Ялын бодлогодоо байна уу, системдээ байна уу?

Хууль , шүүхийн системд өөрчлөлт хийх цаг болсон тухай зөндөө л ярилаа. Одоогоор мэдэгдэж байгаа юм алга. Ерөнхийлөгч Элбэгдорж шүүхийн шинэчлэлтэй холбоотой багц хуулиуд Их Хуралд өргөн барьсан боловч одоо болтол хэлэлцэхгүй хав дараад байгаа гэнэ. Хэлэлцэхгүй унжих шалтгаан эрх барьж байгаа МАН-д байгаа хэрэг.

Манай хуулиуд чанга талдаа гэж ярьдаг боловч тэрний нэмэр гэж алга. Хажуугаар нь Ерөнхийлөгчийн  эрх мэдлийн хүрээнд гаргадаг хавтгайрсан өршөөлийн хууль бас их гай дагуулж байнаа.  Өршөөлийн хууль гаргаж болноо. Гэхдээ тэгж хавтгайруулах нь буруу юм. Ямар хүнийг өршөөх вэ гэдэг тухайд хэрэг бүр дээр, хүн бүр дээр нарийн судалж шийдэж байх нь илүү шударга бөгөөд ямар нэгэн үл бүтэх этгээд ял завшиж мултрах боломжгүй болох юм.

Ерөнхийлөгчийн өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүсээс олонхи нь дахин олдсон боломжоо алдахгүй ашиглах гээд энэ хэцүү үед хэрээрээ зүтгэж байгаа боловч харамсалтай нь ухвар мөчид бөгөөд магадгүй хэзээ ч засал авахгүй зарим нэг цөөн этгээд дахин гэмт хэрэг үйлдэж дахин торны цаана суужээ.  Хүн амины хэргээр эсвэл малын хулгайн хэргээр сууж байсан нөхөр гараад л дахин хүн алсан гэнэ. Одоо 23 настай А гэгч малын хулгайн хэргээр ял эдэлж байгаад өршөөлөөр суллагдсан хойноо саяхан Дорнод аймагт 3 хүний амийг хөнөөсөн хэргээр шалгагдаж байгаа гэнэ.

Сүүлийн үеийн бас нэг жишээ бол П.Сумъяажав гэгч этгээд юм. Энэ нөхөр 2009 онд нэг наизтайгаа хуйвалдаж айлын гэр ухах үедээ тэр айлын 5 настай охиныг найзыгаа турхирч хөнөөлгөөд, өөрөө 12 настай эгчийнх нь хоолойг хэрчиж зэрэмдэглэсэн яргачин юм. Энэ хүн тухайн үед насанд хүрээгүй байсан гэх  үндэслэлээр Ерөнхийлөгчийн өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан байна. Өнөөдөр  тэрээр мөн хулгай ба танхайн хэргээр шалгагдаж байгаа гэнэ. Засрашгүй этгээд гэж түүнийг хэлэх байх.

Тэгвэл АНУ-д иймэрхүү хэргийг яаж шийдэж байна вэ гэдгийг сүүлийн үеийн нэг жишээн дээр авч үзье.  Алисса гэгч охин (дээрх зураг үз)  15 настай байхдаа 2009 онд хөршийнхөө 9 настай  охиныг хууран авчраад  боож, цээжинд нь хутгалаад хоолойг нь хэрчиж алсан гэмт хэрэг үйлджээ.
Энэ хэргийнхээ төлөө тэрээр сая насаараа хоригдох ял авлаа. Хэдийгээр хожим өршөөлд хамрагдах боломж нь нээлттэй гэсэн боловч энэ охин (одоо 18 настай) лав олон жил шоронд  хоригдох болж байна.

Гэтэл манайд бол зүгээр хавтгайд нь хамруулаад алуурчдыг өршөөгөөд явуулчихаж байна. Жаахан зааг ялгаатай байхгүй бол болохгүй нээ гэдгийг дээр өгүүлсэн Сумъяажав болон бусад алуурчдын хэрэг анхааруулаад байгаа бус уу?

Саяхан бас л 16 настай хоёр хөвгүүн 20 настай эмэгтэйг хөнөөгөөд машиныг нь авч явж байгаад баригдсан хэрэг гарсан. Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр гэгч эдгээр алуурчдыг   нэлээн хэдэн зүйл ангиар ялласан боловч тус  бүрдээ 15 жилийн хорих ял аваад салсан билээ.  Гэвч дээрх хүн адгууснууд  дэндүү хүнд ял оноолоо гэж давж заалдсан гэнэ. Юу ч гэх билээ. Ялыг нь хөнгөдүүлэхээр ингэж цагаандаа цайдаг аж. Хүн алчихаад, бас цогцсыг нь шатаачихаад нүглээ наминчлахын оронд хөнгөн ял өг гэж байгаагаараа бол эд нар хэзээ ч засрахгүй бөгөөд үхэн үхтэл нь шоронд байлгаж  ажил хийлгэж  байх ёстой бөгөөд харин ажлын хөлсийг нь талийгаачын ар гэрийнхэнд өгч байх нь шударга   ёсонд нийцнэ.

Шударга ёс алдагдаж, хүний амьтай  холбоотой хэрэг дээр хүртэл  танил тал, ар өврийн хаалга, хахууль өгдөг авдаг байдал нь хавтгайрч хуулийн өмнө тэгш байх тухай тунхаглал хоосон уриа лоозон болж хувирсан энэ үед эрс өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол хэцүүдлээ.
Энэ өөрчлөлтийг ард иргэд өөрсдөө л тэмцэж, босож хийхгүй бол хэн ч өмнөөс маань хийж өгөхгүй. Сайхан амьдрая, шударга байцгаая гэвэл өөрчлөлтийг эхлэх хэрэгтэй. Сэрцгээгтүн!




Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө