Үндсэн Хуулийг зэрэмдэглэх хэрэггүй


Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулах тухай "ноцтой" яригдаж  эхэллээ. Ажлын хэсэг байгуулагдаж зохих хуулийн төслийг өргөн барьсан байна. Төсөлд дурдагдсан зарим томоохон өөрчлөлттэй холбоотой санаа оноогоо доор буулгав.

1. УИХ-ын гишүүний тоог нэмэгдүүлэх

3 сая иргэнийг  99  "дивтаат" УИХ-д төлөөлж суух нь зүйтэй гэнэ. Хоёр том шалтаг хэлж байна:
- Хүн амын тоо нэмэгдсэн учраас сонгогчдын ба төлөөллийн харьцаа нь алдагдсан гэнэ.
- Дивтаатын тоо цөөн учраас элдэв шалтгаанаар зарим нэг нь ажилдаа ирээгүй үед цөөхөн хэдэн хүн хууль баталчихаад байгаа юм гэнэ. 

Эхний шалтагийг шинжиж үзвэл,
Монголчууд 2 сая байхад 76 төлөөлөгч байсан гэвэл 1 гишүүн 23 мянган иргэн төлөөлж байсан байх нь. Одоо 3 сая болсон учраас 99 гишүүн байх ёстой гэвэл нэг гишүүн 30 мянган  иргэнийг төлөөлөх болох нь.  Бусад ойролцоо тооны хүн амтай улсуудтай харьцуулж үзье.
Армен улс  3 сая хүнтэй (2011 оныхоор) бөгөөд хууль тогтоох байгууллага нь   131 гишүүнтэй,
Литва улс 3,2 сая хүнтэй (2011) бөгөөд 141 гишүүнтэй,
Албани улс 3 сая хүнтэй (2011) бөгөөд  140 гишүүнтэй,
Латви улс 3,2 сая хүнтэй (2011) бөгөөд  100 гишүүнтэй,
Словен улс 2 сая хүнтэй (2014) бөгөөд  2 танхимтай, 130 гишүүнтэй

"Ингэж бодохоор цэрэг миний..." гэдэг шиг ингээд бодохоор 100-гаад хүнтэй байхад гаж буруу биш ч юм шиг. Харин 99 байх юм уу, 99 аравны тав байх юм уу гэдэг нь манай мэргэн  гишүүдийн шийдэх асуудал байх биз ээ. 9-ийн тоог бэлгэдлийн утгаар нь "хослуулж" авч байгаа явдал бол Батбаяр гишүүний  "мухар сүсэгтэй" л холбоотой. Тэгэхээр тооны хувьд мунхаг ард иргэд бид нэг их эсэргүүцээд байх юм алга юм шиг.

Харин 2-р шалтаг бол зүгээр л тэнэглэл. Ер нь цөөхөн хэдхэн хүн хууль баталчихаад байгаа явдал бол ажлаа таслаад алга болдог  нөхөдтэй л холбоотой.
Үүнтэй холбоотой хэлэхэд, нэг юман дээр хаана хаанаа тохиролцож, ойлголцмоор байна. Энэ нь юу вэ гэвэл, эрхэм дивтаат та УИХ-ын гишүүн болж энгэрийн тэмдэг зүүснээрээ бусдаас төрөл арилжаад "онцгой" хүн болчихож байгаа юм биш шүү гэдгийг ойлгож, санаж явах хэрэгтэй. Та бол зөвхөн сонгогч биднийг төлөөлж тэнд очсон нөхөр шүү. Өөр хэн ч биш. Хаан ч биш, заан ч биш. Бид танд итгэл хүлээлгээд, ажил хийлгэхээр саарал ордонд суулгаж байгаа юм шүү дээ. Хариуцлагатай ажил хийлгэх гэж. Гэтэл бөөн бөөнөөрөө ажлаа тасалж элдэв шалтаг хэлээд яваад байгаа бол бид бас хариуцлага тооцдог байх нь шударга гэж бодож байна. Гишүүний энгэрийн тэмдэг зүүсэн л бол хэнгуай ч яаж ч чадахгүй гэж боддог үе чинь удахгүй төгсгөл болно. Гадуур ажилтай байлаа, гадаадын зочидтой уулзлаа, элдэв хуралд суулаа, Эрдэнэт орох ажил гараад гэх мэтийн шалдар булдар ажлаас чинь төрийн ажил, таны өөрийн ажил чухал шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Ажлаа байнга тасалдаг нөхдийн энгэрийн тэмдгийг "хуу татаж" хаядаг хуулийн зохицуулалт хийхийг сонгогч бид шаардах ёстой.  Би ажлаа таслах юм бол ажлаасаа халагдана. Энэ "хууль" эрхэм гишүүдэд мөн адил үйлчлэх ёстой.

2. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, жинхэнэ "бэлэг тэмдгийн"  Ерөнхийлөгч болгох

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж,  жинхэнэ "бэлэг тэмдгийн" чанартай болгох санал явж байна. Одоо эдэлж байгаа эрх үүргээс нь хууль  санаачлах эрхийг нь хусаж хаяхаар төсөлд тусгажээ. Мөн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг тэргүүлэх үүргээс чөлөөлөх юм шиг байна. Засгийн ажилд "хошуу дүрэхийг" бас хориглох бололтой.  УИХ-ын чуулганд  "сонирхож" сууж болох боловч элдэв санал, мэдээлэл өгөхийг хориглох юм байна.
Ийм "бэлэг тэмдгийн" бөгөөд тэгсэн мөртөө бүх ард түмнээс (намуудаас санал болгосоноор) сонгогдсон Ерөнхийлөгчөөр ч яах юм билээ. Илүү орон тоо, зардал бус уу? Иймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн 2 орон тоог нэг хүнд "шингээж" , "удирдлагын зардлаа хэмнэмээр" байна. Хэдийгээр Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг сонгоод Ерөнхийлөгчдөө засгийн эрхийг өгөөд явчих нь зөв гэж надаас эхлээд олон хүн бодож дэмждэг боловч  харамсалтай нь цөөнгүй "ардчилагч" гэгч дэмийрэгчид  хэн нэгэн "дарангуйлагч хаан" бий болчихно, эсвэл  хэдэн юаниар улсаа "зарчихна" хэмээн  хийрхэж ,  энэ саналыг "улайран ногоорон" эсэргүүцдэг. Бид одоогийн энэ утгагүй хувиарлалтаа өөрчилж, "цомхотгол" хийх зайлшгүй шаардлагатай.  Нэг хүнд бүгдийг нь хариуцуулж эцэст нь тэр хүнтэй, тэр хүнийг санал болгож гаргаж ирсэн нам гэгч үл үзэгдэгч хий үзэгдэлтэй хариуцлага тооцож байх боломжийг хуульчилж өгөхгүй бол хариуцах эзэнгүй энэ байдлаараа яваад байвал Монгол улсын байдал доройтож, Монголчуудын амьдрал дампуурна гэдгийг ямар ч тэнэг хэлэх байх.  Эрх мэдэл өгсөн хүнээ хэн гэж нэрлэх нь чухал биш, өнөөдрийн тухайд. Ерөнхийлөгч гэнэ үү, Ерөнхий сайд ч гэнэ үү, тэр нь гойд чухал биш гэсэн үг.

Ерөнхий сайд асан Д.Содном гуайн бичсэнээр бол УИХ-ыг 2 танхимтай болгож, Ерөнхийлөгчид засгийн ажлыг хариуцуулж , Ерөнхий сайд хэмээх илүү албан тушаалыг алга болгох нь зүйтэй гэсэн байна. Гэхдээ   Ерөнхийлөгч нь ард түмнээс биш, УИХ-аас сонгогддог байхаар санал дэвшүүлжээ. Миний бодлоор энэ нь нэг талаас ялсан намын олонхийн саналаар тухайн намын хүн Ерөнхийлөгчөөр сонгогдож, улмаар эрх барьж байгаа нам ба Ерөнхийлөгч хоёр  "гар нийлж" хамтран ажиллах магадлал өндөр боловч нөгөө талаас мөнөөх нөхөр маань ард нийтийн талархал хүлээж чадах уу гэдэг эргэлзээтэй. Ялсан нам 51%-иар  олонхи болсон нөхцөлд  Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн хүн нь ард түмэнд таалагдах эсэхийг тааж мэдэшгүй. Уг нь дахиж Ерөнхийлөгчийн сонгууль тусад нь явуулах шаардлагагүй гэдгээрээ цаг, хөрөнгө хэмнэх сайн талтай л даа. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглал одоохондоо хэрэггүй гэж байгаа бол адаглаад Содном гуайн хувилбараар хийх хэрэгтэй байна. Юутай ч одоогийн энэ олон толгойтой засаглалын "бантагналыг" өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэдгийг 90 оноос хойшхи он жилүүдийн амьдрал,үр дүн харууллаа.

3. УИХ-ын бүрэн эрхийн хугацааг 4 жил байсныг 5 жил болгож өөрчлөх

4 жилээс 2 жилд нь сонгууль (УИХ-ын, Ерөнхийлөгчийн) явуулсаны улмаас ажил хийх хугацаагаа алдаж байгаа учраас 5 жил болгосон нь дээр гэсэн тайлбар хэлж буй. Хэрвээ Ерөнхийлөгчийн сонгууль тусдаа явуулахаа больчихвол энэ байдал алга болно. Ерөнхий сайд гэх албан тушаалыг алга болгоод Содном гуайн санал болгосоноор УИХ-аас Ерөнхийлөгчөө сонгоод явчихвал илүү сонгууль хийх шаардлагагүй. Тэгвэл 4 жилийг 5 болгох хэрэгцээ алга.

Ер нь ажлын хэсгийн санаачилсан  төсөлд бичсэний дагуу  Үндсэн Хуульд өөрчлөлт хийх юм бол хэрэг алга. Тэрэнд орвол огт хөндөхгүй орхиод дараагийн хүмүүст нь үлдээх хэрэгтэй. Ер нь одоогийн Их Хурлын бүрэлдэхүүн  Үндсэн Хуульд  өөрчлөлт хийх  ядаж ёс суртахууны эрх байхгүй гэж үзэх үндэслэл бий. Хууль бусаар (мөнгө тарааж, хууль зөрчиж, луйвар хуйвалдаанаар, тохиролцоогоор, наймаалцаж) Их Хурлын гишүүн болсон олон хүн бий. Хууль нь гууль болсон учраас хэн дуртай нь өөрийнхөө тааллаар тайлбарлаж, Сонгуулийн Ерөнхий Хороо, шүүхүүд нь элдэв тайлбар хийж иймэрхүү хууль бус үйлдлүүдийг өөгшүүлж, өөрсдөөсөө түлхээд л өнгөрөөсөн.  Ийм байхад шударга ёс, ариун явдлын тухай донгосцгоогоод юу  хийнэ?
Ард иргэд маань одоогийн энэ засаглалын  эрх мэдлийн хувиарлалтыг засаж зөв горимд нь оруулахгүй л бол ингэж хоёрын хооронд бүр дордуулсан өөрчлөлт оруулахыг дэмжихгүй  байхаа гэж бодож байна. Тэгээд ч одоо ард иргэдээс санал авах хугацаа давчуу болсон болохоор энэ удаагийн оролдлого бүтэхгүй биз дээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө