Ерөнхийлөгчийн шалгуур

М.Энхболд (МАН) ба Х.Баттулга (АН)
Ерөнхийлөгч болох хүнд тавих хамгийн чухал шаардлага, шалгуур  юу вэ?  Уншигч Танд сонголт хийхэд амар хөнгөн болгохын тулд тавигдаж болох ямар шалгуурууд  байж болох вэ гэдгийг авч үзье:

1. Боловсрол
2. Бэл бэнчин
3. Ажлын туршлага
4. Эх оронч байдал
5. Мэргэжил
6. Амьдралын түүх намтар
7.  Гэр бүлийн байдал
8. Нэр хүнд

Мэдээж хуулинд заагдсан шаардлагуудаас (эх орондоо амьдарсан хугацаа, ял эдэлсэн эсэх, нас  г.м) гадна дээр бичсэн  шалгууруудыг бас харгалзаж үзэх хэрэгтэй байх. Сонгуульд өрсөлдөх эрх авч бүртгүүлэхийн тулд мэдээж хуулинд заагдсан шаардлагуудыг хангах ёстой. Бүртгүүлээд нэр дэвшигчийн үнэмлэхээ авсаны  дараа  сонгогчид бид  дээр дурдсан шалгууруудыг хэрхэн хангасан эсэхээс хамааруулж хэн гэдэг нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхөө шийднэ. Сонгогч Та сонголтоо хийхдээ ямар шалгуурыг гол болгож авах вэ гэдэг нь чухал. Мэдээж ганцхан шалгуур ч биш, хэд хэдэн шалгуурыг хэрэглэж болно.

Ингээд сонголт хийх аргачлал зохиож үзье.
Эхлээд сонгогч Таны хувьд хамгийн гол чухал шалгуур маань юу байх вэ гэдгээ  сонгоё. (Хуулинд заагдсан шалгуурууд угаасаа хангагдсан байх ёстой учраас мэдээж тооцохгүй )
Харин хуулинд заагдаагүй боловч сонгогч Таныхаар хамгийн  чухал үзүүлэлт  (Нэг номерын шалгуур) юу байх ёстой гэдгийг сонгох юм.
1 номерын шалгуураар оруулсаны дараа өөр туслах шалгуурыг сонгож нэр дэвшигчээ шинжиж болно.

Миний хувьд жишээ нь, хамгийн чухал шалгуур бол эх оронч байдал (дээр 4-т бичигдсэн байгаа).  Дагалдах шалгууруудаар  8 (нэр хүнд), 6 (амьдралын түүх намтар), 3 (ажлын туршлага) гурвыг сонгоно доо.
За энэ аргачлалаараа би АН ба МАН-аас нэр дэвшсэн хоёр хүнийг шүүж үзье.

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга

4-р шалгуурыг хангаж  байгаа. Хятадаас болгоомжлох бодлого баримталдаг.  Хятад өнгөн дээрээ Монголын тусгаар тогтнолыг  зөвшөөрөх боловч цаагуураа Монголыг буцааж авах бодлого баримталдаг тухай зөндөө л бичсэн байдаг. Тийм нууц бодлого ч байдаг тухай хариуцлагатай тагнуулын алба хашиж байсан нэгэн эрхэм ярьсан байдаг. Мэдээж танкаар дайрч эзлэх магадлал бага,  харин зөөлөн бодлогоор, эдийн засгийн аргаар, хүмүүсийг нь Хятадад талтай болгох, татах аргаар өөрийн болгоно гэсэн үг. Гэхдээ шалтаг гарвал танк оруулахаас сийхгүй улс гэдгийг бодолцох хэрэгтэй. Бид Хятадтай холбоотой чухал том асуудал дээр болгоомжтой хандахгүй бол Монголчууд Хятадад амархан уусах нь Орост уусахаас илүү амархан ойлгомжтой асуудал.  Манжийн жишээг л саная. Нөгөөтэйгүүр, Оросууд Монголыг өөртөө нэгтгэх тухай ярьдаггүй, харин "гятадууд" ингэж  ярьдаг гэдгийг бүү март.
Нарийн төмөр зам тавихгүй гэж, Монголыг Хятадтай олон боомтоор төмөр замаар холбохгүй гэж,  нүүрсээ өөр замаар (Сайншандын парк) дамжуулж гаргах гэж төрийн бодлого шийдвэр хүртэл гаргуулж байсан боловч Хятадад талтай зусруудын гайгаар хэрэгжүүлж чадаагүй. Ер нь яаж ч бодсон Монголчууд Хятадтай дотноссоноос Оростой ойр дотно байсан нь дээр.

Х.Баттулга нэмэлт шалгууруудыг (8, 6, 3) мөн хангаж байгаа.
Нэр хүнд (8-р шалгуур) сайтай. Төр засгийн алба хашиж байхдаа идэж уусан, албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө ашигтай байдал бий болгож байсан хэл ам, хэрэг хийж байгаагүй. Харин ч Монголын нэрийг тахлах Эзэн хааныхаа  сүрлэг хөшөөг босгосон бөгөөд мөн  уугуул аймгийнхаа (Баянхонгор) олон сумаас шилдэг сурагчдын их дээд сургуулийнх нь төлбөрийг хувиасаа төлж оюуны хөрөнгө оруулалт хийдэг. Тэр ч байтугай төмөр замын санхүүжилтийг зориудаар саатуулж байсан үед  хувиасаа хөрөнгө гарган явуулж байсан нь эх оронч сэтгэлгээний илрэл юм.
Амьдралын түүх намтар (6-р шалгуур) баян. Анх ганзагын наймаа, гар хөдөлмөр эрхэлж бизнесмэн болох гараагаа эхэлж байсан. Бизнесийн ухаанд суралцсан амьдралын баян туршлагатай.
Ажлын туршлага (3-р шалгуур) их. Хувийн бизнес болон төрийн албанд олон жил тодорхой алба хашиж байсан туршлагатай. Хэдийгээр дээд боловсролын дипломгүй боловч амьдрал, бизнесийн их сургуулийг амжилттай дүүргэн ажиллаж яваа  хүн. Эзэн Чингис хаан дипломгүй боловч төр улсыг захираад аваад явсан ухаантан. Ухаантан байхад диплом чухал биш. Дипломтой мөртөө мунхаг мулгуу улс зөндөө л байдаг. 

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 

Эхний  бөгөөд хамгийн гол шалгуураар бол энэ хүн тэнцэхгүй унаж байна. Өөрөөр хэлбэл, энэ хүн эх оронч биш учраас Монгол Улсын Ерөнхийлөгч болох ёсгүй гэсэн үг.  Яагаад гэвэл энэ хүн (болон түүний удирддаг нам) Хятадтай дотносох, ойртох бодлого явуулж байгаа учраас.
Түүх ярьвал, энэ намынхан  90 оноос хойш урд хөрштэй зузаарч гүйлдэх болсон нь олон үйл явдлаас харагддаг. Н.Багабанди Ерөнхийлөгч байхдаа  Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байсан Хятадын Туул Жинпан гэдэг компанитай холбогдож харилцдаг байсан тухай бөөн шуугиан болж байсан даа. Туул Жинпан нь Хятадын нууц албаны Монгол дахь үйл ажиллагаа явуулдаг түшиц газар байсан гэдэг.  Хууль Зүйн сайд байсан Ц.Нямдорж мөн урд айлын тагнуулын албаныхантай холбогдож байсан тухай манай тагнуулын мэдээ баримт байдаг.
Ийм "туршлагатай" намын нэр дэвшигч энэ "уламжлалыг"  үргэлжлүүлэхгүй гэх баталгаа алга.
Хятадад ашигтай аливаа хэлэлцээр, гэрээ хийх (Хятадын Чалко компанид илт ашигтай гэрээ хийж хямдхан нүүрсээ барьцаалж зээл авсан), Хятадад тал зассан аливаа шийдвэр гаргах (Далай ламыг дахиж хэзээ ч Монголд оруулахгүй гэж амласан биз?) , хөнгөлөлттэй зээл нэрээр их хэмжээний өр тавьж  авч байгаа зэрэг нь  энэ нам урд хөрштэй илүү дотно хандлагатайг гэрчлэх мэт.  Эцэс сүүлд нь энэ бүхэн Монголд хохиролтой, бүр эдийн засгийн хараат байдал үүсгэж тусгаар тогтнолд аюул учруулах хэмжээнд хүрвэл  тэр үед бид  яаж ч гаслаад, амаа бариад  нэмэргүй. Хятад хүмүүс ажилчин болон жуулчин нэрээр олноороо Монголд орж ирж байгаа нь манай улсын аюулгүй байдалд нөлөөлөхөөр болжээ. Орж ирээд ажиллаж байгаа хэдээс  нь авах татвараа хүртэл хасаж саймширч байгаа нь одоогийн эрх баригчид хэний эрх ашигт үйлчлээд байна гэж хардахад хүргэж байна.

Нэмэлт шалгууруудаас,  М.Энхболд 8-р шалгуурт  тэнцэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, тэрээр нэр хүнд муутай нэгэн. М.Энхболд нэгэнтээ УБ хотын дарга хийж байхдаа (1999-2005)  маш олон газрыг зарж хөлжсөн гэдэг муу нэртэй. Хоч нь,  газрын наймаачин. Энэ тухай Монголчууд бүгд л ярьдаг. Тэрээр 2016 оны Хөрөнгө Оруулалтын Мэдүүлэг дээрээ 2016 онд 39.5 сая төгрөгний орлоготой байсан гэж бичжээ. Насаараа шахуу төр засгийн ажил хийж байсан, өөрийн бизнес эрхэлж байгаагүй гэж хэлж байгаа энэ хүн яаж ингэж хөрөнгөждөг байнаа гэж асуумаар. Хүмүүсийн ёжилж хэлдэгээр, газрын буян ч их байгаа биз дээ.

Зөвхөн энэ хоёр шалгуураар М.Энхболд төрийн тэргүүн болох байтугай төрд аливаа алба хаших ёс суртахууны  эрхгүй хүн юм. Гэвч ялзарсан нам нь даргынхаа нэрийг дэвшүүлжээ. Нөгөө шинэчлэгдэж байгаа нам гээд байсан яалаа? Худлаа л байхгүй юу. Шинэчлэгдээд дуусчихсан юм уу, үргэлжлээд явж байгаа юм уу, бүү мэд. Энэ үлгэр хэзээ дуусахыг чөтгөр л мэдэх байх.

Миний тавьсан шалгуураар дээрх 2 нэр дэвшигчдээс Монгол Улсын төрийн тэргүүн байх болзол шаардлага хангасан нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулга болж байна.  Хэрвээ Та Монгол хүн бөгөөд эх оронч юм бол хэний төлөө саналаа өгөх нь ойлгомжтой харагдаж байх ёстой.  Зөв сонголт хийхэд намын харъяалал нөлөөлөх ёсгүй. Аль ч намын гишүүн, дэмжигч байх нь хамаагүй, харин шалгуураа зөв тавьж сонголтоо хийх нь чухал.

Жич.
МАХН-аас нэр дэвшигч хэн  байснаас үл хамаараад сонгогдох магадлал маш бага учраас энд хөндсөнгүй. Тэгээд ч нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан бөгөөд хэнийг дэвшүүлэх нь  тодроогүй байна.
Жичийн жич:
МАХН -аас С.Ганбаатарын нэрийг дэвшүүлэхээр болсон гэнэ. МҮЭ-ийн Ерөнхийлөгч байсан энэ эрхэм ХҮН гэдэг нам байгуулж байсан билээ. Өөр намаас нэр дэвшихийг зөвшөөрч байгааг бодвол туйлбаргүй гэж хэлж болохоор л харагдана. За ямартай ч нөгөө 2 намын нэр дэвшигчдийг бодвол ялах магадлал бага болов уу. Гол  тулалдаан Х.Б ба М.Э хоёрын дунд болох байх. Тийм болохоор Пиншүү хочит энэ эрхмийг элдэв шүүлтүүрээр шүүхээс түдгэлзэв.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө