгаа юм биш үү? Яагаад биеэ бэлдсэн, шаардлага хангасан иргэн хүн нэрээ дэвшүүлж болдоггүй юм?  Монгол улсад  ард түмэндээ нэр хүндтэй, амьдралын мэдлэг туршлага ихтэй хүн зөндөө бий. Хүн хэрээ мэддэг.  Тийм ч учраас сэтгэл зүйн хувьд эрүүл л бол хүн болгон Ерөнхийлөгч болно гэж зүтгэхгүй нь лав. Тэгэхээр тодорхой тооны хүмүүс (УИХ-д суудалтай намуудаас нэр дэвшигчдийг оролцуулаад) нэр дэвшсэн тохиолдолд мэдээж 2 шаттай сонгууль явуулах бөгөөд  эцсийн шатанд олонхийн дэмжлэг авсан нь Ерөнхийлөгч  болох юм. Эхний шатны дараа хамгийн олон санал авсан 2 хүн үлдэж 2 дахь шатны санал хураалтаар шовхоо үзнэ гэсэн үг. Ингэсэн тохиолдолд бид хязгаарлагдмал сонголт, тулгалт маягийн сонголт, өмхийрсөн толгой гэх мэтийн ойлголтоос сална. Хэн ч гомдол гаргах шаардлагагүй болно.
Энэ боломж яагаад байхгүй байна вэ гэхээр л нөгөө хууль журмаа ингээд хийчихсэн  учраас болохгүй байгаа юм. Ийм болохоор зохих хууль дүрмэндээ өөрчлөлт оруулах хэрэгтэй болж байгаа юм. Гарц нь энэ.

Өнөөдөр нэгэнт хууль дүрэм нь ийм боломжийг олгохгүй байгаа учраас хүссэн хүсээгүй дээрх 3 нэр дэвшигчээс  сонголт хийхээс өөр аргагүй болж байна. Энэ гурваас хэнийг нь ч дэмжихгүй байгаа хүмүүс сонголтгүй хоцорч улмаар сонгуульд оролцохгүй байх магадлал өндөр  гарна. Энэ нь эргээд сонгуулийн ирцэд нөлөөлнө гэсэн үг. Ирц бага бол Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн маань сонгогчдын олонхийн дэмжлэгийг авч чадсан уу гэдэг нь асуудалтай бөгөөд маргаантай болно.
Нэр дэвшигч 3 этгээдийг "өмхийрсөн толгой" гэж хэлэх хүн Жавхлангаас гадна олон байгаа биз ээ. Тэгвэл нэгэнт өөр сонголт байхгүй учраас дээрх гурваас аль "бага үнэр"  орсоныг нь авахаас өөр аргагүй болж байна.  Үнэр багатайг нь сонгоод "сайн чанаж болгоод"  хэрэглэвэл бидний гэдэс ходоод "өвдөж  зовохгүй шингээж"  магадгүй юм.

Миний бодлоор хамгийн бага үнэр орсон толгой бол Х.Баттулгын толгой болов уу.  Сонгогч бид нэр дэвшигчээ шинжихээс гадна бас нэрийг нь дэвшүүлж байгаа намыг нь шинжих хэрэгтэй. Энэ бол маш чухал!!  Учир нь хэдийгээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн маань  намын гишүүнчлэлээсээ  түдгэлзэх боловч нэрийг нь дэвшүүлсэн намынхаа бодлогыг дэмжиж ажиллах нь ойлгомжтой.
Тэгвэл М.Энхболдыг дэвшүүлсэн нам буюу өөрийнх нь толгойлдог МАН ямар бодлого явуулж ирсэн болон одоо явуулж байна вэ гэдгийг бодолцох хэрэгтэй болж байна.
МАН өмнө нь олон жил төр засгийн эрх барьж байсан нам. Юу хийж гийгүүлсэн бэ? Идэж уугаад л өөрсдөө баяжаад л, ард иргэд нь ядуурсаар өнөөг хүрсэн дэг. Ганц жишээ хэлэхэд л, МАН олон арван жил засаглахдаа барьж байгуулсан авто зам нь Ардчилсан Нам засагт байхдаа  өнгөрсөн 4 жилд барьсан замаас  хэд дахин бага байгаа нь нэг юм хэлээд байгаа биз? Ажлаа муу хийж  ирсэний том баталгаа.
Бид чинь харагдаж үзэгдэх, гарт баригдах юмаар л баримжаалж ярина шүү дээ. Тэр тоо статистик бол хүн болгоны тайлж уншиж чадах зүйл биш.

Сая өнгөрдөг сонгуулиар сайхан амлаж гарч ирсэн МАН одоо шал эсрэг зүйл хийгээд явж байна. Өр зээлэнд баригдсан улс орноо аврана, өр зээл бол муухай, татвар нэмэхгүй, цалин тэтгэвэр нэмнэ гэхчлэн амлаж гарч ирсэн энэ нам одоо урд хөршөөсөө их хэмжээний зээл, буцалтгүй тусламж нэртэй барьцаа авч, татвар нэмж, тэтгэврийн насыг уртасгаж, цалин тэтгэвэр нэмэхгүй нь ойлгомжтой болж байна.
Шашин шүтдэг иргэдийнхээ нүүр лүү нулимж, урд хөршид тал засаж, Далай ламыг МАН засагт байсан цагт дахиж Монголд оруулахгүй гэж ам өчгөө өгсөн биз дээ, саяхан? Тэд нарт Хятадад тал засаж хэдэн цаасны дэмжлэг авч л байвал иргэдийнх нь ашиг сонирхол, эрх чөлөө огт сонин биш юм. Тэд нарт мөнгө л хэрэгтэй. Тэр мөнгөөр жаал юм хийж, ажил хийсэн дүр эсгэх нь тэдний зорилго. Хужааг хэт шүтэж, дотносох нь яваандаа тэдний хараанд орох үр дагавартай.  Хужаа нараас (Чалко конпани) олон зуун сая доллар (нүүрсээ барьцаалж) урьдчилгаа гэж аваад 21 мянгаар тараагаад өгсөн поп нам шүү дээ. Ийм л ажил хийдэг нам.

Сая Рио Тинто гомдол гаргангуут Олон Улсын Валютын Сангаас (ОУВС) айхдаа УИХ гаргасан шийдвэрээ цуцалсан нь хэл ам дагуулж байна. Рио Тинто мөнгөө Монголоор дамжуулахгүй гэж ОУВС-д гомдол гаргаж , цаадуул нь Монголыг шийдвэрээ өөрчил гэж загнасан юм байх.
Тусгаар улс гэхэд хэцүү л болсон юм  шиг байна. Намынхаа шинэ байрыг Тусгаар Тогтнолын Ордон гэж сүржин нэрлэсэн энэ намынхан тусгаар улсын нам шиг байж чадаж байна уу? МАН-ын бүрдүүлсэн УИХ ч ичихээ байж.
За ийм л намаас нэр дэвшсэн хүн Ерөнхийлөгч болно гээд улайрч байна. Уг хүн ямар намтар түүхтэй, нэр хүнд нь ямар хүн бэ гэдгийг өмнө нь зөндөө л бичсэн байгаа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр сая ТВ ярилцлаганд орохдоо М.Энхболдтой уулзаж тохироо хийх гээд бүтээгүй тухай ярьж байна лээ. М.Энхболд ухаандаа АН-ын (Х.Баттулгын) эсрэг хоёулаа эвсэж хавсайдая гэсэн юм биз дээ. Тэгсэн чинь цаадах нь Ерөнхий сайдын суудал нэхээд мань эрийг хүнд байдалд оруулсан бололтой. За тэгээд Ерөнхийлөгч болохын тулд элдвийн л арга саам эрж байгаа нь илэрхий байна. (Бичлэгийг доор оруулав)

 
Нэгэнтээ, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай Х.Баттулгыг "манай нохой"  гэж хэлж байсан даа. Өөрөөр хэлбэл, бид өөрийн нохой хэн бэ, хүний нохой хэн бэ гэдгээ сайн ялган салгаж байж сонголтоо хийхгүй бол Монголын ирээдүй их ээдрээтэй байдалд ороод байна шүү гэдгийг л хэлээд  байгаа юм.  Хүний нохой идэхээр, өөрийн нохой ид гэдэг үг бий.  Өөрийн нохой ямар ч байсан улсаа, эзнээ худалдахгүй.
Х.Баттулгын тухай Ийгл ТВ-ийн Бүрэн зураглал нэвтрүүлгийн бичлэгийг доор орууллаа. Үзээгүй нэг нь үзнэ биз. Сонголтоо хийхэд тань  нэмэр болох нь дамжиггүй.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө