Миззури план

Саяхан Ерөнхийлөгч Х.Баттулга  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль,  Авилгын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Прокурорын тухай хуульд нэмэлт  оруулах тухай хууль санаачилж УИХ-аар баталжээ.
Мөн тэрээр зарлиг гаргаж Ерөнхий прокурор М.Энх-амгалан, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг огцрууллаа.

Ерөнхий прокурор асан М.Энх-амгалан
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
  1. Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай.
  1. Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсугай.
  1. Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт даалгасугай”

Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат

Зарлиг гаргасан үндэслэлүүдийн нэгд нь дээрх 2 албан тушаалтны бүрэн эрхийг дуусгавар болгохдоо Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн (ҮАБЗзөвлөмж гарсан тохиолдолд гэсэн заалт багтаж байгаа биз?  Энэ заалтыг дээрх нэмэлтээр шинээр оруулжээ.

(46.6.4.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан.)

Энэ үйлдлийг нөгөө УИХ-ын дарга асан Миеэгомбын Энхболдыг огцруулахын тулд  УИХ-ын Чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд дараах нэмэлтийг оруулаад гүйцэтгэсэнтэй адилтгаж зүйрлэж байгаа.

(161.3.Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн бол төслийг энэ хуулийн 161.1, 161.2-т заасан журмын дагуу хэлэлцүүлнэ.)

Ерөнхийлөгч мөн зарлиг гаргаж, өөрийнх нь хүсэлтээр Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч асан Ц.Зориг

За ингээд нөгөө ялзарсан, авилгажсан шүүх, прокурорын удирдлагууд суудлаасаа ховхорлоо. Ажлаа үнэн зөв хийгээд, дуулиан болсон том том хэргүүдийг хурдан шуурхай бөгөөд шударга шийдээд явж байсан бол иргэдээс муу нэр дуулахгүй, нүдэнд орсон хог шиг чичлүүлэхгүй л байсан байх. Дээд удирдлага нь ажлаа хийж чадахгүй ийм арчаагүй, магадгүй өөрсдөө авилгад идэгдсэн байвал доод шат шатны ажилтнууд нь яаж шударга, үнэнчээр ажиллах билээ? Ингээд шүүхийн байгууллага нилдээ ялзарч, нэр хүндээ, иргэдийнхээ  итгэлийг алдсан болохоор эрс өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй  хоосон яриад байвал мянган жил ч болж мэднэ.  Зохих хуульд нь нэмэлт оруулаад ч болтугай хөдөлгөх нь зөв гэж бодно.

Тэгсэн чинь манай дипломтой хуульч нэртэй эрхмүүдээс зарим нь энэ үйлдлүүд бол Үндсэн Хууль зөрчсөн явдал боллоо гэлцэн цэцэрхээд унадаг гэж байгаа.  Амьдралаас тасарчихсан цэцэн тэнэгүүдийн нэрсийг энд бас биччихье, нүдлээд авна биз:

1. O.Мөнхсайхан (МУИС-ын дэд профессор)
2. Ш.Алтангадас (хуульч)
3. Б.Гүнбилэг (хууль зүйн доктор)
4. Н.Баасанжав  (хуульч)

Эд нар юу ярьж байна гэхээр, Үндсэн Хуулийн 49-д заасан Шүүгч хараат бус байх ёстой гэдэг заалт зөрчигдлөө гэж байна.( Бичлэгийг энд дарж үзээрэй.)  Энэ тайлбар их ерөнхий бөгөөд утга бүрхэг заалт. Ерөнхийлөгчийн тухай хуульд Ерөнхийлөгч бүх шатны шүүгчдийг томилно, Ерөнхий прокурор ба орлогчид томилох саналаа УИХ-д оруулна, Шүүхийн ерөнхий зөвлөлийн (ШЕЗ)  дарга , гишүүдийг томилж, чөлөөлнө гэж заасан байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл нь Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулж, дараа нь Ерөнхийлөгч томилно гэж байгаа. Бусад шатны шүүгчдийг ШЕЗ-өөс санал болгож, Ерөнхийлөгч томилно гэж заажээ. Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Дээд шүүх дотроосоо нэгийгээ санал болгож, Ерөнхийлөгч томилно гэнэ.

Эндээс харвал манай мэргэн хуульчдын яриад сүржигнээд байгаа шүүгч,прокурорын хараат бус байдал гэж юм ерөөсөө харагдахгүй л байна даа. Бүгд л Ерөнхийлөгчийн гараар дамждаг гэж ойлгогдож байна. Тэгэхээр угаасаа л их бага хэмжээгээр хараат юм биш үү? ШЕЗ чинь Ерөнхийлөгчийн томилсон  хүмүүс. Зарим тохиолдолд УИХ-аар ордог гэж байгаа ч хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн зарлиг л гардаг. Тэгэхээр хараат байдал бол их бага хэмжээгээр байсан гэхэд болно.
Сонгогдохдоо хараат  байсан юм чинь сонгогдсон хойноо хараат бус байж чадах уу? Ер нь нэгэнт сонгогдсон юм чинь хэн ч намайг хугацаагаа дуусгахаас нааш оролдож чадахгүй гэдэг хандлага үүсгэж мэдэхээр л хуулийн зохицуулалт явж ирсэн байна. 6 жил би дураараа дургиж, дуртайгаа хийнэ гэвэл яаж зогсоох юм? Хүний дотор орж үзэж болох биш. Шаардлага хангасан сайхан амьтан гээд л сонгочихсон чинь албан тушаалаа авсан хойно жинхэнэ зангаа гаргаад мөнгөтэйд, эрх мэдэлтэйд нь үйлчлээд, шан харамж аваад хөрөнгөжөөд байвал яах вэ?

Энэ гацаанаас гарах арга замыг олох  хэрэгтэй болсон учраас хуульд нэмэлт хийсэн биз. Төгөлдөр биш хууль угаасаа байнга л засвар хийгдэж байдаг.  Магадгүй тэр арга зам нь дээр дурдсан үндэслэл болох ҮАБЗ-ийн зөвлөмж байсан байж болох юм. ҮАБЗ-ийн зөвлөмж харин бүх гишүүдийн 100%-ийн дэмжлэгтэй, санал нэгтэй гарах ёстой. Хэн нэг нь эсрэг санал өгвөл зөвлөмж гарахгүй гэсэн үг. Тэгэхээр Ерөнхийлөгч ганцаараа муйхарлаад, хуульд нэмэлт оруулаад хэн нэгнийг огцруулах гээд байсан  юм биш гэж ойлгож болно. Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга , Ерөнхийлөгч гурав санал нэгдэж байгаа бол ноцтой байдал үүсчээ л гэж ойлгоход болох нь. Дээрээс нь иргэдийн хандлага, эрх ашиг сонирхол тэдний шийдвэрт түлхэц өгсөн  нь тодорхой.

Дээрх мэргэн хуульчдын ярьж байгаачлан, шүүгчийн шүүн таслах үйл ажиллагааанд нөлөөлөх гэсэн оролдлого гэж хэлж болохгүй л дээ. Харин ажлаа муу хийж, иргэдээс муу үнэлгээ авч байгаа салбарын удирдлагууд дархлагдсан хамгаалалтандаа эрдэж, шударга ёсыг огоорч байгааг таслан зогсоох гарц олжээ гэж ойлгох нь зүйтэй.
Шүүх эрх мэдлийг  үнэхээр хараат бус байлгая гэвэл өөр аргаар үзэх хэрэгтэй. Шинээр арга чарга зохиож бодож олохын оронд бусад орнуудад шүүгчээ хараат бусаар сонгодог ямар аргачлал байдгийг судлаад манай улсад тохирохыг нь сонгох, шаардлагатай бол "монголчлоод" хэрэглэж болно доо.

Өмнөх нэгэн нийтлэлдээ амлаж байсанчлан, энэ удаа шүүгч нарыг сонгодог нэгэн аргачлалын тухай орууллаа. Энэ аргыг Миззури план (Missouri plan) гэж нэрлэдэг аж. АНУ-ын Миззури мужид анх 1940 онд  хэрэглэж эхэлсэн учраас ийн нэрийдсэн байна. Хэт нэг үзэл баримтлалд баригдаагүй, туйлширдаггүй, нам бус иргэдээс бүрдсэн (намын хараат бус) тусгай комисс шүүгчийн албанд нэр дэвшигчдээс сонгон шалгаруулалт  хийж, тэдгээрийн нэрсийг (мужийн) захирагчид уламжилдаг. Захирагч нь 60 хоногийн дотор тэрхүү нэрсийн жагсаалтаас сонголтоо хийх бөгөөд хэрвээ ингэж эс чадвал  комисс өөрөө сонголтоо хийдэг.
Энэхүү сонголтын дараа хамгийн ойрын хугацаанд болох  бүх нийтийн сонгуулиар мөнөөх шүүгч(ид)ийг албан тушаалд нь үлдээх эсэх тухай асуулга явуулах ба олонхийн дэмжлэг авсан тохиолдолд тухайн шүүгч үлдсэн хугацаандаа албаа гүйцээж хаших эрх эдэлнэ. Олонхийн санал авч чадаагүй бол тухайн шүүгчийг огцруулж, сонгон шалгаруулалт дахин шинээр явагдана. Энэ комиссыг Judicial commission  гэх ба Монголоор Цаазын комисс (ЦК) гэж буулгавал болох мэт. Цаазын гэдэг нь хууль цаазын гэсэн утгаар.

Намын хараат бус энэ Цаазын комисс (ЦК) нь   шүүгчийн орон тоонд  нэрээ дэвшүүлэгчдийн өргөдлийг хүлээн авч, ярилцлага хийдэг. Орон нутгийн буюу анхан шатны шүүгчдийг сонгон шалгаруулах комисс нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байдаг гэнэ. Комиссыг тухайн орон нутгийн давж заалдах шүүхийн тэргүүн шүүгч даргалах ба 2 гишүүнийг нь тухайн орон нутгийн Миззури мужийн хуульчдын холбоо (Missouri Bar гэдэг) өөрийнхөө хуульчид дотроос, 2 гишүүнийг нь мужийн захирагч тухай орон нутгийн хуульч бус иргэдээс сонгож байгуулдаг. Дарга нь 2 жилийн хугацаатай,бусад гишүүд нь 6 жилээр сонгогддог аж.

Дээд шүүх болон Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоонд  нэр дэвшигчдийг Appellate  judicial commission буюу Заргын цаазын комисс (ЗЦК) сонгоно. ЗЦК нь Миззури мужийн Missouri bar  буюу хуульчдын  холбооноос сонгогдсон 3 хуульч, мужийн захирагчаас сонгосон 3 иргэн, Chief justice буюу Дээд шүүхийн Ерөнхий шүүгч  нараас бүрдэх ба Ерөнхий шүүгч нь даргалдаг.  Миззури мужийн 3 бүсээс (district) тус бүр нэг иргэн, нэг шүүгч сонгоод нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулдаг аж. Даргаас бусад нь 6 жилээр сонгогдоно.

АНУ бол 50 мужаас бүрдсэн холбооны улс. Миззури мужийн дээрх аргыг олон мужид бүтнээр нь эсвэл хэсэгчлэн хуулбарлаж  хэрэглэдэг юм байна. Миззуригийн Үндсэн хуулинд энэ аргыг хэрэглэж шүүгч нараа сонгох тухай хуульчилсан байдаг аж. Ялангуяа анхан шатны шүүхийн бүтцийг энэ Миззури план аргаар сонгодог.
Энэ аргын гол зорилго нь улс төрийн нөлөөг шүүгчдийн сонголтоос хол буюу аль болох бага байлгахад оршино. Шүүгчдийг улс төрийн болон нийгмийн байр сууринаас биш зөвхөн мэргэжлийн чадвар туршлага дээр нь үндэслэж сонгоно гэсэн үг.

Манай улсад  Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ) нь шүүгчид нэр дэвшигчдийг бүртгэж, сонгон шалгаруулаад нэрсээ  Ерөнхийлөгчид уламжлах ба Ерөнхийлөгч зарлиг гаргаж томилдог. Энэ ШЕЗ нь Миззури план-д дурдагдсан Цаазын комиссоос ялгаатай нь Ерөнхийлөгч маань Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар ШЕЗ-ийн дарга, гишүүдийг томилдог бол ЦК-ийн бүрэлдэхүүн  арай өөр гэдгийг дээр өгүүлсэн.  Тэгэхээр манайд  Ерөнхийлөгчийн сонгож томилсон ШЕЗ-ийн бүтцэд байх Шүүхийн Мэргэшлийн Хороо нь шүүгчдийг сонгодог бол Миззури мужийг нэг улс гэж үзвэл Миззури план ёсоор тусгай комисс (ЦК) шүүгчдийг сонгож Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг юм байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн "талын" ШЕЗ нь Ерөнхийлөгчийн "талын" шүүгчдийг сонгодог ба харин  Миззури план ёсоор  гүйцэтгэе гэвэл Ерөнхийлөгчөөс огт хамааралгүй бүтэц (ЦК) шүүгчдээ сонгож Ерөнхийлөгчид (мужийн захирагчид) өргөн мэдүүлэх ба   хэрвээ Ерөнхийлөгч тодорхой хугацаанд багтаж томилохгүй бол өөрсдөө (ЦК) шийдчих эрхтэй юм байна. Тийм болохоор шүүгчдийг сонгон шалгаруулах бүтэц нь хараат бус учраас элдэв булхай гарах нь үгүй буюу маш бага байх магадлалтай юм. Илүү шударга байна гэсэн үг. Ерөнхийлөгч санал болгосон нэрс дотроос л сонгох ёстой гэдэг хатуу заалт нь өөрөө бас булхай орох боломжийг хааж өгч байгаа юм.

Мэдээж Миззури планыг тэр чигээр нь хуулах нь зохимж таарамж муутай байж мэдэх ч ерөнхий санааг нь удиртгал болгоод нэвтрүүлэхэд болохгүй зүйлгүй мэт. Хуульчдыг сонгон шалгаруулж шүүгчийн орон тоонд нэр дэвшүүлдэг эрхтэй бүтэц нь (манайд бол ШЕЗ, Миззури мужид жишээ нь Цаазын комисс) хэн нэгнээс хараат бус байж зөвхөн өөрсдийнхөө сонгон шалгаруулсан хүмүүсээс томилуулж чаддаг учраас сонгогдсон шүүгчид хараат бусаар, зөвхөн өөрийнхөө итгэл үнэмшлээр, мэргэжлийн өндөр түвшинд  ажиллаж чаддаг болох нь ойлгомжтой.

Шүүх байгууллагын бүрэлдэхүүнийг сонгох бусад аргууд:
- Ард нийтийн сонгуулиар (намын харъяалал нь ил тод эсвэл харъяалал нь саналын хуудсан дээр бичигдээгүй)
- Хууль тогтоох байгууллагаас томилдог
- Ерөнхийлөгч (хууль тогтоох байгууллагаас заримдаа зөвшөөрөл авч) томилдог

Ард түмнээс сонгуулиар сонгож гаргах нь бас л тийм сайн арга биш гэлцэнэ. Учир нь сонгогчид тэр болгон нэр дэвшигч болгоныг сайн мэдэхгүй болохоор сонголт нь үнэн зөв оносон байх нь эргэлзээтэй. Тийм болохоор иргэдийн төлөөлөл ба мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй цомхон бүтэц (Цаазын комисс шиг) сонгож байгуулаад нэр дэвшигчдийг шалгаруулах ажлыг хариуцуулах нь дээр болов уу. Манай ШЕЗ гэдэг бүтэц нь ийм зорилгоор байгуулагдсан боловч Миззури план-д заасанчлан иргэдийн оролцоо байхгүй дан ганц хуульч, шүүгчдээс бүрддэг нь өрөөсгөл юм. ШЕЗ нь дарга, 4 гишүүнтэйгээ  нийлээд 5 хүний орон тоотой.

Шүүхийн захиргааны тухай хуульд зааснаар, ШЕЗ-ийн 5 хүнийг дараах 5 субьектээс сонгодог:
1.  Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс - 1
2. Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс -1
3. Хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс - 1
4. Хуульчдын холбооноос - 1
5. Хууль зүйн яамнаас - 1
Энэ 5 хүн дотроосоо даргаа сонгодог бөгөөд 3 жилийн хугацаатай ажиллах ба нэг удаа улирч болох аж. Эдгээр санал болгосон хүмүүсийг Ерөнхийлөгч томилдог.

Миззури план аргачлалаар сонгогдож  томилогдсон шүүгчид албандаа орсоны дараа хамгийн ойр болох бүх нийтийн сонгуулиар дахин шүүлтүүрээр орж албандаа тэнцэх эсэхээ шийдүүлдэг. Саналын хуудсан дээр тухайн шүүгчийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах уу гэж л асуух ба олонхийн дэмжсэн санал авсан нь хуулинд заасан хугацаагаар албаа хаших эрхтэй болдог. Харин манайд ийм шүүлтүүрийн механизм байхгүй. Нэгэнт л сонгогдсон бол бандан тас. Тэр ч байтугай  хүн амины хэрэгтэн этгээдийг  Монгол Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШЕЗ-ийн даргаар сонгогдоод ирэхэд нь зарлиг гаргаад томилчихсон юм даа.
Одоогийн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж гэгч этгээд 2013 онд ШЕЗ-ийн гишүүнээр Хууль зүйн яамнаас нэр нь дэвшигдэж томилогдсон бөгөөд ШЕЗ-ийн гишүүд Лүндэндоржийг даргаараа сонгожээ.

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж
Гэтэл энэ этгээд ШЕЗ-д ирэхээсээ өмнө 2011 онд согтуу машин барьж яваад зам гарч байсан оюутан охиныг дайрч алсан байгаа юм. Бүх баримт энэ этгээдийн эсрэг (гарцаар гарч явсан хүнийг дайрсан, согтуугаар жолоо барьж явсаныг үлээлгээд тогтоосон) байсан боловч танил тал, нөлөөгөө ашиглан ялаас мултарч чадсан гэдэг. Энэ хэргийн тухай эндээс уншина уу.   Тухайн үед энэ этгээд МУИС-ийн Хуулийн сургуулийн дэд захиралын ажил хийж байсан аж.

Ингэж шударга ёсыг нулимсан хүн шударга ёсыг хамгаалж сахиулах ёстой гэгдэх шүүхийн захиргааны байгууллагыг толгойлоод явж байна гэхээр яасан ч хоржоонтой тавилан бэ гэмээр. 2013 онд томилогдож байсан хүн 3 жил болоод хугацаа нь дуусах ёстой. Нэг удаа улирсан гэж бодоход 2019 онд албаа өгөх ёстой юм.
Гэвч саяхандаа 1 тэрбум төгрөгийн хадгаламжтай шүүгч байж болдоггүй юм уу гэж сэтгүүлчдийн өмнө далжиганаж харагдсаныг бодвол албаа өгөөгүй л яваа бололтой.
ШЕЗ-д нэр нь орж ирэхэд 2 жилийн өмнө хүн дайраад ялаас зайлж чадсан этгээдийг улсын Ерөнхийлөгч байсан Элбэгдорж томилж чадсан  л байгаа юм.
Хэрэв шүүгчдийг болон шүүхийн захиргааны албан хаагчийг сонгон шалгаруулах аргачлал, сонгодог бүтцэд нь иргэдийн оролцоо байсан бол ийм хэрэг хийсэн хүнийг иргэд нь зад эсэргүүцээд нэрийг нь өргөн бариулахгүй л байсан байх. Ерөнхийлөгч нь жаахан ухаалаг, шударга байсан бол гэмт хэрэгтнийг төрийн өндөр албанд дарга байтугай гишүүнээр томилуулах санал орж ирэхэд буцаах байсан байх.

Энэ жишээнээс харахад л шүүгчдийг сонгон шалгаруулах аргачлал (журам), байгууллага нь иргэдийн оролцоог хангасан байхаар хийгдсэн байвал бас нэг гал хамгаалагч болж энэ мэт гэмтнүүд шургалахаас сэргийлэх боломжтой. Манай мэргэн хуульчид шүүхийн хараат бус байдал алдагдлаа гэж худлаа орилолдож байхын оронд яавал шүүхээ хараат бус, шүүгчдээ зөв сонгон шалгаруулах аргачлалтай болох вэ гэдэг талаар судалгаа хийж, бодитой санал дэвшүүлэх хэрэгтэй байна. Шүүх, шүүгчид нь авилга авдаг, эрх мэдэл мөнгөтэйд нь хэргийг ашигтай шийддэг гэдгийг иргэд дандаа ярьдаг. Иргэдээ бүгдийг нь арай худалч гэж хэлэхгүй байх гэж бодож байна. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж л лав шүүгчид авилга авдаг гэдэгт итгэдэггүй юм шиг байна лээ. Гэмт хэрэгтэн хэзээ л үнэн ярьж байлаа даа.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө