Илүү толгойгоо тасдаж хаяцгаая!

Монголчууд минь ээ, амин чухал нэг асуудал цөмөөрөө шийдэх хэрэгтэй байна! Бид засаглалынхаа хэлбэрийг өөрчлөх шаардлагатай цаг мөчид тулж ирлээ. Энэ бол Үндсэн Хуулийг өөрчлөх тухай  ярьж эхэлсэн өнөө цагт Монгол хүн бүр дотроо бодож тунгаах асуудал болж байна.
Юуны өмнө яагаад тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай тухай эхлээд тайлбарлая. Бид парламентын тогтолцоог сонгоод өнөөдрийг хүрсэн. Хэдийгээр "бэлэг тэмдгийн" гэх боловч бас багагүй эрх мэдэлтэй Ерөнхийлөгч, Засгийн газраа толгойлж аж ахуйгаа авч явах эрх үүрэгтэй Ерөнхий сайдтай,  УИХ хэмээх хууль тогтоогчдын багтай байна гэж Үндсэн Хуулиндаа бичээд "айл гэр" болж тоглоод 20 жил болсон боловч  эцэстээ  ямар үр дүнд хүрэв ээ гээд  харвал  сэтгэл гонсоймоор.  Тэгвэл энэ хувиарлалт, арга барил хол явахгүй нь ээ гэдэг нь эндээс хийх гол дүгнэлт болж байна. Өөрөөр хэлбэл, бид Үндсэн Хуулиа өөрчилж "өөр аргаар" үзэхгүй бол болохоо болжээ  гэсэн үг.

Парламентын засаглал нэгэнт бидний "шаардлагыг" хангаж чадахгүй нь  нотлогдсон учраас  бид Ерөнхийлөгчийн засаглалыг хуульчилж өгөх цаг болжээ. Ерөнхий сайд хэмээх илүү "толгойг" тасдаж хаяна гэсэн үг. Ерөнхийлөгч засгийнхаа ажлыг хариуцаж, хугацаагаа дуусахаар дүнгээ тавиулж, хариуцлагаа "хар толгойгоороо" хүлээнэ.  Ерөнхийлөгчийн засаглалтай  ОХУ, АНУ зэрэг  орнуудаас үлгэр авч болно. Тэр тусмаа манайх шиг хатуу чангахан гар дор байж "хөдөлдөг" хүмүүсийн хувьд "шийдмэг бөгөөд ухаалаг удирдагч" хэрэгтэй. Бид тийм удирдлагын дор дэлхийд нэрээ гаргаж байсан ард түмэн.

Бага буурай орон учраас Ерөнхийлөгч нь гадны нөлөөнд автана гэж худлаа хийрхэгчдэд хэлэхэд, тиймэрхүү болзошгүй аюул эндэгдлийг хуулиараа хаагаад өгчихвөл санаа зовох юмгүй байж болно. Улс орны эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой гадаад томоохон асуудлаар УИХ-тай зөвшилцдөг, зөвшөөрөл авдаг байхаар зохицуулаад өгчих хэрэгтэй.
"Нэг толгойтой" болчихвол  бид өнөөдрийнх шиг Ерөнхийлөгчөө ч хараадаг, Ерөнхий сайдаа ч зүхдэг байдал арилж, хариуцах эзэнтэй болно.  Олон толгойтой бид хол явахгүй гэдэг нь ойлгомжтой болсон.
Харин Ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгох нь зөв. Эцэстээ ард түмэн  дүнгээ тавина. Нэр дэвшүүлэхийн тухайд, улс төрийн намууд хүнээ сойж болохоос гадна бие дааж нэр дэвших боломжийг бас хуульчилж өгөх нь шударга юм. Ерөнхийлөгч болохын тулд Монгол Улсын иргэн заавал ямар нэгэн улс төрийн намд харъяалагдах ёстой гэсэн "хаалтыг" алга болгоно гэсэн үг.  Нас болон бусад шаардлагыг хангасан л бол хэн ч өрсөлдөх эрхтэй байх ёстой.

Өнөөдрийн яригдаж байгаа төслөөр Үндсэн Хуулинд өөрчлөлт хийх юм бол бид гол "бай"-гаа олж оноогүй хэрэг болно. Хоёр толгойтой хэвээрээ л байх юм бол бүх юм бахь байдгаараа л үлдэнэ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын хэнийнх нь "толгойг авахаа" мэдэхгүй иргэд маань будилсан хэвээрээ байна гэсэн үг. Хэрвээ өнөөдөртөө  ийм өөрчлөлт хийхэд бэлэн биш, боломжгүй байвал   дараагийн УИХ-д Үндсэн Хуулиа өөрчлөх  боломжийг нь үлдээж болно шүү дээ.  Зарчмын хувьд бид  "илүү толгойгоо" авч хаяхгүй л бол   эсэн бусын ямар ч өөрчлөлт хийгээд нэмэргүй. Уг үндсээр нь өөрчлөлт хийхгүй бол өнгө будаган засал хийж өөрсдийгөө хуураад яахав дээ гэж.
Өнөө эс юм аа гэхэд ирээдүйд бид ийм өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна аа гэдгийг иргэн бүхэн мэдэж, дэмжиж, шахаж хийлгэх хэрэгтэй байна.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө