``Шунхлай`` угшилын адуу гэв үү?

Тод манлай уяач Г.Батхүү
Их Хурлын дэд дарга Г.Батхүү гэж сайхан уул шиг эр хүн байх. Ийш тийшээ явах манай албаны төлөөлөгчдийн дунд тэмээнээс тэмдэгтэй ялгарч харагдах нь сүртэй. Монголчууд Азийн бусад үндэстэнүүдээс харьцангуй том биетэй гэдгийг нотолж яваа хүн дээ.
Би харин нэг юм гайхаад байдаг юм. Мань эр моринд нугасгүй гэнээ. За тэр ч яахав, моринд дургүй Монгол гэж хаа байхав. Гэхдээ мань эр зүгээр нэг дуртай биш, харин хурдан морь уядаг бололтой  юм.  Хэрэв энэ үнэн бол мань хүн ч овоо гар юмаа.

Сая тэрээр Монгол Улсын Тод манлай уяач цолоор шагнууллаа. Үнэхээр мундаг уядаг (өөрөө уядаг шүү!) бол хэлээд байх юм алга. Гэтэл манай хүн чинь УБ хотод Их Хурал гэдэг газар ажилладаг , (бүр дэд даргаар нь шүү) байж хэдий завандаа морио уяж байдаг юм болоо гээд л гайхаад байх юм даа, би. Урьд өмнө  бай шагнал авч байсан олон хурдан хүлэгтэй дэд дарга маань тэр бүгдийг өөрөө уяж байсан юм болов уу? Сая Дүнжингаравын уралдаанд азарга нь 2-т давхиж чансаагаа харуулжээ. Тод манлай уяач маань өөрөө уясан болов уу?
Хэрвээ өөрөө уяагүй бол ямар юмных нь Тод манлай уяач байхав дээ.  Тод манлай уяач биш харин Тод манлай хурдан морь цуглуулагч гэсэн цол л таарна.

``Шунхлай`` гэдэг угшил бий болгосон гавъяаг нь үнэлж ХААИС-иас  Хүндэт доктор цол Батхүү даргад бас өгч гэнээ. Угшил гэдэг нь одоо юу гэсэн үг юм бол доо. Үүлдэр угсаа гэж байгаа юм болов уу. Тэгвэл мань эр шинэ үүлдэр гаргасан болохоор хөдөө аж ахуйн сургуулийнхан доктор болгожээ дээ янз нь. ``Шунхлай`` гэдэг шинэ үүлдэр бий болгосон гэвэл Батхүү дарга маань   бас л яггүй зоотехникч  байж таарах гээд байна.  Үгүй ээ бас айхтар нөхөр юм. Их ажлынхаа хаагуур нь амжуулдаг байнаа.

Алтай Констракшн компаны эзэн Бат-эрдэнэ бас Манлай уяач цол авсан. Бас л бизнесийнхээ хажуугаар морио амжуулаад уячихдаг бузгай эр юм гээч. Эрлийз азарганы уралдаанд  азарга нь сая аман хүзүүджээ. Нөгөө Хүнс хөдөө аж ахуйн Бадамжунай хүртэл хувьдаа хурдан морьтой гээд л бодчих. Арга ч үгүй юм биз дээ. Яаж хоцрохов.  Бадамжунай угшилын азарга  сайн уралдвал   манай сайдын нэр л гарна биз дээ.  Саяын болдог Дүнжингаравт ``Бадамжунай``  угшилын эрлийз  азарга гуравт давхижээ.

Мон-Уран компаны босс Наранхүү гэдэг хүний өөртэй нь ижил нэртэй азарга саяын Дүнжингарав уралдаанд түрүүлж гэнэ дээ.  Наранхүүг бас моринд нугасгүй, үнэ хайрлахгүй худалдаж авдаг гээд л бичээд байсан даа. Магадгүй  удахгүй ``Мон-уран`` угшилын адуу бий болох ч юм бил үү хэн мэдлээ.  Буруу юм ерөөсөө байхгүй л дээ. 

Бид чинь тэгээд баахан л олон янзын угшилын морьтой болох юм шиг байна даа. За яахав, үүлдэр угсаа нь сайжирч байвал ямар нэр устай байх нь  ч яамай байнаа гэж. Бенз, Тоёота гэдэг шиг л Монгол адууны бренд бий болох юм биз дээ. Хурай хурай.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө