Ерөнхийлөгчийн засаглалт Монгол Улсын Үндсэн Хууль

Зээ, миний бие Монголчууд маань нэг толгойтой байж, олон нам бүлэг, нутаг жалгаараа хуваагдалгүй нэгдмэл нэг цул байвал  хүчирхэг байж чадах бөгөөд хөгжин дэвжинэ гэдэгт итгэдэг нэгэн билээ. Тиймээс ч Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг. Энэ удаад хэрвээ манай улс Ерөнхийлөгчийн засаглалтай болбол Үндсэн Хуульдаа  оруулах  өөрчлөлтийн тухайд өөрийн санал бодлоо бичиж тавилаа. Болгооно уу.


                                                                      ТӨСӨЛ 


МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ-д нэмэлт, өөрчлөлт оруулах санал

Гуравдугаар зүйл

Хуучнаар: 

1. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
Өөрчлөлт: 

1. Монгол Улсад төр засгийн эрх бүх ард түмний мэдэлд байна. Монголын ард   түмэн төр засгийн үйл хэрэгт шууд болон өөрсдийн сонгосон төлөөллөөрөө дамжуулан оролцож энэхүү эрхээ эдэлнэ.

Есдүгээр зүйл

Хуучнаар:

1. Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ.

Өөрчлөлт:

1. Монгол Улсад төр засаг нь аливаа шашныг хүндэтгэнэ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аливаа шашны байгууллага, итгэгч нарын зүгээс төр засгийн эсрэг болон ард түмний хоорондын эв нэгдэлд дайсагнасан үйл хэргийг өдөөх, дэмжих, санаачлах, зохион байгуулах, удирдан явуулахыг хориглоно.
Монгол Улсад аливаа шашин, шүтлэгийг эрх тэгш, эв найрамдалтай                 зэрэгцэн оршин байх нөхцөлийг тусгай хуулиар зохицуулж хангана.       


Арвангуравдугаар зүйл

Хуучнаар:

1. Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн.
Өөрчлөлт :

1. Монгол Улсын төр засгийн удирдах дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Улсын нийслэлийг ард түмний санал асуулгаар олонхи дэмжээгүй нөхцөлд нүүлгэн шилжүүлэхийг хориглоно. Хууль ёсны сонгуулийн үеэр энэ тухай санал асуулга явуулж болно.

Арвандөрөвдүгээр зүйл


Хуучнаар:

2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.

Өөрчлөлт:

2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Мөн амьдрах арга барил, бие эрхтэний хөгжил, харагдах байдал, оюун санааны хөгжил, чадавхи зэргээс нь шалтгаалан ялгаварлан гадуурхахыг хориглоно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.


Арванзургаадугаар зүйл

Хуучнаар:

1/ амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;

Өөрчлөлт:

1/ амьд явах эрхтэй. Хүнийг гэмт хэрэг хийсний төлөө цаазаар авахыг хориглоно. Хүнийг тарчлаах, эрүүдэх болон бусад хүнлэг бус аргаар бие махбодийг нь зовоох, доромжлохыг хориглоно.


Хуучнаар:

7/ сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;

Өөрчлөлт:

7/ сурч боловсрох эрхтэй. Төрийн мэдлийн сургуулиар үнэ төлбөргүй ерөнхий боловсрол олж авах эрхтэй. Бусад хэвшлийн сургуулиар боловсрол олж авах зохицуулалтыг тусгай хуулиар хийнэ.

Хуучнаар:

10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;

Өөрчлөлт:

10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хохироох, хэлмэгдүүлэхийг хориглоно.

Хуучнаар:
11/ улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;

Өөрчлөлт:

11/ улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Хүүхэд, залуу хүмүүс зөв шударга, ёс зүйтэй хүмүүжиж, өсөж бойжих эрх, боломж, ашиг сонирхлоо төрөөс хангуулах эрхтэй.

Хуучнаар:

13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;

Өөрчлөлт:

13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;

Хорьдугаар зүйл

Хуучнаар:

Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.

Өөрчлөлт:

Монгол Улсын Их Хурал бол хууль тогтоох төрийн дээд байгууллага мөн.


Хориннэгдүгээр зүйл
 
Хуучнаар:

  1. Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.

Өөрчлөлт:

  1. Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүний тоог нэг гишүүн хорин таван мянгаас цөөнгүй сонгогч төлөөлж байхаар бодож тогтоох ба хүн амын тооллогын дараа тухай бүр шинэчилж байна.

Хуучнаар:

З. Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.

Өөрчлөлт:

З. Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын гучин дөрвөн нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно. Нэр дэвшигчэд тавигдах шаардлагыг тусгай хуулиар зохицуулна.

Хорин хоёрдугаар зүйл

Хуучнаар:
2. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.

Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.

Өөрчлөлт:

2. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.

Хорин дөрөвдүгээр зүйл

Хуучнаар:

  1. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.

Өөрчлөлт:

  1. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно.


Хорин тавдугаар зүйл

Хуучнаар:

4/ Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх;

Өөрчлөлт:

4/ Улсын Их Хурлын Байнгын хороо, харъяа бусад байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх;

Хуучнаар:

5/ Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах;


Өөрчлөлт:
5/ Ерөнхийлөгчөд итгэл үзүүлэх эсэх асуудлаар гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаж шийдвэр гаргах; огцрохыг санал болгох

Хуучнаар:
6/ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;
(Энэ заалт бүрэн хасагдана)

Хорин зургаадугаар зүйл

Хуучнаар:

  1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.

Өөрчлөлт:

  1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн хууль санаачлах эрх эдэлнэ.



Хорин долоодугаар зүйл
Хуучнаар:

6. Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.

Өөрчлөлт:
6. Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

Хорин есдүгээр зүйл

Хуучнаар:

1. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

Өөрчлөлт:
1. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

Хуучнаар:

З. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

Өөрчлөлт:
З. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон байж болох тухай асуудлыг Улсын Ерөнхий Прокуророос албан ёсоор тавьж эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт гаргасны дагуу тухайн гишүүний эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг Их Хурлаас гаргана. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүний албан тушаалаас огцруулах шийдвэр гаргана.

Гучдугаар зүйл

Хуучнаар:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн.
Өөрчлөлт:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол төрийн тэргүүн бөгөөд гүйцэтгэх дээд байгууллагыг тэргүүлнэ.

Гучин нэгдүгээр зүйл

Энэ зүйлийн 1 дүгээр заалтыг хэвээр үлдээгээд бусдыг нь (2-8) хасна.

Шинээр:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийг сонгохдоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баримтлана.

Гучин гуравдугаар зүйл

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн заалтанд (1) байгаа дараах хэсгүүд (2;3) бүхлээрээ хасагдана:

2/ Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;


3/ өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Харин бусад (1,4,5,6,7,8,9,10,11,12) хэсгүүд хэвээрээ байна. Мөн энэ зүйлийн 2,3,4 дэх заалтууд хэвээр үлдэнэ.
Үүн дээр нэмэгдэж Засгийн газрын тэргүүний хувьд 38 дугаар зүйлийн 2 дахь заалтанд байгаа дараах хэсгүүдийг энд шинээр оруулна:


1/ Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;

2/ шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх;

3/ салбарын ба салбар хоорондын, түүнчлэн бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;

4/ хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;

5/ төрийн захиргааны төв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;

6/ улсыг батлан хамгаалах хүчин чадлыг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах;

7/ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

8/ төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх;

9/ Улсын Их Хуралтай зөвшилцөж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.


Гучин долоодугаар зүйл
 
Хуучнаар:
1. Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ.

Өөрчлөлт:
1. Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Дэд Ерөнхийлөгч хэрэгжүүлнэ.


Хуучнаар:
2. Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.
Өөрчлөлт:

2. Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Дэд Ерөнхийлөгч хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.

(Энэ зүйлийн 3 дугаар заалтыг хасна.)

Монгол Улсын Засгийн Газар гэсэн 3 дугаар бүлэг (38 дугаар зүйл) бүхлээрээ хасагдана. Энэ бүлэгт байсан 2 дугаар заалтын 1-9 дэх хэсгүүд 33 дугаар зүйл уруу шилжсэн)

Гучин есдүгээр зүйл

Хуучнаар:

1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. 

Өөрчлөлт:

1. Засгийн газар Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч ба танхимын гишүүдээс бүрдэнэ.

Хуучнаар:

2. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

Өөрчлөлт:

2. Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

Хуучнаар:


З. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.

Өөрчлөлт:

З. Засгийн газрын гишүүдийг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж батлана.


Дөчдүгээр зүйл
(Энэ зүйлийн 1 дүгээр заалт хэвээр байна)


Хуучнаар:


2. Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.


Өөрчлөлт:


2. Засгийн газрын бүрэн эрх Ерөнхийлөгч сонгогдож эрх хүлээж авсанаар эхэлж, шинэ Ерөнхийлөгч сонгогдсоноор дуусгавар болно.


(41, 42, 43, 44, 45 дугаар зүйлүүд бүхлээрээ хүчингүй болно)


Дөчин есдүгээр зүйл

Хуучнаар:


2.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.

Өөрчлөлт:
2. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, ямар нэгэн байдлаар нөлөөлөх, нөлөөлөхийг оролдохыг хориглоно.


Тавин нэгдүгээр зүйл
Хуучнаар:
2. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.

Өөрчлөлт:

2. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс танилцуулсаны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралаар хэлэлцэн томилж, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор ард иргэдийн сонгуулиар тус тус сонгон батална. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Улсын Их Хурал томилно.


Хуучнаар:
З. Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.

Өөрчлөлт:
З. Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэн Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэн бусад шүүхийн шүүгчээр ажиллах эрхтэй.

Шинээр:

5. Улсын Дээд Шүүхээс бусад шатны шүүгчдийн сонгуулийг зохих хуулийн дагуу явуулна.


Жардугаар зүйл
Хуучнаар:
2. Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.

Өөрчлөлт:

2.Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга ба Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүдийг Орон Нутгийн сонгуулийн хуулийн дагуу сонгоно.

( Энэ зүйлийн 3 дугаар заалт бүхлээрээ хасагдана.)

Жаран нэгдүгээр зүйл

Хуучнаар:

З. Тавьсан хоригийг нь Хурал өөрийн төлөөлөгчдийн олонхийн саналаар няцаасан нөхцөлд Засаг дарга уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих Хурал, Ерөнхий сайд буюу харьяалах дээд шатны Засаг даргад гаргаж болно.

Өөрчлөлт:

З. Тавьсан хоригийг нь Хурал өөрийн төлөөлөгчдийн олонхийн саналаар няцаасан нөхцөлд Засаг дарга уул шийдвэрийг биелүүлэх боломжгүй гэж үзвэл огцрох хүсэлтээ зохих Хуралд гаргаж болно.

Жаран тавдугаар зүйл

Хуучнаар:

5. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно.

Өөрчлөлт:
5. Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно.


Жаран зургаадугаар зүйл
Хуучнаар:
1. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.

Өөрчлөлт:

1. Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.


(Энэ зүйлийн 2 дахь заалтын дараах (3 ба 4 дүгээр ) хэсэгт орсон Ерөнхий сайд ба Ерөнхий сайдыг гэсэн үгнүүдийг хасна)
Хуучнаар:

З/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;

Өөрчлөлт:
З/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;

Хуучнаар:
4/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх.

Өөрчлөлт:
4/ Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүнийг огцруулах үндэслэл байгаа эсэх.

Жаран наймдугаар зүйл

Хуучнаар:

1. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.

Өөрчлөлт:

1. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргана.

Хуучнаар:

2. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Ү заасан үндэслэлийн дагуу явуулна.

Өөрчлөлт:

2. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн ердийн олонхийн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно.



----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Үндсэн Хуулинд хүний эрх, эрх чөлөөг хангасан заалтууд нэлээдгүй орсон боловч үзэл бодлоо илэрхийлэх гол хэрэгсэл болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай үг үсэг алга.
Тиймээс энэ тухай шинээр бүлэг нэмж оруулах, эсвэл Хүний эрх, эрх чөлөө гэсэн 2 дугаар бүлгийн дотор шинээр тусад нь нэг зүйл болгож оруулж болох юм. Шинээр бүлэг болгож зохиож оруулна гэвэл дараах хувилбараар байж болох юм:


................... дугаар бүлэг 
 
Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө

...................... дугаар зүйл

  1. Хэвлэл, радио телевизийн болон бусад хэлбэрээр олон нийтэд зориулсан мэдээлэл түгээн тараах эрх чөлөөг хангана.

  1. Эх зохиогчийн зөвшөөрөлгүй мэдээллийг өөрчлөх, гуйвуулах, хянах, засварлаж найруулах, буюу дээрх үйлдлийг тулган шаардахыг хориглоно.

  1. Мэдээллийн эх үүсвэрийн нууцлалыг хадгалах, тэр тухай мэдээлэл өгөхгүй байх эрхтэй.

  1. Хуулинд зааж хориглосоноос бусад байдлаар мэдээлэл олж авах, дамжуулах эрхтэй.

  1. Хэвлэн нийтлэх, мэдээлэл түгээх үйлдлийнхээ төлөө бусдын эрхэнд зүй бусаар халдсанаас бусад тохиолдолд ял эдлэхгүй.

6. Хэвлэн нийтлэх, мэдээлэхтэй холбоотой бусад харилцааг хуулиар зохицуулна.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө