Ч.Мөнхбаяр махны машинд хэрчүүллээ

Ч.Мөнхбаяр

 Ч.Мөнхбаяр гэж хэн бэ? Иргэний хөдөлгөөний идэвхтэн гэдгээр нь Монголчууд сайн мэдэх байх. Сэтгүүлч мэргэжилтэй, Оросын Уралын Их сургуулийг, мөн МУИС-ийг төгссөн. Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөнхбаярын үг үйлдэл болгон нь Монголчуудын эрх ашгийг хамгаалсан агуулгатай байдаг. Монгол бичигээ хамгаалах ч юм уу, Өвөрмонголчуудын хэлмэгдлийн тухай  ч юм уу, Хазаруудад туслах уриалга ч бай бүгд л Монгол угсаатнаа, соёлоо аврах зорилготой. Тэр утгаараа өнөөгийн эрх баригчдын байр суурь, авч байгаа арга хэмжээ, ажлуудын тухайд шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Энэ хүн бол үндсэрхэг үзэлтэн юм. Үндсэрхэг үзэлтэй хүн, урвагч хоёрын аль нь уншигч таны найз вэ?

Яахав, үндсэрхэг үзэлтэн дотроо бас хэт туйлширсан үзэлтнүүд байдаг л даа. Хэт үндсэрхэг үзэлтэн гэх юм уу. Тэдний төлөөллүүд бол жишээ нь, Германы нацистууд, АНУ-ын цагаан арьст үндсэрхэг үзэлтнүүдийн бүлгүүд юм. Бусдыг үзэн яддаг хэт үндсэрхэг үзэлтнүүд дотроо бас олон салаа бий: Еврейг гадуурхдаг, арьсны өнгөөр ялгаварладаг, шашнаар  нь (жишээ нь, лалын шашинтныг) үзэн яддаг, хүйсийн байдлаар нь (ижил хүйстнүүдийг) үзэн яддаг, цагаачдыг үзэн яддаг гэх мэт. Үүн дотроос цагаан арьстан бол бусдын дээр байх ёстой дээд арьстан гэдэг үзэлтэй, цагаан арьстны үндсэрхэг үзэл Европ болон Америкт их хүчтэй байдаг. 

Ч.Мөнхбаяр бол дээр дурдсан бүлгүүдийн алинд ч хамаарахгүй хүн. Энэ хүн бол эх оронсог үндсэрхэг үзэлтэн юм. Тэрээр Монголын эрх ашгийг л нэгдүгээрт тавьдаг бөгөөд тийм л үзэлтэй хүн. Арьсны үзэлтэн биш, шашнаар нь гадуурхагч биш. Туйлшрагч биш. 

Харамсалтай нь шүүмжлэлд дургүй эрх баригчдын таалалд нийцээгүйн улмаас түүнийг энэ оны 2-р сарын 17-ны өдөр Тагнуулын Ерөнхий Газрынхан баривчилж Ганц Худгийн шоронд 130 хоног хорьсоны эцэст  өнөөдөр шүүх хурал нь болж түүнийг буруутай хэмээн шийдвэр гаргаж, 10 жил хорих ялаар шийтгэлээ! 

Баривчлагдсан шалтгаан нь түүнийг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэдэг буруутгал.

Түүний өмгөөлөгч Г.Баасангийн хэлсэнээр, Ч.Мөнхбаярыг БНХАУ-ын эсрэг хууль бусаар тагнуулын ажиллагаа явуулсан гэж Прокурорын яллах тогтоолд бичсэн байсан гэнэ!  Монгол улс Хятадын нэг муж болсон нь илэрхий харагдаж байгаа биз? Гадаад улсын буюу Хятадын эрх ашгийг хамгаалагч болсон Монголын эрх баригчид, тэдгээрийн гар хөл болсон бууны ноход болох хууль шүүхийнхэн үг, үйлдлээрээ үүнийг нотлоод өглөө шүү дээ. Манай хуулинд гадны улсын эсрэг тагнуул хийх тухай зүйл ангитай ямар ч заалт байхгүй, гэвч урд эзэд нь үүрэг өгчихсөн учраас ширэн нүүрлэж байгаад ч хамаагүй яллаж байгаа нь энэ. . 

Эрүүгийн Хуулийн 19.4.1 дэх заалтаар яллаж байгаа бөгөөд энэ заалт нь Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэсэн гарчигтай ба утга нь Монгол улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байдаг. Энэ заалтанд БНХАУ-ын эсрэг ажилласан, эсвэл  Хятадын төрийн нууцад хамаарах зүйлийн тухай ганц ч үг үсэг алга. Энэ заалт бол Монголын эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол хэрэглэх хууль юм. 

ТЕГ-ын мэдэгдсэнээр Ч.Мөнхбаяр удаан хугацаагаар гадны тагнуултай хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авч байсан бөгөөд тэр өдөр үйлдэл дээрээ баривчлагдсан гэдэг. Мөнгө авч байсан юм уу, эсвэл мэдээ дамжуулж байсан байх нь. Харин нөгөө гадаадын тагнуулын байгууллагын хамтран ажилладаг этгээдийн тухай таг чиг. Мөнхбаярыг баривчлах үеэр тэр гадаадын хамтрагч нь баригдалгүй зугтаачихсан юм байлгүй дээ. Олхиогүй гэдэг нь, манай ТЕГ-ын чекистүүд.  Ч.Мөнхбаярын гэрт нэгжлэг хийхэд зохих хэмжээний валют (зохих хэмжээ гэдэг нь хэд гэсэн ч үг юм), баримт сэлт илэрсэн гэнэ. Мөнгө нь ч яахав, хэнд ч зохих хэмжээний валют байж болно оо доо, тэр тусмаа манай банкууд найдваргүй болсон үед, харин тэр баримт сэлт гэдэг нь үзүүлбэл үнс болчих учраас хав дарчихсан бололтой. Хүнийг яаж л бол яаж хэлмэгдүүлж чаддаг цаг үе буцаж ирж байна даа. 

Ч.Мөнхбаяр хорих газраас бичсэн захиандаа өөрт нь зохиомол хэрэг тулгаж хэлмэгдүүлж байна гэсэн байдаг. Хятадын эсрэг тагнуул хийлээ гэж Монголын төр иргэнээ шийтгээд байдаг нь хачирхалтай биш гэж үү? Хятадын эрх ашгийг хамгаалагч урвагчид Монголын төр засагт шургалсан гэдэг нь харагдаж байгаа биз? Тэгээд бод бод! 



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө