Их зорилгоо огооров уу?

УИХ-ын гишүүн Х.Баттулга
Саяхан цацагдсан "100 чухал сэдэв" нэвтрүүлгийн ээлжит дугаар нэлээн шуугиан тарьж байна. (Бичлэгийг эндээс  үзнэ үү). Н.Алтанхуягийн Засгийн газар хүртэл мэдэгдэл гаргалаа. (Мэдэгдлийг энд дарж уншина уу)  Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж мөн  "хэргийн эзэн" Х.Баттулгыг хүлээж авч уулзжээ. (Уулзалтын бичлэгийг   энд дарж  үзнэ үү.)
Нэвтрүүлгийг үзсэн хүмүүс янз бүрээр л  хүлээж авч, хандаж байна. Ер нь бол бид талцаж байна. Ямар сураагүй биш, талцсаар байгаад л  бусдын эрхэнд орж, доройтож буурдаг  биз дээ. Түүх маань бэлээхэн гэрчлэнэ. Социализмын үед бол диктатур гэж хэлж болохоор нэг намын "атганд" байсан болохоор талцах зав боломж нь олдоогүй (олгоогүй гэмээр ч юм уу) хэрэг.  Өнөөдөр цаг сайхан болжээ. Ардчилалын буянаар арав хуваагдаж талцах "сайхан боломж" бүрдсэн болохоор  90 оноос хойш  талцаж "тоглосоор" өдийг хүргэж байна. Хойшид ч мөн л талцсаар л байх болно. Намаараа талцана, эр эмээрээ талцана, одонтой одонгүйгээрээ талцана, баян ядуугаараа талцана, жалга довоороо талцана, эрлийз хурлийзаараа талцана...

Талцаж булагнах дуртай нүүдэлчдэд нам шиг хэрэггүй юм алга гэдгийг нотлох нэг жишээ бол энэ. Намуудыг татан буулгая гэдэг санааг зөвтгөх нэг үндэслэл. (Намгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй байгаа  хүмүүст хандаж хэлэхэд, эрт цагт намгүйгээр Монгол төр оршин тогтноод, тэр ч байтугай нэг гар дор нэгдмэл байхдаа нэрээ мандуулж хүчирхэгжиж байсан түүх бий шүү гэдгийг сануулая. Дахиж дэлхийг "эзлэе" гэсэнгүй, зүгээр л намгүйгээр Монгол сөнөчихгүй ээ гэж л хэлэх гэсэн юм.)
За тэр жалга довоороо, баян ядуугаараа гэх мэтээр талцаж хуваагдах нь харьцангүй "хор хохирол" багатай юм даа. "Цэвэр цусны" ба "эрлийз" гэж талцах нь бас л гэм хор багатай асуудал.  Ач холбогдол багатай учраас явуургүй сэдэв л дээ. Хүнээсээ л болно гэж хэлэх гээд байна л даа.  Хичнээн "цэвэр цусных" байгаад Ц.Нямдорж шиг Хятадын нууц албанд "үйлчлээд" байвал ямар хэрэг байхав дээ. Эрлийз мөртлөө сэтгэл зүрхнээсээ Монгол улсынхаа эрх ашгийн төлөө дуугардаг, тэмцдэг хүн байвал  яах юм?  С.Зориг Монгол улсынхаа сайн сайхны төлөө тэмцэж байгаагүй гэж үү? УИХ-ын гишүүн С.Оюун эрлийз учраас Оросын эрх ашгийг хамгаалдаг гэж "тааж" болох уу? Дээр дурдсан "100 чухал сэдэв" нэвтрүүлэгт оролцсон Го.Бадарч гуай хятадын эрлийз гэнэ. Гэвч энэ хүний зүрх сэтгэл Монгол улсынхаа төлөө цохилж байгаа гэдэгт итгэнэ. Эрлийз л бол муу, "цэвэр цустай" бол сайн гэж хэлэх арга алга.

Х.Баттулгын санаа бол түүхий эдээ урд хөрш рүүгээ зам тавиад зөөчихвөл Сайншандын аж үйлдвэрийн парк төсөл  үлгэр болноо гээд байгаа. Баялгаа түүхийгээр нь гаргах нь яаж ч бодсон  эцэстээ Монгол улсад ашиггүй, ирээдүйгүй шийдэл. Төмөрлөгийн үйлдвэрлэлийг бид заавал хөгжүүлэх ёстой гэдэг дээр санал зөрөх хүн байхгүй биз ээ. Хэрэв тийм бол Сайншандын цогцолбор дээр боломжтой байгаа бүх л хүч хөрөнгө, гадна дотны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Харин урагшаа нүүрс гаргахад шаардлагатай  дэд бүтцийн тухайд  гэвэл, ойрхон газар зааавал төмөр зам тавих хэрэг байна уу гэж. Түүний оронд хүнд даацын бөхөөхөн бетонон зам тавих  нь төмөр замыг бодвол зардал бага, богино хугацаанд хийчихэж болох бус уу?  Тэгээд ч тийм олон газраар зэрэг зэрэг хилээ "сэтэлж" (төмөр болон бетон) зам тавих  нь хэр зохимжтой юм бол доо. Ганц нэг  уурхайгаас хил хүртэл нэг хоёр автозам байж болох. Бид зэрэг зэрэг юм юм руу "сарвалзаж" чадахгүй учраас ирээдүйтэй, хэтийн зорилготой томоохон нэг юмаа барьж аваад зүтгүүлэх нь зөв байх. Тэр барьж авах "юм" нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор юм.

Баттулгын санаа нь зөв боловч "арга" нь буруу болж таарч байх шиг.  Найман газраар урагшаа тавих нарийн төмөр замын асуудлаар хийсэн энэ нэвтрүүлэгт оролцсон хүмүүс "замаасаа хадуураад" баахан геополитик ярьж байна. Хүмүүсийн ярьсан зүйлд зөв ч юм байна, жаахан дэгс хэтэрсэн ч юм байна.  Тэгээд ч  иймэрхүү өнгө аястай нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн, төрийн сайд байсан хүн гол дүрд нь тоглож байгаа нь зохимжгүй гэж үзсэн учраас Ерөнхийлөгч Элбэгдорж Женко-г дуудаж "загнасан" биз ээ. Хэрэв ямар нэгэн төрийн албан хаагч, өндөр албан тушаалтан оролцоогүй байсан бол Ерөнхийлөгч ингэж дуудаж уулзахгүй л байсан байх. Цензур болж  харагдах байх  л даа.  Төрийн өндөр албан тушаалтан иймэрхүү асуудалд "орооцолдох" нь зохимжгүй гэдэг дээр Ерөнхийлөгчтэй санал нийлж байгаа боловч хэвлэл мэдээллийнхэнд  бүхэлд нь "үгээ мэдэж яриарай" гэдэг анхааруулга өгсөн нь хуучны цензур мэт сонсогдож байсныг хэлье.   Өөрийнх нь бий  болгох  гэж тэмцэж байсан нийгэм нь хувь хүнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг  олгосон ардчилсан нийгэм байсан бус уу? Хэн нэгнийг гүтгэж доромжлоогүй л бол хувийн  үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг нийгмийг бид зориогүй  гэж үү? Миний хувийн үзэл бодол хэнд ч таалагдах албагүй, гэхдээ хэнбугай ч миний амыг барих эрхгүй, харин мэтгэлцэж болно.  Ерөнхийлөгч маань олон нийтийн мэдээллийн хэрэгслээр харьцаж нэвтэрч байгаа хүмүүс нэр ус, нүүр царайгаа харуулах хэрэгтэй гэж шаардаж байна.  Facebook, Twitter гээд л нэр зааж байна. Anonymous , Pseudonym гэдэг нэр томъёонуудыг Ерөнхийлөгч маань мэдэх л ёстой. Энэ бол дэлхий нийтийн жишиг байсаар ирсэн. Хятад маягийн цензур тогтоох гээгүй л юм бол иймэрхүү зүйл уг нь ярих ёсгүй л баймаар.  Pseudonym буюу нууц нэр ашиглаж үзэл бодлоо илэрхийлэх нь миний эрх.  Хэрвээ миний энэ эрхийг үгүй хийх гэж байгаа бол би Ерөнхийлөгчтэй "муудахаас" өөр аргагүй болж байна. Надтай адилхан олон хүн энэ "цензурыг"  таашаахгүй болов уу.

Москвагийн түүхий эдийн зах зээл байсан Монгол Улс Бээжингийн түүхий эдийн зах зээл болох зам нь шулуудлаа гэсэн санаа явж  байна. Бараг л болов уу. Юм хийе гэснийгээ дэмжээд нэгдмэл санаатай явахын оронд намаараа талцаж улсынхаа эрх ашгийг огоорон дэмийрцгээсээр өдийг хүрлээ. МАН засаглаж байх үед  ч Сайншандын төсөл "гадуурхагдаж" ирсэн (төмөр зам барих мөнгийг нь олгоогүй) бөгөөд  өнөөдөр харамсалтай нь Н.Алтанхуягийн Засгийн газар энэ их бүтээн байгуулалтыг эхлүүлж хэрэгжүүлэхийн оронд нүүрсээ түүхийгээр нь урд хөрш рүү  зөөх нарийн царигийн төмөр замууд хил рүү олон газраар  барьж эхлэхээр шийдэж байна.   Бавуугийн Лхагвасүрэн гуайн  хэлсэн үгийг давтмаар санагдлаа: "Их зорилгыг мохоохын тулд энэ төр ажиллаж байна." Ардчилсан намынхан "хугацаат албаа" дуусгахын цагт хийсэн ажилтай, хэлэх үгтэй байх хэрэгтэй гэдгээ эрхбиш мэдэж байгаа гэж найдая. Өнөө маргааш үтэр түргэн амар хялбар олдох жаахан  мөнгөнд сохорч хэтийн том зорилгоо умартвал өөрсдийгөө Ардын Намын "өрөөсөн дугуй" гэж зарласантай агаар нэг болно шүү гэдгийг анхааруулчихъя.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө