ТАМЫН ТОГОО

Тамын тогооны үлгэрийг хүн бүр мэдэх билээ. Үлгэр ч гэж дээ, зүйрлэл гэвэл илүү зохимоор. Монголчууд өөрсөддөө зориулж зохиосон юмдаг уу даа.  Уг нь улайтал үнэнийг нь хэлчихсэн байгаа  биз? Гэхдээ онцлог нь (харамсалтай нь ч гэхээр юм уу) бидний зарим Монголчууд улайдаггүй л байхгүй юу даа!  Иймэрхүү онигоонд орохоосоо бид ичихгүй ээ, гэхдээ хэн нэгэнд байгаа шиг гоё хувцасгүй бол бид гадаа гарахаасаа ичиж үхнэ. Хоосон хонож байгаад ч хамаагүй,эсвэл өр зээл тавьж байгаад тэр хувцасыг, болж өгвөл илүү гоёыг, бас үнэтэйг нь авч өмссөний дараа бидний ичих булчирхай ажиллахаа больж санаа маань амардаг.

Бие биендээ атаархаж, атаархсаны улмаас хорсож бухимдаж явдгаа нуухгүйгээр барахгүй бүр улаан цагаандаа гарч  яавал хорлох, чадах вэ гэж бодож нөгөөх хүнээ доош нь чангааж татаж унагадаг тухайгаа  энэхүү тамын тогооны үлгэр гэгчээр өгүүлэн өөрсдийгөө ихээр шоолон шүүмжлэх боловч өөрчилж засах тухай  ярих нь ховор.

Яг л нөгөө сүүлийн үед моодонд ороод байгаа Эвтэй бол хүчтэй гэдэг цэцэрхэл шиг. Нэг л их сайхан цэцэрхсэн улсууд, яг ачир дээрээ эвсэж байгаа юм байхгүй. Гадаадад байгаа Монголчууд нь бие биенээсээ зайлж зугтаасан маягтай (Монгол хүнээс төвөгшөөдөг), эсвэл бие биенийхээ эсрэг ажиллагаа хийгээд явдаг (нэгнийхээ ажлыг булааж авахын тулд элдвээр хов хутгаж хор найруулдаг), нутаг нэгтнийг нь гадныхан бөөрөлхөж байхад хар амиа бодоод нүдээ аниад өнгөрдөг (Эрээнд Монголчууд ямар нэгэн асуудал гарахад Хятадуудаас бие биенээ өмөөрдөггүй) , дотоодод байгаа нь гадныхантай нийлж, эсвэл тэдэнд үйлчилж хэдэн төгрөгний төлөө  элэг нэгтнээ алахаас буцахгүй авирладаг (элдэв гадны компаны хамгаалалт, харуулын албаныхан Монголыгоо зодож танхайрдаг) гэх мэт олон жишээн дээрээс харахад худлаа цэцэрхдэг нь харагдаж  байгаа биз?

Энэ бүхнийг нуршихаа болиод хамгийн сүүлийн жишээг л авч үзье. Сонгуулиар шинэ төр засаг байгуулагдаад өөрчлөлт шинэчлэлт яриад эхлэнгүүт муулаад үгүйсгээд эхэлж байгаа юм. УБ хотын  шинэ дарга Э.Бат-Үүл замын түгжрэлийг бууруулах  багц арга хэмжээ авахаар шийдсэний дагуу ажиллаж эхлээгүй байхад л хөлнөөс нь доош нь татаж унагаах гээд элдвээр хэлээд  эхэлсэн. Уриа лоозонгоор ажил явуулдаггүй юм ч гэж байх шиг. Тэглээ гээд шантралгүй арга хэмжээнүүдээ аваад эхлэнгүүт үр дүнгээ өгч хотын төв замуудын түгжрэл багасч чөлөөтэй болж ирж байна. Иргэд ч ам сайтай.  Гэтэл нөгөө муулаад байсан хүмүүс мэдээж үр  ашгийг нь бусадтай адилхан хүртээд л ичихгүй тууж яваа. Ийм л хүмүүс урагшлах замд гай, саад болж ажил удаашруулах, магадгүй саад болохыг ч оролддог. Ийм хүмүүс аягүй бол тамын тогооны үлгэрийг хамгийн ихээр ярьж цэцэрхэж явдаг болов уу. Тиймээс  тамын тогооны үлгэр яригчдыг үлгэрээ ярих бүрд нь няцаалт өгч,  "бутцохиж" байх нь эрүүл ухаантай хүн бүрийн ариун  үйлс болох нээ.  


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө