Трампын Америк

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Трамп
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль сая 11 сарын 8 -ны өдөр болж  Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп ихэнх мужид ялж нийлбэр дүнгээр авах ёстой онооноос илүү оноо авсанаар ялалт байгууллаа. Ардчилсан Намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон ялагдсан нь бүх дэлхийг шоконд оруулав. Ялангуяа АНУ-д байгаа цөөнх болох хар арьстанууд, лалын шашинтнууд, латинууд (мексик гаралтай болон бусад), бусад орноос гаралтай хууль ёсны болон хууль бус цагаачид  жинхэнэ цочролд  орлоо. Учир нь мань Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг тодорхой хугацаагаар хориглох ёстой гэж, Мексик АНУ-ын хилийн дагуу хана хэрэм босгоно гэж, хууль бусаар оршин суугчдыг албадан гаргана гэхчлэн ноцтой мэдэгдлүүдийг хийж байсан юм.

Тэрээр мөн арьсны үзэлтэн гэдгийг түүний эрхэлж байсан үл хөдлөх хөрөнгийн компани  түрээслэдэг орон сууцнууддаа  хар арьстнуудыг суулгахгүй гэж  зориуд худлаа хэлж (сул байр байхгүй гэх мэт.) байсан нь илэрч шүүхээр явж байснаар нотлогддог. Трампын казиногийн мэнэжерүүд  хар арьстан дилерүүдийг  ялгаварлан гадуурхаж , босс нь эхнэртэйгээ казино дээрээ ирэхэд бүх хар арьстан дилерүүдийг заалнаас гаргадаг байсан гэдэг. Босс нь угаасаа харуудыг ажилд муу, төрөлхөөсөө залхуу гээд үздэггүй байсан болохоор тэр. АНУ-ын арьсны үзэлт цагаан арьстнуудын  хөдөлгөөнийхөн   (ККК) Трампыг дэмжихийг уриалж байлаа. Мексик гаралтай цагаачдыг гэмт хэрэгтнүүд, хүчирхийлэгчид хэмээн цоллож, АНУ-ын Ерөнхийлөгч Обамаг АНУ-д төрөөгүй учраас  хууль ёсны бус Ерөнхийлөгч гэж удаа дараа хэлж байсан нөхөр, энэ Трамп. Хөөрхий Обама төрсөний гэрчилгээгээ үзүүлээд ч тусыг эс олсон. Уг нь Хавай арал дээр төрсөн юм билээ. Трамп сонгуулийн сурталчилгааныхаа  дунд хэсэгт л  Ерөнхийлөгч Обама АНУ-д төрсөн нь үнэн юм байнаа гэж хүлээн зөвшөөрсөн.
 
Алабама мужаас сонгогдсон Сенатор Сешнс, Трамп хоёр
Хамгийн эхний хийх ажил бол одоо хоригдож шалгагдаж байгаа гэмт хэрэг хийсэн цагаачдыг АНУ-аас гаргах явдал гэж тэрээр хэллээ. Дараа нь бусад цагаачидтай "тооцоо"  бодох биз.
Бичиг баримтгүй цагаачдыг хөөж гаргах хэрэгтэй гэж ярьдаг Алабама мужийн сенатор Жеф Сэшнс, Нью Иорк хотын экс захирагч Рүди Жиюлиани, экс Конгрессийн дарга Нют Гингрич  мэтийн хүмүүс Трампыг их дэмжиж   байсныхаа төлөө  Трампын шинэ засгийн газарт ямар нэгэн албан тушаал авах нь ойлгомжтой биз ээ.
Трампад санал өгсөн хүмүүсийн дийлэнх нь хөдөө буюу хотоос алс тархмал суурьшдаг, боловсрол доогуур цагаан арьстнууд байсан гэдэг судалгаа гарчээ.

Ер нь Америкчууд , ялангуяа цагаан арьстнууд, арьсны үзэлтэй гэдгийг саяын сонгууль харууллаа. 100 гаруй сая сонгогч саналаа өгсөнөөс тал нь Трампыг дэмжжээ.  50 сая хүн Трампын ард зогсож байна гэсэн үг. Гэхдээ  дан ганц цагаанууд дэмжсэн бол Трамп гарч чадахгүй байсан юм. Учир нь Трампыг дэмжсэн санал дотор тодорхой тооны харуудын санал, мөн хууль ёсны цагаан арьстан бус цагаачидын санал олон байгаа аж. Өөрөөр хэлбэл өөрсдийг нь доромжилсон хэдий ч намдаа үнэнч учраас намынхаа нэр дэвшигчид санал өгсөн хар арьстанууд, мөн энэ доромжийг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд, харин одоо байгаа хууль бус гэх 11 сая цагаачдыг хөөн гаргуулж өрсөлдөгчгүй болох сонирхолтой шинэ үеийн цагаачид Трампад саналаа өгчээ.  Эдгээр хууль ёсны цагаачид хоноц хоноцдоо дургүй гэдгийг нотолж,  харин хонуулсан айл хоёуланд нь дургүй гэдгийг  мэдэхгүй байгаа бололтой.

Ямартай ч шинэ удирдлагад дургүйцсэн олон Америкчууд гадагшаа цагаачилж гарах тухай шуугиж байна. Канадын цагаачлалын албаны вэб сайтад  хэт олон хүн хандсан учраас ачааллаа даахгүй гацсан сурагтай. Хандалтын ихэнх нь АНУ-гаас гаралтай байсан бололтой. Мөн Шинэ Зеландын ижил төрлийн вэб сайтанд жирийн өдрийнхөөс хэд дахин их хандалт ирсэний ихэнх нь АНУ-аас байсан гэнэ. Бизнесүүд гадагшлах тухай ярьж байна.

Хачирхалтай нь эмэгтэй сонгогчдын талаас илүү хувь нь Трампад саналаа өгсөн байна гэжээ. Хүүхэмсэг энэ нөхөр, эмэгтэй хүнийг эд бараа шиг үздэг тухай бишгүй шуугисан даа. Хэдэн жилийн өмнө хийгдсэн нэг аудио бичлэг дээр тэрээр эмэгтэй хүний нууц эрхтэнийг шууд атгаж авдаг  болон сайхан хүүхэн харвал шууд л үнсээд авдаг хэмээн сайрхаж  ярьсан байдаг. Би "од" учраас тэр хүүхнүүд яаж ч чаддаггүй гэж хэлсэн байдаг. 3 эхнэрээс 5 хүүхэдтэй энэ сайн эр "-Хэрвээ би эцэг нь биш байсан бол Иванка (төрсөн охин нь)-тай  шууд болзох байсан" хэмээн ичгүүргүй ярьдаг нэгэн. Хуучин Югославаас гаралтай загвар өмсөгч хүүхэн одоогийн эхнэр нь.
Америкийн эмэгтэйчүүд Трампын энэ дорoмжлолыг сонсож мэдсээр байж түүний төлөө саналаа өгдөг нь ерөөсөө л гадны цагаачдад дургүй хандлага нь  Трампад өгзөгнөөсөө юм уу урдаасаа базуулахаас илүү хүчтэй байсан учраас тэр болов уу.

Тэгэхээр Трампын хамгийн их оноо авсан зүйл бол АНУ-д байгаа 10-12 сая бичиг баримтгүй цагаачдыг хөөж гаргана гэдэг мэдэгдэл гэж ойлгож байна.  Үүнийгээ ч хийх гэж оролдох нь тодорхой. Гэхдээ ямар эсэргүүцэлтэй тулгарах бол? Тэр олон сая хүмүүсийн амьдрал , АНУ-д төрж өсч байгаа хүүхдүүдийнх нь  хувь заяа яах  эсэх нь Трампыг дэмжигчдэд ёстой падгүй бололтой. Нөгөө хүнлэг нийгэм гэж тунхагладаг, хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг гэх улсын иргэдийнх нь үнэн төрх энэ. Одоо мөрдөгдөж байгаа хуулиараа бол АНУ-д төрсөн хүүхэд автоматаар АНУ-ын иргэн гэж тооцогдоно. Тэгвэл 11 сая хүний АНУ-д төрсөн хүүхдүүд гэвэл лав олон сая байх биз. Энэ олон сая хүүхдүүд (ирээдүйн Америкчууд гэе л дээ)  төрж өссөн газрынхаа соёл, орчинд дассан, хүмүүжсэн байгаа. Тэд нарыг ээж аавынх нь унаган нутаг гэх огт таньж мэдэхгүй, хэлийг нь ойлгохгүй, нөхцөл орчин нь тэс өөр газар руу хөөгөөд явуулчихад ямар хувь заяа, амьдрал хүлээж байгааг Трампын төлөө саналаа өгсөн Америкийн эмэгтэйчүүд, эхчүүд бодоогүй юм болов уу? Бодсон ч үл тоосон юм болов уу?

Энэ байдлаас дүгнэж үзэхэд  өнөөгийн Америкчууд боолын үеийнхээсээ дутахгүй арьсны үзэлтэй болсон юм шиг. Харууд нь мэдээж цагаанууддаа өширхдөг хэвээрээ мөртөө мөн бусад үндэстнүүдэд дургүй байгаа нь тэд ч бас цагаанаасаа дутахгүй үзэл гаргадаг гэдгийг харуулж байна. Хар, цагаан хоёулаа борууд (латинууд буюу ихэвчлэн Мексик гаралтай цагаачид) болон шаруудад (Азийн орны цагаачид)  дургүй. Уг нь бол Америк  чинь цагаачдын байгуулсан улс биз дээ? Европын цагаачид анх ирээд л нутгийн оршин суугчдыг хядахыг нь хядаж устгаад газрыг нь эзэлж аваад л суурьшсан даг. Зарим газрыг нь худалдаж авсан л гэдэг. Ямартай ч булаах, айлгах, дарамтлах, наймаалцах зэрэг олон аргаар нутгийн олон индиан аймгуудаас газрыг нь цуглуулж энэ том улсыг бий болгосон юм даг. Цагийн  явцад  өөр тивээс (Ази, Африк) цагаачид ирж нийлсэн түүхтэй. Бусдын нутгийг булааж суурьшчихаад одоо тэгээд Mиний нутгаас зайл гэж хэлэх болтлоо өөрчлөгдсөн цагаан арьстнууд болон хар арьстнууд өнөөдрийн энэ арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэгчийг улам дэлгэрүүлэн хөгжүүлсээр байгааг энэ сонгууль батлаад өглөө.

Зөвхөн арьсны өнгө ч биш, шашин, гарал үүслээр гадуурхах, үзэн ядах нь амь бөх оршиж байгааг АНУ-д амьдардаг цагаачид бүгд л хэлэх байх.  Бүгд л аман дээрээ энэ бүхнийг шүүмжлэх боловч ачир дээрээ хэн ч , ялангуяа төр засаг нь юу ч хийдэггүйн балаг энэ. Үзэн ядалтыг гэмт хэрэгт тооцож шийтгэдэг хууль байдаг боловч ганц хууль байгаад нэмэр алга. Хүмүүсийнхээ толгойд юм хийж өгөхгүй бол мянган хууль байгаад ч хэрэггүй. Улс үндэстнийг үүсгэдэг жижиг нэгж болох айл өрхийн гишүүдийн хандлага, авир нь яг тэр байдлаараа хүүхдүүд  дээр нь бууж уламжлагддаг учраас энэ үзэгдэл арилахгүй байгаа юм. Жишээ нь, ээж ааваасаа Мексикчуудыг үздэггүй хандлага мэдэрсэн цагаан хүүхэд том болоод тийм л хүн болно гэсэн үг.

Манай Монголчууд АНУ-д цагаачилж эхэлсэнээс хойш багахан хугацаа л өнгөрч байгаа байх. Анхны  үедээ л явж байгаа болов уу. Монгол хүүхдүүд гудамжинд, сургууль дээрээ "хятад" хэмээн дуудуулж элдвээр хэлүүлдэг. Онигор нүдтэй жаалуудыг маань сохор хятад гэж дуудсан тохиолдол гарч байсан. Боловсрол муутай Америкчууд ази царайтай л бол хятад гэхээс өөрийг мэддэггүй нь хүүхдүүдэд нь халдварласан  нь илт. Одоо Трамп гэгч Ерөнхийлөгчтэй болсон мөнөөх гадныхныг үзэн ядагч  хүмүүс  жаахан ч гэсэн боломж гарвал дургүйцлээ илэрхийлж байх сайхан боломж гарлаа гэж алгаа үрэн баясаж байгаа. Цагаанууд, харууд болон бусад үндэстнүүдийн хооронд элдэв мөргөлдөөн ихээр гарахад гайхах зүйлгүй болжээ.
Нэгэнт суурьшаад амьдарч байгаа хууль ёсны Америкийн Монголчуудын хувьд өөр улс руу нүүж шилжинэ гэдэг хэцүү л байх байх, гэхдээ боломжтой бөгөөд  хүүхдийнхээ ирээдүйг бодвол энэ расист улсаас нүүх нь дээр биз ээ. Харин АНУ-ыг зорьж байгаа, санаархаж байгаа хүмүүст хэлэхэд,  эртхэн бодлоо өөрчилж ,өөр таатай, тайван газарт очиж амьдарсан нь дээр болов уу гэж зөвлөх байна.

Шинэ Ерөнхийлөгч болон түүний засгийн газар  өнөө маргаашдаа учир зүггүй барьж аваад хөөгөөд унахгүй боловч  нэгэнт амлаж гарч ирсэн болохоор амлалтаа биелүүлэхийн тулд сонгуульт хугацаандаа тодорхой ажил хийх нь мэдээж.  Хэрэв амалсанаа биелүүлэхгүй бол, эсвэл амалсанаасаа няцвал, 4 жилийн дараа дахин сонгогдох боломжгүй болох учраас Трамп дахин сонгогдохын тулд боломжтой бүхнийг хийх болно. 4 жилийн дотор хууль бус гэгдэх цагаачдын тал хувийг хөөж гаргачихаад, дахиад 4 жил намайг улируулж сонговол би үлдсэн 5 саяыг нь хөөж гаргаад Америкийг цэвэрлэнэ гэж хэлээд л сонгогдохоо мэднэ. 8 жилийн дараа Трампыг залгамжлагч нь мөн иймэрхүү бодлого яриад явахад бас  л сонгогдох магадлал ихтэй. Тэгэхээр ойрын хэдэн жилд Бүгд Найрамдах Нам засгийн эрхийг барьж , цагаачдын хувьд хатуу бодлого явуулах бөгөөд , хамгийн аймшигтай нь Америкийн иргэд нь (цагаанууд ба харуудыг онцолж байна)  бусад орноос  гаралтай цагаачдыг үзэж чаддаггүй, доош нь хийдэг хандлага ноёлж, хэвийн үзэгдэл болох магадлал өндөр байгаа учраас   энэ улсыг мөрөөдлийн орны жагсаалтаасаа  хасахад буруутахгүй болов уу.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө