Ард нийтийн санал асуулга явуулая

4 сарын 8-ны байдлаар Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил дараах 6 багц (нийт 19 зүйлд) асуудлын хүрээнд хийгдэж байгаа тухай Үндсэн Хуулийн шинэчлэл хэлэлцүүлгийн эхэнд Ажлын хэсгийн дарга Лүндээжанцан хэллээ:

1. УИХ-ын  хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт
2. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт
3. Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт
4. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт
5. Намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлохтой холбоотой нэмэлт
6. Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнд тавих шаардлагыг дээшлүүлэх, хараат бус хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт

(Бичлэгийг  Facebook дээр тавьсан байна:
 https://www.facebook.com/ParliamentTVMon/videos/1445763132244052/?notif_id=1554703595337612&notif_t=live_video_explicit  )

Би ажлын хэсгийн хийсэн гэж байгаа өөрчлөлт, нэмэлттэй холбоотой өөрийн бодлоо энд бичсэн бөгөөд мөн бусад намуудын төлөөлөгчдийн хэлсэн үгнээс  ч орууллаа. Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах журам ёсоор ҮХ-ийн 34%-иас ихгүй хэсэгт өөрчлөлт хийх хязгаарлалт тавьсан учраас тэр хэмжээнээс хэтрүүлэлгүй 27%-д нь өөрчлөлт оруулж байна гэж байна.
Үндсэн Хуулинд өөрчлөлт, нэмэлт оруулахтай холбоотой 2018 оны сүүлээр бичсэн нэгэн нийтлэлийг  энд дарж уншина уу.

Лүндаажанцан
Лүндаажанцан гишүүн хэлж байнаа: "Хурууны хээгээр саналаа өгдөг болсон учраас  "УИХ-ын гишүүн Чуулганы болон Байнгын хорооны хуралдаанд   биеэр оролцож, өөрийн итгэл үнэмшлээрээ санал өгнө"  гэсэн заалт төсөлд байсныг хассан гэнэ."  Биеэр оролцоно гэсэн заалт  оруулах гэж байсан санаа нь өөрийг нь байлцуулахыг хуулиар заагаад өгчихвөл өөр хүнээр кнопоо даруулдаг заншил устана гэж бодож л дээ. Тэгсэн чинь хурууны хээгээр саналаа өгдөг болгочихсон учраас энэ заалт хэрэггүй болсон гэнэ.  Гэвч ингэснээр УИХ-ын гишүүн хуралдаанд оролцдог ирцийг өндөрсгөж чадахгүй юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний  дураа хүрсэн үед хуралдаа суудаг, дургүйгээ хүрвэл суудаггүй  "эрх чөлөөг"  үгүй хийж чадахгүй. Уг нь УИХ-ын гишүүний ажил бол хуралдаандаа ирж хуулиа хэлэлцэх явдал юм. Суухгүй байх хүндэтгэх шалтгаангүй нөхцөлд шүү дээ. Мэдээж жишээ нь, бие лагшин муудаад, эсвэл гадаад явчихсан бол яаж суух вэ дээ. Зүй нь УИХ-ын гишүүний хариуцлагыг, УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах гэж байгаа бол УИХ-ын гишүүнийг ажилдаа ирдэг болгох ёстой юм. Жирийн иргэн ажлаа таслаад байвал цалингаа бүтэн авахгүйгээс гадна ажлаасаа ч халагдах хариуцлага хүлээдэг.

За энэ мэт элдэв шалдав жижиг өөрчлөлт, өнгөн засал хийхээр төсөлд тусгаснаа ярилаа. Насны хязгаарыг нэмсэн , чуулах өдрийн тоогоо нэмсэн л гэх мэт.
Иргэдийн зүгээс ихээр ирүүлсэн санал дотор УИХ-ын гишүүнийг  эгүүлэн татах тухай асуудал байсан гэнэ. Элдэв хэл аманд орооцолдсон, хуралдаа суудаггүй гэх мэт зөрчилтэй, хариуцлагагүй гишүүдийг эгүүлэн татдаг боломжтой байх нь зүйтэй гэж иргэд маань ярьж байгаа нь нэг талаас зөв мэт боловч анхнаасаа яагаад ийм үл бүтэх этгээдүүд УИХ-д шургалж ("сонгогдож") чадав аа гэдэг асуултыг тавиад үзмээр байгаа юм.

Энэ асуултанд хариулт өгөхөөс өмнө бас нэг асуулт асууя. УИХ гээч байгууллага яагаад хүн болгоны шургалах дуртай газар болчихсон юм? Тэнд нэг хүчтэй соронз байна аа даа? Тэр соронз бол УИХ-ын эрх мэдэл юм. УИХ өөрөө гүйцэтгэх эрх мэдлийг атгадаг (Засгийн газар) учраас тэнд эрх мэдэл, мөнгө үнэртэж байгаа юм. Парламентын засаглалын онцлог энэ. Гүйцэтгэх засаглал нь Хууль тогтоох засаглалаас  (Парламент буюу УИХ-аас)  томилогддог учраас хараат байдаг. Төсөв батлахдаа тойрогтоо илүү мөнгө хувиарлуулах сонирхол нь тэр тойрогтоо ажил хийж өгсөн буянтан болж харагдах, улмаар мөнхөд тэндээсээ сонгогдож байх дархлаатай болох гэсэн алсын бодол юм. Уг нь улсынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, бодлого гаргаж байх ёстой байгууллага л даа. Гэтэл жалга довны ашиг сонирхол мөргөлдсөн, тэр сонирхолоо хангахын тулд жалга довондоо зарцуулах мөнгө хүртэл нэр дээрээ авдаг болтлоо улаан цагаандаа гарсан, ичих нүүргүй,  төрийн түшээ гэх нэрийг гутаагчдын цуглуулга болсон.

За тэгээд нэгэнт УИХ-д шургалж чадаад хоншоор байвал илүү нэмэлт эрх мэдэлд ч хүрэх боломж нээлттэй гэж байгаа. Энэ нь нөгөө алдарт давхар дээл юм.
Ажлын хэсгийн ахлагч маань төсөлд зөвхөн 4 давхар дээлийг өмсүүлж болно гэж оруулсан бөгөөд ингэснээрээ давхар дээлийг үндсэндээ тайлж байна  гэнэ. Яаж ингэж улайхгүй худал ярьж чадаж байна аа? Одоо байгаа 13 яамны сайд бүгд давхар дээл өмсөөд их тухтай байгаа. Төслөөр бол одоогийн яамдын сайд нарын гуравны нэгийг УИХ дотроос сонгох юм байна. Яамдын тоо цөөрвөл эзлэх хувь нь ихэснэ. Ийм учраас давхар дээлийг алга болгож байна гэж тэнэг хүнтэй юм ярьж байгаа юм шиг доромжлох хэрэггүй л дээ. Дөрөвхөн хүн давхар дээл өмссөн байхад засаглал холилдоод байх юм байхгүй гэж Лүндаажанцан дарга загнаж байна.
76 дотор дөрөв, тавхан хүн давхар дээлтэй байхад зохих хэмжээндээ байна гэнэ.  Уг нь Засгийн газрын гишүүдийн тоотой харьцуулмаар л юм, тэгсэн чинь 76 хүндээ харьцуулдаг байна шүү! Тааруухан ч  заль бол доо.

Ийм эрх мэдэлтэй, гүйцэтгэх засгаа гартаа атгачихсан, давхар дээл өмсөх боломжтой газар бол соронз мэт татах хүчтэй бөгөөд хүн бүрийн хорхойг хүргэх нь ойлгомжтой. Ялангуяа шунал нь хязгааргүй, атгаг бэртэгчин этгээдүүд мөнгө хайрлахгүй цацаж, санал худалдаж авах аргаар эрээ цээргүй шүлэнгэтэн зүтгэсээр олноороо орж ирж чадсан байна. Тэд бол өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг учраас бялуунаас хүртэхийн тулд өнгөрсөн 30 жилд өдий олон Засгийн газрыг огцруулж, ээлжлэн давхар дээл өмсөж, өөрсөддөө буюу өөрийнхөө хамаарал бүхий этгээдэд ашигтай хууль дүрэм баталж, бүр давраад төрийн элдэв сангаас хямд хүүтэй зээл саяар нь, тэрбумаар нь авч, хүүлэх нь хүүлж хэмжээлшгүй ашиг олсоноор хагартлаа  баяжиж, Монголыг цөлмөсөн 30 гэр бүл гэдэг газрын хөрснөөс тасарсан анги давхарга бий болжээ. Төрөөс тэрбумтан төрдөг одоогийн энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт байгаад ч нэмэргүй. Ганц нэг нь алдаа гаргаж хэл аманд орж, эгүүлэн татах асуудал гарч болох боловч тэд нарыг эгүүлэн татна гэдэг чинь угаасаа адгийн зарга 10 хоног гэдэг шиг л юм болно. Тэгээд ч ихэнх бэртэгчингүүд гэнэдэж алдаа гаргахгүйгээр сонгуульт хугацаандаа  ашиг сонирхлын эрэмбээ алдахгүй аваад явчихаж чадна л даа.

Лүндаажанцан даргын ярьсан бас нэг инээдтэй зүйл бол Монгол улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөн хүрээтэй болгочихсон учраас Ерөнхий сайдтай бараг ижил түвшинд очоод, улс маань 2 засагтай болчихсон юм шиг болсон гэнэ ээ. Тийм учраас Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж өгье, УИХ-аас тавих хяналтыг сайжруулая гэнэ дээ. Ингэвэл эрх мэдлийн хувиарлалт зөв болох юм байх.  Андуурч байна даа, Лүндаа дарга аа!
Эрх мэдлийн тэнцвэртэй хувиарлалт, харилцан хяналтыг системийн тулгын гурван чулуу болох Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалууд биенээсээ үл хамааран үйл ажиллагаа явуулж,  гэхдээ харилцан хяналт тавьдаг байж л бий болгоно. Ийм тэнцвэрийг Ерөнхийлөгчийн засаглалын үед илүү  хангаж чаддаг,  яагаад гэвэл  Парламент ба Гүйцэтгэх засгийн тэргүүн хоёулаа ард түмнээс сонгогддог. Гүйцэргэх засгийн тэргүүн Ерөнхийлөгч нь  Парламентаас (УИХ-аас) сонгогдоггүй учраас хараат биш байж чадна.   Парламентын засаглалын үед Хууль тогтоох бүтэц буюу Парламент нь ард түмнээс сонгогдох ба харин Гүйцэтгэх засгийг  нь (Ерөнхий сайд, Засгийн газар) Парламент нь  сонгож баталдаг учраас Гүйцэтгэх засаг (Засгийн газар) нь УИХ-ынхаа атганд байна гэсэн үг.

Манайд өнгөрсөн жилүүдэд орцорсон олон Засгийн газрууд муу ажиллаад огцроод байсан юм биш л дээ. УИХ нь  дараагийнхаа  ээлжийг хоолонд оруулах гээд Ерөнхий сайдаа (Засгийн газраа) огцруулаад  байсан юм л даа. УИХ буюу Парламент нь Гүйцэтгэх засгаа томилдог  учраас ингэж дураараа тоглож чаддаг байсан юм. Лүндаажанцан даргын төслөөр бол Ерөнхий сайдаа огцруулах санал гаргавал шинэ Ерөнхий сайдынхаа нэрийг цуг оруулж ирэхээр тусгасан гэнэ. Ингэснээр Засгийн газрыг огцруулж л байвал дараагийн Ерөнхий сайд хэн болох нь хамаагүй гэдэг ойлголтыг халах юм гэнэ. Юу гэсэн ч үг юм?! Өнгөрсөн жилүүдэд тэр олон Засгийн газруудыг зүгээр л ямар ч шалтгаангүй огцруулж тоглодог байсан юм уу? Худлаа л байхгүй юу! Эрх мэдэлд донтсон, бялуунаас хувь хүртэх гэсэн шуналтнууд л хуйвалдаж унагадаг байсан биз дээ? Лүндаа дарга хойшид  Гүйцэтгэх засгаа огцруулахаар болбол илүү зохион байгуулалттай хийж, шинэ Ерөнхий сайдад сонгох хүнээ шийдчихээд огцруулах саналаа оруулж ирдэг болцгооё гэнэ дээ. Нөгөө Засгийн газрын тогтвортой ажиллах, засгийн хямрал энэ тэр бол хоосон үг юм байна.

Гүйцэтгэх засгийн тэргүүнээ ард түмнээс сонгодог (Ерөнхийлөгчийн засаглал) байвал Парламент (УИХ) нь Засгийн газраа огцруулаад байж чадахгүй. Ийм учраас Засгийн газар тогтвортой ажиллаж чадна. Ард түмний сонгуулиар гарч ирсэн Ерөнхийлөгч маань Засгийн газраа тэргүүлнэ. Парламентын засаглалын сонгодог загвараар бол сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болж Засгийн газраа толгойлдог ёстой. Гэвч манайд энэ ёсыг мөрдөөгүй. Гэтэл УИХ-ын гишүүд маань бид чинь парламентын засаглалтай улс гэж хэнхэдгээ дэлдэх дуртайг яана! Лүндаа дарга одоо хэлэлцэж байгаа төслөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх юм гэнэ. Ямар ч эрх мэдэл нэмж өгөөд нэгэнт л Парламентын (УИХ-ын) атганд байгаа юм чинь юу ч өөрчлөгдөхгүй л дээ. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасаж танах юм байх. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг үгүй хийснээр Ерөнхийлөгч маань эрх мэдэл нь багасах юм биз дээ. Угаасаа л ямар ч эрх мэдэлгүй тоглоомын албан тушаал биз дээ?

Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр ажлаас нь халахыг хориглоно гэж Үндсэн Хуульд зааж өгөхгүй бол халаа сэлгээ бүх зүйлд муугаар нөлөөлж байна гэнэ. Уг нь ийм асуудлыг дагавар хуулиар зохицуулж болно л доо. Үндсэн Хуулинд оруулах шаардлагагүй юм. Ер нь бол намын дарангуйлал тогтсон хэвээр байх юм бол намын харъяаллаас хамаарч тухайн төрийн албан хаагчийн хувь заяа шийдэгддэг үзэгдэл арилахгүй ээ. Учир нь намаар бүх юм дамжиж байгаа учраас тэр. Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болно, Засгийн газрын гишүүдээ өөрийнхөө намын гишүүдээс сонгоно, шинэ сайд нар яамдынхаа чухал газар, албанд өөрийнхөө намын хүмүүсийг томилно, шинэ дарга нар газар, хэлтэстээ өөрийнхөө намын гишүүдийг авна, гэх мэтээр гинжин урвал шиг доошоогоо гал авалцаж байгаа аятай явж өгнө шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн Парламентын засаглалын гайгаар ингэж л явж ирсэн биз дээ?

Төрийн яамд, хот суурингийн удирдлага, аймаг сумдад бүгдэд нь ийм юм болдог. Одоо тэгээд Үндсэн Хуулинд заачихаар энэ үзэгдэл алга болох юм гэнэ. Мөн горьдов оо?  Ингэж худлаа дүр эсгээд хэрэггүй ээ. Сүүлийн сонгуульд МАН ялаад, ялсан намын сүр хүчийг харуулж өөрийнхөө үнэнч гишүүдийг ажилд  авч, нам бус болон өрсөлдөгч намынхаа харъяалалтай олон арван мянган төрийн албан хаагчийг гудамжинд гаргасан юмдаг. Ардчилсан нам ч ялсан үедээ мөн ийм үйлдэл гаргаж байсан. Төрийн эрхийг ээлжилж барьсан хоёр нам хүрд эргүүлэх боломж олдох болгондоо  төр засгийн албыг бусниулж тоглодог байсан бөгөөд 30 жилийн дараа гэнэт ухаан орж Үндсэн Хуулинд ийм заалт оруулж энэ гаж үзэгдлийг засах юм гэнэ. Засагдах уу? Ялсан нам өөрийнхөө бодлогыг (бодлого ч юу байхав дээ, атгаг зорилгыг гэвэл онох байх) хэрэгжүүлэхийн тулд өөрийнхөө багийг бүрдүүлэх хэрэгтэй гэдэг алдартай ам тагладаг үг бий шүү дээ. "Дайсны"  намын хүнтэй бид яаж хамтран ажиллах билээ гэдэг айхтар асуулт тавьдаг.

Бас нэг чухал яригдсан зүйл  бол мэдээж шүүхийн тухай   асуудал. Лүндаажанцан даргын хэлсэнээр, Ерөнхийлөгч маань өнөөдөр шүүхийг "атгачихсан"  байгаа юм байна. Санаатай болон санаатай бусаар гэнээ. Юу ч гэсэн үг юм? Тийм учраас шүүхийн хараат бус байдлыг хангахын тулд шүүгч нарыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс сонгож томилж байхаар төсөлд тусгажээ. Угаасаа одоогийн хууль дүрмээр бол бүх шүүгч нарыг ШЕЗ -өөс санал болгодог. Дээд шүүхийн шүүгчдийг УИХ, бусад шатныхыг Ерөнхийлөгч шийддэг гээд ойлгоход болно. Дэлгэрэнгүйг энэ нийтлэлээс уншаарай.

Төслөөр бол ШЕЗ өөрөө бүгдийг нь томилдог болгож,  Ерөнхийлөгч зөвхөн албан ёсны болгож батламжилдаг болно гэнэ.  Ерөнхийлөгч хэрвээ  уг шүүгч  Үндсэн Хуулинд заагдсан шаардлага хангаагүй бол  (өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан, Монгол улсын иргэн биш, эсвэл насанд хүрээгүй) батламжлахаас татгалзаж болно гэнэ. Гэтэл  ШЕЗ  ийм хүнийг анхнаасаа томилж болохгүй биз дээ? ШЕЗ-ийг бүрдүүлэх аргачлалыг өөрчлөх нь зөв. Гэхдээ төсөлд зааснаар бүрдүүлэх юм бол хэрэг алга. ШЕЗ-ийг 10 гишүүнтэй болгоно гэнэ. (Ямар ч шидтэй тоо юм?) Ажиллах хугацааг нь 4 жилээр хязгаарлажээ. Ингэж хязгаарлах нь бас буруу. Ажлаа сайн л хийж байвал сунгаад байж болохоор хийх нь зүйтэй. 10 гишүүний 5 гишүүнийг  нь УИХ-аас, Хяналтын шатны шүүгчдээс 1, Давж заалдах шатны шүүгчдээс 1, Анхан шатны шүүгчдээс 3 хүн санал болгох юм гэнэ. ШЕЗ даргаа дотроосоо сонгоно гэнэ. Одоо мөрдөгдөж байгаа Шүүхийн Захиргааны тухай хуулиар ШЕЗ-ийг бүрдүүлэхэд УИХ-аас нэр дэвшүүлэхгүй байсан бол одоо төслөөр УИХ-аас 5 хүний (ШЕЗ-ийн гишүүдийн хагасыг нь! ) нэрийг дэвшүүлнэ гэж оруулсан байна. ШЕЗ чинь УИХ-ын хараат болчихож байгаа юм биш үү? Нөгөө хараат бус бүх шатны шүүгчдийг томилох эрхтэй байгууллага шүү дээ!

Улсын Дээд Шүүхийн шүүгчээр 40 нас хүрсэн хүнийг 12 жилээр сонгоно гэж байна. Нэг л удаа сонгогдоод буух юм байх. 40 насандаа шаардлага хангаж сонгогдоод 52 насандаа ажлаа өгөх юм байна. Тэгвэл энэ хүнийг нас тогтоод, туршлага суусан ид насан дээр нь гаргаад хаячих нь зөв үү? Тийм учраас ажиллах хугацааг  нэг удаагийн гэж зааж өгөх нь маш буруу. Сайн шүүгчдээ цааш нь үргэлжлүүлээд ажиллах боломжийг нь олгох хэрэгтэй. 12 жилээр сунгаад явахаар хуульчилж болно доо.
Дээд Шүүхийн шүүгч, Цэцийн гишүүд, ШЕЗ-ийн гишүүдийг томилгооны сонсголоор заавал оруулна гэж төсөлд тусгасан гэж байна. ШЕЗ-өөс томилсон Дээд Шүүхийн шүүгчдийг УИХ-ын томилгооны сонсголоор оруулах ямар хэрэгтэй юм? Нөгөө ШЕЗ-өөс томилоод Ерөнхийлөгч батламжлана гэсэн заалт чинь яах юм? Ингэж хүнд сурталдаж, бас нэг илүү дамжлага бий болгож, УИХ-ын "дарамтыг" мэдрүүлэх шаардлага байна уу? Дээд Шүүхийнхээ шинэхэн шүүгчдийг баахан байцааж, захиас өгч анхааруулан хэн нь босс гэдгийг мэдрүүлэх юм байх л даа. Энэ чинь нөгөө хараат бус байдалд эхнээсээ нөлөөлж эхлэх оролдлого биш үү? ШЕЗ өөрөө томилоод л Ерөнхийлөгчөөр батламжлуулах нь хангалттай. Томилгооны сонсголоор оруулдаг бол илүү бөгөөд буруу юм. Харин Цэцийн гишүүд, ШЕЗ-ийг өөрийг нь сонгохдоо тэр шүүлтүүрээрээ оруулдаг байж болох юм.

Шүүгчийн хариуцлагын зөвлөл (ШХЗ) гэж байгуулая гэнэ. 9 гишүүнтэй, нэг удаа 6 жилээр сонгогдож ажиллана гэнэ. (Дандаа л нэг удаа сонгогдож ажиллана гэсэн хязгаарлалт хийсэн нь харагдаж байна. Ер нь алдаа мадаггүй ажиллаж байвал заавал хольж солих шаардлага байна уу? Ялангуяа шүүхийн бүтцийг зөв л явж байвал хөдөлгөөд байх хэрэггүй эмзэг бөгөөд чухал байгууллага. Ээлжилж хоолонд орох гэж байгаа аятай л хугацаа заагаад байдаг нь сэжигтэй)
9 гишүүний 3-ыг иргэдээсээ, 3-ыг эрдэмтэдээс, 3-ыг шүүгчдээс  сонгоё гэнэ. Шинэ бүтэц учраас шинэ хуулийн заалтаар зохицуулагдах биз ээ.

Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэд, намын төлөөллүүд төсөлтэй холбоотой санал гэхээсээ илүү өөрсдийнхөө хийсэн дүгнэлт шинжилгээ, байр сууриа илэрхийлж байлаа. Нийтлэг уур амьсгал бол одоо эрх барьж байгаа МАН-аас бүрдсэн УИХ Үндсэн Хуулинд өөрчлөлт хийх ёс зүйн эрхгүй гэдгийг илэрхийлж байсан явдал юм. Одоогийн УИХ бол нэр хүнд нь шалдаа унасан, элдэв ёс зүйгүй асуудалд нэр нь орооцолдсон, хууль бусаар бүрдсэн байх магадлалтай, ЖДҮ зэрэг сангаас эрх мэдэл, нөлөөгөө ашиглаж зээл авсан, олонхийг бүрдүүлж байгаа хүчин 60 тэрбумын хэрэгт холбоотой зэрэг асуудлаас болж Үндсэн Хуулийг хөндөх эрхгүй гэж үзэж хэлэлцүүлж байгаа төслөөр өөрчлөлт хийхийг эсэргүүцэж байгаагаа хэлж байна. Заримыг нь энд орууллаа.

Судлаач, доктор  Өлзийсайхан:

- Төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдсан улстөрийн хүчнийг хуучин хуулиар тараахаар заасан байхад одоо хийх гэж байгаа өөрчлөлтөөр тараах хүртэл арга хэмжээ авна гэж оруулжээ. Тараах хүртэл гэдэг чинь заавал тараах гэсэн үг биш. Мөнгөн торгууль оноогоод өнгөрч болох нь. 60 тэрбумын хэрэгт холбогдсон МАН-ын жишээг татсан. Хэрвээ МАН-ын 60 тэрбумын хэрэг илэрвэл энэ намыг тараахгүй аварч авч үлдэх гэсэн санаа.
-  УИХ бол хууль тогтоодог, гүйцэтгэх засаглалаа томилдог, шүүхээ томилдог болчихвол засаглалын бүх эрх мэдлийг төвлөрүүлсэн хэмжээлшгүй эрх мэдэлт хаан шиг болно. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг (ШЕЗ) хүртэл хянахаар болж байна. Ингээд шүүхийн байдал урьдынхаасаа дордох юм байна.
- Сонгодог парламентын тогтолцоо руу явж байна гэж ярьж байгаа. Гэтэл өөрсөддөө таалагдсан, хэрэгтэй гэдэг зүйлээ оруулчихаад  сонгодог болохгүй.
- Засгийн газрыг огцруулахдаа дараагийн шинэ Ерөнхий сайдын нэрийг хамтад нь оруулж ирнэ гэж байна. Ингэснээр Засгийн газар тогтвортой байх боломжийг бүрдүүлнэ гэж байна. Засгийн газар тогтвортой байх нь чухал биш, харин шударга бөгөөд ард түмнийхээ төлөө байх нь гол асуудал.
- УИХ-ын гишүүд хуралдаандаа биеэр заавал оролцоно гэнэ. Уг нь тангарагаа өргөхдөө л ард түмний элч байна гэдэг. Ард түмнийхээ элчийн ажлыг өөр хүнд хариуцуулчихаад явж болохгүй л дээ.
- УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна гэдэг заалт, татах шалтгаан одоогийн хуульд бэлэн байхад заавал Үндсэн Хуульд оруулах ямар шаардлага байна? Төрийн албаны тухай хуулинд бэлэн заагдсан байгаа.

АТОЗ намын дарга Нарангэрэл:

- Ард нийтийн санал асуулга гэдэг механизмыг яагаад ашиглахгүй байна?
- Ард түмний онц их хурлаар Үндсэн Хуулийг өөрчлөх хэрэгтэй.

Ардын эрхэт түр хурал хөдөлгөөний тэргүүн Пүрэвдорж:

- Байнгын ажиллагаатай Парламентыг хүн дурлаад үхэлдээд байдаггүй газар болгох хэрэгтэй. Үүний тулд томилгооны эрх мэдлийг нь хураан авах шаардлагатай.
- Дээд доод танхимтай парламент байгуулах ба томилгооны бүх эрх мэдэл дээд танхимд очно. Харин доод танхим нь хуулиа батлана.
- Хэрэгжүүлэхдээ, Ерөнхийлөгчийн дэргэд намууд болон бусад субьектүүдийн оролцоотой зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, шинэчилсэн Үндсэн Хуулийн төслийг боловсруулах
- Ардын түр хурал байгуулж шинэчилсэн Үндсэн Хуулийн төслийг хэлэлцэх, дараа нь бүх ард түмнээр хэлэлцүүлсэний дараа батлах.

Монголын  Либерал намын дарга Чулуунбаатар:

- Үндсэн Хууль бол амьд организм учраас байгаль, нийгмийн шалгарлаар дотоод зөрчлөө өөрөө илэрхийлж, дохио зангаагаа  өгч, цаг тухай бүрд нь засаж сайжруулахыг улс төрийн нам хүчнүүдээс шаардаж байдаг.
- Тийм учраас бүх ард түмний үүсгэл санаачлагаар, өмнөх Үндсэн Хуулийнхаа амьдралаар шалгагдаж нотлогдсон шимтэй бүхнийг хуримтлуулан хадгалсан шинэ Үндсэн Хууль гаргах нь цаг үеийн шаардлага, ирээдүй хойч үеийнхээ өмнө та бидний хүлээсэн  хариуцлагатай үүрэг юм шүү.

Монголын Хүний төлөө намын дарга Бат-ялалт:

- Ард түмний хяналтын байгууллагыг байгуулах хэрэгтэй. Шийдэгддэггүй хэргийг шийдэхийн тулд цагдаа, хууль хяналтын байгууллагын эрх мэдлээс давсан Хянан шалгах хороог УИХ-ын дэргэд байгуулна  гэж юу яриад байгаа юм? Шийдэгддэггүй хэрэг гэж ямар хэргийг хэлээд байгаа юм? Бид нарын хүсэл зорилго бол эх орондоо сайхан амьдрах юм шүү дээ. Үүнийг Үндсэн Хуулийн 2-р бүлгийн 19-р зүйл дээр тодорхой заачихсан байгаа. Монгол Улсын төр иргэнийхээ нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх зөрчих явдалтай тэмцэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэг хүлээнэ гээд заацихсан байдаг.  29 жил энэ үүргээ биелүүлж чадаагүй эрх баригчид өнөөдөр өөрсдөө зайлаад өгч болдоггүй юм уу?

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, хууль зүйн доктор Мөнхсайхан:

- Яллагдагч гэж ямар хүнийг хэлдэг вэ? Эрүүгийн хуулинд зааснаар,  эрүүгийн хэрэг үүсгэгдсэн , яллагдагчаар татагдсан тогтоолтой танилцсан  сэжигтэнийг яллагдагч гэнэ. Яллагдагч зарим нэг эрхийг эдлэх боловч хууль тогтоох эрхгүй.  Өнөөдөр УИХ-д байгаа хүмүүсээс лав л 3 нь шүүхэд хэрэг нь  явахад бэлэн болсон. Яллагдагчаар хууль батлуулаад, тэгээд бид тэрийг нь мөрдөөд явах уу?
Өнөөдөр гажуудал үүсээд байгаа төр засгийн эрх мэдлийн  харилцан тэнцвэртэй хяналтыг сайжруулах арга зам энэ номонд бичигдээгүй.  Засгийн газар давхар дээл өмсөх хэвээрээ, УИХ-ын гишүүний хариуцлагагүй ажилласныг яаж тогтоогоод, яаж татах нь тодорхойгүй, шүүгч нарыг хараат бус болгоно гэдэг нь худлаа, учир нь шүүгч нарын томилгоо нь хэвээрээ үлдсэн гэ мэт. Тийм учраас яллагдагч хүмүүсээр Үндсэн Хууль батлуулахгүй гэж намууд хэлээд гарын үсгээ зурцгаачих. Яллагдагч нарынхаа учрыг эхлээд олчих оо. Та нараар хууль батлуулахгүй

МСДН-ын дэд дарга Энхзаяа:

- Нэмэлт өөрчлөлтийг хийлгэхгүйн төлөө намууд хамтарч тэмцэх хэрэгтэй гэж бодож байна.

ИЗНН-ын дарга Ганхуяг:

- МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлэхдээ, Үндсэн Хуулийн өөрчлөлтийг манай нам дангаараа хийхгүй гэсэн.  Тийм учраас намуудын зөвшилцөл байх ёстой.

Ц.Оюунбаатар (УИХ-ын гишүүн асан):

- Бүгдээрээ шинэ Үндсэн Хуулиа тойрч сууж байгаад хэлэлцэж боловсруулая. Монголын ард түүмнээр хэлэлцүүлье. 1945 оны ард нийтийн санал асуулгаар сайхан хууль баталчихая.   Олонхи болсон 65 суудалтай МАН дангаараа Үндсэн Хуулиар тоглож болохгүй гэдэг дээр энд санал нийлцгээж байна. Лүндаа дарга та хожим ард түмэндээ хараалгаж яваад яах вэ. Одоогийн ард түмнийг бухимдуулаад  байгаа асуудлуудын нэг нь ч таны оруулж ирж байгаа өөрчлөлтөөр шийдэгдэхгүй. Тухайлбал, баялаг. 30 гэр бүл Монголын ард түмний баялгийг луйвардаж аваад оффшорт аваад хийчихсэн асуудлыг шийдэж чадахгүй. Баялгийн хувиарлалт буруу байна. 76 гишүүнтэй парламент чинь хяналтаас гарчихжээ. Хоёр шатны парламент л хяналттай байна.

Батболд (Намгүй сум, дүүрэг хөдөлгөөний тэргүүн):

- 90 оноос хойш Монголд нэг өвчин ор мөргүй устаж алга болсон нь Номын цагаан солио гэдэг өвчин, харин нэг шинэ өвчин гарч ирсэн нь Намын цагаан солио юм.

Ганбат (Эх орончдын нэгдсэн намын дарга):

- Бид конструктив маягаар Үндсэн Хуулинд хандаж  байгаа юм уу?  1992 оны Үндсэн Хууль яг үндсэн үүргээ гүйцэтгэсэн юм уу? Энэ тухайд эрдэмтэн мэргэд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд дорвитой дүгнэлт хийсэн юм уу? Үндсэн Хуулинд өөрчлөлт хийх шаардлагатай юм уу? Яаж өөрчлөлт хийх юм? Энэ нийгэмд чинь тэгвэл шинэ Үндсэн Хууль шаардлагатай болсон юм биш үү? Эдгээр асуултуудад хэн хариулт өгсөн юм?
Лүндаа дарга таны энэ нэмэлт, өөрчлөлтүүд чинь  өнөөдрийг аргацаах гэсэн, эсвэл тэр албан тушаалтан , Ардын нам, Ардчилсан намд зориулсан болох гээд байна.

Дашням доктор (Жудагт Монгол хөдөлгөөн):

- Үндсэн Хуулийн хэрэгжилтэнд дүгнэлт хийгээгүй байж Үндсэн Хуулиа өөрчлөнө гэж 13 жил ухандлаа гэж Лүндээжанцан хэлж байна. Үндсэн Хуулийн өөрчлөлт гэж цаг барж худлаа юм хийж байснаас үлдсэн жаахан цагаа өөр юманд зарцуулсан нь дээр. Юунаас болоод Монгол улс маань ийм муухай болчихов гэдгээ сайн бодож байж хийх хэрэгтэй. Та нарын нэр чинь гутсан учраас ийм өөрчлөлт хийх эрхгүй гэж хүмүүс хэлж байна шүү дээ. Нэгэнт нэрээ гутаасан юм чинь тэрийгээ ойлгоод, харц жаахан доошоогоо байж, өөр ажлуудаа эрчимтэй  хийх хэрэгтэй гэж хэлье дээ.

Зоригоо (Бүгд Найрамдах Намын Ерөнхий нарийн бичгийн дарга):

- Ямар нэг талаар хууль зүйн ойлголттой улсуудаа цуглуулж зөвшилцлийн ажлын хэсэг гаргаад энэ улсуудынхаа санал бодлыг нийлүүлээд нэгдсэн форматад оруулаад түүнийгээ хэлэлцүүлбэл яасан юм бэ? Улс төрийн намууд гишүүнчлэлгүй байх ёстой гэдгийг Үндсэн Хуульдаа тунхаглах хэрэгтэй.

------------------------------------------------------------------------------------------------------------------------

Төгсгөлийн үг.

Бид одоо яах ёстой вэ гэдгээ эхлээд ойлгомжтой тодорхойлж, нэгдсэн нэг ойлголтонд хүрэх хэрэгтэй байна.  Иргэдийн дунд ерөнхийдөө 2 өөр байр суурь байна. Ардчилсан хувьсгалаас хойш өнөөг хүртэлх 30 жилд бидний сонгосон зам, туулсан амьдрал, өнөөдрийн хүрсэн түвшин, одоогийн бодит байдал маань зөв замаар зөв явж байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж, учир шалтгааныг олж тогтоох, засаж залруулах арга зам эрэлхийлэхэд хүргэж байна. Бидний сонгосон нийгмийн тогтолцоонд, засаглах арга хэлбэрт хамаг учир байна гэж хэлэх хүмүүс байхад,  одоогийн статус кво-г хадгалах нь зөв гэж үзэх хэсэг байна. Ийнхүү иргэд маань үндсэндээ 2 хэсэгт хуваагдсан учраас бид эхлээд энэ талцлаа нэг тийш нь болгож аль нэг талдаа шийдмээр байна.Ингэхгүй бол ажил хэрэг маань цаашаа явахгүй. Асуудлын гол нь бид засаглалын хэлбэрээ өөрчлөх үү, эсвэл одоо байгаагаа хадгалж үлдээх үү гэдгийг ард иргэдээсээ асуугаад шийдэх  хэрэгтэй байна.  Энэ бол хамгийн түрүүнд хийх ёстой ажил. Энэ ажлыг бид ард түмний санал асуулгаар л шийдэж чадна. Санал асуулгын хуудсан дээр ганц л асуулт байх бөгөөд санал өгөгч иргэн маань 2 сонголтын нэгийг л сонгох юм.

Асуулт

- Та аль засаглалын хэлбэрийг сонгох вэ?

Хариулт   (Хоёр сонголт байх ба энэ хоёрын аль нэгийг л сонгоно):

1. Парламентын засаглал
2. Ерөнхийлөгчийн засаглал

Энд нэг зүйл дээр бас анхаарах нь чухал. Энэ нь иргэддээ сонголтоо зөв хийх боломж олгохын тулд энэ хоёр засаглалын хэлбэрийн тухай товч бөгөөд тодорхой ойлголт, мэдээллийг өгөх явдал бөгөөд энэ ажлыг санал асуулга явуулахаас тодорхой хугацааны өмнө  хийх хэрэгтэй.  Эхлээд энэ ажлыг хийсний  дараа санал асуулгаа явуулах нь зөв бөгөөд шударга болно. Өмнөх түүхээс үзвэл төр засаг  маань иргэддээ улс төр, эдийн засгийн мэдлэг олгох тал дээр тун хариуцлагагүй хандаж ирсэн байдаг. Тиймээс ч иргэд маань улс төр, нийгмийн тухай энгийн ойлголтгүй байх нь элбэг үзэгдэл гэдгийг бид мэднэ. Энэ гэгээрүүлэх ажлыг олон хэлбэрээр зохион байгуулж, богино хугацаанд (3-6 сар ч юм уу) тодорхой ойлголттой болгосны дараа бүх нийтийн санал асуулгыг явуулах нь зүйтэй болов уу.

Санал асуулга явуулаад хариу нь гарсаны дараа бид цаашид яахыгаа шийдэх юм. Хэрэв олонхи нь Парламентын засаглалыг буюу одоогийнхоо хэлбэрийг хэвээр нь үлдээе гэж шийдвэл Үндсэн Хуулиа үндсээр нь өөрчлөхгүй бөгөөд харин шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг УИХ маань дангаараа хийгээд явах боломжтой болно. Харин олонхи нь нөгөө хувилбарыг сонговол Үндсэн Хуулиа үндсээр нь өөрчилж, шинээр бичих хэрэгтэй болно. Ингэсэн тохиолдолд Шинэ Үндсэн Хуулийн төслийг тусгай ажлын хэсэг боловсруулж ард нийтээр шүүн тунгаасны дараа УИХ-аар эцсийн шатны хувилбарыг хэлэлцэж батлах болно. Тусгай ажлын хэсгийг бүх л нам, олон нийтийн байгууллага, эрдэмтэн мэргэдийг оролцуулж байгуулах нь зүйтэй. 

1992 оны Үндсэн Хууль  маань нийт 70 зүйлтэй бөгөөд хэрвээ үндсээр нь өөрчлөх шийдэлд хүрвэл эхлээд  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг  хүчингүй болгох хэрэгтэй. Хэдийгээр үндсээр нь өөрчлөлт оруулна гэж байгаа боловч голдуу засаглал,төрийн байгууламжтай  холбоотой зүйлүүд өөрчлөгдөж, харин олон зүйлүүд хэвээрээ үлдэх юм. Ялангуяа хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой, Монгол Улсын бүрэн эрт байдалтай холбоотой зүйлүүд өөрчлөгдөх ёсгүй. Одоогийн Үндсэн Хуулийн 68-р зүйлийн 2-т ард нийтийн санал асуулга явуулах тухай заасан байна:

- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоѐроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно.

Тэгэхээр УИХ-ын гишүүд маань буян болоод ард нийтийн санал асуулга явуулах санал гаргах хэрэгтэй байна. Элдвээр хэлүүлж, нэр хочоор  хангалттай шагнуулсан эрхэм төрийн түшээд та нар минь ганц удаа ч гэсэн сайнаар дурсагдах үйл хийвэл буян болж байгаа хэрэг юм. Эх орныхоо ирээдүйн төлөө өөрөөсөө хамаарах ганц ч гэсэн зөв үйл хийвэл иргэд маань талархах болно. 
.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө