Т.Сайнжаргал хурандааг гэрчээр дуудая!

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т. Сайнжаргал гэж маруухан нөхөр олон ч жил  телевизээр гарав даа. Бараг л хүн бүрт танигдахаар од болж байгаа хүн дээ. Харамсалтай нь түүний хэлж ярьж байгааг сонсохоор заримдаа үнэхээр чааваас гэж хэлмээр болдог л  доо. Саяхан мань эр Өдрийн сонинд ярилцлага өгчээ.  Хүн тоож шиншилчихмээр юм юу ч ярьсангүй. Нэг л их цагдаагаа өмөөрсөн  хүн. Бас их муу санаатай гэж байгаа. Юу гэхээр, тухайн ярилцлагыг цагдаагийн ажилтны хувиар биш иргэнийхээ хувьд   өгье гэж  тодотгож байгаад ярьсан байгаа юм. Хожим  үгэндээ ороогдвол би хувийнхаа бодолыг хэлсэн бөгөөд  цагдааг төлөөлж яриагүй гэх юм байна л даа.

За тэр ч яахав. Харин энэ удаа тэр  ярилцлагатай нь холбоотойгоор Сайнжаргал хурандаад  эчнээ  хариу барья гэж бодлоо.
Ингэж хэлсэн байх юм: ``Ер нь цагдаа нар сарвайх юмгүй боллоо. Төр минь, шүүх минь намайг хамгаална гэсэн чинь хамгаалахгүй тал руугаа орлоо.`` 
Мөн тэрээр ``Төр яагаад цагдаагаа яллах гээд байгаа юм бэ?``, ``Яагаад цагдаагаа дэмжихгүй, хайрлахгүй байна вэ?`` гэхчлэн бухимджээ.

2008 оны 7 сарын 1-ний хэрэгтэй холбогдуулж шалгагдаад шүүхээр орж байгаа хүмүүс шүү дээ, тэр 4 хүн чинь. Алдаа гаргаж хариуцлага алдсан бол шийтгэл хүлээх ёстой юу? Ёстой!
Үнэхээр буруугүй бол зөвдөөд л гараад ирнэ биз дээ?
Тэгвэл хурандаагийн хэлж байгаагаар бол тэдгээр хүмүүс цагдаа (!) учраас төр нь хамгаалаад, шүүх нь хэргийг нь хэлэлцэхгүй байх байсан юм байна л даа. Жирийн иргэн байсан бол өөрөөр хандах юм байх .Нөгөө хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй, хууль бүгдэд ижил үйлчилнэ гэсэн зарчимаа яах вэ, хурандаа гуай?

Цааш нь:  ``Төр нь цагдаагийн байгууллагаа яллаж байсныг мэдэхгүй юм байна.`` гэж тэнэгтжээ. Байгууллагыг яллана гэж юугаа яриад байнаа? Байгууллага гэж амьгүй биеийг яаж ялладаг юм бол?  Энд тодорхой үүрэг хүлээсэн хувь хүмүүс, албан тушаалтнуудын хариуцлагын тухай ярьж байхад зориудаар ийм хачин юм ярьж цагдааг төрийн эсрэг турхирч байгааг харж байгаа биз?

Тиймээ, тэр цагдаа нар өршөөлийн хуулиар өршөөгдсөн. Өршөөнө гэдэг бол буруутай үйлдэл хийснийг нь төр энэрэнгүй хандаж уучлахыг хэлдэг. Тэгэхээр, нэгдүгээрт эдгээр цагдаагийн дарга нар  алдаа гаргаж буруутсаныхаа төлөө ял авах байсныг нь төр өршөөжээ. Гэтэл мань Сайнжаргал хэлэхдээ, ``Шалгагдаж байсан хэргийг нь өршөөлд хамруулж хэрэгсэхгүй болгосон.  Түүнийг нь гэм буруугаа хүлээсэн мэтээр ярих юм.`` гэжээ.  Тэгвэл тэр үед нь бид буруугүй гэж хэлээд тэрийгээ нотлохгүй яах гэж гарын үсэг зурж өршөөгдсөн юм?

Мөн тэрээр цагдаагийн байгууллага улс төржөөгүй, хуулийн хүрээнд ажилласан гэжээ.
``Иргэдийнхээ амар тайван амьдрал, сайн сайхны төлөө ажиллана``. ``Түүнээс мууг нь үзэх гэж ажилладаггүй`` гэж айлдсан байх юм. Эндээс үзэхэд мань эр эсвэл хүнд тааруулж ийм юм ярьдаг юм уу, эсвэл угаасаа ингэж ахар сэтгэж буруу ойлгож явдаг эсэхийг таахад тун хэцүү юм шиг.  Цагдаа бол амар тайван, аюулгүй байдлыг л хангаж, аюулаас  сэргийлж ажиллах үүрэгтэй. Хаанахын ч  цагдаа  ялгаагүй. Харин ``сайн сайхны төлөө`` эсвэл ``мууг нь үзэх`` гэж ажилладаггүйг хэн ч хэлэх байхаа.
Тэгвэл 7 сарын 1-нд иргэд хамгаалуулах нь  битгий хэл цагдаадаа хөөгдөж байгаад буудуулж алуулсаныг юу гэж нэрлэхэв?

``Шүүхийн  шийдвэрийг цагдаа хүндэлсээр байгаа`` гэжээ.  Тэгвэл шүүхээр орж байгаа  мөнөөх 4 хүнийг хорих арга хэмжээ ав гэсэн шүүгчийн шийдвэрийг тэнд байсан цагдаа нар биелүүлэхгүй эсэргүүцсэнийг юу гэж  тайлбарлах бол? Хар өнгийг цагаан гээд л зүтгэчих хүн бололтой, энэ Сайнжаргал гуай.

``Цагдаа хүн буудсаныг хэн эцэслэн тогтоогоод байгаа юм бэ?`` гэжээ. Тэгвэл прокурорын мөрдөн байцаах албанаас цагдаад байсан буугаар буудаж алсан  болохыг тогтоочихсон байгаа гэдгийг энэ хүн мэдмээр юм. Мэдэж л байгаа байх л даа. Харин  бүр яалт ч үгүй баттай тогтоогдоод ирвэл нэг бол дуртай дургүй хүлээн зөвшөөрөх байх, эсвэл гүрийснээрээ гүрийгээд цагдааг хэлмэгдүүллээ гээд сууж байх биз. Тэр болтол цээжээрээ хамгаалах нь харагдаж байна.

``Шүүхээр тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж болохгүй`` гэж харин  ганц зөв юм хэлжээ. Гэхдээ байзаарай. Та  цагдаа хүн буудаж алаагүй гэдгийг яаж батлаад мэдээд байгаа билээ?  Үүнийг чинь бас шүүхээр орж байж л шийдэх учиртай биз дээ?  Тиймээ, ганцхан шүүх л хэн нь  буруутай гэдгийг тогтооно. Цагдаад буудуулж хөлөндөө бэртэл аваад, бас дээр нь өшиглүүлж зодуулж байсан хүүхэд худлаа ярьж уу, эсвэл  цагдаа иргэдээ хэзээ ч буудаагүй гэж бардам дуугарах Сайнжаргал хурандаа худлаа ярьсан уу гэдгийг шүүж байж л тогтооно.  Тэр шүүхэд нь тэгээд ажиллах боломж олгохгүй, цагдааг буруутгалаа гээд юу гэж  гоншигноод байгаа юм бэ?

``Цагдаа буудаагүй гэдгийг хариуцлагатай хэлье`` гэжээ.  Одоо нөгөө иргэний хувиар ярилцлага өгч байсан хурандаа маань цагдаагийн чухал албан тушаалтаны маягаар  дуугарч байх чинь юу вэ?!  Хариуцлагатай хэлье гэдэг чинь хэрвээ худлаа байвал хариуцлагыг нь хүлээнээ гэсэн үг мөн биз дээ?  Манай мөрдөн байцаагчид, хохирогчид  болон уг хэрэгтэй ажиллаж байгаа шүүх бүрэлдэхүүн хурандаа Сайнжаргалын дээрх үгийг анхааралдаа авсан байх гэж найдая. Мань эр ийм бардам хэлж байхыг бодвол ``ямар нэгэн юм`` мэдэж байгаа нь гарцаагүй. Тиймээс шүүх хуралд гэрчээр дуудсан ч болохгүй гэх газаргүй юм байна шүү.

``Хүн үзэл бодлоо илэрхийлэх, ярих эрхтэй. Харин дүрэмт хувцастай хүн үзэл бодлоо илэрхийлж болохгүй гэсэн хуулийн заалт байдаг бол хүндэтгэнэ.`` гэж хөөрхөн ёжилмоор аядажээ. Энэ нь нөгөө 4 -ийг шүүх хурал болох газар баахан цагдаа нар шавж цугласаныг хэлж байгаа юм. Экс дарга нараа өмөөрч баахан цагдаа ``ажлаа хаяад`` тэнд цугласан юм билээ. Уг нь тэр цагдаа нар хариуцсан газар, дүүрэгтээ ажлаа хийгээд иргэдийнхээ аюулгүй байдал, амар тайванг хангаад явж байх ёстой улс юм ш дээ. Тэгсэн чинь  дүүргийн шүүхийн гадаа ялаа шиг  бөөнөөрөө цуглаж  сүрийг үзүүлсэн байгаа юм. Ажлаа хаяад явсан  иргэн цалингаа хасуулах нь бүү хэл  ажлаасаа хусуулдаг биз дээ? Тэгсэн чинь Сайнжаргал  гуай дарга нараа дэмжихээр ажлаа хаяж ирсэн цагдаа нарыг яагаад ад үзээд байгаа юм гэжээ.

За нэг ийм л цагдаатай улс болж дээ. Дарга сэтэртэй нэг нь иймэрхүү байхад цэргүүд нь арга байж уу. Цагдаад шинэчлэлт хийхгүй бол болохоо байжээ. Нээрээ шүү.





Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө