Монголчуудаа гэж...


Монголчууд гэж бодоод байхад аргагүй л сонин ард түмэн юм. Дэлхийд хосгүй.
Шар арьстан дотроо яалт ч үгүй Азийн бусад үндэстэнүүдээс ижилгүй содон. За худлаа гэвэл цааш нь уншаарай. Би нотлоод өгөмз.

Амьдарч байгаа газар, орчин нөхцөл нь хүнийг бүтээдэг аж. Бидний амьдрах орчин бусад шар арьстануудынхаас тэс өөр учраас л бид тэд нараас онцгойроод байгаа байхгүй юу.
Монголчууд мах сүү хоёроор болгоод ирсэн ард түмэн. Бид бусад шар арьстангууд шиг нэг газраа байшин бариад байнга суугаа амьдрах ямар ч боломжгүй. Малаа яах юм?

Малтайгаа үхсэн ч хамт, сэхсэн ч хамт ард түмэн болохоор малаа бараадаж мах сүүг нь хэрэглэж оршин тогтнодог. Тэр тариа будаа, ногоо энэ тэрийг тариад сууж байх завгүй бөгөөд байцаа, төмс, цагаан будаагүй болоод л ирсэн үндэстэн. Тэгвэл манай бусад Азийн ард түмэн цагаан будаа, ногоо байхгүй бол өнгөрөө. Тэд нарын хувьд далайн амьтан, загас жараахай нь манайхны 5 хошуу мал гэсэн үг юм.

Сэрүүн хүйтэн газар амьдардаг болохоороо бид чинь архи мэтийн дотор бүлээсгэдэг юм уухгүй бол болохгүй биз дээ. Гэм нь сүүлийн үед ихээхэн хэтрүүлж хэрэглэдэг болчихоод байгаа болохоос биш. Цаг агаараа дуурайгаад бидний араншин огцом ширүүн болчихсон болохоор архиа жаахан хэтрүүлэхээр ихээхэн зовлонтой аашилдаг гэмтэй нь үнээн.

Угаасаа тархай бутархай таран амьдарч, бие даасан байдалтай оршин тогтноод сурчихсан учраас Азийн бусад цагаан будааны ард түмнүүдийг бодвол их амиа бодсон, бэртэгчин зантай. Ямар нэгэн асуудал гарахад цагаан будааныхан нийлж хамтардаг байхад Монголчууд амь амиа бодоод салж оддог нь яалт ч үгүй үнэн.

Ийм зан араншинтай улсыг нэгдмэл байлгах ганц арга бол хүчээр нэг гарын дор зангидах явдал боловч энэ нь одоо цагт бүтэшгүй тул Монголчуудын хувь заяа ирээдүйд ямар байх нь их бүрхэг. Ер нь сайн төлөв харагдах найдвар муу.
Чингис хаан илдний дор Монголчуудыг нэгтгэж дэлхийд нэрээ мандуулсан боловч тэрнээс хойш манай хаад ноёд хувиа бодсон бэртэгчин зангаасаа болж хоорондоо дайтсаар Монголчуудыг тамирдуулан хөнөөж, улс орны тусгаар байдалд гай болж харийн улсын идэш болсон түүх байдаг.

Монголчууд эвтэй бол хүчтэй гэж ярьдаг нь үнэн боловч энэ үгийг дагаж баримталдаг нь бараг үгүй. Бүгд л амь амиа хоохойлно. Эх орон гэж цээжээ дэлдэх боловч цагаа тулахаар амиа өгөх нь хэд вэ? Гадны юм бүхнийг шүтэж Монгол хүн болж төрсөндөө гутарч байгаа амьсгаанууд цөөхөн биш шүү. Монгол дарханы урласан гоёлыг Сингапураас авсан гэж донгодож байгаа хүмүүс хэн бэ?

Олон толгойтой Монгол хол явахгүй ээ. Бидэнд нэг л толгой хэрэгтэй. Ногоо, цагаан будаа идэж сураад , костюм өмсөж зангиа зүүгээд ч бид бусадтай адил болж чадахгүй. Гаднаа бол өөр л харагдах байх, гэхдээ доторхи нь хэвээрээ л байна.
Нам болж тоглоод Монголчуудын эв нэгдэл дээрдээгүй харин дордсон гэвэл маргах хүн цөөхөн гарах байх. Олон намын тогтолцоо, парламентын засаглал, Ерөнхий сайд гэхчлэн бусдаас хуулбарлан дуурайж байгаа юмнууд чинь бидэнд таарч тохирохгүй эд байна гэдгийг амьдрал харуулаад байгаа бус уу?

Тэр ардчилсан гэгдэх орнуудын засаглах арга, хэв маяг чинь тэр орнуудын ард түмний бүтээн бий болгосон, өөрсдийнх нь сэтгэхүй, зан заншилд таарч тохирсон учраас болоод байна. Харин тэр юмыг шал өөр сэтгэхүйтэй, зан соёлтой Монголчууд дээр туршаад лав 20 жил боллоо. Гарсан үр дүн гэвэл төр засаг нь ямар ч хүчгүй, хээл хахуульд автаж ялзарсан, шударга ёс гэдэг цаасан дээр бичсэн хоосон уриа болж хувирсан, хүн амын дийлэнх нь ядуу,
угийн эд мөнгөний шуналтай дээр нь улам эд баялаг, мөнгийг тахин шүтэж, бүх юмны хэмжүүр гэж ойлгодог болгож хүмүүжүүлсэн, хоосон байж худлаа цамаархсан хүмүүсээр дүүрэн орон болж хувирчээ.

Хээл хахууль авдаггүй, өгдөггүй хүн гэж алга. Хэсгийн эмнэлгийн сувилагчаас авахуулаад багш, цагдаа, эмч , шат шатны төрийн захиргааны хурган дарга нар, дээдсүүд бүгд л таарсан хэмжээндээ авилга авч амьдарч байна. Хахуульгүй ерөөсөө ямар ч ажил явахаа больсон байна. Шинэ төрөх гэж байгаа хүүхдийн аав төрөхийн эмч нарт хахууль өгөхгүй бол эхнэр нь өөрөө хүүхдээ эх барьж авах, эсвэл амь насаа алдаж мэдэхээр болжээ.

Угаасаа эдийн шуналтай ард түмэн болохоор нэг их гайхаад байх юм байхгүй л дээ, гэхдээ хэмжээ хязгаараа алдаж дэндүү гэж хэлэхэд зөөлдөхөөр болжээ. Бидний сонгосон зам бидний төрөлхийн өвчнийг сэдрээж газар авахуулсан байна гэж хэлэхэд болно.
Эцсийн дүгнэлт нь юу гэж гарахыг таахад хэцүү биш: Бидэнд барууны хөгжлийн загвар , арга барил таарахгүй байна.

Бид өөрсдийгөө магтах их дуртай. Зарим магтаал нь худлаа, зарим ч үнэн байдаг. Ялангуяа шинэ юм сурахдаа их айхтар л даа. Манайханы <монголчлох> гэдэг чинь гадны гаралтай зүйлийг Монголын нөхцөлд зохицуулж өөрчлөхөө хэлээд байгаа биз дээ? Тэгвэл тэр барууны сонгодог гээд байгаа хөгжлийн загварыг монголчлоод хэрэглэж яагаад болохгүй гэж. Авах ёстой санааг нь аваад өөрсдийнхөө уламжлал, заншилд тааруулж зохиогоод хэрэгжүүлж болмоор л санагдах юм. 

300 жил Манжид үйлчилж, 70 жил Социализмд молигодуулж , 20 жил туршилтын туулай болсон Монголчууд сайн сайхан цагийг мөрөөдөж хоорондоо хэмлэлдсээр дуусах уу, эсвэл сэргэн мандах уу гэдгээ шийдэх цаг болжээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө