Хоноцын сэтгэл ба намын төлөвшил


Нийтлэлийн гарчигийг уншаад "хоноцын сэтгэл", "намын төлөвшил" хоёр ямар хамааралтай юм гэж уншигч асуух байх. Шууд хамааралгүй л дээ, гэхдээ дам хамаарал бий бий.

Хоноцын сэтгэл гэдэг үгний утгыг Монгол хүн бүр л мэддэг. Өөриймсөг биш байх гэсэн үг. Намын төлөвшил гэдэг нь юу гэсэн үг юм? Улс төрийн нам жинхэнэ бодлогын нам болно гэсэн үг. Эрх барих боломж олдсон үедээ улс орныхоо эдийн засаг, улс төрийн бодлого, гадаад бодлого ямар байхыг хэрэгжүүлэх бэлэн жортой, төлөвлөгөөтэй  байна гэсэн үг. 

Монголд улс төрийн намууд төлөвшөөгүй байна, тиймдээ ч намуудын төлөвшил гэж их ярих аж. Мэдэж яриад байгаа юм уу, эсвэл худлаа сүржигнээд байгаа эсэхийг чөтгөр л мэдэх байх. Нэг хэсэг шинэчлэгдэж байна гэж их ярьсан даа, одоогийн МАН, гэвч шинэчлэгдэж дууссан эсэх нь тодорхойгүй. Харин саяхан Социалдемократ нам боллоо гэж зарласан санагдана. Тийм чиг баримжаатай, бодлоготой болохоор шийдсэн бололтой. Экс-коммунистуудад энэ нь илүү ойр байх л даа. Ер нь Монголын 20 гаруй намууд их гоё гоё нэрнээс цаашгүй. Шар айрагчдын нам л дутаж байгаа байх. 

Одоо Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулсанаар намууд төлөвшинө гэж хээвнэг ярьж байна лээ, ХҮНамын Доржханд гишүүн. Төлөвшихгүй л дээ. Нам төлөвшихийн тулд эхлээд хүмүүс нь төлөвших ёстой юм. Бид эхлээд соёлжих ёстой, иргэнших ёстой, боловсрох ёстой, нийгэмших ёстой. Гэвч энэ ажлыг үе үеийн эрх баригчид, социализмын үед ч тэр, капитализм байгуулж эхэлсэн сүүлийн 30 жилд ч тэр, санаатай болон санаандгүйгээр орхигдуулж ирсэн учраас Монголчууд төлөвшиж чадаагүй өдийг хүрчээ. Адаглаад улс төрийн анхан шатны мэдлэггүй учраас засаглалынхаа тогтолцоог ч мэдэхгүй, төрийн бүтэц, засаглалууд ямар үүрэгтэй, юу хариуцдагийг ч мэддэггүй. Ерөнхийдөө бол харанхуй хар масс. Юу ч мэддэггүй хар массыг мунхруулахад амархан, тиймдээ ч өнгөрсөн 30 жилд дураараа тоглож ирсэн. Ямар засаглалын тогтолцоотойгоо  ч мэдэхгүйгээс Ерөнхийлөгч муу ажиллалаа гэж уурлах жишээтэй.

Хар массыг нэгэнт өнөө маргаашийн дотор гэгээрүүлж, боловсролтой, эрүүлээр сэтгэдэг болгож чадахгүйгээс хойш 30 жил дампуу явж ирсэн улс орныг өөд нь татахын тулд засаглалынхаа хэлбэрийг солихоос өөр гарц алга. Өөрөөр хэлбэл, ардчилсан засаглалын Парламентын гэх хувилбарыг нь сонгоод бүтэлтэй юм болсонгүй, тиймээс нөгөө нэг хувилбар болох Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох ганц гарц л үлдлээ. 

Ерөнхийлөгчийн засаглал гэхээр мэдээж нөгөө хар масс чинь нэг хүний дарангуйлал гээд ойлгох нь мэдээж. Намууд ч мөн тэгж ухуулна, яагаад гэвэл намуудад Парламентын засаглал нь идүүртэй байгаа учраас тэр. Уг нь бол Ерөнхийлөгч нь Засгийн газраа тэргүүлдэг л хэлбэр юм шүү дээ. Хаан ч биш, Ким Жон Уны шиг дарангуйлагч ч биш. Ерөнхийлөгч нь засгаа тэргүүлэх учраас Ерөнхий сайд гэдэг орон тоо хэрэггүй болно гэсэн үг. Одоогийн тогтолцоогоор бол ялсан намын дарга Ерөнхий сайд болж Засгийн газраа тэргүүлэх боловч үндсэндээ УИХ бүх эрх мэдлийг атгадаг, Ерөнхий сайд, бусад сайд нарыг батламжилдаг, засгийн ажлыг зааварладаг, заадаг, оролцдог билээ. Харин Ерөнхийлөгч маань бүх ард түмнээс сонгогдох боловч үндсэндээ одон медаль гардуулахаас өөр эрх мэдэлгүй, бэлэг тэмдгийн чанартай ямар ч эрх үүрэггүй, зүгээр л нэг тэжээлгэсэн хүн байдаг. 

Ерөнхийлөгчийн засаглал бол нэг хүний дарангуйлал биш ээ. Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалаа (Засгийн газраа) тэргүүлж улс орныхоо аж ахуйг хариуцаж ажиллана гэсэн үг. УИХ-аас хамааралгүй байж, өөрөө багаа бүрдүүлээд ажиллана.УИХ-ын гишүүд Засгийн газрын сайд болж давхар дээл өмсөнө гэдэг ойлголт үгүй болно. УИХ нь хууль тогтоох ажлаа л хийхээс  биш, засгийн ажилд хутгалдах боломжгүй болно.  Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал хоёр тусдаа бие дааж ажиллана гэсэн үг. Үүн дээр хараат бус шүүх засаглалыг нэмчихвэл төрийн 3 бүтэц бие биенээс хамааралгүй, гэхдээ харилцан хяналттай ажиллах юм. 

Ерөнхийлөгчийн засаглал тогтоочихвол Ерөнхийлөгчийг (Засгийн газрын тэргүүнийг) гадны улс гүрнүүд элдэв аргаар урвуулж өөрсөддөө ашигтай шийдвэр гаргуулж мэднэ гэж энэ тогтолцоог эсэргүүцэгчид маргадаг. Тэгэхээр иймэрхүү аюулаас сэргийлэх хуулийн механизмыг нь сайн хийгээд өгчихсөн байхад Ерөнхийлөгч ингэж дураараа галзуурах боломжгүй байх юм. Бусад орны туршлагаас харахад аливаа гадаад улстай хийж байгаа томоохон гэрээ хэлцлүүд нь заавал хууль тогтоох байгууллагаар орж хэлэлцсэний  дараа шийдэгддэг юм билээ. Тэгэхээр Ерөнхийлөгч ганцаараа дур мэдээд, ялангуяа улс орны эрх ашигтай холбоотой том асуудлыг өөрөө мэдэж шийдэх боломжгүй байх юм. 

Ерөнхийлөгчийн засаглалтай болбол одоогийн Парламентын засаглалаас маш чухал давуу талууд бий болно.

1. Гурван тулгуур бүтэц (УИХ, ЗГ, Шүүх) тусдаа бие дааж, харилцан хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг болно. Парламент (УИХ) нь хуулиа тогтооно, Ерөнхийлөгч нь Засгийн газраа тэргүүлнэ, Шүүх нь хараат бусаар шударга ёсыг хамгаална. Хэн нь юу хариуцаж, ямар үүрэгтэй нь ойлгомжтой болно. Буух эзэнтэй болно гэсэн үг. 

2. Хууль тогтоох бүтэц цэвэршиж, гарсан бүтээгдэхүүнүүд (хуулиуд) нь чанартай, амьдралд нийцсэн, шударга болно. Яагаад гээч? Яагаад гэвэл УИХ нэгэнт Засгийн газрын мөнгөний авдарт хүрч чадахгүй болсон учраас бирдүүд УИХ-д сонгогдох гэж мөнгө хаян улайрахаа болино. Үр дүнд нь хууль тогтоох нь нэр төрийн хэрэг гэж үздэг номын хүмүүс, мэргэд сонгогддог болно. Тэд ашиг хонжоо хардаггүй. 

3. Хэн нэгэн намын дарга Ерөнхий сайд нэр зүүж, хууль тогтоогчдын дохио зангаагаар ажилласан нэр зүүж эцэстээ хариуцлага хүлээдэггүй байдал үгүй болж, илүү орон тоо алга болж төсөв хэмнэгдэнэ. (Ерөнхийлөгч нь Засгийн газраа тэргүүлж, давхар төрийн тэргүүн болно)

4. Нэгэнт УИХ, Засгийн газар хоёр хамт нэг хөнжилд байхаа болих учраас бирдүүд аль нэг намын нэрээр УИХ-д шургалдаг үзэгдэл арилна.  Бирдүүд нам руу зүглэхээ болих учраас намууд цэвэршинэ.  Ашиггүй юм чинь хэн тийшээ зүглэж, мөнгөө үрэх билээ дээ. Намууд дотор бирдүүд алга болохын хэрээр жинхэнэ бодлого ярьдаг улс төрчид шигшигдэж үлдэнэ. Намуудын  төлөвшилт ингэж эхэлнэ.  Намчирхдаг өвчин илааршиж устана. 

Одоо Үндсэн Хуульд дахиад өөрчлөлт оруулж тоглох гэж улайрцгааж байна. Мэдээж өөрсөддөө  ашигтай байдлаар өөрчлөнө. Үүнийгээ их гоё үгээр тайлбарлаж зөвтгөж байгаа. Парламентын ардчилалаа улам бэхжүүлнэ гэдэг гоё тайлбартай.  МАН тэргүүтэй бүх намууд санал нэгдэж Тунхаг бичиг гэгчийг үйлджээ. Үндсэн Хуульд өөрчлөлт хийх тухайгаа иргэдээсээ санал авч байж шийднэ гэдэг жүжиг өнөөдөр ид явж байна. Жүжгийн дараа иргэд маань ихэнх нь өөрчлөлт хийхийг дэмжсэн гээд л зарлачихна. Амархан шүү дээ. Тойрог тойрогтоо энэ сэдвээр УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо уулзалт танилцуулга хийж явна гээд л сурталчлаад  байх, яг амьдрал дээр тухайн хорооны иргэд биш, харин мөнөөх гишүүнийг дэмжигчид, намчин хэдэн хөгшчүүд л цуглаж алгаа ташицгааж байгаа хэрэг. Зарим газар Занданшатараас эхлээд л сонгогчиддоо загнуулаад л буцаж байгаа сурагтай.

Парламентын ардчилалаа бэхжүүлэх, сонгодог Парламентын хэлбэрийг авах хэрэгтэй гэж ухуулж байгаа нь ердөө л одоо байгаа статус кво-г хадгалж үлдэх зорилгоор бид нарт үмхүүлж байгаа молиго юм. 2019 онд Үндсэн Хуульд өөрчлөлт хийчихээд гуравхан жилийн дараа дахин өөрчлөх гэж байгаа нь сонгуульт жил (2024) дөхсөний тэмдэг. Цагийг нь тулгаад яахав, эртхэн хийж авая гэсэн санаа. Уг нь хоёр ч сонгуулийн хугацаанд (8 жил) Үндсэн Хуулинд гар хүрч болохгүй журамтай. Гэвч тэр Журмын тухай хуулийг нь өөрчлөөд л Үндсэн Хуулиараа тоглоно гэж дураараа аашилцгааж байна. Өнгөрсөн 8 жил (2016-2024) тасралтгүй төр засгийн бүх эрх мэдлийг атгасан МАН ард түмнээ ядуурлаас аварч чадаагүйгээр үл барам Монгол хүн бүрийг 28 сая төгрөгний өрөнд оруулсан нүгэл үйлдсэн учраас 2024 оны сонгуульд одоогийн сонгуулийн тогтолцоогоор оролцох юм бол ялах магадлал бараг үгүй гэдгийг мэдэж байгаа. Тийм учраас намын нэрээр (пропорционал хувилбараар) суудал авдаг хувилбарыг нэмж оруулаад холимог системээр сонгуульдаад үзэхээс өөр аргагүй гэж үзэж байгаа. Нөгөө яс горьдсон нохой шиг молигодуулж хоосон хоцордог бусад намууд нь МАН-ын энэ залийг ойлгохгүй даган баясаж хамтарсан Тунхаг гээч бичиг дээр гарын үсэг зурчихаж. Яагаад даган баясаад байгаагийн учрыг тайлахад амархан. Үргэлжийн мөнхөд сонгууль болгонд  молигодуулж, эсвэл луйвардуулж, үгүй бол мөнгөөр зодуулж дээрэлхүүлж байсан намууд хэрвээ холимог системээр сонгууль явуулбал ядаж намынхаа нэр дээр авсан саналын хувиар ганц нэг ч болтугай суудал авчихна гэж горьдсоных. Мөн ч арчаагүй байгаа биз? Хэд гуравхан суудлын төлөө Монголын хувь заяаг арилжиж, эрх баригчдад бөгсөө худалдаж байна шүү дээ. Уг нь одоогийн хуулиар, 76 тойрогтой мажоритар системээр сонгуулиа явуулбал нэр хүндээ барсан эрх баригч нам-МАН навс ялагдах нь ойлгомжтой. Улаан сохор хэдэн үнэнч боол гишүүдийнхээ хүчинд, мөнгөндөө дулдуйдаж  хэдэн суудал авах боловч өмнөх хоёр сонгуульд авсан шигээ 60 гаруй суудал авч үнэмлэхүй ялалт байгуулах хөг нь өнгөрсөн. Үүнийг харах чадваргүй, арчаагүй бусад намууд МАН-ын мэхэнд дандаа орж байдаг нь бүр нэг заяа нь хаячихсан гэмээр. 

Ямар өөрчлөлт оруулах гэж улайрч байгааг сануулая.

- УИХ-ын гишүүдийн тоог 150 болгоно гэнэ. Шалтгаан нь хүн амын тоо өссөн учраас гэнээ. 76 гишүүнтэй байхад тал  нь л хуралдсан болж гурилддаг биз дээ? 150 болчихвол бас л тал нь ирэх биз. Тэгэхээр тоондоо биш чанартаа байгаа юм аа. Бирдүүд хувийнхаа компаний ажлаа төрийн ажлаас дээгүүр тавиад ажлаа таслаад байдаг юм шүү дээ. Бирдүүд УИХ-д байхгүй болчихвол ажлаа тасалдаг хүн үгүй болно. Гишүүний тоог нэмдэг нь зөвхөн УИХ-д шургалж орох боломжийг өсгөх л зорилготой, өөр юу ч биш!

- УИХ-ын гишүүдээс бүх яамдын сайд нарыг сонгодог болно, өөрөөр хэлбэл давхар дээл өмсөхөд хязгаар үгүй болно гэсэн үг. Сайдынхаа ажлыг хийх үү, гишүүнийхээ ажлыг хийх үү? 15 яамтай бол 15 гишүүн давхар дээл өмсөнө. Амттай сонсогдож байгаа биз? Намдаа ахиухан хандив өгөөд, дотроо лоббидож чадвал яамны сайд болох боломжтой. Бирдүүдийн шунал тачаал хоёрыг  зэрэг хөдөлгөдөг соронз чинь энэ шүү дээ.

- Сонгуулийн хуулинд пропорционал хувилбарыг орууулж өгнө. Доржханд гэгч гишүүний хэлж байгаагаар УИХ-ын гишүүдийн талыг нь Мажоритар, талыг нь Пропорционал аргаар сонгодог болох юм байх. Мажоритар арга гэдэг нь сонгогчдын хамгийн олон санал авсанаар нь эрэмбэлж, тойргийн мандатын тоогоор тасалж сонгох арга юм (одоо мөрдөгдөж байгаа хууль). Пропорционал гэдэг нь намын нэрээр сонгогдох арга юм. Тухайн нам тухайн тойрогт хэдэн хувийн санал авсан байна, тэр хувиар нь хувилж суудал авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сонгогч намд нь санал өгөхөөс биш хүнд нь санал өгөхгүй. Сонгогчдоос авсан саналынхаа хувьд оногдох  суудлаа харин хэндээ өгөхөө нам нь шийднэ. Намын нэрээр ямар ч бирд чөлөөтэй сонгогдох боломжтой.

- Төрийн сүлд өөрчлөнө гэнэ. Тэр нь ямар чухал хэрэгтэй байгааг ойлгохгүй л байна. Одоо эдийн засаг хүнд, гадаад байдал ч тогтворгүй байгаа үед төрийн сүлдээр оролдож зардал гаргах хэрэг байна уу? Энэ өөрчлөлт чинь баахан илүү зардал нэхнэ гэдгийг мэдэхгүй байна гэж үү? Нөгөө хэмнэлт энээ тэрээ гээд л гуцацгаагаад байсан чинь яалаа? Аягүй бол хэн нэгний бизнес цаана нь явж байгаа биз. Төрийн сүлд өөрчлөхтэй холбоотой элдэв ажил, тендэрээр баахан  мөнгө хийх юм биз ээ. Угаасаа бирдүүд ингэж л улсаа хохироож, өөрсдөө баяждаг. 

- Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болно. Сонгодог Парламентын засаглалын хэлбэрийг сонгосон цагт Ерөнхийлөгч хаанаас яаж сонгогдох нь ямар ч ач холбогдолгүй юм. Тэртэй тэргүй ямар ч эрх мэдэлгүй, бэлэг тэмдгийн хүүхэлдэй юм чинь. Энэ утгаараа УИХ-аас сонгодог байх нь зөв, гэвч Парламентын засаглалыг солиогүй цагт Ерөнхийлөгчийг яаж ч сонгосон зарчмын ялгаа огт үгүй. Хар массын хандлага бол Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдох ёстой л гэж байх шиг. Нэгэнт засаглалын хэлбэрээ сольж чадахгүйгээс хойш тэр нэг зүгээр тэжээлгэдэг, ямар ч эрх мэдэлгүй Ерөнхийлөгч гэдэг хүнийг сонгох гэж нэмэлт зардал гаргахын оронд хэмнээд УИХ-аас л сонгуулдаг болчихвол хэдэн цаас нь хэмнэгдэх юм даа.  

Одоогийн энэ тогтолцоо байгаа цагт бирдүүд улсынхаа эрх ашгийг биш өөрсдийнхөө эрх ашгийг л нэн тэргүүнд тавьсаар байх болно. Намууд нь бирдүүдээр дүүрчихсэн болохоор тэд нараас нь салгаж цэвэрлээгүй (цэвэрлэх боломжийг нь бий болгоогүй) тохиолдолд намуудын төлөвшил гэж яриад ч хэрэггүй. Яавал намуудыг бирдүүдээс салгах тухай дээр өгүүлсэн. 

Өнөөгийн энэ завхарсан нийгэм хүнийг хүн биш болгож байна. Хар масс харанхуй дээрээ нэмээд хүн чанараа гээжээ. Амиа бодсон, бэртэгчингүүд олноор бий болжээ. Тэд энэ завхарсан харгис, шударга бус ёс ноёлсон  нийгэмд  живчихгүй байхын тулд юу ч хийхээс буцахаа больжээ. Би л болж байвал гэдэг үзэл газар авсан байна. Мал биш нам дагавал ам тосдоно гэдэг болж. Нам гэдэг байгууллага нь бодлого боловсруулж тодорхойлдог биш ажил олгодог, албан тушаалд дэвшүүлдэг мафи сүлжээ байгууллага болж хувирсан. Бид нар хоноцын сэтгэлтэй болцгоожээ. Шат шатандаа ямар ч ажил хийсэн гэсэн эх орноо, бусдыгаа биш өөрийгөө, намаа гэсэн сэтгэлээр ханддаг болжээ. Намууд ч хоноцын сэтгэлтэй болсон байна. ИЙм байхад энэ улс хөгжинө гэдэг бол үлгэр шүү!

Дээр хэлсэнчлэн, хүн бүрийг боловсруулж, ухааруулж чадахгүйгээс хойш засаглалынхаа хэлбэрийг өөрчилж байж л хүчээр зөв чигт нь оруулахгүй бол энэ улс буруу тийшээ хадуураад явж өгсөн байна. Хүчээр гэдэг нь Үндсэн Хуулинд заасан  Парламентын засаглалын хэлбэрийг халж оронд нь Ерөнхийлөгчийн засаглалыг тунхаглах явдал юм. 

Одоо Үндсэн Хуульд иргэд сонгогчдынхоо дэмжлэгийг авсан нэрээр дээрх өөрчлөлтүүдийг хүчиндээд л хийж орхих нь мэдээж. Ингээд бид дахиад 30 жил  нам шүтсэн, намын дарангуйллыг өөгшүүлсэн,  эзэн хариуцагч байдаггүй Парламентын  засаглалаар явбал  2054 он гэхэд Африкийн нэн буурай орны хэмжээнд очсон байх нь ойлгомжтой. Хар масс нь үгээгүй ядуу, цөөн хэдэн луйварчин баячууд үгээгүй баян байх болно. Өнөөдөр ч сайн сайхан юм алга. Гурван хүний нэг нь ядуу гэж албан ёсоор бахархалтайгаар зарлаад байгаа юм биш үү? Нөгөө хар масс нь бүр дөжирчихсөн, тоож байгаа ч юм алга. Би л биш бол бусад нь хамаагүй хэмээн  бэртэгчин царайлаад сууцгаах. Гэр хороололдоо задгай жорлонтойгоо, жаахан бороо орохоор  баас шээстэй үерийн усанд машинтайгаа сэлж, явгачуул нь дээгүүр нь харайн наадсан шиг зугаатай амьдарцгаагаад бүр дасчихжээ. 

Парламентын засаглал манайд одоохондоо яагаад ч тохирохгүй гэдгийг 30 жилийн туршлага нотоллоо. Яахав, нам нь төлөвшөөд, иргэд сонгогчид нь боловсролтой, иргэншээд ирсэн цагт болох л байх, өнөөгийн нөхцөлд лав муу сонголт гэдэг нь амьдрал дээр харагдаж байна. Энэ Парламентын тогтолцоо Монгол төрийг хүчгүйдүүлж, улс төрийн намыг наймааны газар болгож, улс төрч нэртэй бирдүүдийг эрх мэдэлд хүргэж эдийн шуналаа гүйцэлдүүлэх боломжийг олгож, энгийн иргэдээ шударгаар тайван амьдрах аргагүй байдалд хүргэж, амьд тэсэж үлдэхийн тулд амьтанлаг араншинтай, бэртэгчин болгож хувиргажээ. Аль нэг нам нь сонгуульд ялбал төрийн байгууллагууд, бүтцийг бүхэлд нь орвонгоор нь самарч, чадвартай эсэхээс үл хамааран өөрийн намын хэн ч байсан албан тушаалд тавьдаг учраас иргэд нь аль нэг  намын боол болдог. Сонгуульд ялах магадлал өндөр, мөнгөтэй, томоохон намыг бараадна. Ялсан нам нь төр засгийн албуудыг ямар ч чадваргүй өөрийн нам дагасан бирдүүдээр дүүргэж, бусдыг хэлмэгдүүлдэг. Бүдүүн хувалзнууд  нь тэндэр концесс, лиценз гэхчлэн аль томоохон ашиг өгөх ажлуудыг булааж, албан тушаал, намын нөлөөгөө ашиглаж банкуудаас хүүгүй шахам зээл ихээр авч жирийн иргэдийн боломжийг хулгайлдаг. ЖДҮ, Хөгжлийн банк гээд зөндөө л луйвар байдаг, гэвч боолууд хий бухимдаад л , шуугиад л, зүхээд л өнгөрдөг. Өөр яаж ч чадахгүй юм чинь. Луйварчид бүх юмыг хуулийн дагуу хийнэ. Тэр хуулиудаа өөрсөддөө тааруулаад биччихнэ. 

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан гэгч хэлэхдээ, одоогийн мажоритар сонгуулийн систем манай намд үр ашгаа өгсөөр ирсэн, гэвч бид бусад намаа бодоод пропорционал элементийг оруулж өгөх нь зөв гэж үзсэн гэжээ. Бусад намаа УИХ-д оруулж төлөвшүүлэх нь зүйтэй гэж МАН энэрэнгүй санаа гаргасан юм байх. Хахаха. Ийм энэрэнгүй нам дэлхийд хаана ч байхгүй! Бидний зарим сонгогчид энэ даргын үгэнд уяраад нулимс унагааж ч байгаа байх, гэвч энэ бол сонгуулийн холимог системээ зөвтгөх гэсэн заль юм шүү дээ. Яагаад холимог болгох гэсэн зорилготойг дээр дурдсан. Бусад намуудад хайртайдаа биш юм аа. 

Шүүх засаглалыг бирдүүд өөрсдийнхөө тааллаар байгуулж, өөрсдийнхөө төлөө ажиллуулдаг. Тиймээс ч иргэд үргэлж л бухимддаг. Бухимдаад яахав дээ, өөрчилж чадахгүй бол нервний гарз биз дээ? Хулгай хийсэн ч , хүн алсан ч бирдүүд ялгүй мултарч чаддаг нь хууль шүүхийг УИХ ба түүний өвөрт хэвтэх Засгийн газар нь атгасны илрэл. Шударга ёсны тухай яриад ч нэмэргүй. Ерөөс шүүх засаглалыг хараат бусаар байгуулахгүй бол хэн нэгний төлөө үйлчлэх нь мэдээж. Нэгэнт Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох болбол Шүүхийг хараат бусаар байгуулахаар хуульчлах хэрэгтэй. Хэний ч харъяат бус байж гэмээнэ шүүх шударга ажиллаж чадна. Хэн ч ойлгохоор энгийн логик. 

Өөрчлөн байгуулалтыг харанхуй хар масс хийхгүй ээ, ойлгомжтой. Харин хийж чадвал дэмжих магадлалтай. Тэгэхээр тайван хувьсгалыг  яаж, хэн хийх вэ гэдэг асуулт. Хариултыг уншигч нарт үлдээлээ.  

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө