Хаа байна, тэр Пак?

С.Молор-Эрдэнэ
Др. С.Молор-Эрдэнэ 

Америкийн улстөр судлаач Францис Фукуяамагийн бичсэн “State building” гарчигтай ном төрийг хэрхэн босгож ирэх вэ гэж буурай хөгжилтэй орнуудад зориулсан ном. Энэ номонд Африкаас авахуулаад Латин Америк хүртэлх орнууд олигтой төр босгож чадалгүй  уул уурхайгаар баяжсан баячууд болон цөөхөн гэр бүлүүдийн гарт орсоныг өөрчлөх тухай бичжээ. Фукуяама энэ л олигтой өөдлөж чадахаа больсон орнуудыг хэрхэн төрөө босгож улс орон шиг болж чадах вэ тухай бичжээ.

Ядуу буурай орнууд төрөө босгож чадахгүй бол ардчилал, эрх чөлөө, эдийн засаг ярих ямар ч боломжгүй гэжээ. Яагаад гэвэл мөнгөгүй ард түмэн эрх чөлөөгөөр юу хийх вэ дээ. Эрх чөлөө бол мөнгөтэй л хүний хийдэг ажил. Түүнээс гадна хүчтэй төр байхгүй газар эрх чөлөө биш анархизм гаарч хууль яагаад ч ажиллаж чадахгүй тул нийгэм тэр чигээрээ гэмт хэргийн л нийгэм болж хувирна.

Ардчилал ч гэсэн хоосон боловсролгүй мөнгөгүй ард түмэн дээр хэзээ ч тогтохгүй. Ардчилал босгоход төрд элитүүд хэрэгтэй. Гэтэл Монгол оронд сүүлийн 20 жилд нийт иргэд жигд амьдралтай орлоготой болж чадалгүй хар маас үүсжээ. Хар маас ихэсвэл элитүүд дээш гарах ямар ч боломжгүй болдог. Үүний жишээ бол сонгуулиар хар маас өөрсдийнхөө адил хүмүүсийг сонгодог. Тиймээс улс орныг авч явах элитүүд улстөрд орж ирсэнгүй. Элитгүй улстөр бол наймаа, хуйвалдаан, авлигал, хээл хахууль гээд л хамгийн муу муухай л дэлгэрдэг л улстөр гэдгийг харлаа.

Сингапурын ерөнхийлөгч Ли Куан Юу Ази хүмүүс ардчилалыг барууны орнуудаас арай өөрөөр л байгуулах ёстой тул эхлээд хүчтэй төртэй болох ёстой гэсэн. Тиймээс өнөөдрийн Сингапур орон бол төрийн капитализм гэсэн 20-р зууны эхэнд маш их яригддаг байсан төрийн системээр хөгжиж явна. Ли Куан Юу хэлэхдээ мөнгөнд дуртай хүмүүсийг хэзээ ч улстөрд оруулж болохгүй гэж анхааруулжээ. Монгол орон яг үүний эсрэг 20 гаруй жил явлаа шүү дээ.

Америкийн Фукуяама болон Сингапурын Ли Куан Юу нар юуг чухалчилж төрийг хүчтэй байлгахыг захиж буй вэ гэхээр төр улс ерөөсөө этик болон моралийг л эхлээд Үндсэн хуулиндаа бичихийг зөвлөж сайн сайхан үйлс дээр л төр улс тогтоно гэжээ. Тухайн улс орныг цөөхөн элитүүд л авч явдаг гэж анх Англи оронд парламент гэдгийг байгуулж доод зиндааны эрсийг хэзээ ч улстөрд оруулах боломжгүй болгожээ. Гэтэл Монгол оронд УИХ нэрийн дор хамгийн доод зиндааны эрс, улстөрчөөр дүүрчээ. Яг л жинхэнэ парламентийн агуулга болон зорилгын эсрэг байсан байна шүү дээ. Ингээд л ердөө мөнгө хөөсөн хүмүүс улстөрөөр дүүрсэн тул Монголын төрийг төр биш болгожээ.

Өнөөдөр Монгол оронд хүчтэй төр байж л хүчтэй Монгол орон болж чадна. Түүнээс биш баян гэр бүлүүд улам л баяжна. Баян компанууд татвар хэзээ ч төлөхгүй. Тэр ч бүү хэл татвараас чөлөөл гэж төрийг улам л хүчгүй болгоно. Мөнгөгүй төр бол хүчгүй л төр шүү дээ. Төр хүчгүй бол эрүүл мэнд устана. Төр хүчгүй бол боловсролгүй иргэд дүүрнэ. Төр хүчгүй бол хаашаа ч залж удирдах боломжгүй хар маас улам л залуургүй болж тэдний тоо ихэснэ үү гэхээс хорогдохгүй.


Монгол орон өнөөдөр яг хаана яваагаа тогтоох цаг иржээ. Хүчтэй төр, хүчтэй улстөр, хүчтэй төр улс босоход ерөнхийлөгч хүчтэй байх чухал гэдгийг Фукуяама болон Ли Куан Юу нар анхааруулжээ. Хүчтэй ерөнхийлөгчтэй Америк орон хэзээ ч төрийг сулруулах биш харин ч хүчтэй болгож чадаж байна. Хүчтэй төртэй газар ард түмэн ч улстөржөөд байдаггүй. Хүчтэй төртэй оронд тийм ч олон намууд байх шаардлагагүй. Монгол орон хүчтэй болох гэвэл эрх мэдлийг тарааж хаяж хэн ч хариуцлага хүлээхгүй болгох биш харин цөөхөн хүмүүст эрх мэдлийг төвлөрүүлж үүгээрээ хариуцлагыг цөөн хүмүүст даалгах хэрэгтэй болжээ.


...Улс орны хөгжлийн төлөө цаг завгүй ажиллаж мэдлэг боловсролоо уралдуулах тийм элит улстөрч байхгүй Монгол оронд ямар ч их болхи залхуу бялдууч хоосон заль бас хэнд ч хэрэггүй амбицууд бөөгнөрөв дөө.

Улс орнууд уулзаж учирч ирээдүйгээ төвлөж явахад Монголын сайдууд болон Их хурлын гишүүд түүх ярицгааж өвөг дээдэсээ дурсаж одоо тэгээд наадамаар морио уралдуулах гээд л завгүй явах шивдээ. Хөөрхий Монгол орон ингэж ч ирээдүйн зорилго байхгүй маргаашийг төлөвлөхгүй найз нөхөд болох олигтой хамсаатан орон байхгүй дотроо бүгж хамгийн хоцрогдсон орнуудын тоонд багтаж боловсролгүй мэдлэггүй мухар сүсгийн ёстой л дундад зууны орон болсон гэмээр.

Монгол орон одоо яах вэ? Монгол орон цаашид юу хийх вэ? Экс ерөнхийлөгчдийн гэдэс цадаад чимээгүй болжээ. Экс ерөнхий сайд нарын хөрөнгө овоороод алга  болцгоожээ. Монгол орны эдийн засгийн төлөө тэд юу хийнэ вэ? Гэр орон авгай хүүхдээрээ хязгаарлагдсан энэ хүмүүсийн хөрөнгийг шалгах цаг болжээ. Эксүүдийн экс авгай нөхрүүдийг хүртэл шалгах хэрэгтэй. Яагаад энэ хүмүүс ийм болов?  Яагаад гэвэл хүчтэй төр биш хүчтэй наймаачид л үүссэн байна шүү дээ. Ийм байдал үүсгэхгүйн тулд өнөөдөр ерөнхийлөгч Элбэгдорж хүчтэй төрийг босгох үйл ажилдаа ормоор байна. Шийдэмгий зоригтой ажиллахгүй бол том намуудаас төрсөн феодал улстөрчид улс орныг цааш хөгжих ямар ч боломжгүй болгохын тулд идэвхитэй ажиллаж байгааг хэн ч харж л байна шүү дээ.


Монголын улстөрийн намууд өнөөдөр хүртэл элитүүд бэлтгэж чадсангүй. Элит байхгүй болохоор бүгд л адилхан чөтгөрийн тогоонд суухтай адил. Ерөөсөө Монголын улстөрийн намууд бол чөтгөрийн тогоонууд. Цаашид ажиллах сонирхолгүй, хөдөлмөр хийж чадахгүй, номын бараа харах дургүй ерөнхийдөө залхуу хүмүүс л улстөрийн нам руу сүүлийн 20 гаруй жил зүтгэж гудамжинд явсан хүмүүс шууд сайд болж эсвэл УИХ-ын танхимаар дүүрлээ.


Улстөрийн намуудыг цэвэрлэж, өөрчлөлт хийж ажилгүй хүмүүсийн нам биш элит хүмүүсийн нам болгох тийм улстөрийн намуудын хуулийг ерөнхийлөгч Элбэгдорж одоо байгаа хугацаандаа хийж ард түмэндээ бэлэг барих цаг болжээ. Тэгэхгүй бол одоо ийм намууд 2016 онд сонгуульд ороод ямар ч хэрэггүй бас утгагүй.

Ерөөсөө 90 оноос хойш төрийн сайд болон орлогч сайд мөн төрийн нарийн бичгийн даргын алба хашсан бүх хүмүүсийн нэрсийг жагсааж хөрөнгийн шалгалт хийж Монгол орны хөрөнгө хэрхэн хэний гараар орж одоо гадаадын ямар банкинд хадгалаастай байгаа олж тогтоох цаг иржээ. Төрийн мөнгийг буцааж авч болно шүү дээ.

Сайдын алба хашсан бүх хүмүүсийн нэрсийг гаргаж тэдний гэр бүл болоод хүүхдүүдийн нэр дээр буй бүх хөрөнгийг шалгаж хаана ямар сургуулиудад хэний мөнгөөр төгсөж одоо хаана ямар ажил хийж явааг бас олж тогтоох цаг болжээ.


90 оноос хойш аж үйлдвэр болон бүхий л өнгөтэй өөдтэйг хувьчлал нэрийн дор хулгай хийцгээсэн. Тэр том хулгай байсан. Өнөөдөр газар доорхоо хувааж идэх их Хулгай эхэллээ. Том хулгайн дараа Их хулгай эхэлжээ.


...Ямар ч улстөрийн нам, ямар ч Үндсэн хууль, ямар ч компани, ямар ч төрийн бус байгууллага хүн ёс болон хүн чанар дээр л суурилах ёстой. Хүний ёс болон хүн чанарыг уландаа гишгэсэн улстөрийн болон эдийн засаг цаашлаад банк санхүүгийн байгууллагууд Монгол оронд ажил хэргээ явуулах ямар ч боломжгүй тийм л хүчтэй төрийг босгох үйл хэрэг Монголын төрд иржээ. Үүний дараа л улс шиг улс болох боломжтой. Үүний тулд Монголчуудын эв нэгдэл хэрэгтэй.


Миний дайх үг:

Доктор С. Молор- Эрдэнийн бичсэн дээрх нийтлэлийн утгатай миний хувьд ерөнхийдөө санал нийлж байгаа. Бидэнд хүчтэй Ерөнхийлөгч хэрэгтэй гэж. Харин улс төрийн намууд хэрэгтэй юу гэдэг дээр өөр бодолтой байдаг. Энэ тухай өмнө нь цөөнгүй удаа бичиж байсан даа. Улс төрийн нам Монголд яагаад хэрэггүй гэдэг тухай энэ удаа гадны жишээн дээр авч яръя. Тухайлбал, алдарт Америк гэдэг улсын  байдлыг авч үзье. АНУ-д илжиг, заан хоёр ээлжлээд л төр засгийн эрхэнд гарч байдаг. Илжиг нь Ардчилсан Нам (Democratic Party), заан нь Бүгд Найрамдах Нам (Republican Party) юм л даа. Яагаад илжгийг, эсвэл зааныг бэлэг тэмдгээрээ сонгосоон нь энэ удаа чухал асуудал биш учраас орхилоо.
Заан, илжиг хоёр амьтанлаг байдлаараа маш том ялгаатай боловч улс төрийн нам болчихоороо нэг их айхтар ялгаагүй юм байна.  Америкчууд илжиг заан хоёрыг ээлжлээд л сонгоод байдаг гэнэ. Энэ удаад илжигийг сонгосон бол дараа нь зааныг сонгох жишээтэй. "Уйддаг" юм биз дээ, зайлуул. Энэ жил лав заануудын ээлж ирсэн бололтой.


Хөх булангаас Заан, улаан булангаас Илжиг
Намуудынх нь нэрийг бүтнээр нь, эсвэл товчилж бичихэд нэгд "төвөгтэй", хоёрт, Монголын намуудын товчлолтой андуурагдах магадлалтай тул "илжиг", "заан" гэдгээр нь нэрлээд явчихвал надад амар, уншигчдад ойлгомжтой болов уу. Эс тэгвэл, хэрвээ БНН (Бүгд Найрамдах Нам) гээд бичээд явбал Буянгийн Жагаа бодогдоод байж магадгүй гэж л. 
Илжиг заан хоёр тодорхой томоохон асуудлууд дээр өөр өөр байр суурьтай байдаг аж. Илжиг заан хоёрыг "ялгаруулаад" байдаг, зөрөлддөг  асуудлуудыг нь  сонирхож үзье.

1. Нийгмийн халамж

Илжигнүүд энэ үйлчилгээг өргөтгөх сонирхолтой бол заанууд хязгаарлах бодолтой. Монголын хувьд энэ үйлчилгээг эмзэг  иргэддээ үзүүлээд, хавтгайруулахгүй зохистой хэмжээнд байлгаад явбал болох мэт. Монголын "илжиг", "заан" хоёр (АН, МАН) хоёулаа л ард иргэддээ жигтэйхэн хайртай, болж өгвөл ам руу нь бэлэн хоол халбагадаж өгөх дуртай биз дээ? Ялгараад байх юм алга. 
2. Үр хөндөлт
Илжиг чөлөөтэй үр хөндөлтийг дэмждэг бол заан ах үүнийг төрөөс зохицуулах ёстой гэж үздэг гэнэ. Хүн ам багатай Монгол улсын хувьд төрөлтөө дэмжсэн бодлого явуулах нь ойлгомжтой биз дээ? Бидэнд хүн шиг хэрэгтэй "юм" алга. Хүн хүчгүйгээс болж бид  "тамиргүй" байна. Тэгэхээр энэ асуудал дээр бид  "Америк заан"-ы бодлогыг нэг хэсэгтээ баримталж явмаар юм шиг. Монголын "илжиг", "заан" хоёр энэ асуудал дээр зөрчилдөхгүй гэдэгт итгэж байна.
3. Татвар
Заан нэг шатлалтай татварыг  дэмждэг бол илжиг олон шатлалтай, орлогын хэмжээнээс хамаарсан татвар байх нь зөв гэж үздэг. Логик утгаараа хавтгайд нь ганц татвар ноогдуулах нь жаахан "ардчилсан бус" юм шиг. Өөрөөр хэлбэл, 100 саяын орлоготой хүн, 1 саяын орлоготой хүнтэй адил ижил хэмжээний татвар төлөх нь буруу мэт.  Түүний оронд тодорхой хувь тогтоогоод, тухайн  орлогондоо оногдох хувиа төлөөд явах нь зөв байх. Заавал их орлоготой бол ихийг төлөх гэдэг утгаар биш, тухайн тогтоосон хувьд оногдох татвараа л төлнө гэдэг зарчим л шударга болов уу. Илжигний бодлоготой төстэй ч  юм уу?
4.  ЛГБТ
ЛГБТ буюу "гомо" нарын албан ёсны "гэрлэлтийн" асуудал дээр илжиг чөлөөтэй буюу дэмжсэн байр суурьтай байдаг бол заан ах эсрэг бодолтой байдаг аж. Зааны бодлоор "гэр бүл" гэдэг нь уламжлалт ёсоороо "эр", "эм" хоёрын холбоог хэлдэг бөгөөд ижил хүйстнүүд "гэр бүл" болох нь мөнөөх уламжлалд харш учраас эсэргүүцдэг. Монголын хувьд энэ асуудал одоохондоо "өндөр аваагүй" байгаа учраас нийтийг хамарсан, улс төрийн хэрүүлийн  сэдэв болж амжаагүй  л байна. Гэхдээ хэтдээ юу ч болох юм билээ. Саявтархан даа,  телевизийн нэвтрүүлгээ "Би эхнэртэйгээ гадаадад хуримаа хийж батлуулсан" гээд нэг Монгол лесби хүүхэн ярьж байсан даа. Өөрөө "нөхөр" нь болж байгаа юм даа янз нь. ЛГБТ хүмүүс надад гай болохгүй бол би тэдэнд дургүйцэж, үзэн ядах шаардлага алга, гэхдээ "гэр бүл" гэдэг чинь үр хүүхэд залгамж халаагаа үлдээдэг нийгмийн нэг эд эс болохоор тэдний энэ "гэрлэх" гэдэг асуудал үнэндээ таалагдахгүй байгаа юм аа. Тэд "гэрлэхгүйгээр" хамтраад амьдарч болно шүү дээ. 

Нийгмийн халамжаас бусад нь нэг их "ялгараад" байх сэдэв мөн ч юм уу даа гэмээр. Гэхдээ л манайхыг бодвол "баруун", "зүүн" гэдгээрээ жаахан ялгардаг юм шиг. Эдгээрээс гадна буу зэвсгийн хяналт байх эсэх, цагаачлал зэрэг асуудлууд дээр илжиг, заан хоёр  зөрүүтэй байр суурь баримталдаг. Манай улсын хувьд эдгээр нь улс төрийн намуудын  "үзэл бодлын зөрүү" болох хэмжээнд хүрээгүй буюу ямар нэгэн байдлаар зохицуулагдсан, эсвэл огт "асуудал" болох хэмжээнд хүрээгүй сэдэв ч   байгаа. Эндээс дүгнэж үзвэл. манайд "баруун", "зүүн" гэж хэлэгдээд ялгараад байх  ялгаа алга.  
Нэгэнт ялгагдах юмгүй улс чинь дээр жишээ авсан асуудлуудыг  өөртөө зөв гэсэ хувилбараар шийдээд явахад л болж байна.  Тэгвэл бидэнд илжиг зааны "Монгол хувилбар"-ын хэрэг байна уу?  Хэрэггүй  гэвэл  бүр ерөөсөө намын хэрэг байна уу гэдэг асуулт гарна.  Монголын хоёр том нам гэгдэх АН, МАН хоёр  юугаараа ялгардаг вэ гэж асуухаар ингээд "мухардаад" байгаа юм.     Сонгуулиар намын мөрийн хөтөлбөрт баахан хуурай хоосон амлалтууд бичдэг. Бие биенээсээ давж гарах гэсэн аятай. Үүгээрээ л ялгарах байх. Хувь нэр дэвшигчид нь бас дээрээс нь нэмж сайхан амлана аа. Сонгогдохын тулд нэг их уран гоё үгээр уралдсан хүмүүс.  "Манайх халамж амладаг, өгдөг нам, танайх манайхыг дуурайлаа" ч гэж байх шиг. 

Үнэндээ эд мөнгөний шунал нь улс төрийн намуудыг тухайн нэр дэвшигчийн нүүрэндээ зүүх маск болгож хувиргасан хэрэг. Нам гэдэг маскыг зүүгээд төр засгийн өндөр албан тушаалд очингуутаа хувийн сонирхолоо хангах гэсэн ганц л зорилгоор нам гэгч рүү хуваагдаж орцгоосон Монголчууд хэзээ талцахаа болих вэ?  Тэр намыг нь үгүй хийсэн цагт л бие биенийгээ "таньдаг" болно. Түүнээс наана мянга хоосон яриад, уриалаад нэмэргүй биз ээ. Намууд тооны хувьд олон цөөндөө ч биш. Хоёрхон нам байсан ч бид гурав тасрана гээд бод доо. Хоёр нам руу хуйларсан хэдээс гадна үлдсэн "аль ч намынх биш" гэдэг нэртэй бүлгийнхнийг битгий мартаарай. 


Одоо Монголчууд яах ёстой вэ?  Ерөөсөө энэ намуудын шөргөлцөөн, албан тушаалтнуудын хуйвалдаанаас болж эцэст нь улс, ард иргэд өөрсдөө хохирч байна гэдгээ эхлээд маш сайн ойлгож авмаар байна.  Бид улам ядуураад байна, энэ  Ардчилсан Нам бүр дордуулчихлаа гэж битгий тэнэгт. Бид өөрсдөө л энэ олон намын тогтолцоо гэдэг шоуны золиос болчихоод адаг сүүлд нь горыг нь амсаж байгаа нь энэ. Ямар нэртэй нам байх нь ерөөсөө чухал биш. 90 оноос хойш бид хорин хэдэн жил зүгээр л намуудын хоорондоо шидэлцдэг "бөмбөг" болж ирсэнээ бага сага ухаарч байна. Арай дөнгүүр гэж итгэж байсан Ардчилсан Нам сая "авсандаа орлоо." Өрсөлдөгч нартайгаа нийлж байгаад өөрийнхөө байгуулсан засгийг унагааж байна гээд бод доо. Тийм юм бол нам болж тоглоод яахав дээ. Эндээс харахад л энэ нам гэдэг тоглоом бол "хулхи" юм аа гэдэг нь ойлгогдож байгаа биз?  Монголын хоёр том нам гэгдэх энэ хоёр хүчний "царайг хараад" нэмэргүй гэдэг нь улам илт харагдаж  байна. Хэрвээ нэмэртэй байсансан бол бид өдийд ийм арчаагүй байдалтай сууж байхгүй байхсан. Женко Баттулгын хэлдгээр "Өгөгдлүүд" нь бидэнд байгаа гэдгийг саная. Сайхан амьдрах, хөгжих бүх боломж байна гэсэн үг. Бид ямар юу юу ч үгүй Африкийн нэг орон биш.  Монголын "заан", "илжиг" хоёрыг нийлүүлээд дундаас нь "эрлийз амьтан" гаргаж аваад ч олигтой юм болох уу даа?  Тэрний оронд хоёуланг нь "цааш нь харуулчихаад" учраа олбол яасан юм? Мөн бусад янз бүрийн нэр гуншинтай "үр могойнуудыг" ч гэсэн устгах хэрэгтэй.  Намуудын доодохыг харсаар маниус чинь турж үхлээ шүү дээ!

Тэгвэл одоо зүгээр харж суусаар турж үхэхгүйн тулд   тэмцэх хэрэгтэй болж байна. Гудамжинд гарч жагсахаас өөр сонголт, арга алга.  Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн засаглал тогтоох шаардлага тавих хэрэгтэй байна. Энэ УИХ ийм л түүхэн өөрчлөлт хийгээд дараагийн сонгуулиар зайгаа тавьж өгсөн нь дээр биз дээ. Хэрэв УИХ  Үндсэн Хуулиа өөрчлөхгүй гэвэл тараах хэрэгтэй. Үндсэн Хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоож, улс төрийн намуудыг хориглох ёстой. Ийм үндсэн өөрчлөлтүүдийг хийгээд цаашаа явъя. Өөрчлөлт хийхгүй бол энэ байдлаараа хөгжил дэвшил яриад дэмий биз дээ. Бид бусдын сүүл мушгисан хэвээрээ хэчнээн зууныг ч элээж мэднэ. Эцэстээ хэн нэгний эрхшээлд орох л сонголт ирэх байх. Дээдсүүд нь учраа олохгүй хоорондоо хэмлэлдэж, төр засгаа бужигнуулж, үймүүлж байхад доодсууд нь алийн болгон тэвчиж суух вэ? Бид чинь бас сайн сайхныг мөрөөддөг, сайхан амьдрах эрхтэй, хүн болж төрсөн амьтас биз дээ? Ганц олдох нас минь ингээд өнгөрдөг юм байж гэж бодоход үр зулзагынхаа ирээдүй сайн сайхныг хангаж өгөөд "хадан гэртээ" очих юмсан даа. 


Бидний ирээдүйн хувь заяа Молор-Эрдэнийн нэрлэсэнээр "хар маас"-ын гарт байна. Бид өөрсдөө намуудад "бурантаглуулчихсанаа" мэдэхгүй хайран он жилүүдийг өнгөрөөжээ. Тэгвэл одоо сэрэх цаг болж. Бурантагнаасаа салах цаг иржээ. Намууд алга болж, хүчтэй төртэй, хүчтэй Ерөнхийлөгчтэй болсон цагт ёс зүй эргэж ирнэ. Молор-Эрдэнийн хэлсэнчлэн, бидэнд "Монгол Пак"  хэрэгтэй байна. Тэр цагт Монголчууд талцахаа больж, эргээд ахан дүүс болно. Тэр цагт Өүлэн эхийн 5 сумны үлгэр биеллээ олно.  Тэр цагт бид хөгжинө. 



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө