Хэлсэн үгэндээ эзэн болдоггүй юмнууд хэнд хэрэгтэй юм?

Төр засаг нь төлөв шударга байгаад эрх мэдэлтнүүд нь хэлсэн ярьсандаа байдаг бол түмэн олон нь түүртэж бухимдахгүй байхсан. Даанч тийм байдаггүй нь гачлантай. Хамгийн ойрын жишээ гэхэд л МАН-ын амалсан мөнгөний үлдэгдэл болох 1 сая төгрөгний тухай болон эх орны байгалийн хишиг хэмээх үнэгүй хувьцааны тухай асуудал.
Хоёр өөр тусдаа юмыг л яаж ийгээд нэг юм болгон  аргалах  мэргэн арга олчихоод урьд өмнө хэлж ярьсанаасаа тэс өөр юм яриад унасан эрх баригчдыг яах вэ?

Бэлэн бусаар олгоно гээд байсан 1 сая төгрөгийг чухам л сургалтын төлбөртөө зориулж болно гээд хөөрхий оюутнуудад саймшраад байсан чинь  одоо болохоор төлбөрөө хийгээд мөнгө үлдсэн бол тэрэндээ тааруулж  хэдэн ширхэг хувьцаа авбал ав , харин бүгдийг нь хэрэглэчихсэн бол ерөөсөө хувьцаа өгөхгүй шүү гэнээ.  Ингээд оюутнууд маань эх орны хишиг буюу нөгөө үнэгүй  бөгөөд иргэн бүрд өгнө гээд рекламдаад байсан хувьцаанаас горьдолтгүй болжээ. МАН нэг сумаар хоёр туулай буудаж байгаа нь энэ.  Харин  хөгшчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ийнхүү 1 сая төгрөгөө бэлнээр авна гэвэл бас л хувьцаагүй хоцроно гэдгээ мэдэж л байдаг байгаа даа.

МАНАН-гийнхан орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг нэг өдөр явуулна гээд л хууль юмаа батлаад байсан чинь одоо болохоор МАН-ынхан тэс өөр юм яриад суучихлаа. Энэ хоёр сонгуулийг тусад нь явуулахаар шийдэж гэнээ, тэд. АН-ынхан болохоор нэг өдөр хамтад нь явуулна гэж зүтгээд, ноён Сайханбилэг хүртэл энэ байр суурь дээрээ хатуу зогсоно гэж ирээд л сүржин мэдэгдэл хийж байсан нь тун саяхан. Тэгсэн чинь нөгөө хатуу зогсож байна гээд байсан  АН-ынхан нөгөө намдаа бууж өгөхөөр шийджээ. Ингээд л нөгөө  туйлбаргүй  зангаа дахин гаргаж байгаа нь энэ.

Саявтар баталсан сонгуулийн хуулийг хэлэлцэж байх үед  мажоритар ба пропорционалын тооны харьцаан дээр тохирохгүй баахан маргалдаж байгаад бас л МАН-д бууж өгсөн дөг. Бууж өгөхөөсөө өмнө мөн  л АН-ын байр суурь хатуу хэвээрээ шүү гэж баахан худлаа сүржигнэж байгаад л удалгүй буулт хийсэн юмдаг.

Хэдийгээр зохицох , харилцан буулт хийх практик байдаг ч гэсэн АН-ын туйлбаргүй нөхөд тактикаа  зохиож  чаддаггүй юм уу, эсвэл ухаан нь хүрдэггүй юм уу, ямар нэгэн шалтгаанаар дандаа алдагдалтай ``наймаа`` хийгээд байх шиг. Тэр утгаараа эцсийн дүнд нь  ард түмэн, улс л хохирч үлдэх юм даа.  Ухаандаа, өөрчлөлт хийвэл хурдан түргэн хийгээд үр дүнг нь амсаад явах байтал аажмаар зугуухан явах нэрийдлээр улсын хөгжлөөс  хойш нь чангаагаад байнаа гэсэн үг. 
Зөвшилцөх нэрээр хагас дутуу, зэрэмдэг шийдвэр гаргасны гайгаар богино хугацаанд хийгдээд явах ажлыг сунжруулж цаг их алдаж байгаа нь улсын хөгжилд их  гай болж байна.

Бидэнд тиймэрхүү ``дундаа хийсэн`` шийдвэрүүд хэрэггүй. Зөв гэж бодож шийдсэн бол түүнийхээ төлөө зүтгэх хэрэгтэй. Тэрнээс нөгөө намтай  тохиролцож байна гэдэг нэрээр аливаа ажлыг зэрэмдэглэх нь тус болохоосоо илүү  ус болно. Хэрвээ зөв гэснээрээ зүтгээд нэгдсэн шийдвэрт хүрч чадахгүй улмаар уг асуудал гацаанд  орно гэж айгаад байгаа бол мандат олгосон ард түмнээсээ асуучих хэрэгтэй. Тэд асуудлыг хэн шийдэж чадахгүй байна гэдгийг хэлээд өгөх ба ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүс, хүчин эртхэн зайгаа тавиад зайлаад өгвөл тэр нь  илүү шударга юм.

Аливаа асуудлыг   яаж шийдвэл улс оронд  хэрэгтэй, ашигтай байх вэ гэдэг талаас нь биш харин яаж шийдвал өөрсдөд  нь ашигтай вэ гэдгийг илүүтэй бодож шийддэг бэртэгчингүүд бидэнд хэрэггүй. Ер нь аливаа хүнийг сонгож мандат олгохоосоо өмнө ард түмэн, сонгогчид  ингэж амыг нь асуумаар байгаа юм. Ам өчгийг нь авсаны дараа хариуцлага тооцож , үр дүн нэхэхэд амар болох юм.

Нам гэдэг нэрээр хариуцлагаас бултах, зөвхөн өөрийн тойрогтоо хийсэн аахар шаахар ажлаар сонгогчдын амыг таглаж нүдийг хуурах муу аргатай ахар бодолтой хүмүүсийг нэгэнт таньсан бол дахиж итгэл хүлээлгэх хэрэггүй.  Сонгогч бид өөрсдөө хариуцлагатай байж өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дуугарч, жаахан идэвхтэй байвал бидэнд л тустай. Эс тэгвээс элдэв юм ярьж дараа нь гоншигнох  шаардлагагүй юм.



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө