Монгол амь ямар үнэтэй вэ?

Одоо удахгүй ээлжит сонгууль болох гэж байна.  Заримдаа би бодох юм, манайхан яасан номхон тэмээ шиг тайван хүмүүс байдаг юм гэж.  Номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг.  Ноолуулсаар, дарлуулсаар байгаад сөхөрч унах үедээ ирчихээд байгаа юм бишүү, хүмүүс ээ?
Уг  нь хар амиа боддоггүй , элгэмсэг хүмүүс юмсан. Одоо ч миний хүүхэд биш бол надад хамаагүй, би биш бол маньд хүртээлгүй гэдэг философитой болцгоосон бололтой.
Ямар сайндаа 4-5 хүн буудаж алчихаад, олон зуугаар нь барьж хориод байхад тэднийг өмөөрч  хүүе хаая болохгүй  амиа хоохойлоод гэртээ сууцгааж байхав дээ. Ёстой миний хүүхэд, ах дүү биш бол хамаагүй гэсэн бодолтой.

Тэгж  байгаа хүмүүс их буруу бодож  байна даа. Өнөөдөр таны  хүүхэд, гэрийнхнээс чинь хэлмэгдээгүй байж болох боловч маргааш юу болохыг хэн мэдэх билээ.  Өнөөдөр магадгүй таны гэр бүл болон ах дүүс чинь Монголын ядуу давхарга болох 40% дотор багтаагүй яаж ийгээд амиа аргалаад явж байж болох боловч маргааш энэ гамшиг танайхыг нөмрөхгүй гэдэг баталгааг хэн ч гаргаж чадахгүй. Тэгэхээр маргаашийн гамшигаас зайлж гарахын тулд өнөөдрийн хэлмэгдэгсэдтэй амь нэгтэй байх хэрэгтэй гэж л хэлээд байна л даа.
Өөрөөр хэлбэл, нийт нь нэгийнхээ төлөө, нэг нь нийтийнхээ төлөө гэдэг  үгийг л хүн бүр ой тоондоо шингэтэл ойлгож , тэр хэрэгтэй хэрэггүй маань мэгзэмээс дутахгүй цээжилж мөрдөж байх хэрэгтэй боллоо гэсэн үг.

Эргэн тойронд чинь ил харагдаж  нүдэнд үзэгдэж байгаа гамшиг хангалттай нотолгоо биш гэж үү? Ганц хоёр өндөр байшин, хотын гудамжаар чихцэлдэх олон машины сэгээр улсын хөгжлийг хэмжихгүй байх аа. Харин хувь хүний орлого, айл өрхийн амжиргаа ямар байгаагаар хэмжих нь зөв болов уу. 30% байсан ядуу давхарга 40%  болтлоо өссөн гэвэл үүнийг ард түмний амьдрал дээшилсэн гэх үү?  Уул уурхайн бизнес газар авч үүнээс шалтгаалан орж ирсэн гадаад валют болон бусад орлогыг хийсэн бүтээсэн эд баялаг мэтээр сурталчилж, манай улс жигтэйхэн их мөнгөтэй боллоо, удахгүй Арабын орнууд шиг баян болно гэж худлаа цөсийг чинь хөөргөж байгааг мэдэж байна уу?

Төр засгийн эрх баригчид албан тушаалаа ашиглан шударга бусаар баяжиж, та бидний нүдэн дээр үнэтэй торго дээл, хувцасаар  уралдан гангарч хувцасны загвар үзүүлэн тохуурхаж байгааг харж байгаа биз дээ?  Хашиж байгаа албаных нь цалин цаваг тийм тансаг эд зүйл хэрэглэх, орон байр, унаа цуцаа хэрэглэхэд яавч хүрэхгүй бөгөөд тэгвэл тэр их орлогыг хаанаас яаж олдогийг төсөөлөхөд тийм хүнд биш байхаа.  Төрөөс төрсөн тэрбумтан гэдэг цол гуншин эндээс гаралтай.

Саяхан 2008 оны 7 сарын 1-нд цагдаад буудуулж амь хохирсон нэг залуугийн аав болох Ц.Энхбаяр (зураг ) гуайн ярилцлага гарчээ. Тэрээр 500 сая төгрөг Засгийн газраас нэхэмжилжээ.
7 сарын 1-ний хохирогч нар болон тэдний гэр бүлийнхэнд улсаас нийтдээ  780 сая төгрөг өгчээ. Нэг тэрбум ч хүрэхгүй гэсэн үг. Гэтэл МАН-ын шатсан байрны хохирол гэж 11.7 тэрбум (!) төгрөг өгсөн байгаа юм.  Амиа алдсан болон янз бүрээр хохирсон хүмүүст өгсөн нийт төлбөрөөс 15 дахин (!) их мөнгө тэр шатсан байшингийн хохиролд гэж өгчээ.
Шатсан барилга буюу намынхаа байрыг  хүний аминаас илүүд  үзсэн байгаа юм.

Ц.Энхбаяр гуайд  болон бусад амиа алдсан хүний ар гэрийнхэнд 50 сая төгрөг өгөөд амыг нь хаах гэсэн бололтой. Гэвч Энхбаяр гуай  хүүгийнхээ амийг 50 сая төгрөгөөр  үнэлсэнд  гомдолтой байна.  500 сая төгрөг нэхдэг нь   хүүгийнхээ амийг  ингэж үнэлсэн хэрэг биш  бөгөөд харин  иймэрхүү тохиолдолд барьж болох жишиг төлбөр тогтоох, нэг ёсны торгуулийн хэмжээ тогтоох гэж байгаа аж. Энэ нь ч зөв. Бусад орнуудын хувьд бас энэ төлбөрийг янз бүрийн аргачлалаар тооцож тохирдог биз ээ. Манай улсын хувьд нэг тийм аргачлал, жишиг баймаар байгаа юм.  Тэгэхгүй бол хүний амь хөнөөчихөөд гайгүй шиг машины үнэ өгөөд  аргалдаг жишиг тогтох гээд байна.

Өндөр хөгжилтэй орнуудад иймэрхүү төр засгийн  буруугаас болж хүний амь хохирсон бол овоо төлбөр төлдөг бололтой. Жишээ нь, саяхан иймэрхүү нэг хэргийг АНУ-д шийджээ. АНУ-ын засгийн газар нийтдээ 11 сая доллар хохирогч нарын ар гэрийнхэнд төлөх болжээ.
2009 онд АНУ-ын Цагаачлалын Албаны нэгэн ажилтан мансуурах бодис хил дамлан худалдаалагч байж мэдэх нэг хүний араас мөшгөн хөөж яваад  замын уулзвар дээр ЗОГС тэмдэг анзааралгүй нэвтрэх үедээ өөр нэгэн машиныг мөргөж дотор нь сууж явсан 2 зорчигч ба жолоочийн амийг хөнөөсөн хэрэг гарсан юм. Амиа алдсан 3 хүн  бүгд эмэгтэй хүмүүс байсан.

Жолоочийн  ба нэг зорчигчийн ар гэрийнхэн тус бүр 3.6 сая доллар авсан ба нөгөө нэг зорчигчийн гэр бүлд  3.8 сая доллар төлөхөөр болсон байна.  Ажлаа хийж яваад болгоомжгүйгээс хүний аминд хүрсэн төрийн ажилтныхаа буруугаас үүдсэн хохирлыг төр засаг нь ийнхүү барагдуулсан байна. Тэгэхэд манай төрийн ажилтнууд (цагдаа нар) бүр хохирогч нарын араас нь хөөж яваад санаатай буудаж алсан байгаа юм. АНУ хохирогч бүрд 3.6 сая доллар  өгсөн  гэдэг маань манай ханшаар бодвол 4.7 тэрбум төгрөг болж байна. (Нэг ам.доллар 1327 төгрөг гэж бодоход). Гэтэл манай засаг төр 50 сая төгрөгөөр амыг нь таглаж байгаа биз дээ?
50 сая төгрөг ба 4.7 тэрбум (тэрбум шүү!) төгрөгийн хооронд их ялгаа байгаа биз ? (4.7 тэрбумыг 50 сая-д хуваагаад үз дээ)

Америк хүний амь Монгол хүнийхээс  95 дахин үнэтэй юм уу? 500 сая төгрөг өглөө ч гэсэн энэ чинь 4.7 тэрбумаас 9.5 дахин бага байна. Эрдэнэт хүний амь мөнгөөр үнэлэшгүй, харин төр засаг нь буруутай бол боломжийн хэмжээний  төлбөр төлж нүглээ наминчлах хэрэгтэй.
Нямдорж сайд нэр төрөө сэвтүүлсэн гэж 2 тэрбум төгрөг хэн нэгнээс нэхэмжилсэн юм гэнэ лээ. Үүнтэй харьцуулбал төрөөс 500 сая төгрөг нэхнэ гэдэг бол боломжийн. 

Энхбаяр гуайг төрөөс 500 сая төгрөг нэхэж байгаа нь талийгаач хүүгийнхээ нэрээр баяжих гэж байна гэж ярьж байгаа малуудад хэлэхэд, та нар өөрсдөө хүүгээ, ханиа ингэж алуулсан бол ийм юм ярихгүй гэдгийг хэлье. Хүн хүний зовлонг өөрөө туулж, үзээгүй бол хэзээ ч мэдрэхгүй гэдэг юутай үнэн. Өнөө цагийн Монголчууд ийм зан араншинтай, үзэл бодолтой, бэртэгчин болж байгаа нь бидний гамшиг. Гадаадад болон дотоодод хаа сайгүй л ийм хүмүүс олширчээ.
Бид энэ байдлыг өөрчлөхгүй бол болохгүй нээ. Тэгэхгүй бол нэг өглөө сэрээд харахад чинь бидний амь нэг машины үнэ битгий хэл, идэшний хонины үнэтэй л дүйцсэн байх  бий.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө