Уранаас хол явцгаая!
Уран (мөнгөлөг метал элемент) |
Тууштай байна гэдэг бол зорьсондоо, хэлсэндээ, бодсондоо хүрэхийн тулд шантрахгүй зүтгэнэ гэсэн үг. Бид замын голоос их буцаж байна.
Үүний нэг тодорхой жишээ бол цөмийн хаягдлыг Монголд байлгахын эсрэг тэмцэл юм.
Цөмийн хаягдлыг Монголд булуулахын эсрэг, хадгалах байгууламж барихын эсрэг нэг хэсэг хүчтэй дуугарч байсан боловч одоо таг болжээ. Төр засгийн өндөр албан тушаалтны хэмжээнд хоёр ч орон (АНУ ба Япон) дамнасан яриа тохиролцоо болж байсан тухай шуугиж эхэлмэгц Монголын эрх мэдэлтнүүдийн өөрийгөө өмөөрөх, худлаа ярьж төөрөгдүүлэх механизм нь автоматаар ажиллаж бүхнийг үгүйсгэн мэлзсэнээр асуудал намжсан. Дээр нь Ерөнхийлөгч маань дотооддоо болон гадаадад очиж Монголд цөмийн хаягдал ( гэхдээ гадны эх үүсвэртэй гэж онцолсон байх аа?) булуулахгүй гэж чанга дуугарсанаар хүмүүсийн санаа амарч тайвширчээ.
Гэвч үнэндээ тайвшрах ёсгүй байж. Учир нь гадны эх үүсвэртэй цөмийн хаягдал булуулахгүй гэж байгаа боловч энэ маань цаад утгаараа дотоодын эх үүсвэртэй бол булж болно гэдгийг хэлээд байна. Тэгвэл гадных ч бай, дотоодын гаралтай ч бай адилхан хортой аюултай бодис шүү дээ. Монголын уранаас гаралтай цөмийн хаягдал нь хор багатай, гадаадынх бол хортой гэж арай бодоогүй байлтай. Адилхан гамшигт хүргэх аюултай бодисууд. Тийм учраас ямар ч гарал үүсэлтэй байсан хамаагүй хориглох ёстой юм.
Гадаадын цөмийн хаягдлыг нутагтаа булуулахгүй гэж манийгаа сайхан тайвшруулчихаад одоо дотооддоо цөмийн хаягдал үүсэх нөхцөлийг бий болгох гээд ажиллаж байна цаана чинь.
Уранаа өөрсдөө баяжуулаад дараа нь Орост ч юм уу өгөөд нөгөө Атомын Цахилгаан Станцад (АЦС) ашиглах гол түлш болох цөмийн түлшийг гаргуулж авна. Тэгээд тэр түлшээ АЦС-тай орнуудад (Энэтхэг, Арабын Эмират г.м.) тохирсон ёсоороо худалдаад дараа нь тэр хэрэглэгдээд дууссан түлшнээс гарсан цөмийн хаягдал гээч юмыг Монголдоо буцааж авч таарна.
Өнөө цагт цөмийн хаягдлыг аюулгүй хадгалах, ашиглах технологи, аргыг олоогүй байгаа учраас гадаадаас цөмийн түлш авсан орнууд (дээр дурдсан Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират улс г.м) тухайн түлшнээс гарсан цөмийн хаягдлыг анх зарсан оронд нь (жишээ нь, Монголд) буцааж тушааж байхаар гэрээ хийх сонирхолтой байх нь мэдээж. Манай зарим хүмүүсийн хэлж байгаа шиг бид зарах түлшнийхээ үнийг бууруулбал цөмийн хаягдлаа эргүүлж авахгүйгээр гэрээ хийх боломжтой гэдэг нь юу л бол. Бас л нэг тайвшруулах арга биз ээ.
Тэр ч байтугай Монголд АЦС барьж хямдхан эрчим хүч гаргая гэсэн ухвар мөчид хэнээтнүүд их байна. Монголд АЦС барьчихаад өөрсдийнхөө ураны түлшийг хэрэглэх юм байх. Түлшнээс үлдсэн цөмийн хаягдлаа яахав? Дотооддоо булж л таарна. Ингээд нөгөө цөмийн хаягдал булуулахгүй энээ тэрээ гээд байсан хүмүүс амаа таглуулна. Манай цөмийн хаягдлыг хэн ч ``худалдаж`` авахгүй; Орост өгч хадгалуулна гэвэл овоохон төлбөр төлөх болно. Ийнхүү нутагтаа булахаас өөр гарцгүй болно.
Тэгэхээр эндээс ямар дүгнэлт хийж болох вэ? Цөмийн хаягдал гээч юм чинь урантай холбоотой бий болдог эд байх нь. Бид уранаа олборлоод л, түүнийгээ экспортлоод, бас нутагтаа АЦС барих л юм бол цөмийн хаягдалтай ``найзлахаас`` өөр аргагүй байдалд хүрч байгаа биз? Тэгвэл цөмийн хаягдалгүй Монгол байя гэж л байгаа бол бид уранаас татгалзах хэрэгтэй болж байна.
Тэгтэл цаана чинь Дорнод, Дорноговь г.м. аймгуудад ураны тодорхой орд газруудыг илрүүлсэнээс зарим орд дээр нь уурхай барьж уранаа олборлож эхлэх гээд зөвшөөрлөө хүлээсэн компаниуд ажилдаа орох гээд ханцуйгаа шамлаад бэлдчихсэн анаад байж байна.
Хэдийгээр энэ уул уурхайн ажил нь тодорхой хүмүүсийг цалинжуулж, хувь компани, хүмүүст ашигтай бөгөөд улсад татвар төлөх утгаараа сайн хэрэг мэт харагдавч дээр өгүүлсэн шалтгаануудын улмаас яавч зөвшөөрч боломгүй асуудал гэдгийг эх орноо, ард түмнээ Чернобыл, Фукушимагийн адил гамшигт нэрвүүлэхгүй гэсэн хүн бүр ойлгож байгаа.
Гэтэл бид яагаад сүүлийн үед дуугарахаа болив оо? Энэ чинь нөгөө аливаа юманд тууштай байж чаддаггүйг л нотлоод байна шүү дээ. Бид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тууштай дуугарч тэмцэж сурмаар байна. Хэсэг хүмүүсийн эдийн шуналд дийлдэж улс орноо, хүн амаа цацраг туяагаар хордох эрсдэлд оруулмааргүй байна. Монгол газар хөдлөлийн бүсэд багтдаг орон. Саяхан Баянхонгорт 5 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Бидний хадгалж байгаа цөмийн хаягдал, барьж ажиллуулах гээд байгаа АЦС газар хөдлөлтөнд өртөж сүйрвэл бид яаж ч чадахгүй хиараад дуусна. Цацрагаар хордсон хүмүүсийн үр хүүхэд ямар гарах билээ? Тэр туяанд хордсон хүмүүс эрүүл мэндээрээ хохирч, элдэв хавдараар өвчилсөөр үхэж дуусах болно.
Ийм л хувь заяа биднийг хүлээж байгаа. Хэрвээ бид уранаараа оролдвол шүү дээ.
Чернобылийн гамшигаар юу боллоо? Тэр тухай мэдээлэл, бичлэгүүд www.youtube.com болон бусад сайтууд дээр хангалттай байгаа. Мэдэхгүй байгаа хүмүүс сонирхоод үзэхэд гэмгүй. (Энд байгаа зурагнууд ихэнх нь тэндээс гаралтай.)
Сая Японд болсон Фукушимагийн АЦС -ын ослоос үүдсэн хор хөнөөл, хохирол одоо ч үргэлжилсээр. Япончуудын албаныхны хэлж байгаагаар энэхүү ослын үеэр алдагдсан цацрагийн хэмжээ Чернобылийн АЦС-ын ослын үеийнхээс 6 дахин бага гэсэн боловч улсад болон ард иргэдэд маш их хохирол учруулжээ.
Iodine-131, Cesium-137 болон бусад 29 төрлийн цацраг идэвхт бодис уг ослын үеэр цацагдаж хөрс, ус, ой мод, тариаланг хордуулжээ. Фукушима дахь бага болон дунд сургуулийн 280 мянган сурагчдад цацраг хэмжих багаж тарааж өгчээ. Багш нарт нь цацрагийн тухай лавлах номыг өгсөн гэнэ. Сургуулиудын тоглоомын талбайн хөрсийг хуулж, хүүхдүүдийг өдөрт 2-3 цагаас хэтрүүлэхгүй гадаа тоглуулж байна. Мянга мянган хүүхдүүдийг аль хэдийн цацрагийн аюулаас холдуулж нүүлгэжээ. Фукушима болон түүний ойролцоох хотын иргэд, бүр Токио хотынхон хүртэл цацрагийн тархалтанд түгшиж цацраг туяаны хэмжээг тусгай багажаар хэмжиж байна. Энэ цацраг хэмжигч багаж өнөөдөр Японд хамгийн их гүйлгээтэй, эрэлттэй багаж болжээ.
Фукушима болон ойролцоо газраас нүүх боломжгүй иргэдийн хувьд өөрсдийгөө цацрагаас хамгаалахын тулд маск зүүх, урт ханцуйтай хувцас өмсөх, гадаа удаан байх, тоглох зэргийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авч байгаа ба зарим иргэд бүр биеийн дархлаа сайжруулдаг гэгддэг Японы үндэсний хүнс болох чавга, бор будаа зэргийг хэрэглээд эхэлжээ.
Ер нь цацраг туяагаар тухайн хүний биеийн эсэргүүцэл суларч туяаны их багаас хамаарч янз бүрийн хорт хавдраар өвчилдөг. Өнөө ил мэдэгдэхгүй байгаа ч ирээдүйд тодорхой хугацааны дараа энэ гамшигийн голомтод байсан, цацрагаар хордсон иргэдийн хэд нь хорт хавдараар өвчлөхийг хэн ч мэдэхгүй.
Фукушима ба түүний ойр орчмын нутаг дэвсгэр дээр амьдрах 2 сая хүн энэхүү гамшигын улмаас бий болсон цацрагийн хордолт болон үүнээс улбаалсан хорт хавдрын өвчлөлтөнд нэрвэгдэх эрсдэл өндөртэй учраас олон жил үргэлжлэх хяналт, ажиглалтанд хамрагдахаар болжээ. Мөн Японы засгийн газар ирэх 2 жилийн хугацаанд цацрагийн хордолтын түвшинг 50%-иар бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх шийдвэр гаргасан байна. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх зардал мэдээж асар их гарна. Аргагүй чадалтай орон тулдаа л энэ бүхнийг хийж чадах хөрөнгө мөнгө, хүн хүчний бололцоотой байгаа байх.
Бид иймэрхүү байдалд орчихмооргүй байхын тулд л уранаараа оролдохоо болъё, АЦС барих хэрэггүй ээ гэж л хэлээд байгаа юм шүү дээ. АЦС-гүйгээр Монгол хөгжиж чадна. Бидэнд нүүрсний асар их баялаг байна. Бас сэргээгдэх эрчим хүчний үүсвэрээ (нар, салхи) ашиглах өргөн боломж байна. Салхин сэнсээр АЦС-аас хямдхан эрчим хүч гаргаж авах шинэ арга Япончууд нээчихлээ. Ирээдүйд ямар ч шинэ технологи гарч ирэх юм билээ. Бид энэ бүхнийг ашиглаж эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах бүрэн боломж байсаар атал заавал эрсдэлтэй бөгөөд туйлын аюултай АЦС-ыг барина гэж зүтгэх ямар шаардлага байнаа. Ирээдүй үе маань илүү найдвартай технологи нээж, цөмийн хаягдлаа яах асуудлаа шийдсэн хойноо ашигладаг юм байгаа биз.
Ингэж ярьж байгаа хүмүүс бол зөвхөн өнөө маргаашийн олж болох хэдэн долларыг л харж байгаа болохоос биш нөгөөдрийн аюулыг харахгүй , эсвэл харахыг хүсэхгүй байгаа гэж хэлэхэд болно. Монголоо элдэв цацраг туяанд хордуулалгүй цэврээр нь авч үлдэхийн тулд өнөөгийн зарим мулгуу эрх баригчдын буруу бодлого төлөвлөгөөг эсэргүүцэж бүгдээрээ хүчтэй бөгөөд цуцалгүй тэмцэж дуугарахгүй бол оройтож мэдэх нь байна шүү гэдгийг элэг нэгт эх орондоо хайртай Монголчууддаа уриалая! Хүн бүр өөрийнхөө шугамаар, боломжит бүх чадлаараа энэ үйл хэрэгт дуу хоолойгоо нэмэрлээрэй!
Ийм зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож санаачлагатай байцгаая! Ирээдүй үеийнхээ сайн сайхны төлөө тууштай шантралгүй тэмцэцгээе! Ураныг нэгэнт олборлоод гадагш нь гаргах гэрээ зэргийг хийгээд эхэлбэл зогсооход тун хэцүү болно шүү. Тиймээс эртнээс энэ асуудалд цэг тавих хэрэгтэй гэдгийг ухаарагтун!
Амарлингийн эрхэлж байгаа www.golomt.org ба www.nuclearfreemongolia.com сайтад байнга зочилж, санаа оноогоо нэмэрлэж хүчээ нэгтгэн тэмцэх цаг болжээ. Зорьсон үйлдээ тууштай байцгаая!
жич: Цацрагийн хор уршиг аймшигт үр дагавраас хол явцгаая гэж сэрэмжлүүлэх зорилготой хэдэн зураг тавилаа. Цацраг туяанд хордсон хүн мал амьтны үр төл ямар болдгийг эдгээр зурагнаас харж болно.
Comments
Post a Comment