Хачин юм бэ, юу вэ, юу вэ?

Сүүлийн үед  интернэтээр од болж байгаа хамтлагийн нэгэн дуутай холбогдуулан   хэдэн үг хэлье гэж бодлоо. Энэ бол Юу вэ гэдэг нэртэй дуу. Уг дууны үгийг англиар орчуулсаныг уншаад миний хувьд сэтгэл ханамж 100% хүрсэнгүй. Хоёр жижигхэн ч гэсэн буруу ойлголт өгч мэдэхээр алдаа олсоныг эхлээд  өгүүлье.

1. Эцэг өвгөд Монгол гээд цээжээ дэлдэн худлаа орилох нь юу вэ? гэдэг мөрийн англи орчуулга нь Taking our great Mongol ancestor's names in vain, how strange? гэж байна. Take in vain хэмээх хэлц нь буруу ашиглах, хэн нэгний (жишээ нь бурхны) нэрийг хүндэтгэлгүй хэрэглэх гэсэн утгатай аж. Тийм болохоор энэ хэлцийг хэрэглэсэн нь буруу ойлголт өгөхөөр болжээ. Учир нь бид өнөөдөр эцэг өвгөдөөрөө бахархаж, цээжээ дэлдэж байгаа нь өвөг дээдэсдээ хүндэтгэлгүй хандаж байгаа хэрэг биш, тэдний нэрийг буруу зорилгоор ашиглаж байгаа явдал бүр ч биш. Харин худлаа аман дээрээ бахархаад ачир дээрээ юу ч хийхгүй доройтож байгаа асуудал бол тусдаа өөр сэдэв.

(take in vain = misuse, use without prosper respect)

2. Дүлзэн гэдгийг урвагч буюу Traitor гэж орчуулсан нь оножээ. Гэхдээ дараагийн мөрний  Лүндэн буу гэдгийг Prophecies be declared гэсэн нь оносонгүй. Нягталбал, Prophecy (олон тоон дээр Prophecies)  гэдэг нь аливаа нэгэн үйл явдал болохыг урьдчилан хэлэх , бурхны номлол түгээгчийн зөгнөж хэлсэн үг гэсэн утгатай аж. Тэгэхээр энэ орчуулга буруу болжээ. Лүндэн буу(г) гэдэг нь урвагчийг цээрлүүл гэсэн утгаар хэлсэн  гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, урвагч Дүлзэнг цаазлах зарлиг (лүндэн) буулга гэжээ. Иймээс A decree be issued гэвэл дөхөх байх.

"Юу вэ" дууны бичлэгийн дор гарч байгаа  энэ англи орчуулгыг сайжруулан, өөрчилж оруулах нь зөв болов уу. Хамтлагийнхан болон бусад холбогдох улсууд анхаарна гэж найдна. Нэгэнт л гадаад ертөнцөд  түгэж байгаа учраас зөв ойлголт  өгөх нь чухал. Утга төгөлдөр орчуулах бичгийн хүн олдох байлгүй дээ, эрхбиш бүхэл бүтэн улс байна даа. Орчуулгын эрдэмд мэргэшсэн, англи хэл мундаг хүмүүс энэ орчуулгыг тунгаавал өөрчлөх шаардлагатай өөр юу ч гараа билээ.

За тэгээд энэ бичвэрийн гол зорилго маань уг дууны англи орчуулгын тухай биш юм аа гэдгийг хэлээд гол асуудалдаа оръё. Дууны бадгууд их учир утгатай бичигдсэн байна гэдгийг эхлээд онцлоё. Ер нь өнөөгийн бий болсон нөхцөл байдлыг шүүмжилсэн мундаг бүтээл болжээ. Харангын Лхагваа дуулдаг даа. Хамгийн сүүлчийн загас ангаж үхэхэд...хүмүүс та нар мөнгийг идэж болдоггүйг мэднэ... гэж.  Байгалиараа тоглож сүйтгэвэл юунд хүрэх аюултай тухай өгүүлнэ. Хү(ннү) хамтлагийн Юу вэ гэдэг дуу мөн л ийм зорилготой  зохиогдсон байна.
(Холбоос нь ЭНЭ байна, доор бичлэгийг нь оруулсан байгаа)

Бадаг 1.

Их л удаан идэж уугаад, наргиж цэнгээд хачин юм бэ, юу вэ
Эцэг өвгөд Монгол гээд л цээжээ дэлдэн худлаа орилох нь юу вэ
Эргэж буцаад хэлсэн үгэндээ эзэн болдоггүй андгай өргөдөг нь юу вэ
Эцэг эхийн захиж хэлсэн үнэт сургааль үнэгүй болдог нь юу вэ?

Манай өнөөгийн төрх мөн биз?  Баяр цэнгэл нь ихдээд, ууж идэх нь замаа алдсан нь үнэн. Төрсөн өдөр, элдэв ойн баяр, шинэ байрны найр, хүүхдийн үс авах найр, уулзалдсаны баяр гээд л шалтаг бол хангалттай олдоно. Архинд живсэн л дээ. Арчаагүй төр засгийн буруу их бий.
Монгол гэдгээрээ бахархах  мэт боловч ачир дээрээ шившгийн араншин гаргаж, дотооддоо болон харь улсад нэрээ гутаах нь элбэг. Гадаадад байгаа нь хүнээ больж, Монгол хүнээс дөлнө. Нутаг нэгтэндээ новшийн зан гаргана. Нутагтаа байгаа нь улсаа гэхээсээ илүү өөрийгөө бодоцгоосон бэртэгчин болцгоосон. Төр засгийн албатуудаас авахуулаад жирийн иргэд нь довоо шарлуулдаг болсон. УИХ-д сонгогдсон хүмүүс нь нэг л их сүртэй тангараг өргөх боловч тун удалгүй тангарагаа нулимдаг. Тэдэнд улсын эрх ашиг гэдэг үг бол хамгийн дургүй үг нь. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж нүд ирмэхийн зуур саятан, тэрбумтан болцгооно. Бусад нь тэднээс үлгэр авч, яавал хурдан баяжих тухай өдрийн бодол, шөнийн зүүд болцгооно. Залуу үе маань ажил хийж, үнэнч шударгаар ажиллаж сайхан амьдарч болох тухай эцэг эхийн ярьдаг "үлгэрт" итгэхээ больж, муу аргаар ч хамаагүй яавал мөнгөжих вэ гэдэг албин санаатай болж хувирчээ. Дээрх бадгийн утгыг тайлбал нэг иймэрхүү дүр зураг харагдана.

Дахилт

Ээ, Дүлзэн сөгд, сөгд
Ээ, Лүндэн буу, буу

Дээр өгүүлсэнчлэн, Дүлзэн гэдгийг англи орчуулганд Урвагч гэж онож орчуулсан байгаа. Дүлзэн бол  бидэнд танил болсон бренд нэр юм. Өнөөдөр Дүлзэнгүүд маш олон болжээ. Улсынхаа эрх ашиг, сонирхлын эсрэг бөгөөд харин өөрийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэр, гэрээ хэлэлцээр, үйлдэл, эс үйлдлийг эрх мэдэлтэнгүүд, тамга баригчид, төр засгийн сэтэр зүүсэн албан тушаалтнууд их үйлдэж байгаа. Үүнд иргэд маш дургүйцэж хараалаа барж байна. Гэвч Дүлзэнгүүд огт тоохгүй улам даварч байгааг бид харахаараа нэг болж байна. Тэд өөрсдийгөө хамгаалах хууль зүйн орчныг бүрдүүлээд их баавар байгаа. Гэвч нэг л өдөр ард түмэн тэсрэх нь тодорхой. Тэр цагт өршөөл байж болохгүй. Румынчууд Чауческу болон түүний эхнэрийг яалаа? Энэ дууны дахилт тэр цагийг л зөгнөж байна.

Бадаг 2.

Дээдсийн заяаг удамлаж төрчихөөд унтаж хэвтээд сэрдэггүй юм бэ, юу вэ
Дэлхийд ганцхан Монгол гээд л амаа хаттал худлаа ярьдаг нь юу вэ
Дээдсээр амьдрах заяанд төрсөн Монгол түмэн нэгдэж чаддаггүй нь юу вэ
Дархан Монгол улсаа мандуулж өөд нь татаж сэргээж чаддаггүй нь юу вэ

Энэ бадагт Монгол хүмүүс ямар хүлцэнгүй, залхуу, хоосон сагсуурахаас өөр ид шидгүй болсон тухай өгүүлж байна. Мөн бид яагаад эвлэн нэгдэж, улсаа хөгжүүлж чадахгүй байна гэж. Толгойгүй болсоны гай л даа. Бусдыг хэт дуурайж, буруу замаар явсаны балаг юм. Хэн нэгэнд тохирч байгаа юм өөр нэгэнд таарна гэж байхгүй л дээ. Гадны арга зам, хэлбэрийг хэт хуулах нь буруу юм. Хүн бүрд, улс болгонд өөрийн онцлог гэж бий.

Бадаг 3.

Өвөг дээдсийн өвлөж өгсөн газар шороог хайрлаж чаддаггүй нь юу вэ
Өтгөс буурлын захиж хэлсэн үнэт сургааль худлаа болдог нь юу вэ
Өнө л мөнхөд мандан бадрах чонон сүлдэт Монгол түмэн тэнгэрийн тамгатай
Хөвчин дэлхийд нэрээ дуурсгах хүмүүн тахилгат эзэн Чингис нартад заларна

Газар шороогоо хайрлаж чаддаггүй гэдгийг уул уурхай нэрээр байгаль дэлхийгээ сүйтгэж байгаа олон компаниудад хаяглажээ. Хаа сайгүй гахай шиг онгичиж газар ухаж байгаа. Зөвшөөрөл лиценз нэртэй цаас авчихаад л сэндийчиж өгдөг. Хууль ёсоор авсан гэж ам тагладаг. Хууль бус, хууль ёсоор уу гэдэг нь сонин биш, гагцхүү ингэж газар болгон ухаж төнхөөд эх сайхан байгаль, Монгол орноо сүйтгэж болохгүй гэдгийг л хэлээд байгаа юм. Газар ухахгүйгээр сайхан амьдарч, улсаа хөгжүүлж болно. Саяхан л гэхэд, Тосон Бумбатын нуруунд УИХ-ын гишүүн Чойжилсүрэн гэгч этгээд бас л ухаж эхэлсэн тухай асуухад хууль зөрчөөгүй юм чинь та нар яах юм гэсэн аятай  тавлаж байгаа харагдсан. Ийм л шунал нь тулам болсон эрх мэдэлтнүүд, тэдгээрийн хамсаатнууд шүлсээ гоожуулан улайран дайрдаг.
Чингис хаан нартад дахин заларна гэдэг нь бас л Монгол түмэн маань хэзээ нэгэн цагт удирдлагатай болж мандан бадрахыг зөгнөжээ. Чингис хаанаас дутахгүй Монгол түмнээ аваад явчих, улсаа өөд нь татаад босгочих тэргүүнтэй болохыг билэгджээ.

Дахилт

Ээ, хар сүлд сэр, сэр
Ээ, хаан төр мөнх манд, мөнх манд

Монгол түмэн хөгжин дэвжихийн тулд  Монголын эзэнт гүрний үеийнх шиг зохион байгуулалтанд орох хэрэгтэй. Мэдээж хаант засаг тогтоох нь юу л бол, гэхдээ ийм засаглалын орчин үеийн хэлбэр нь Ерөнхийлөгчийн засаглал бөгөөд энэ хэлбэрийг сонгох хэрэгтэй гэдгийг өнөөгийн нөхцөл байдал шаардаж байна. Энэ бол зарим нэг хүмүүсийн хэлээд байгаа шиг дарангуйллын хэлбэр биш юм. Ийм засаглалтай улс орон зөндөө бий.
Гүйцэтгэх засгаа бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчөд хариуцуулахыг Ерөнхийлөгчийн засаглал гэнэ. Ерөнхий сайд гэсэн орон тоо байхгүй болно. Засгийн газрын тэргүүн (Ерөнхийлөгч) УИХ-аас сонгогдохгүй учраас УИХ-аас хараат бусаар (дарамтанд байхгүйгээр) үйл ажлаа явуулах боломжтой. УИХ ч Засгийн газарт орох (давхар дээл) боломжгүй. УИХ нь хуулиа тогтооно, Ерөнхийлөгч засгаа хариуцна. Шүүх засаглалыг энэ хоёроос хараат бус байдлаар сонгож чадвал эрх мэдлийн хувиарлалт зөв хангагдаж, харилцан хяналттай тэгш байдал бий болно. Ерөнхийлөгч эсвэл УИХ бие даан улс орны эрх ашигт харш үйлдэл хийх боломжийг хуулиар хаагаад өгчих учраас ингэж дураараа загнах (Ерөнхийлөгч нь гадны оронд худалдагдах,УИХ нь  гадны этгээдэд таатай хууль батлах гэх мэт) явдал хаагдах юм.

 Одоо бидний хэрэглээд байгаа Парламентын засаглал гэгч бол УИХ нь Засгийн газраа хармаандаа хийчихсэн байдаг учраас дуртай цагтаа огцруулдаг, өөрсдөө дотор нь орж давхар дээл өмсдөг (сайд болдог), Ерөнхий сайд болон бусад сайд нарыг томилдог УИХ-д маш том эрх мэдэл өгдөг засаглалын хэлбэр юм.  УИХ-д олонхи болсон намын дарга Ерөнхий  сайд болдог. Ялсан намынхан төрийн албан хаагчдын сэлгээ хийж өөрсдийнхөө хүмүүсийг ажилд оруулж төрийн албыг бусниулдаг. (Намын харъяаллаасаа болж олон мянгаараа хоморгонд орж халагддаг) Намын нөлөө, эрх мэдлийг дөвийлгөдөг учраас хүн бүр нам руу тэмүүлж, намаараа талцан хуваагдаж, ард түмэн дотроо хагаралдах бас нэг том шалтгаан болдог. Ийм нөхцөлд ард түмний эв нэгдлийн тухай яриад нэмэргүй.

Ийм учраас Үндсэн Хуульд өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг үгүй хийж, Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоож, засаглалуудаа (хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх) салгах хэрэгтэй. Ийм эрс өөрчлөлт хийхгүйгээр байдал огт сайжрахгүй. Одоо манай ихэнх эрх мэдэлтнүүд (МАН ба АН ялгаагүй) , мөн бусад нэр бүхий хүмүүс (Буянгийн Жагаа мэтийн)  Парламентын засаглалын хэлбэрээ хэвээр нь үлдээх сонирхолтой байгаа нь  хэрэв эрх мэдэлд очвол ингэж дураараа загнаж байх хэтийн санаа бодолтой байгаа учраас ингэж хамгаалж байгаа юм.

Хэрэв тэд эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг, эх оронч хүмүүс байсан бол өдий 30 жил Парламентын засаглалын хэлбэрээр яваад өөдөлсөнгүй учраас тохирохгүй юм байна гэдгийг ухаараад өөр арга зам эрэлхийлж судлах байсан юм. Аливаа нэг зүйлийг туршаад удаан хугацаанд амжилт гарахгүй, бүтэхгүй бол хэн ч гэсэн нэг юм бодно доо? Яагаад болохгүй байна гэж. Тэгээд болохгүй юмыг үргэлжлүүлээд явдаг тэнэг хүн гэж байхгүй. Өөр аргаар хийх гэж үздэг. Энэ бол эрүүл үзэгдэл. Гэвч манай эрх мэдэлтнүүд өөрсдөд нь ашигтай учраас одоо байгаа хэлбэрээ өөрчлөхгүй хэвээр нь хадгалж үлдээх  гээд байгаа юм. Ийм болохоор ард түмэн л босож байж энэ балай тогтолцоог өөрчилж чадна.

Өнөөдөр хэлэлцүүлээд явж байгаа гэх Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт бол зүгээр л молиго юм. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, УИХ-ын эрх мэдлийг нэмж өгөх л асуудал ярьж байгаа. Бүх юм бахь байдгаараа үлдэнэ. Тийм учраас Лүндээжанцан тэргүүүтэй ажлын хэсгийг зүтгүүлж байгаа Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт гэх төслийг эсэргүүцэх хэрэгтэй.Үндсэндээ дангаараа эрх барьж байгаа нам (МАН) Үндсэн Хуульд өөрчлөлт оруулж таарахгүй. Тэр тусмаа 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон намынхан, ЖДҮ зэрэг сангаас зээл авч баяжицгаасан УИХ ийм ёс суртахууны эрхгүй  субьектүүд юм.

Эд нар яагаад ингэж хууль бусаар (ЖДҮ сангийн зээлийг өөрсдийнхөө компаниудад давуу байдлаа ашиглаж авсан нь хууль бус биш гэж үү?), мөн шударга бусаар хөрөнгөжиж чадав аа? Парламентын засаглалын буян! Тэд яагаад ингэж гэмт үйлдэл хийчихээд зэм хүлээхгүй явж чадаж байна аа? Парламентын засаглалын буян! Тэд хэрэг хийх боломжийг, хийснийхээ дараа цэвэрхэн бултах боломжийг энэ Парламентын гэх засаглал олгодог юм шүү дээ. Тийм ч учраас тэдний  бараг олонхи нь энэ Парламентын засаглалд маш их хайртай.

Хэрэв энэ бусармаг явдлыг зогсооё гэвэл Үндсэн Хуулиа өөрчлөх хэрэгтэй, яагаад гэвэл Үндсэн Хуулиндаа бид Парламентын засаглалыг тунхаглачихсан байгаа учраас тэр.  Тэгээд Гүйцэтгэж засаглалаа Ерөнхийлөгч нь хариуцдаг Ерөнхийлөгчийн засаглалыг тунхаглаж, эрх мэдлийнхээ хувиарлалтыг зөв хийх хэрэгтэй.
Гүйцэтгэх, Хууль тогтоох, Шүүх гэдэг энэ гурван засаглал өвөр түрийндээ ороогүй, тус тусдаа бие даасан, харилцан хяналттай байж чадвал элдэв бусармаг үзэгдэл гарах, луйварчид луйвраа хийх боломж нь хязгаарлагдах юм. Луйвар , хулгай алга болчихвол (буюу тийм боломжийг нь хаачихвал) аяндаа бүх юм цэгцэрнэ. Авилга нь бараг үгүй болно, яагаад гэвэл луйвар, хулгай байгаа цагт авилга дагадаг. Авилгыг алга болгох ганц арга нь луйвар хулгайг алга болгох явдал. Бүх юм ном журмаараа, хуулийн дагуу явдаг болчихвол авилга өгөх, авах боломжгүй бөгөөд утгагүй болох юм. Энэ бүхэнд хүрэх зөв зам нь засаглалынхаа хэлбэрийг солих явдал юм. Энэ байдлыг ойлгож, өөрчлөхийн төлөө дуугарах, тэмцэх нь Монголоо гэсэн Монгол хүн бүрийн ариун үйлс болж байна. Цааш нь түгээж, хүн бүрт ойлгуулцгаая!


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө