Намгүй Монголын төлөө

С.Ганбаатар (УИХ-ын гишүүн)
Хэвлэл мэдээллээр С.Ганбаатар гишүүн нам байгуулах гэж байгаа гэнэ гээд л шуугиж байна. Тэрээр саяхан өгсөн ярилцлагандаа энэ тухай дурдсан байна лээ.  Хэсэг иргэд "Хүний төлөө хөдөлмөрийн нам" гэдэг  нэртэй  нам байгуулах гээд хөөцөлдөөд явж байгаа тухай яриад тэднийг дэмжинэ гэжээ. Чухам өөрөө тэр намд нь элсэж орох эсэх тухай тодорхой зүйл хэлсэнгүй.
Эрхэм гишүүн маань уг нь өөрөө бие дааж нэр дэвшээд Дарханы тойргоос сонгогдсон хүн шүү дээ. Нам дагаж намчин болоогүй, бор зүрхээрээ үзсэн гэсэн үг. Тэр үед ч бас нам гэдэг байгууллагын нэр хүнд одоогийнх шиг тэгтлээ уначихаагүй байсан цаг. Ардын намд  (МАН) цөхөрсөн иргэд маань Ардчилсан нам  (АН) гэдэгт нь итгээд үзье гэлцэж байсан үе.

Өнөөдөр байдал ямар байгаа билээ? "Улаан намчин"-гуудыг эс тооцвол хар массын олонхи нь "нам шиг хэрэггүй юм алга" гэж ярьж байгаа биз дээ?  Улс төрийн нам гээч бүлэглэлийн  нэр хүнд тэгтлээ доошоо орсон байна.  Нам гэдэг нэрийн дор  эрх мэдэл, албан тушаалд хүрсэн хүмүүс нь "ахуй төрөө" биш, "алд биеэ" боддогийг Ардын намынхан ч , Ардчилсан намынхан ч харууллаа.  Тэд тус тусдаа хөтөлбөр энэ тэр гаргаад л сонгуульд оролцож, "эрэгчин эмэгчинээ үзсүгэй" хэмээн "нударга зөрүүлэх" боловч дараа  нь засгийн эрхэнд гарчихаад  нэг нь нөгөөгөө дуудан нэг оронд орцгоодог болжээ. Дараа нь нэг хөнжилд орох л байсан юм бол анхнаасаа яах гэж  өрсөлддөг юм гэмээр. Ингээд бодохоор нам гэдэг юмны утга алдагдсан байгаа биз? Зүгээр л ашиг сонирхол нь нийлж байвал хэнтэй ч хүзүүгээрээ холбогдож хушуугаараа нийлж өлхөн чадах янхнууд болцгоожээ, энэ улс төрчид.
Бизнес сонирхлоо урьтал болгосон,  хормой хотоо сөхөлцөж, бөгс  бөөрөө нийлүүлэхээсээ  ичихээ байсан олигархууд өнөөдөр ийнхүү нам гэдэг маск зүүчихсэн худлаа дүр эсгэн чалчицгааж байна.

"Тэнэг" ардууд үүнийг ойлгохын дээдээр ойлгож авсан байна. Нам гээч нь жинхэнэ утгаараа  төлөвшиж, намчингууд нь алд биеэ бус ахуй төрөө нэгдүгээрт тавьдаг болсон цагт иргэдийн итгэл сэргэж мэдэх юм. Тэр болтол намчингууд цаашаа, бие даагчид наашаа болж дээ.
Байдал ийм байхад бас шинээр нам байгуулна гэнэ үү?  Тэрийг нь бас бие даагч эрхэм гишүүд дэмжиж ажиллана гэнээ?! Зарим нэг нь гишүүнээр элсэж орно ч гэх шиг цуу  яриа дуулдана. Ганбаатар гишүүний толгой эргээгүй байлтай. Хүн хэлэхээс наашгүй гэж. Юу ч гэсэн үүгээр үг дайчихая. 2016 онд намчингууд сонгогдох найдвар тун муу шүү. Итгэл алдарсан иргэд маань аль нэг намаас, ялангуяа МАНАН-гаас, нэр дэвшигчдийг дэмжихгүй байх магадлал маш өндөр байгаа. Харин нам бус, бие даагчид өөрсдийгөө сайн таниулж, сурталчилж чадвал сонгогдох магадлал маш өндөр байж мэдэх.

Манайхны зарим  иргэд намгүй бол улс орон "өнчирчих" юм шиг ярьдаг. Нам гэдэг юманд дэндүү "дассаных" юм биз дээ. Уул шугамандаа бол нам гэдэг чинь  санаа нийлсэн хэсэг хүмүүсийн бүлэглэл юм шүү дээ.  Өөр юу ч биш. Намын нэрээр сонгогдсон хүмүүс  намдаа барьцаалагдаж, хувь хүний үзэл бодолдоо тулгуурлаж шийдвэр гаргах эрхээ хасуулдаг. Хувь иргэний хувьд өөрөөр шийдэх сонирхол байсан ч гэсэн намын шийдвэр гэдэгт захирагдаж  эсрэгээр  шийдэх нь олон бөгөөд намуудын хооронд явагдах "дайны" хөлд үрэгддэг.  Энэ дайн нь эцсийн дүндээ  ажил удааж, цаг алдуулж, улс орныг хорлож дуусдаг. Заримдаа ажил бүрмөсөн гацаах нь ч бий. Иймэрхүү байдлаар намууд улсын хэрэгт  нэмэр болохоосоо нэрмээс болох нь их.  Тэдний хөлд Монгол улс нэрвэгдэж, Монголчууд хохирч байна. Өнөөгийн байдал лав ийм л харагдаж байна.

Тэгвэл намгүй болчихлоо гэвэл яах вэ?  Ямар ч асуудал байхгүй. Бид эхлээд Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн засаглал тогтоох хэрэгтэй. Засгийн ажлаа Ерөнхийлөгч авч явна гэсэн үг. Орос, Америк шиг. Их Хурлаа байгуулдагаараа байгуулна.  УИХ-ын гишүүд бүгд бие  дааж нэр дэвшинэ. Шилдэг, туршлагатай, боловсролтой, эдийн шуналгүй, эх орноо гэсэн шударга  иргэн хэн ч гэсэн нэрээ дэвшүүлж сонгогдож болно. Их Хуралд "намын бүлэг" гэгч ажил гацаадаг  "илүү эрхтэн" байхгүй болно. Эрхэм гишүүд тухайн асуудлаар ажил хэрэгч ухаанаар хандаж, өөрт зөв гэсэн шийдвэрийнхээ төлөө хэнээс ч,  юунаас ч хараат бусаар саналаа өгөөд, олонхиороо асуудлаа шийдээд явна. Засгийн газраа Ерөнхийлөгч тэргүүлээд хариуцаад явах учраас аль нэг (ялсан) намын даргын хармаанд байдаг Ерөнхий сайд хэмээх албан тушаал байхгүй болно. Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдох учраас өөрөө хөтөлбөрөө боловсруулж сонгуульд өрсөлдөнө. Сонгогдсон хойноо өөрөө багаа бүрдүүлж засгийн газраа байгуулна.

УИХ-ын гишүүний ёс зүй, нэр хүндийг  өндөр байлгахын тулд Их Хурлын тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүийг тодорхой ноцтой  шалтгаануудаар (ямар нөхцөл шалтгаанаар гэдгийг нь тодорхой зааж өгөх хэрэгтэй) сонгогдсон тойргийн иргэдийн олонхийн (тодорхой тоон хувь зааж өгөх хэрэгтэй)  шаардлагаар эргүүлэн татдаг байх заалтыг оруулах нь зүйтэй болов уу. Эс тэгвэл хөхөө шиг уран донгодож сонгогдчихоод дараа нь ёс зүйгүй аашлаад, иргэдийнхээ сонирхлын эсрэг болон улс орондоо хохирол учруулахаар авирлаад байгаа этгээдийг зайлуулахад хэцүү байх болно. Ер нь тухайн тойргоос итгэл хүлээж сонгогдчихоод итгэлийг хөсөрдүүлсэн  бол сонгогчид нь эргүүлээд "суга татах" эрхтэй байх нь шударга зохицуулалт юм.  Ямар нөхцөлд, яаж, хэрхэн гэх мэтийн асуудлуудыг  нь  дээр хэлсэнчлэн  хуулиндаа заагаад өгчихнө.
 
Мэдээж Ерөнхийлөгч ба УИХ-ын хоорондын харилцаа, эрх үүргийг хуулиараа нарийн зохицуулах шаардлагатай.  Улс орныхоо амьдралыг авч явах хүнд ачааг үүрэх учраас Ерөнхийлөгч багагүй эрх мэдэлтэй байх хэрэгтэй болов уу. Баланс бариулах нь мэдээж чухал, гэхдээ бас хэн хэн нь (Ерөнхийлөгч болон УИХ) бие биенийхээ эсрэг  улдаж суучихаад ажил гацаагаад байхааргүйгээр  (мухардлаас гарах) арга замыг нь нарийн хуульчилж өгөхгүй бол болохгүй.

Өнөөдөр нэмж нам байгуулах тухай биш, харин намыг хатуу гишүүнчлэлгүй болгох, бүр татан буулгах тухай асуудал ярих цаг. Олон намтай болохоороо сайн сайхан болдог бол Монгол улс маань өдийд Азийн бар байтугай арслан болчихсон байх байсан биз. Гэвч харамсалтай нь тийм биш  гэдэг нь нотлогдлоо. Одоо бид  элдвийн олон бүлэглэлд  хуваагдаж талцах  биш  харин нэгдэх хэрэгтэй байна. Гэхдээ "Монголчууд эвтэй бол хүчтэй" гэж худлаа хоосон үгээр тунхаглах биш, харин амьдрал дээр үзүүлэх хэрэгтэй.  Яаж үзүүлэх вэ гэхээр энэ талцуулаад байгаа юмнуудаасаа эхний ээлжинд салах нь чухал. Намчирхах, нутгархах, яс үндсээр нь, хөдөө хотынхоор нь  ялгаварлах гэх мэтийг хэлээд байна л даа. Намчирхахаа больж, намчин хочноосоо салъя. Үүний тулд эхлээд намуудыг татан буулгая. Намуудын байрыг өөр зүйлд ашиглая. Цэцэрлэг сургууль болгосон ч яадаг юм, болдог бол. Намын аппаратанд ажилладаг олон хүмүүс мэргэжлээрээ улс орондоо хүчээ өгцгөөе л дөө. Тэнд худлаа "улс төрч" болж жүжиглэж суухын оронд бүтээлч иргэд болцгооё.
Мал дагавал малчин болж сайн нэр зүүнэ. Харин нам дагавал намчин бол муу нэр зүүнэ. Бид өгсөж дээшлэх, эсвэл  уруудаж доошлохын аль нэгийг  сонгох цаг болжээ.  Сайтар тунгаацгаая.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө