Монголын цагдаа өөрийг нь тэжээдэг гарыг хазжээ

Цагдаа нар шүүхийн гадаа
Буруу эрхлүүлээд, эсвэл багад нь хандыг нь хага дарж хэн нь босс вэ гэдгийг сайн мэдүүлээгүй өсгөсөн гөлөг нас бие гүйцсэн хойноо  эзнээ хазах тохиолдол байдаг.  Монголын цагдаа сая яг л тийм араншин гаргаж, өөрийг нь тэжээдэг гарыг хазлаа.  Тэрээр төрөөс хуулиар хамгаалагдсан шүүхийн аюулгүй байдлыг хангахаас эрс татгалзаж, эс үйлдлээрээ ийнхүү байж боломгүй авир гаргалаа.

Хурандаа О.Зоригт
7 сарын 1-ний хэргээр шүүгдэх гэж байгаа  цагдаагийн 4 албан тушаалтныг өмөөрч Сүхбаатар дүүргийн шүүгч нарыг золтой л бариад идчихсэнгүй. Нийслэлийн цагдаагийн дарга байсан О.Зоригт хэмээх хурандаа  энэ сарын 14-ний өдөр шүүгчийг шүүхийн танхимд заналхийллээ. Сэжигтэнүүдийг цагдан хорих шийдвэр гаргасаныг сонссон хүмүүс шүүгчийг боорлож, татаж чангаан дарамталж байхад хамгаалах ёстой цагдаа баясаад хараад зогсож байсан гэнэм.

Энэ цагдаа нар чинь хэдэн дарга нарынхаа гарын дохиогоор хөдөлж байдаг дуулгавартай зарц нь, хувийн хамгаалагч нар нь болчихсон юм уу? Хууль биелүүлж , сахиулах ёстой тангараг өргөсөн улс биш бил үү? Ажлаа хийхгүй юунд тэр шүүхийн гадаа олноороо ялаа шиг цуглав аа? Нөгөө шүүхээр орж байгаа экс дарга нараа өмөөрч тэр үү?  Буруутай эсэх нь шүүхээр шийдэгдээгүй, дөнгөж  хэргийг хэлэлцэж шийдэж эхлэх гэж байхад өмөөрч сүйд болж байгааг нь харвал буруутай байсан ч хир халдаахгүй янзтай шүү. Энэ улсад хууль журам гэж байна уу? Нөгөө их шударга шулуун гэж цоллуулдаг Нямдорж сайдтан юугаа харж байнаа?

Шүүгчийн эрхэнд халдсан учраас тухайн үед хамгаалалтанд байсан 60 цагдаатай хариуцлага тооцох хэрэгтэй. Түүнчлэн  цагдаагийн удирдлагаыг огцруулж, цолыг нь бууруулах ёстой.
Тухайн үед шүүхийн гадаа цуглаж сүр хүчийг үзүүлж байсан цагдаа нар ажлаа хаяж ирсэн учраас тэр өдрийн цалинг нь хасаж тооцох хэрэгтэй. Тэд төрийн ажлыг, өөрт оногдсон үүргээ биелүүлж явах ёстой болохоос хэн нэгэн албан тушаалтаныг өмөөрч шүүхийн гадаа эсэргүүцлийн цуглаанд оролцоод зогсож  байж таарахгүй.  Эсвэл ажлаа хий, үгүй бол албаа өгөх хэрэгтэй. Ажил хаяна гэсэн яриа тэдгээр цагдаа нарын дунд явж байсан гэнэ. Энэ чинь хуулиараа хориотой гэсэн биз дээ? Тэгвэл хуулийг зөрчөөд буюу нулимаад ажил хаяж байгаа цагдааг бид хувцаслаж тэжээх нь утгагүй билээ. Тийм цагдаа нарыг эртхэн зайлуулах хэрэгтэй.

Монголын цагдаад эрс өөрчлөлт хэрэгтэйг энэ үйл явдал харууллаа. Шүүгч нар цагдаагийн өөдөөс яаж ч чадахгүй гэдэг нь харагдлаа.  Үнэндээ яая гээд  яах ч юм билээ. Цагдаа үнэн нүүр царайгаа харуулсан нь нэг талаар их сайн хэрэг. Өөрчлөлтийг үндэс сууриар нь хийхгүй бол болохоо байж ээ. Цагдаа ийм байгаа нь нөгөө талаас эрх барьж байгаа намтай их холбоотой. Магадгүй цаана нь нууцаар дэмжээд тэтгээд явдаг хүн, хүмүүс байхыг үгүйсгэх аргагүй. Ямар нэгэн сонирхол байж мэднэ.

7 сарын 1-ний хэргийг  үнэн зөвөөр шийдүүлэхгүй байлгах сонирхол эрх барьж байгаа намд байгаа. Нүүрэн дээрээ үнэн зөв шийдэгдэхийн төлөө гэж дуугарах боловч цаанаа эмээж байгаа.
Учир нь сонгуулийн луйвар, булхайг одоогийн эрх барьж байгаа нам хийснээс  болж энэ бүх юм эхэлсэн.  Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэж. Сонгууль булхайтуулаагүй бол ийм эмгэнэлт явдал гарахгүй байх байсан. Юуны чинь Магнай, Батзандан. Тэд чинь ийм луйвар хийсэн учраас жагсаж эсэргүүцсэн хүмүүс.  Тийм учраас энэ хэргийн эх үндэс нь юу байж вэ гэдгийг хэрвээ эрүүл ухаантай бол бодож ойлгоход хэцүү биш.

Цагдаад буудах тушаал өгөөгүй байж болно. Өгөөгүй гэж тухайн үед байсан эрх мэдэлтнүүд бүгд л ярьдаг. Гэтэл доод түвшиндээ болохоор буу сум тараагдсаныг нь бодвол дураараа аашилсан юм шиг харагдаж  байгаа биз? Тэгвэл эдгээр шүүгдэж байгаа генерал Амарболд, болон бусад хурандаа нар энэ буу сумны тухай тайлбар өгч учрыг нь олоход туслах ёстой. Буу сум тарааж өгөөд буудаж болохгүй шүү гээд байхад буудаж хүний амь хөнөөсөн бол  тухайн  зэвсэгийг  хүлээж авсан цагдаа санаатайгаар хүний амь хохироосон хэргээр  шийтгэгдэх нь зүйд нийцнэ.

Хүн буудаж алсан цагдаа ял авахаас гадна түүний удирдлага болох дээрх дарга нар бас хариуцлага алдсан гэдгээр шийтгэл хүлээх ёстой. Цагдаа хүн алаагүй гээд дээрх шүүгдэж байгаа дарга нар их л бардам хэлээд байгаа. Тэд яаж мэддэг юм бол?  Буу олгосон  цагдаа бүрийг дагаад явж байсан хэрэг үү? Худлаа л байхгүй юу. Тэд ямар нэгэн тохиролцоог хоорондоо хийснээс зайлахгүй. Энэ хэрэг их  удаан үргэлжилж байгаа. Энэ хугацаанд гадуур байсан цагдаагийн дарга нар болон энэ хэрэгт хамаатай байж болох цагдаа нар хоорондоо түм дахин уулзаж үгээ нийлүүлж , тохироогоо хийгээ биз ээ.  Есөн эрүү тулгахгүй л юм бол одоо үнэн үг тэдний амнаас гаргаж авна  гэдэг үлгэр болсон байх.

Тэгэхээр одоо байгаа баримтанд үндэслэж эдгээр дарга нарыг тулгаж яллах ганцхан л арга байгаа.  Харин нөгөө гардаж хүний амь хөнөөсөн алуурчин цагдаа нарыг бол одоохондоо яаж ч чадахгүй, гэхдээ хэрэг хуучрахгүй, хэзээ нэгэн цагт тэд баригдаж л таарна.  Элбэгдорж Ерөнхийлөгч уг нь тэр өршөөлийн хуулиндаа 7 сарын 1-ний хэрэгт холбогдсон хүмүүст тухайн хууль үйлчлэхгүй гээд заагаад өгчихсөн бол болох байсан юм. Тэгсэн бол хүн буудсан байж болзошгүй гэж сэжиглэгдэж хоригдож байсан цагдаа нар өдийд үгээ хэлээд хэрэг нэлээн цэгцэрсэн байхгүй юу. Буудсан цагдаа нар ч , хариуцлага алдсан дарга нар ч зохих ял шийтгэлээ авсан байх боломж, хугацааг  тэр хавтгайруулсан өршөөлийн хуулиар алдчихсан нь тун тоогүй.

Эцэст нь хэлэхэд, ``Миний цагдаа намайг хамгаална`` гэдэг сайхан үгийг  Монголд хэрэглэх аргагүй болсоныг одоогийн байгаа байдал харуулсан учраас өөртөө л найдаж явах нь өлзийтэй болж байх шиг байна. Цагдаагийн бүтэц, бүрэлдэхүүн, удирдлага, сургалт. сонголтонд эрс өөрчлөлт хийхгүй бол хэн нэгнийг, аль нэг намыг хамгаалдаг, тэдний үгээр хөдөлдөг хөлсний алуурчид шиг цагдаатай болчихсон байна шүү гэдгийг сая харлаа. Цагдаагаа цэвэрлэж авахгүй бол болохоо байжээ!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө