Монголчуудад минь ухаарал хайрла!


Хүний шунал хязгааргүй. Эрх мэдэлтнүүдийн шунал хязгааргүй. Дэлхийн нөлөө бүхий том гүрнүүдийн шунал хязгааргүй. Дэлхий маань хязгааргүй шуналтнуудын өлгий
 билээ. Шуналаас болж ах дүүс тэрсэлдэж, найзууд муудалцаж, улс орнууд дайралцаж, том нь жижгийгээ барьж идэж, дарлаж, эрхшээж байна. Нэгэнт хүний натур юм чинь яалтай ч билээ?

Гэвч хүний ертөнц хөгжиж дэвшиж, хүн гээч бодгалийн ухамсар улам бүр сайн тал руугаа өөрчлөгдөж байгаа гэдэгт итгэж, ирээдүй өөд итгэл дүүрэн харахыг хичээж л явна. Харамсалтай нь "Ангараг" хүртэл даанч хол юм даа. Ирээдүй рүүгээ сайхнаар мөрөөдөх амархан ч  өнгөрсөнийг мэдэж, дурсаж, санахгүйгээр урагшлах нь баримжаагүй харанхуйд тэмтчихтэй зүйрлэмээр. 

Өнгөрсөнийг мэдэж тархиа цэнэглэх нь ирээдүйд гаргах алдаанаас сэргийлэх учиртай. Алдаанаасаа суралцах ч гэж хэлдэг. Бид түүхэндээ олон алдаж ирсэн улс. Алдаа маань биднийг өнөөдөр бусдын элэг доог болгоход хүргэсэн нь үнэн, гэвч бид алдаанаасаа суралцаагүй, ойлгоогүй байна. 

Эзэн Чингис хаан маань олон тархай аймгуудыг нэгтгэж нэг удирдлагатай болсоны үр дүнд бид хүчирхэгжиж, томорч чадсан юм. Гэвч түүний залгамж халааг авсан хүүхдүүд нь шуналдаа дийлдэж хоорондоо алалцсаны балгаар Их Монгол улс задарч, Монголчууд доройтсон түүхтэй. Тэр ч байтугай бусдын урхинд орж, бие биенээ хядаж байжээ. Ингээд сул дорой болсон Монголыг хойд, урд хөршүүд хоорондоо наймаалцах эд бараа шиг ашиглаж, хувь заяаг нь хундага тулгаж суухдаа шийдэж ирсэн гэдгийг нэг хэсэг нь мэдэж  байгаа ч мэдэхгүй нь бас олон байна. Ухвар мөчид нэг нь өдий зэрэгтэй яваагаа бусдын буян хэмээн гадны этгээдийг шүтэж суух.

Өнөөдөр бид амаа асуулгах болтлоо доош оржээ. Ираны Гадаад хэргийн сайд Арагчи гэгч этгээд Израйлын Ерөнхий сайд Нетаняху гэгчтэй шөргөөцөлдөхдөө, "Монголын эзэнт гүрэн гэгч нь хаана байна?" гэж тавласан байх юм. Нетаняху гэгч дайны гэмт хэрэгтэн хэлсэн үгэндээ Чингис хааны нэрийг ашиглаж л дээ. Тэрээр, "Есүс Христ бол Чингис хаантай эн зэрэгцэхгүй гэдгийг түүх харуулсан" гэж хэлж л дээ. Мань эрийн санаа бол дайснаа дарахад зөвхөн ёс суртахуунтай байх нь хангалтгүй, бас  хүчирхэг бөгөөд өршөөлгүй байх ёстой гэсэн утгатай юмсанж. Энэ үгээ Ирантай хийж байгаа дайнтай холбоотой утгаар хэлсэн юм байх. 

Үүнийг нь Ираны сайд өлгөж аваад хариу шүүмжлэхдээ  Изралийн ерөнхий сайд Нетаняху "Есүсийг дорд үзэж Чингис хааныг магтлаа" гэжээ. Мөн "Чингис хаан бол хамгийн адгийн алуурчин байсан" гэж доромжилсон байх юм. 

https://wanaen.com/araghchi-criticizes-netanyahu-over-remarks-on-jesus-and-genghis-khan/

Өнөөдөр энэ бүх доромжлол, дээрэлхэлт, дарамтлал, басамжлал чинь явж явж бидний арчаагүйнх юм. Бид бусдад дээрэлхүүлж, газар нутгаа булаалгаж, хүн амаа хядуулж, цаазлуулж, бусдын харъяат болж ирсэний бүх буруу бидэнтэй холбоотой. Бид нэгдмэл байж чадаагүйтэй холбоотой. Бид тархай бутархай, тарж бутраад сул дорой олон жижиг хэсэг болсоны балаг.  Бидний шунал хэрээс хэтэрч, өвөр хоорондоо дайсагналцаж, хуваагдаж, хүчгүй болсоны  балгаар доройтож, бусдын идэш болж ирсэн юм! 

Хэрвээ Чингис хааны залгамж хүүхдүүд нь эвтэй найртай байж, хувийн шуналаа дарж, нийт Монголын эрх ашгийг дээгүүр тавьж ирсэн бол хааны эмхэтгэж өгсөн их гүрэн хүчтэй оршин тогтнож, дэлхийд нөлөө бүхий улс байх байсан гэдэгт үл эргэлзэнэ.  

Могой хэд тасравч гүрвэлийн чинээ гэгчээр бидний Монгол хэд тасарсан ч өнөөдөр чамлахааргүй газартай үлдэж чадсан боловч өөрийн бүс нутагт ямар ч нөлөө үзүүлж чадахааргүй хүчин мөхөс, бусдын хараат улс болжээ. Тусгаар улс болж үлдсэн явдлыг хэн нэгний ач буян гэж сохроор шүтэж, "боол" заяандаа баярлаж явахаа больж, яавал бид хүчирхэг эдийн засагтай, баян улс болж чадах вэ гэдгээр толгойгоо гашилгаж ухаанаа уралдуулж мэтгэлцмээр байгаа юм. Том гүрнүүд өөрсдийн эрх ашиг, сонирхлыг нэн тэргүүнд тавьж, түүндээ зохицуулж ажилладаг болохоос биш хэн нэгэн ядарсан улсад буян болъё гэж боддоггүй юм аа. Тэр жамаар л бид хоёр хөршийн тоглоомын хөзөр болж ирсэн түүхтэй. Өнөөдөр тэр сайн энэ сайн гэж талцаж маргах биш, бид яаж босох вэ гэдгээ бодох ёстой юм шүү. 

Харамсалтай нь өнөөдөр бид өмнөх эртний алдаагаа давтсаар байна. Эрт цагт бид олон жижиг хаант улс болж задарч байсан бол өнөөдөр бид олон намд хуваагдаж задарчээ. Бид төр улсын хувьд нэгдмэл мэт боловч дотроо үзэл бодлоороо олон хуваагдаж тархай бутархай болсон байна. Үзэл бодлоороо хуваагдаад зогсохгүй ястнаараа талцдаг, нутаг усаараа ялгарах гэдэг болжээ. 

Ардчилалыг энэ бүхэнд буруутгах нь учир дутагдалтай. Ардчилалын хамгийн чухал зүйл бол хүний эрхийг хангах, хуулийн засаглалыг тогтоох явдал юм. Хууль засагладаггүй газар замбараагүй байдал (анархи) бий болно. Хүн амьд явах эрхтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэсэн үндсэн эрхүүдийг хангах нь мэдээж чухал. 

Дэлхийн практикаас авах юм байна, хаях юм ч байна. Жишээ нь, цаасан дээр бүртгэлтэй байдаг олон намуудын хэрэг алга. Нам байгуулах босгыг өндөр тавих хэрэгтэй. Намын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгох хэрэгтэй. Улсад бүртгэлтэй ч төрийн сонгуульд оролцоод тодорхой хэмжээний санал  авч чадаагүй намыг татан буулгадаг байвал зохино. Сонгогчдоос авбал зохих саналын хувиар босго тавиад тэр хувьд хүрэх хэмжээний дэмжлэг авч чадаагүй бол тухайн намыг татан буулгах хэрэгтэй. Ийм маягаар амьд үхсэн нь мэдэгдэхгүй олон намыг тараавал талцал багасаж, иргэдийн улс төрийн хариуцлага сайжирч, төөрөгдөл арилна. 

Яг үнэндээ бол өнөөдөр манай иргэд зүүн, баруун үзэл, соцдек, либерал гэх мэт гадаад үгнүүдийн учрыг ч сайн мэдэхгүй байгаа. Ер нь нийтээрээ харанхуй талдаа. Иргэдийн буруу ч биш л дээ, харанхуй байлгаж ирсэн үе үеийн эрх баригчдын эс үйлдлийн, зориудын бодлогын балаг юм. Улс төр нийгмийн талаарх мэдлэггүй иргэд маань хэн нь юу хариуцах ёстой юм, аливаа бурууг хэнтэй хариуцлага тооцох ёстой юм, яаж хариуцлага тооцдог юм гэхчлэн энгийн зүйлүүд дээр мэдлэг дутсанаас болж учраа олохгүй мунгинадаг. Зарим нь Ерөнхийлөгч рүү харна, зарим нь Ерөнхий сайд руу харна. 

Аль нь ард түмний амьдрал, улс орны хөгжлийг хариуцах ёстой юм бүү мэд. Ерөнхий сайд нь хариуцдаг юм уу гэхээр тэр нөхөр нь УИХ-ын гишүүн гэдэг сонгуультай, мөн Засгийн газрын сайд нар нь бүгд давхар дээл өмсчихсөн (УИХ-ын гишүүн) байдгаас харвал УИХ нь засгийн ажил хийгээд ч байгаа юм шиг. Ерөнхийлөгч маань Засгийн газарт үүрэг чиглэл өгөөд байхыг бодвол Ерөнхийлөгч нь засгийн ажлыг хариуцаад байгаа ч юм шиг. 

Ийм ойлгомжгүй тогтолцоотой 30 гаран жил таваргалаа. Замбараагүй гэр хороололтойгоо, ил модон жорлонгуудтайгаа, уух усаа худгаас зөөсөн хэвээрээ, агаарын бохирдолтой хотуудтай хэвээрээ 2026 ондоо явж байна даа. Аймгуудын төвүүд (уг нь хот гэж нэрлэх  ёстой ч Сум гэж ангилаад байгаа нь бас л хошин шог) маань дулааны цахилгаан станцгүйгээс нүүрс түлдэг уурын зуухаар халж, айлууд нь пийшиндээ нүүрс чихдэг учраас тэр хотуудын иргэд өвөл нь угаартаж амьдардаг. Монгол хөгжиж байгаа гэдэг хүмүүс юуг нь хараад тэгж хэлээд байгааг ойлгохгүй юм. Нийслэлээр чигжиж барьсан бетонон ширэнгэн ойг хөгжил гэж хараад байна уу? Энд тэндгүй бий болсон супер маркет нэртэй том жижиг дэлгүүрүүдийг хэлж байгаа юм болов уу? Хөгжлийн хэмжүүрүүд арай өөр зүйлүүд байдаг байх аа. 

За ямартай ч манай улс хөгжиж байна гэдэгтэй санал нийлшгүй нь. 30 жилд хөгжүүлж чадаагүй өнөөгийн энэ толгой эргүүлсэн хачин засаглалын тогтолцоо дахиад 30 жил болоход яг хөгжүүлсэн байж харагдаач гэж хэлье дээ. 

Тэгвэл одоо яах вэ? Хамгийн түрүүнд бид аргаа өөрчлөх хэрэгтэй. Арга гэдэг нь засаглалын тогтолцоогоо хэлж байгаа юм. Одоо хэрэглэж байгаа арга буюу Парламентын гэх нэртэй намын дарангуйллын тогтолцоог халах хэрэгтэй гэсэн үг. Үүний тулд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг өөрчилж Ерөнхийлөгчийн засаглалтай тогтолцоог тунхаглах хэрэгтэй. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь Засгийн газраа толгойлно гэсэн үг. Ерөнхий сайд гэдэг орон тоо алга болно. Энэ өөрчлөлтийг дагаад холбогдох олон хуулиудад өөрчлөлт орох ёстой болно. Түүний дотор Улс төрийн намын тухай хуулийг үндсээр нь өөрчлөх (хатуу гишүүнчлэлгүй болох г.м), сонгуулийн тухай хуулиудад иргэн биеэ дааж нэр дэвших эрхийг зааж өгөх зэрэг чухал өөрчлөлтүүд багтана.

Иргэд маань олон намд хуваагдаж, талцаж хэрэлдэх нь бид өвгөдийнхөө алдааг л давтаад байгаа нэг хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. Эвтэй байхдаа хүчтэй гэж хэлэх дуртай ч ачир дээрээ хонь чоно байдгаа больцгооё! Монгол улсынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьж нэгдэх хэрэгтэй. Бусад сонирхол, үзэл бодлоо огоорцгоо! Монгол хүн юм бол, Монголын хувь заяа, ирээдүй нь хамгийн чухал гэж боддог бол жалганы үзэл бодлоо таягд, аль нэгэн харь улсыг шүтэж мөргөхөө зогсоо, улс төрийн элдэв солиорлоо боль! Бид буруу замаар 30 жил будаа тээсэн гэдгээ ойлго, хүлээн зөвшөөр! Нүдэн дээр чинь ил байна! Идэж уулаа гэж хувь хүмүүсийг зүхээд, халж хаяад ямар ч нэмэргүйг ойлго! Дараагийн ээлж нь гарч ирээд л идэж уудаг юм, 30 жил тэгсэн биз дээ? Сайн хүнийг олж сонгоно гэж эргүүтэхээ больцгоо! "Сайн хүн" гэж байдаггүй юм. Зөв засаглал, сайн хууль л сайн хүнийг бий болгодог юм, өөрөөр хэлбэл сайн хүнийг муу хүн болохоос сэргийлдэг юм. 

Парламентын буюу намын засаглал манайд тохирохгүй юм байнаа гэдгийг нотлох баримтууд зөндөө байна. Өнгөрсөн 30 жил эрх баригч намчингуудын идэж уусныг яривал далай далай. Өнгөрсөн 30 жилд энгийн ардууд маань эрх баригчдын хөлд яаж чирэгдсэнийг яривал барагдахгүй. Тэгвэл Ерөнхийлөгчийн засаглал ямар давуу талтай, яагаад манайд тохирох юм гэдэг тухай энэ блог дээр бичиж байсан өмнөх бичвэрүүдээр тодорхой өгүүлсэн тул энд давтаж нуршсангүй. 

Ерөнхийд нь ганц өгүүлбэрээр илэрхийлбэл, Ерөнхийлөгчийн засаглал бол буух эзэнтэй, буцах хаягтай засаглал юм. Ерөнхийлөгчийн засаглал бол хаант засаглал биш, ардчилсан засаглалын нэг хэлбэр юм. Тэгэхээр таныг хэлсэн үгний чинь төлөө шоронд хийхгүй, үзэл бодлоор чинь хавчихгүй. Буруу хийсэн ч шударга шүүнэ. Засгийн ажил муу хийвэл толгойг нь авах этгээд бэлэн байна. Хууль тогтоогчид тусдаа, засгийн ажилд оролцохгүй. Давхар дээл өмсөх гэдэг ойлголт байхгүй. Шударга ёсыг  тогтоогч Шүүх нь хараат бус байгуулагдах учраас хөндлөнгийн нөлөө байхгүй.  

Харамсалтай нь Ерөнхийлөгчийн засаглалыг хамгийн хүчтэй улайрч эсэргүүцдэг хүчин бол улс төрийн намууд юм. Яагаад гээч? Яагаад гэвэл тэд нарт одоо байгаа Парламентын засаглал маш их ашигтай учраас тэр. Ямар ашигтай юм? УИХ-д сонгогдсон гишүүдийн анх мэдүүлсэн хөрөнгө орлогыг гишүүн болсоны дараах жилүүдийнх нь хөрөнгө орлоготой нь харьцуулаад үзэхээр ойлгох болно. Гишүүд гэрлийн хурдаар баяждаг юм. Дан ганц УИХ-ын гишүүд ч биш, мэдээж Засгийн газрын гишүүд, төрийн алба хашдаг шат шатны дарга нэртэй бирдүүд бүгд Монгол төрийг сорж мөлждөг шимэгчид юм. Тийм учраас намчингууд одоо байгаа байдлаа өөрчлөхийг эсэргүүцдэг. Маш энгийн. 

Тиймээс өөрчлөлтийг зөвхөн иргэд л бий болгож чадна, чадах ч ёстой. Эс тэгвэл энэ байдлаараа дахиад 30 жил болсон ч юу ч сайжрахгүй, одоо нэгэнт тэрбумтан болсон бирдүүд ихнаядтан болцгооно, улны гэгдэх гуйранчид хорогдож цөөрнө, цалингаараа хараат төрийн албатууд боолын амьдралдаа дасан зохицож амь зогоосон хэвээр байна. Ерөнхийдөө ангийн ялгаа нэмэгдэж, кастын ангилал бий болно. Монгол улс харь улсын хараат хэвээрээ, хөгжлөөрөө дэлхийн сүүл мушгисан хэвээрээ байх болно. Ингэж хэлэхийн тулд ирээдүйг хардаг зөнч байх шаардлагагүй, өнгөрсөн 30 жилийн туршлага аяндаа хэлээд өгч байгаа юм. 

Монголчууд минь ээ, 30 жил харлаа, одоо сэхээрэх ухаарах цаг болоогүй юу? Аливаа зүйлийг нэг аргаар оролдоод бүтэхгүй бол өөр аргаар үздэг дээ, тэгвэл бид аргаа өөрчлөх хэрэгтэй болжээ, түргэн тусмаа сайн. Бод бод, сайн бод! 

  

Comments

Popular posts from this blog

Ямар засаглалын хэлбэр Монголд тохирох вэ?

НЭГ Л ТОЛГОЙТОЙ БАЙЯ

Яаж тэмцэх вэ?