Эрх мэдэлгүй Ерөнхийлөгчийг элдэвлэхээ болих уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сая Улаанбаатарт ирсэн аймгийн Засаг дарга нартай уулзаж, 2015 онд хийх гол бүтээн байгуулалтын  ажилтай танилцаж, санал бодлоо илэрхийлжээ.  Ерөнхийлөгч тэд нартай  яагаад уулзав?  Тэр бүтээн байгуулалтын ажилтай танилцаад яах юм? Санал бодлоо хэллээ гээд юу өөрчлөгдөх юм? Ерөнхий сайдын "жанжнуудтай" уулзаж, өөрт хамаагүй хэрэгт  "дурлах" хэрэг байсан юм уу?

Яагаад уулзаж болохгүй гэж үү? Яагаад гэвэл  манай улс  Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш учраас тэр. Өөрөөр хэлбэл, Монголын Ерөнхийлөгч бол  АНУ, ОХУ шиг засгийнхаа ажлыг  хариуцдаггүй  юм.  Бидэнд Ерөнхий сайд гэдэг албан тушаалтай  нэг хүн  бий бөгөөд тэр хүн сайд нараа удирдаад засгийхаа ажлыг  хариуцаж хийдэг. Аймгуудын Засаг дарга нар бол Ерөнхий сайдын удирдлага дор ажиллах ба  түүний өмнө ажлаа хариуцаж  тайлагнадаг.  Засгийн ажил муу бол Ерөнхий сайдтай л ярих ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгч  өөр хүний мэдлийн асуудалд "хушуу дүрсэн" явдал болсон байна.

Сайханбилэг Ерөнхий сайд  алс холын газар өөрийг нь төлөөлөн суух "жанжнууддаа" үүрэг даалгавар өгөөд гаргатал Ерөнхийлөгч тэднийг дуудаж уулзаад өөрийнхөө саналыг хэлжээ. Орон нутгийн жанжнууд өөрсдийнхөө босс Ерөнхий сайдын хэлсэнээр явах уу, Ерөнхийлөгчийн саналыг харгалзах уу гэдэг "ацан шалаанд" орсон байж мэдэх. Сайн муу ч бүхэл бүтэн нэг улсын Ерөнхийлөгч юм болохоор хэлсэн ярьсаныг нь бас бодолцмоор байдаг, гэтэл дараа нь өөрийнх нь хэлсэнээр хийсэнгүй гээд Ерөнхий сайд толгойг нь хяргачих гээд хэцүү.

"Хүний ажлыг" шүүрч аваад "хэнхэглээд" байдаг Ерөнхийлөгчийн буруу.   Уг нь бид чинь Үндсэн Хуулиараа тодорхой заагаад өгчихсөн юм шүү дээ. Ерөнхий сайд нь засгийнхаа ажлыг дааж, Ерөнхийлөгч нь одон медалиар шагнах асуудлаа  хариуцая гэж.  Гэтэл Ерөнхийлөгч маань уйддаг юм уу, эсвэл санаа нь зовдог юм уу, байсхийгээд л Ерөнхий сайдын ажилд "хөндлөнгөөс оролцдог" болж. Уг нь зайлуул, сайн санаж л хийдэг байх л даа, гэхдээ энэ нь өөрийг нь баалах  нэг шалтаг болоод байдгийг мэддэг болов уу?  "Хүн хэлэхээс наашгүй..." гэгчээр, энэ явдлыг тохиолдуулаад Ерөнхийлөгчдөө хандаад хэдэн үг даймаар санагдлаа.

90 оноос хойш байгуулагдаж ажиллаж ирсэн Засгийн газрууд болон Ерөнхий сайд нарын ажлын үр дүнд сэтгэл хангалуун биш байгаа ард иргэд маань мэдлэг гэгээрэл  дутмагаас болж Ерөнхий сайдын толгойлсон Засгийн газрыг буруутгахын хажуугаар Ерөнхийлөгчийг бас  цуг "чирдэг"  нь уламжлал болжээ. Уг нь Үндсэн Хуулинд зааснаар бол  Ерөнхийлөгч маань  зүгээр л нэг "бэлэг тэмдэг" юм шд. Харамсалтай нь одоогийн Ерөнхийлөгч маань биднийхээ төлөө дэндүү санаа зовоод,  үе үе өөрт нь хамаагүй юманд хутгалдаад байдаг учраас тэр нь  иргэдэд  буруу ойлголт өгөөд хараал зүхлийн бай болоод байгаа юм. Ерөнхийлөгчөө эрх мэдэлтэй гээд буруу ойлгочихсон  иргэд маань түүнийг буруутгах нь аргагүй. Өнөөдрийн шавартай хутгалдсаны бурууг Ерөнхийлөгчид  тохож байгаа жишээг онлайн сэтгэгдлүүдээс элбэг харж болно.  Худлаа уран сайхан ярилаа л гэнэ, ярихаас өөр юу ч хийж чаддаггүй л гэнэ.  Нээрээ л ярихаас өөр "эрхгүй" хүн чинь юу хийж чадах вэ дээ.

Ерөнхийлөгчийг ярьдаг шигээ хийдэг болгохын тулд эрхийг нь өгчих хэрэгтэй. Ийм л ганц арга байна. Энэ тухай өмнөх нийтлэлдээ бичсэн байгаа. ( энд дарж уншина уу )
Хэрвээ Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн засаглал тогтоогоод, улс орны амьдралыг хариуцдаг эзэнтэй болохгүй л юм бол Ерөнхийлөгчийг дайрч зүхдэгээ зогсоох  хэрэгтэй.  Өнөөдрийг хүртэл бид Парламентын засаглал гээчийг хэрэгжүүлж олон жил туршилтын туулай  болж ирлээ. Ямар нэгэн улс төрийн намаас сонгогддог Ерөнхий сайд явуургүй гэдэг нь  өнгөрсөн жилүүдэд  нотлогдлоо. Үндсэндээ намын даргын халаасанд байдаг албан тушаал болж хувирсан шүү дээ. Ялсан намын дарга автоматаар Ерөнхий сайд болдог. Ард түмнээс сонгогдоогүй учраас ялагдсан талынхны болон  дэмжигчдийнх нь  хараалын бай болдог, сөрөг хүчин болон бусдын хэрүүлийн хайчинд хэрчигдсээр ажил хийж чадсан ч юм байхгүй хугацаагаа дуусгадаг, эсвэл хугацаанаасаа өмнө өөрийн болон хүний намынхны хуйвалдаанаар огцордог ийм л үйлтэй албан тушаалтан болсон.
Энэ байдлаа өөрчлөхгүй бол бид намчирхдаг солиорлын золиос болсоор хэдэн ч үеэ дуусгаж мэдэх нь.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө