Хэрүүлийн алим - Туулын хурдны зам
Ойрд Туулын хурдны зам гэдэг хэрүүлийн алимыг тал талаас нь хэмлэлцээд бөөн зодоон. Нэг хэсэг нь энэ замыг тавих нь зөв гээд нөгөө хэсэг нь тавиулахгүй гээд л. Энэ зам нь Туул голыг дагаж явах бөгөөд эхлэх цэг нь Эмээлт ба Дархан руу салах тойрог бөгөөд дуусах цэг нь Налайх руу явдаг зам эхлэх байршил. Би вээр тэр хурдны замыг Туулын бүсэд (дээгүүр нь, доогуур нь, хажуугаар нь) тавиулахын эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэдгээ тайлбарланаа. Эхлээд өөрийнхөө бодлыг хэлээд дараа нь нөгөө талын байр суурийг бас бичимз.
Миний эсэргүүцэх шалтгаан:
1. Туул голоор оролдох хэрэггүй. Байгаль дэлхийгээр оролдох тусам онгон байдлаа алдаж өөрчлөгддөг. Бид энэ байдлыг уул уурхай дээр харж байгаа. Хүний гар хүрсэн газар ямар аймшигтай болдогийг тэндээс харж болно. Хэдийгээр байгалийн нөхөн сэргээлт хийнэ гэдэг боловч хийсэн ч гэсэн тэр газар хэзээ ч урьд өмнөх шигээ байж чадахгүй нь тодорхой. Ялангуяа манайх шиг хатуу ширүүн, хуурай уур амьсгалтай оронд өвс ногоо, мод бут ургахдаа тун хойрго бөгөөд их арчилгаа тордолт шаарддаг.
Туул гол жилээс жилд жижгэрч байгаа. Ус нь багасч байгаа. Нэг ч гэсэн гол усаа хөндөхгүй энэ чигээр нь хойч үедээ үлдээе гэсэн бодолтой байдаг. Тэр хавьд барилга байгууламж барих биш харин эсрэгээр тэнд баригдсан барилгуудыг буулгаж, гол руу элдэв бохир шингэн цутгадаг явдлыг зогсоох хэрэгтэй. Уг нь энэ ажлыг нийслэлээс зохион байгуулж, тэнд барилга бариулсан, зөвшөөрөл өгсөн этгээдүүдийг шүүхэд өгч, бохир цутгаж байгаа этгээдэд хариуцлага тооцож ажиллах ёстой ч хотын дарга ямар ч арга хэмжээ авалгүй өдий хүрсэн бөгөөд Туулын хурдны замыг эсэргүүцсэн хөдөлгөөн эхлэнгүүт зөрүүлээд дээрх зөрчлүүдийг сөргүүлэн тавьж, "Та нар тэгвэл энэ зөрчлүүдийн тухай дуугарахгүй юу хийж байсан юм? " гэж байгаа нь даанч мулгуу авир юм. Уг нь хотын даргын санаа тавьж, иргэдээсээ өмнө түрүүлж анхаарал тавьж шийдэх ёстой асуудал юм шд.
2. Төслийн зардал нь их өндөр бөгөөд өнөө цагт ийм өндөр өртгөөр ямар нэгэн төсөл хэрэгжүүлэх цаг нь мөн үү гэж асуумаар. Дэлхийд түүхий нефтийн асуудал өрнөж байгаа энэ цагт тохиромжгүй, цагаа олоогүй ажил гэж бодож байна. Түлш шатахуун болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ цаг үеийн байдлаас болж нэмэгдвэл мэдээж энэ төслийн зардал нэмэгдэнэ. Тэгэх юм бол 2 гаран их наяд биш хэдэн ч их наяд болж мэднэ.
3. Хотын замын түгжрэлийг бууруулна гэдэг нь үнэмшил муутай. Бүр 30% бууруулна гэж тооцоолсон байна лээ. Ямар томъёо аргачлалаар бодсон юм бүү мэд. Нэг залуугийн хэлж байгаагаар бол тэр тооцоололдоо цөөнгүй хүчин зүйлүүдийг оруулаагүй юм гэнэ лээ, тэгвэл хуудуутай л тооцоо болсон байж таарна. Хар ухаанаар бодоход л хотын төвийн түгжрэлээс зугтаж тэр хурдны зам руу ороод (мэдээж би гэрийнхээ гаднаас тэр хурдны зам руу шууд орчихгүй, тодорхой зам туулж цаг хугацаа зарцуулна биз?) , тэгээд хэсэг давхиж байгаад хурдны замаасаа буцаж гараад хотынхоо урсгалд буцаад нийлнэ. Хотын урсгалд нийлсэн л бол түгжрэлдээ нийлнэ гэсэн үг. Тэгээд хүрэх газраа хүртэл түгжирсээр яваад очлоо гэж бодоход би Туулын зам руу муруйж очилгүй чигээрээ явсанаас хурдан очиж чадах эсэх нь тун эргэлзээтэй. Энийг яаж ч тооцоолох юм гэдэг нь асуулт. Хүн бүр нэг цэгээс гарахгүй шд. Очих цэг нь ч бас өөр өөр.
Манай нөгөө талын хэлж байгаагаар энэ хурдны замыг тавьсанаар хотын төвийн түгжрэл буурна гэдэг . Буурна гэдэгт итгэхгүй байгаагаа би дээр бичлээ. Хурдны замыг дэмжигчид манай талыг "улсын хөгжилд саад бологчид" гэж цоллодог. (Японы тагнуул гээгүй нь их юм) Хурдны зам бол аливаа улсын хөгжлийн хэмжүүр биш л дээ. Ер нь бид нар хурдны замыг эсэргүүцээд байгаа юм биш л дээ, харин ч эсрэгээрээ хурдны замуудыг хэрэгтэй чиглэлүүд, байршилд тавих хэрэгтэй гэж үздэг.
Туулын дагуу бол хурдны зам тавих ямар ч шаардлага байхгүй, байршил нь Туул голоос хол зайдуу байж болох юм, цаг нь болохоор ийм байршилд зам тавьж болно, гэхдээ 32 км урттай хурдны зам тавих шаардлагатай эсэх нь бас л асуудал. Хурдны замын зорилго бол холын зайг ойртуулж, туулах цаг хугацааг богиносгох зорилгоор хийгддэг байгууламж. 32 км бол их богинохон зай. Монгол улс бол том хэмжээний газар нутагтай учраас заавал хурдны замын сүлжээтэй болох ёстой улс. 21 аймгуудаа холбосон хурдны замын сүлжээ байгуулахад асар их хөрөнгө оруулалт шаардлагатай болно, гэвч энэ ажлыг бага багаар хийх л ёстой. Дотоодын болон гадны хөрөнгө оруулагчдыг олж даруй эхлүүлэх хэрэгтэй. Туулын хурдны зам бол аминд тулсан асуудал биш бөгөөд байршил нь ч буруу учраас зогсоох нь зөв. Тэрний оронд хотын тойрог замаа барих нь зүйтэй.

Comments
Post a Comment