Шарын шашныг эрхлүүлсээр байх уу?

М.Энхболд (МАН-ын дарга)
МАН-ын дарга М.Энхболдын  ярилцлагыг уншлаа. ( Ярилцлагыг энд дарж уншаарай. ) "Модон тамгыг сийлсэн гэх Бодоорхуу"   "Би, Би"  өнгө аясыг  нь эс ойшоохын сацуу бусад үнэн худал олон үгсийг нь орхиод ганцхан зүйл дээр тогтож ярья гэж бодлоо. Энэ бол  шашинтай холбоотой  түүний хэлсэн үг, үзэл бодол, байр суурийн тухай юм.  Иш татая:
"Шашин бол эмзэг асуудал. Би буддын шашинаа шүтдэг. Монголчууд олон зуун жилийн турш тахиж шүтэж ирсэн үндэсний шашинаа дэмжих бодлогыг давуу баримтлах ёстой." ... "Бид үндэсний шашнаа дэмжих, хөгжүүлэх бодлогыг баримтлах ёстой."... " Үндэсний шашнаа дэмжих чиглэлээр тодорхой алхмуудыг хийх нь зүйтэй."  
Тэгэх ёстой, ингэх нь зүйтэй, айн? Тэгвэл би "тэгэх ёсгүй", "ингэх нь буруу" гээд жаахан сөргөөдөхье. Эхлээд "үндэсний шашин" гэдэг улиг болсон үгийг авч үзье. Буддын шашин Монголчуудын "үндэсний (үндэстний?) шашин" мөн үү?  Биш юм аа. Энэ бол Түвдээс импортлосон бөгөөд өдийг хүртэл харь хэл дээр номлогддог гадаад  шашин  юм.  Уг нь Монголчууд бөө мөргөлтэй, уул ус, тэнгэрийг тахиж шүтдэг байсан гэдэг. "Бурхны таалал" гэхийн оронд "Тэнгэрийн зарлиг" гэж ярьдаг, уул хайрхан нь  сахиустай гэж эмээдэг, усанд "Лусын хаан" байдаг гэж итгэж шүтдэг байжээ. Байгаль газар дэлхийгээ  шүтдэг байсан юм уу даа. Хэн нэгэн нэр  хочтой, бурхан гэгч үл үзэгдэх далдын "субьект"-ийг шүтэж байснаас илүү "барьцтай" ч юм шиг. Уул, ус, тэнгэр маань адаглаад нүдэнд харагдах юм даа. Ингэж бодохоор цэрэг миний... гэдэг шиг ингээд бодохоор иргэн миний цээжин дотор энэ буддын шашныг хажиглах сэтгэл төрөөд байдаг юм л даа.

Тийм ээ, олон зуун жилийн өмнө Монголд оруулж ирсэн энэ шашны ач тус гэвэл  хуруу дарам, учруулсан хохирол гэвэл арван хуруу цөөдөхөөр, үр дагавар нь нөхөх аргагүй хор хөнөөлтэй юм. Ингэж хэлэхээр манай хуврагтнуудын үс нь босож, уушиг нь сагсалзах биз. Аа нээрэн мулзан юм чинь тэргүүн дээр нь лав босох үс үгүй байх, гэхдээ бусад нууц газар буй үс нь босдоггүй юм аа гэхэд адаглаад ирвэгнэж байгаа байлгүй дээ.  Шулуухан хэлчихэд, лам нар та нар  ядарсан Монголыг хувалз лугаа адил сорж байгаа чинь үнэн шүү. Социализм байгуулж байх үед жаахан хазаарласан байх. 90 оноос хойш ч замаа алдсан даа.  Энхболд мэт нь ингэж өөгшүүлээд байхад бид яаж ч энэ хувалзнаас салах билээ дээ.  Цусаа соруулаад, тархиа угаалгасаар л байх уу, тэгвэл?

Үндсэн Хуулинд шашин шүтлэгийн ялгаварлал, гадуурхал  байж болохгүй гээд хориглочихсон. Ардчилсан улс болгоны  эх хуулинд байдаг л заалт.  Гэтэл манайд бол цаасан дээр бичсэн, амьдрал дээрх хандлага хоёр нь тэнгэр газар шиг ялгаатай. Угаасаа Үндсэн Хуулиндаа "Төр нь шашнаа хүндэлнэ" гээд хачин юм оруулчихсан учраас "шарын шашин" маань "төрийн хамгаалалтанд" орчихож байгаа юм. "Шашнаа" гэдэг үг чинь их "дотносож", "энхрийлсэн" өнгөтэй байгаа биз? "Шашныг" гээгүй байна шүү! "Шашнаа" гэдэг чинь "хайртыгаа", "чамайгаа" гэдэгтэй адил өөриймсөж хэлсэн "нялуун" үг юм. Ингэж нялуурсан учраас энэ шашныг төрөөс "халамжлаад" байгаа юм. Угтаа бол төр шашин хоёр тусдаа байх ёстой л доо. Ингээд төрөөс "түүх, соёлын зүйлийг сэргээн засварлах" гэдэг нэрийн дор төсвөөс тэрбумаар нь зарцуулсан бөгөөд хойшид ч мөн зарцуулахаар төлөвлөөд байгаа тухай Энхболд гуай сайрхаж байгаа аятай  өгүүлжээ. 2007 онд  2 тэрбум төгрөг энэ зорилгоор төсөвт суулгасан бөгөөд  хачирхалтай нь энэ хөрөнгөөр Гандан хийд дээр Батцагаан хэмээх дуган бариулах ажил нь өнөөдөр (!) эхэлсэн гэнэ. 2007 онд төсөвлөсөн хөрөнгөөр  хийгдэх ажил яахаараа ч 7 жилийн дараа  эхэлж байдаг юм, хачин юм шүү! Иргэд маань уг нь нийгмийн идэвхтэй бол энэ тухай хэл ам хийх ёстой байж. Бидний татварын мөнгийг ингэж үрэн таран  хийж байна шүү дээ. Харамсалтай нь "харанхуй" иргэд маань өмсөх зүүх, идэх уухаа  чухалд бодсоор энэ мэт ноцтой асуудлыг анзаарах сөхөө алга. Бас болоогүй, 2015 оны төсөвт 5.6 тэрбум (!) төгрөг нэмж тусгаад ирэх онд мөнөөх дуганыг ашиглалтанд оруулах юм гэнэ.  За байз, эхчүүдэд  маань төрөх эмнэлэг хэрэгтэй, балчир хүүхдүүд маань  саатах цэцэрлэг хангалтгүй байна гээд гомдоллоод байгаа бил үү?  Эмнэлэг дээр сахиурын хоёр эх, хүүхдүүдтэйгээ нэг орон дээр  унтаж байна гэл үү?  Энэ дуган дээр очиж төрөх үү? Энэ дуган дээр хүүхдээ өгч саатуулах уу?  Энэ дуган дээр очиж хэвтэх  үү? Дуган чухал уу, төрөх эмнэлэг чухал уу? Дуган чухал уу, хүүхдийн цэцэрлэг чухал уу? Биднийхээ төлөө чухам "утсан чинээ улаан амиа хайрлахгүй зүтгэнэ" гээд тангараг өргөөд дээшээ заларсан эрхмүүд маань  төсвийн мөнгийг ингэж л зарцуулж байна. Тэгээд ичих ч үгүй их гавъяа байгуулсан мэт сурталчилж ярьж байгааг харж байгаа биз дээ? Байдал ямар байгааг мэдсээр байж шүү. Цэцэрлэг, төрөх эмнэлгийн хомсдол өнөөдөр гэнэт бий болоогүй.

Энхболд гуай хувь иргэний хувьд ямар шашнаа шүтэж, хэндээ мөргөх нь түүний эрх.  Харин аль нэг шашныг илүүд үзэж (хэдийгээр өөрийнх нь шүтдэг шашин ч гэсэн), төрөөс дэмжих ёстой (ёстой гэж байгаа шүү!) гэж хэлж байгаа нь төрийн өндөр алба (УИХ-ын дэд даргын сонгуультай)  хашиж байгаа хүний хувьд зохисгүй үйлдэл. Төсвийн  мөнгөөр дуган барьж өгч байгаа нь энэ төр засгийн  бусармаг үйлдэл. Төр шашин хоёрыг "хослуулаад" байгаа юм уу, "холиод" байгаа юм уу, бүү мэд. Аль нэг шашныг (хэдийгээр Монголчуудын олонхи нь шүтдэг гэх боловч) ингэж бусдаас нь илүүд үзэж дэмжиж байгаа нь бусдыг нь "дорд үзэж" байгаа явдал мөн. Бусад цөөнхийн шүтдэг исламын болон христийн шашин "гадуурхагдаж" байгаа биз?  Үнэндээ төр нь Үндсэн Хуулинд заасан шашнаар нь гадуурхаж болохгүй гэсэн зарчмыг нулимж байна. Буддистуудыг дэмжиж дуган хүртэл барьж өгөөд бусдад нь юу ч хялайлгахгүй байгааг өөрөөр юу гэж тайлбарлах вэ? 

Шарын шашин Монголд нэвтэрсэн цагаас хойш олон хүнийг (эрчүүдийг) ямар ч бүтээлгүй зүгээр суугч бүлэг болгож, түүний хажуугаар хүн амын өсөн үржихүйд нөлөөлөхүйц саад тотгор болж байсан (лам нар эхнэр авах хориотой байсан) бол өнөөдөр ч гэсэн энэ үзэгдэл давтагдаж магадгүй байдал харагдаж байна. Ялангуяа хүний нөөц багатай манайх шиг улсад дахиад баахан лам нар бий болбол төдий хэмжээгээр ажиллах хүчин зах зээлээс алга болно гэсэн үг. Орхимжтой лам нар энэ улсыг хөгжүүлэхгүй ээ. Бүтээлч ажиллах хүчин л юм бүтээнэ. Дуган, хийд бариад Монгол хөгжихгүй ээ. Цэцэрлэг, эмнэлэг баривал бидэнд хэрэгтэй, тустай. Ухаанд нь ухна үхчихээгүй бол энүүхэн юмыг ойлгомоор доо.  Одоо Монгол улсад хэдэн лам байна вэ?  Цаана нь хэдийг дотоод, гадаадад бэлтгэж байна вэ?  Ирээдүйд хэдийг бэлдэж гаргах вэ? Энэ  бүгдийг тооцвол овоо том тоо гарах нь ойлгомжтой. Энэ  хүмүүс бүтээлч ажиллах хүчин байсан бол улсад маань ямар их хэрэг болох байсан бол гэж.  Сүүлдээ бүр ламгүй юм ч гэж байхаа больж. Монголчууд эсвэл солиорцгоож байгаа юм болов уу?  Лам, нам хоёр Монголд их гай болж байна. Байдал энэ хэвээрээ байх юм бол хойшид ч их лай болно. Шарын шашныг эрхлүүлэхээ больж улс орноо хөгжүүлэхээ бодоцгоовол яасан юм?  ЛАМ, НАМ хоёроос татгалзаж, АЖИЛ, МӨНГӨ хоёрыг шүтэж амьдарвал бид хөгжинө. Эс тэгвэл бид сөнөнө. Гүйцээ.

жич: Др. Молор-Эрдэнийн бичсэн нэг нийтлэлд лам нарын тухай хөндсөн байна лээ. Сонирхвол   Энд дарж уншаарай.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө