Морь шээх болон талбайн нэрний тухайд

Нэг асуулт байнаа. Жанжин Сүхбаатарын морь  одоо талбай байгаа газар дээр шээсэн нь үнэн юм уу? Нотлох баримт юу байна?   Нөгөө нэг асуудал нь,тэгээд  морь шээх нь их бэлэг дэмбэрэлтэй хэрэг үнэхээр мөн үү? Үүнийг асуудаг учир нь  одоогийн Чингисийн талбайн нэрийг хуучин нэрээр нь (Сүхбаатарын талбай ) байлгах буюу сэргээх сонирхолтой хүмүүс жанжны морь тэр талбай дээр шээсэн явдлыг  их чухалчилж ярьдагт байгаа юм л даа. Морь шээх нь (ялангуяа олон нийтийн газар?) сайны бэлэгдэл гэж үздэг Монгол ёс байна уу? Лав л уяан дээрээ ч юм уу, эсвэл дэлгүүрийн гадаа шээхэд тоодоггүй л юм байна лээ. (Үнэхээр  сайн юм бол мөнөөх дэлгүүрийн эзэн тэр шээсэн газар дээр нь дэлгүүрийнхээ өргөтгөлийг дор нь барьчих байх даа)  Гэвч юмыг яаж мэдэх вэ гэж уншигчдаасаа асууж байгаа нь энэ.

Г. Өнөрбаяр (Социал демократ клубын тэргүүн)
www.24tsag.mn  сайт дээр  "Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе!" гэсэн  нэртэй нийтлэлийг Г.Өнөрбаяр хэмээгч нийтлүүлжээ. (Уг нийтлэлийг энд  дараад  уншаарай)  Мөн www.mglclub.com  , www.zaluu.com зэрэг сайтуудаар цацагдсан байна. Хоосон сүржигнэсэн, худлаа гүтгэсэн, дэгсдүүлсэн , зарим газраа инээд хүргэхээс үл хэтрэх бичиглэл болжээ. Монголын түүхэн дэх  Сүхбаатарын үүргийг дөвийлгөж зохиосон хуучин хувилбарт их итгэж үнэмшдэг нэгэн бололтой. Ирээдүй үеэ хуурахгүйн тулд өнөөдөр түүхийг үнэнээр нь таниулах явдал чухал. Жанжин Сүхбаатар Ленинтэй уулзсан гээд л зурж, бичдэг байсан нь худлаа болж хувирсан даг. Энэ мэтээр түүхийг худлаа зохиодог байсныг Монголчууд одоо мэддэг болж байгаа. Гэвч энэ мэтийг мэддэггүй ч юм уу, эсвэл мэдэхийг ч хүсдэггүй хүмүүс байсаар. Тэдгээр хүмүүсийн нэг төлөөлөгч нь энэ Г.Өнөрбаяр юм уу даа.
Хүмүүсийг амарч байхад нь "гэнэдүүлээд" Сүхбаатарын талбайн нэрийг сольчихсон юм гэнэ. "Гэнэ алдсан" бид хичнээн хөөрхийлөлтэй вэ гэж...Ёстой л  "нойрноос морио, чөмөгнөөс хутгаа" гэдэг шиг юм  болсон юм даг уу даа.

Талбайн нэрийг солих эрх байхгүй мөртөө дураараа сольсон гэнэ. Өөрийнхөө хэлж бичиж байгаа зөвтгөх гэж зориуд худлаа бичдэг хүнийг юу гэж нэрлэвэл зохих вэ? Уншигчид тэр болгон бичсэнийг нь нягтлахгүй гэж тооцоод л дураараа бурдаг бололтой. Тэгвэл би энэ удаа хэрэг болгож  нягтлаад, хууль зөрчиж үү үгүй юу гэдгийг нь уншигчиддаа  тайлбарлаад өгье л дөө.
"Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хууль"-д зааснаар  Нийслэлийн хурлын тэргүүлэгчид уг талбайн нэрийг өөрчлөх бүрэн эрхтэй юм байна. Тус хуулийн 20-р зүйлийн 20.1.12-д ингэж заасан байна:

20-р зүйл. Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх

20.1.12. гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах, нэрэмжит шагнал бий болгох, түүх, соёлын дурсгалт, үнэт зүйлсийг тогтоож хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, энэ талаар нутаг дэвсгэртээ дагаж мөрдөх журам тогтоох;  

Мөн "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль"-д зааснаар гудамж талбайд нэр өгөх нь нийслэлийн удирдлагын бүрэн эрхэд хамаарч байна. Тус хуулийн 8-р зүйлийн 8.1.5-д ингэж заасан байна:

8 дугаар зүйл. Нийслэлийн удирдлагын бүрэн эрх
1. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрх эдлэхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5/ нийслэлийн хэмжээнд тэмдэглэлт ой, баяр ёслол тэмдэглэх, байгууллага, гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах асуудлаар өөрийн санаачилгаар болон иргэд, байгууллагын саналыг үндэслэн шийдвэр гаргах.

Тэгэхээр нэр солих эрх нь Нийслэлийн ИТХ-д байна. Харин үүнтэй уялдуулж бусад хуулинд өөрчлөлт оруулах ёстой юм. Сүхбаатарын талбай гэсэн бичилтийг Чингисийн талбай болгоно гэсэн үг. Ийм л юм.

Нэг инээдтэй асуулт нь Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгоод юу хожсон бэ гэсэн асуулт. Мэдээж Нийслэлийн ИТХ ямар нэгэн ашиг хонжоо харж нэр солиогүй байх. Харин Монголчуудад түүхээрээ бахархах, Монголыг дэлхийд таниулж байгаа их хаанаараа бахархах, гайхуулах боломж олгосон. Чингис хааныг өөрийн болгож нэрээр нь бизнес хийж байгаа бусад улсуудын ам руу нь алгадсан зөв ажил болсон гэдэг утгаараа энэ  шийдвэр маш их ач холбогдолтой. Казахууд Чингис хааныг өмчлөх гээд л элдэв юм зохиож иргэдийнхээ болон дэлхийн тархийг угааж байна. Мэдээж хятадууд Монголын бүх хаадыг өөрийнх гэдэг сурталчилгаагаа байнга л хийсээр ирсэн. Украйнд хүртэл хачин хачин юм бичиж л байна. Монголчуудыг дэлхийд Чингис хаанаар, 13-р зуунд болсон сэргэн мандалтаар л танина. Сүхбаатар жанжны нэрээр танихгүй. Сүхбаатар гэдэг хүнийг үгүйсгэж байгаа юм биш (үгүйсгэх хүн байхгүй байх), гэхдээ бид хэнийгээ " урдаа барих вэ" гэдгээ бодох хэрэгтэй. Тэгээд ч Чингис хаан, Сүхбаатар хоёрыг харьцуулшгүй, тэнгэр газар шиг ялгаа бий. Ийм юмыг ухахгүй мулгуу байна гэж бодохоор л ой гутах юм.

МАН-ынхан Монголын түүхийг худлаа зохиож ард түмнийхээ тархийг угааж ирсэндээ гэмшихийн оронд харин ч бүх зүйлээ зөвтгөж, ичих ч үгүй Сүхбаатарын нэрээр улс төр хийж яваа  нь энэ улс төрийн хүчин хэзээ ч засрахгүй гэдгээ нотолж байх шиг. Энэ Өнөрбаяр гэгч нь уг шийдвэрийг эсэргүүцэгчийг нэгдэж зохион байгуулалтанд орцгооё гэж уриалж байна. Тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ гэдэг бил үү, тэр нь болох юм байлгүй дээ. Хуулийнхаа дагуу шийдчихсэн асуудлыг ингэж сөхөж хүмүүсийг үймүүлж бужигнуулах нь цаанаа өөр зорилготой биз ээ. Харин ч иргэдээ талцуулж байлдуулах, хагаралдуулах сонирхол нуугдаж байх шиг.
Ингэхдээ худлаа гүтгэх, хатгах аргаа сурамгай хэрэглэж байгаагийн наад захын жишээг би дээр  хуулийн заалт иш татан харуулсан. Ер нь Сүхбаатар гэдэг хүн Монголын түүхэнд үнэн зөв байр сууриа эзлэх ёстой. Мэдээж түүхийн сурах бичигт бичигдээд, хойч үе нь сурч мэдсээр байх нь ойлгомжтой. Талбайн нэрийг нь өөрчилчихөөр түүхээс нэр нь  арчигдаж, мартагдана гэж хүүхэд үнэмшихгүй хачин тэнэг юм ярихаа болиосой.  Ичих зовох гэж юм мэддэг юм уу ер нь?

Манай зарим  иргэдийн боловсрол, түүхийн тухай ойлголт нь үнэхээр чааваас гэмээр байдаг нь иймэрхүү нөхдөд  башир зорилгодоо тэдгээр хүмүүсийг ашиглах боломж олгоод байгаа юм. Г.Өнөрбаярын нийтлэлтэй холбогдуулан сэтгэгдэл бичсэн байдлаас харахад даанч дээ гэмээр юм бичсэн хүмүүс байнаа. Энэ чинь л өөрөө их эмгэнэлтэй хэрэг болчихож байгаа юм.   Заримаас нь иш татаж сонирхуулая:
- Чингис Монгол улсаа нэгтгээд төрт ёсоо тогтоож байсан юм ерөөсөө байхгүй, харин Монгол үндэстнийг үр ач нартайгаа нийлж байгаад дэлхийгээр нэг тараасан нь үнэн. Түүний хийсэн харгислалын үр дүнд одоо зовлонгоо эдэлж байгаа
- Чингис гэж нэг үлгэрийн баатраар шоу хийж байхаар...
- Сүхбаатарын байгуулсан эрх чөлөөний хүчинд Монголчууд өдий зэрэгтэй явцгааж байгаа биз дээ?
- Чингис бол Монголыг нэгтгээд буцааж тараасан хүн. Сүхбаатар бол Монголчуудын эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон жинхэнэ Монгол жанжин
- Үлгэрийн өвгөний талбай болж дээ. Чингис энд индэр дээр гарч үг хэлсэнгүй, морь нь шээсэнгүй...
- Чингисээр халхавч хийн Сүхбаатарыг доромжилбол адилхан доромжлох хэрэгтэй. Эд нар Чингист хачин их хайртайдаа биш, гол нь Монголыг хятадаас салгасан Сүхбаатарт хорссондоо Бат-үүл мангарыг ашиглаж байгаа юм. Хятадын их хаан Чингис, Монголын их жанжин Сүхбаатар хоёр өөр шүү.

Их хаан Чингисээ "үлгэрийн өвгөн" хэмээн тохуурхаж, Сүхбаатарын ачаар өдий зэрэгтэй яваа гэж ярьж байгаа хүмүүс зүгээр л "тархи нь угаагдсан" хүмүүс үү, эсвэл бодлогоор ийм юм бичээд байна уу?
Ер нь энэ далимд санал болгоход, Сүхбаатарын хөшөөг өөр газар шилжүүлж оронд нь 13-р зууны үеийн Монгол дайчны морьтой хөшөөг уралдаан зарлан шалгаруулаад босговол яасан юм? Чингис хааны талбай дээр хааны баатар нь хаан руугаа хараад морьтойгоо зогсож байгаагаар бүтээвэл гоё харагдана даа. Нэгэнт Сүхбаатарын талбай гэхээ больсон юм чинь хөшөөг нь нүүлгэх нь зөв. МАН болон түүнийг дагалдагчид одоо хичнээн хашгирч орилоод нэмэргүй. Харин үймээн самуун гаргаж элдэв юм болбол турхирсанаараа МАН болон Өнөрбаяр мэтийн коммунист хэнээтнүүд хариуцлагаыг нь хүлээнэ гэдгээ мэдэж байгаа байх гэж найдая.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө