Эсэргүү гишүүд

Ардчилсан Намын (AН) задрал бодит зүйл болжээ. Өнөөдөр АН-ын хэсэг гишүүд Ерөнхий сайдаа огцруулах эсэх асуудал дээр Монгол Ардын Намынхантай (МАН) эвсэж, огцруулахаар саналаа өгсөнөөр Ерөнхий сайд Алтанхуяг болон түүний танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ буулаа. Намынхаа олонхийн шийдвэрийн эсрэг санал өгсөн 8 гишүүнийг (Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, Р.Амаржаргал, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт, Д.Батцогт, Б.Наранхүү) намаас хасаж таарах болов уу. (Дараах "эсэргүү" 8 гишүүн намаасаа хөөгдөж магадгүй болжээ)


АН-ын дүрмэнд иймэрхүү зөрчилд ямар шийтгэл оногдуулах тухай заасан байдаг гэнэ. Мөн түүнээс гадна Ерөнхий сайдын болон  өөрсдийнх нь байгуулсан засгийн газрын хувь заяа шийдэгдэх чухал асуудал хэлэлцэж байхад хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй "эс үйлдлээрээ" намынхаа эсрэг шийдвэр гарахад тодорхой "хувь нэмэр" оруулсан нэр бүхий 6 гишүүнийг хэрхэхээ шийдэх хэрэгтэй болж байх шиг.


Ер нь АН бол "ардчилсан" учраас дотроо олон үзэл бодол агуулсан, олон "өнгө төрхтэй" байдаг гээд "хөөрөөд" байсан нь эцэстээ ийм  хүнд байдалд орох гээд л ёрлоод байсан юм шиг. Олон ургальч санаа оноо байж болно , гэхдээ олонхиороо шийдсэн бол түүнийг үг дуугүй дагаж мөрдөх ёстой гэдэг хатуу "сахилга батыг" мөрдүүлдэггүй байсны гор гарч байна.


"Цоохор цэрэг" шиг болсон АН  хойшид тогтвортой оршин тогтнохын тулд энэ дутагдлаа засахгүй бол болохгүй гэдэг сургамжийг авсан биз ээ. Уг нь нам дотроо зөндөө л ярьдаг, дүрмэндээ заасан байдаг байх л даа, гэхдээ ярьж бичих нэг өөр, амьдрал дээр хэрэгжүүлэх бас арай өөр гэдгийг мэдмээр. Ямартай ч энэ "зарчимгүй" байдалд цэг тавихын тулд өнөөдөр эрс хатуу шийдвэр гаргахгүй бол хойшид ийм маягаар "нам болж тоглоход" хүндхэн болох төлөвтэй.


Эрс хатуу шийдвэр гэдэг нь "дураараа" аашилдаг гишүүддээ тохирсон арга хэмжээг нь авахыг хэлж байгаа юм. Ноцтой чухал асуудал дээр намынхаа эсрэг санал өгсөн бол намын гишүүнээс нь хөөхөөс өөр аргагүй. Хэдийгээр энэ нь АН-д хохиролтой, тэр ч байтугай олонхийн статусаа алдахад хүргэж ч мэдэх  боловч үүнээс өөр сайн эмчилгээ  харагдахгүй байна.


Хэрвээ ингэхгүйгээр аядуухан "загнаад" (анхааруулаад ч юм уу) өнгөрөх юм бол  энэ байдал  засрахгүй. Дараа дараагийн гишүүд нь энэ мэт дураараа загнаад л, намаа хорлоод л явах болно.
УИХ-д АН-ын бүлгийн 35 гишүүн бий. Олонхи. Эд нараас  Ерөнхий сайдаа унагаахад сөрөг хүчинтэй хамтарч эсрэг санал өгсөн 8 гишүүнийг хасахад л 27 болж цөөрнө. (Цөөнх болсон МАН 26 гишүүнтэй байгаа) 


Гэхдээ намын нэрээр (листээр) гишүүн болсон хүний оронд өөр хүн сонгож оруулж ирэх боломж байгаа бол Бурмаа гишүүний орон тоо АН-д хадгалагдана. Ингэж тооцвол АН-ын бүлэг 28 гишүүнтэй болох нь. МАН-аас ямар ч байсан 2 толгойгоор илүү хэвээр байна гэсэн үг. 


Олонхи хэвээрээ учраас засгаа байгуулаад явах боломжтой. Харин хөөгдсөн хэдэн гишүүн нь "бие даагч" болох биз дээ. Гэхдээ бас нэг "аюул" байнаа. Юу гэхээр, нөгөө хөөгдсөн хэд нь гомдож уурлаад, "шарандаа" сөрөг хүчин рүү "гүйчихвэл" АН олонхийн статусаа алдаад засаг барих эрхгүй болох дүр зураг гарч ирж мэдэх юм. Найман гишүүд бүгдээрээ хөтлөлцөөд Тусгаар Тогтнолын Ордон руу гүйдэггүй юм аа гэхэд 3 гишүүн урвахад л АН цөөнх болно. (МАН : 26 + 3 = 29 ) 


Намынхаа эсрэг "дайсантай" нь хамтарч "Арслан тайжийн авир" гаргаж байгаа хүмүүс чинь "өвөрт"  нь гүйгээд орчихоо өлхөн чадна. Ууртай, шартай  хүн юу ч хийж мэднэ. Хүний араншин юм даа. Байдал иймдээ тулбал АН-д хэцүү байдал үүсэх боловч энэ удаагийнхаа эрх мэдлийг "жертвлээд" оронд нь "гэр орноо" цэвэрлээд авбал хэтдээ өөрсдөд нь тустай ч байж болох. Ер нь "Арслан тайж" байж мэдэхээр, эсвэл хувийн сонирхол нь хэтэрчихсэн элдвийн нөхөд энэ намд шургалж, мөнгөөр дамжин эрх мэдэлд хүрчихээд эцэст нь өөрийнхөө ч , намынхаа ч нэрийг баастаад, хорлоод  дуусдаг ийм аюул байдгийг мэдэрцгээж байгаа байлгүй дээ. Баахан "алаг цоохор" хүмүүс энэ намд элдэв аргаар шургалж ороод, орсон хойноо элдэв фракц бүлэг байгуулж "булагналдаад" намаа дотор нь хагаралдуулж талцуулдаг энэ үзэгдэл анх олон жижиг намууд нэгдэж АН-ыг үүсгэхэд л  бий болсон өвчин. Энэ байдал нь дамжирсаар ужиг болжээ. Өмнө нь цөөнх байж эрх мэдэлгүй сөрөг хүчин  байхад  энэ "өвчин" нь нэг их мэдэгддэггүй байж. Харин эрх мэдэлтэй болоод засаг бариад эхэлсэн чинь нөгөө бүлэг фракцууд нь ашиг сонирхолоороо хоорондоо зөрчилдөөд эхэлсэн. Энэ зөрчилдөөний золиосонд Ерөнхий сайд танхимтайгаа "мулт яваад" зогсохгүй, АН-ын нэр хүнд уналаа. МАН засаг барьж байхдаа дотроо ингэж хагаралдаж булаацалдалгүй эвтэйхэн зохицоод "хуваагаад идчихдэг" байж. АН ингэж чадсангүй. "Идшээ" булаацалдсаар байгаад бие биенийгээ дэгээдээд шавхай руу унагачихлаа. 

Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудал хэлэлцсэн чуулганы хуралдааныг тасалж, "эс үйлдлээрээ" намынхаа эсрэг "ажилласан" дараах 6 гишүүний хувь заяа бас л эгзэгтэй:








 Монголчууд намаараа талцана, бас нам дотроо фракцаараа талцана. Аягүй бол фракц дотроо бас л нэг юмаараа хуваагдаж байгаа. Энэ айхтар хуваагдал, талцал биднийг сүйрүүлж, ёстой чөдөр болж байна. Ингээд "ургуулаад" бодоод байвал яван явсаар нөгөө л нам гэдэг юм огт хэрэггүй гэсэн дүгнэлт рүү хөтөлж очоод байдаг золиг байгаа юм. Нам гэж байдаггүй бол юугаараа талцах билээ. Ингэж цөөнх нь олонхио унагаах гэж засаг, төрийн ажлыг хоног сараар гацаахгүй дээ.  Танай манай гэхгүй нэг л сонирхол дээр бүгд нэгдэж, санаа зорилго тодорхой, хийх ажил ойлгомжтой байхсан.  Хоорондоо хэмлэлцэж, биесээ барьж идэн алдаж, урваж шарваж адгийн зан гаргахгүй дээ. Энэ хагарал биднийг "хүн биш" болгож, Монголын ирээдүйг бүрхэг манантай харагдуулж байна гэхэд хилсдэхгүй биз. Одоо яая гэхэв дээ. Ийм л хувь заяатай ард түмэн юм байлгүй дээ. Тэнгэр заяатай гэж их донгосцгоох дуртай улс даа. Ямар элэнцгийнх нь "тэнгэр заяа" байхав дээ. Заяа нь хаясан гэж ярьдаг даа; энэ л тохирно. 

Жич: АН-ынханд өгөх нэг сайн зөвлөгөө байна. Ерөөсөө эсрэг санал өгсөн 8 гишүүнийг ч, мөн хурал тасалж саналаа өгөөгүй 6 гишүүнийг ч гэсэн бүгдийг нь намаасаа хөө. Тэгээд Их Хуралд цөөнх болбол болно л биз. Олонхи болсон нь засгаа байгуулаад ажлаа аваад яваг. Өөрсдийгөө мундаг чаддаг гээд байгаа МАН-д эрхийг нь өгөөд харъя. Ингэж энэ олон Түгжилүүд, Арслан тайж нараас салах нь зүйтэй. Нэр цэвэр. Юм нэгээр дуусахгүй. Алс хэтдээ сонгогчдынхоо өмнө  элдвийн урваач шарваачдаасаа зоригтой салж чадсан гээд нүүр бардам.  

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө