"Сэлэм Тогмид аллаа! "

"...Зээлийн мөнгөөр зам бариад байвал гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд итгэхгүй". Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат ингэж хэллээ. ( Ярилцлагыг   энд дарж  уншина уу).
Хар ухаанаар бодоход, дэд бүтэцгүй бол хэн бизнес хийх билээ? Замгүй газар хэн хөрөнгө оруулах юм?  Зээлийн мөнгөөр зам барьж байгаа нь гадна дотны ялгаагүй хөрөнгө оруулагчид бизнесээ эрхлэх таатай боломжийг л олгож байгаа хэрэг шүү дээ. Тэр даруйдаа үр ашгаа өгөхгүй ч цаагуураа, алс хэтдээ ашигтай хөрөнгө оруулалт юм.

О.Чулуунбат (Эдийн засгийн хөгжлийн дэд сайд)
Чулуунбат сайдын хэлсэн бас нэг юманд гайхлаа. Тэрээр, "...Мөнгөтэй хүн болгоноо ухдаг, барьж шоронд хийдэг, хэрэгт хийдэг энэ байдал Монголоос мөнгө зугтаах үйл ажиллагааг л дэмжээд байгаа юм" гэсэн байх юм.  Юу ярих гээд юугаа ярьчихав аа? Хэлэх гээд хэлчихэв үү, хэл нь халтирав уу? "Мөнгөтэй хүн болгон" гэдэг нь баячуудаа хэлж байгаа юм болов уу даа. Тэгвэл 90 оноос хойш хөрөнгөжиж баяжсан хүмүүс бүгдээрээ шударгаар хөлжсөн үү гэдэг асуулт тавигдана. "Туулын мөсийг долоох шахан байж" бэлжсэн нь ч бий байх. Тухайн үед жаахан "сэргэлэн" хөдөлж, хөнгөхөөн "юм"-тай болоод авсан нь ч байгаа байх. Мөн элдэв луйвар, заль мэхээр буюу муу аргаар баяжсан нь ч бий.  Ингээд харвал лав л 3 "ангилал"  байна. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Баян хүн болгон "муу" хүн биш шүү дээ.

Миний мэдэхийн  засаг шинэчлэгдсэнээс хойш хуулийн байгууллагад "ороогдоод" байгаа нөхөд дандаа л хууль бусаар идсэн уусан, шамшигдуулсан, завшсан, луйвардсан, авилгаар хөлжсөн, гарын үсгээ үнэлсэн албан тушаалтан, бизнесмэнүүд байгаа. Шударгаар бизнесээ эрхлээд, мөрөөрөө "мөөмөө унжуулж"  яваа хэн гэдэг хүнийг шоронд хийчихэв ээ? МАН-ын Ё.Отгонбаяраас эхлээд л учиргүй олон данстай гэнэт баяжсан хүмүүсийг шалгах нь зөв биз дээ? Иймэрхүү хүмүүс Их Хурлын гишүүн, сайдын цалингаар  байтугай олигтойхон бизнес эрхлээд ч ингэж амархан тэрбумтан болж чадахгүй. Тэгвэл яаж болсон байх вэ? Мань эр сайд байхдаа л гарын үсгээ наймаалж хөлжөөд сурчихсан хэрэг. Авилга өгөхгүй гэснийг нь хүртэл хүнээр зодуулж байсан гээ биз дээ?  Д.Сугар гэж нэг Үндсэн Хуулийн Цэцийн ширээн доор орж хэвтчихээд гарч ирдэггүй нөхөр байна. Бас л жигтэйхэн баян гэсэн. Япон, Солонгост байр худалдаж аваад л.  Төрийн Өмчийн Хорооны даргын цалингаар ингэж баяжих боломжгүй. За тэгээд албан тушаалаа ашиглаж "зовлогоо зовоохгүй" баяжсан агентлагийн дарга нар, хурган дарга нар зөндөө л бий. Түрүүчээсээ ялаа аваад  байдаг газраа байж байгаа. 

Иймэрхүү "но"-той нөхдийг бусадтай нийлүүлээд "Мөнгөтэй болгоныг" хэлмэгдүүллээ гэж  нийтэд нь нялзааж хамаатуулж байгаа сайд гуай өөрөө магадгүй ирээдүйд хэл аманд орох вий гэж айгаад нүхээ малтаж байна уу? Тэгээгүй бол ялгаж салгаж ярьмаар даа. Нарантуул "овогтой" Сайхансамбуу гэж нэг сайхан залуу байна. Анх машины наймаа хийгээд л бизнесээ эхэлж байсан юм гэсэн. Одоо Монголын баячуудын нэг.  Элдэв хэл аманд оролгүй мөрөөрөө, шударгаар баяжаад л явж байна даг.  Женко "овогтой" Баттулга байна. Анх мөн видео камер зөөгөөд л гүйж байсан юм гэнэ лээ. Өнөөдөр манай топ баячуудын нэг. Луйвар залиар хөрөнгөжөөд байгаа бол шалгуулаад баригдаад шорон морон явж байхгүй яав?

Би андуураагүй бол, дээхэн үед Баабар энэхүү нөхөр Чулуунбат болбаас хаана ч билээ уул уурхайн орд мордтой гээд л бичиж байсан санагдана. Үнэн бол тэр нь буруу замаар олдсон "шар тос" байж мэдэх. Түүнээс болоод сайд маань жаахан жийрхээд байгаа юм болов уу?
Ер нь энэ уул уурхай, лиценз энэ тэртэй холбогдсон улсуудаас ихээхэн "но" гарах байх даа.
Манайх гэлтгүй  дэлхийн соёлт ертөнцөд  хэн ч байсан асуудалтай бол ухаж төнхдөг нь хууль. Шударга ёс ярих нь зөв л гэж байгаа бол түүнийгээ тогтоохын төлөө ажиллах  нь зүй. Ингэлээ гээд хэлмэгдүүллээ, барилаа, хорилоо гээд гонгиноод байх хэрэггүй. Даанч дэндүү задгай идэж, шамшигдуулж, завшиж  байсан даа , өнгөрсөн он жилүүдэд. МА(Х)Н-ын ноёрхолын үед "хэн сайн идэх вэ?" хэмээх "социалист уралдаан" оргилдоо хүрч, энэ засгийн үед  мөнөөх "тэмцээнийг"  нь болиулаад, буруутнуудыг нь шүүгээд эхлэнгүүт "Сэлэм Тогмид намайг аллаа" гэж хашгирах хүн олон байна. О.Чулуунбат сайд бол тэр хашгирч буй олны дотор бас дуу хоолойгоо нэмэрлэж байгаа хүн юм байна гэж ойлголоо. 

Шинэ юманд саад их бий. Жаахан цэгцлээд авбал Монголын хөгжилд л тустай юмсан. Масс нь үүнийг дэмжиж байвал цөөхөн хэдэн улаан хоолой мянга орилоод яах ч юм билээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө