Ардын Намын алиа төрх буюу Монголын баргар ирээдүй

Ардчилсан Намынхан Монгол Улсыг өрөнд унагаж өтөнд идүүлсэн гэж айлгаж байгаад  Ардын Намынхан сонгуульд яллаа.  Мэргэжлийн Засгийн газар байгуулж байгаад мандуулаад өгнө гэв. Дашрамд нь сануулахад, бондын мөнгийг АН-ынхан өөрсдөө аваад ашиглачихсан гээд байсан чинь яг үнэндээ МАН-ын хувийн компанитай түшээд нь тэр мөнгөнөөс хамгийн ихээр нь авсан гэдэг. Хоржоонтой  ч юм шиг. АН уг нь эрх барьж байсан биз дээ?  Эд нар л эрхээрээ далайлгаж хамгийн ихийг нь  хуссан баймаар юм!  Гэтэл үгүй юм байна. Сөрөг хүчнийхээ хүмүүст ихийг нь өгч өөрсдөө багыг нь авсан  АН-ынханыг  тэнэг гэх үү, нинжин  сэтгэлтэй гэх үү?
МАН-ын Ц.Гарамжав (122 тэрбум төгрөг)  , Н.Номтойбаяр (110 тэрбум) , Ж.Энхбаяр (14 тэрбум) Л.Энх-Амгалан (385 тэрбум) , С.Бямбацогт (10 тэрбум) нар толгой цохиж байх шив дээ.  Энд дарж бичлэгийг үзнэ үү
Ер нь сүүлийн 4 өөр засгийн газруудын  гаднаас авсан зээлийг үзвэл АН, МАН-ынхан ойролцоо л зээл авсан юм билээ. Гол нь авсан зээлээрээ юу хийж вэ гэдэг л ард иргэдэд чухал байгаа юм.



За тэгээд "мэргэжлийн"  хэмээх засгийн бүрэлдэхүүнийг нь харсан чинь "мөнгөний"  хүмүүс цөөнгүй орчихож.  Намдаа санхүүгийн туслалцаа хэн сайн өгсөн нь том албан тушаалаар шагнуулсан бололтой. Өөрөөр тайлбарлах гэхээр тайлбар олдохгүй байна.
Хоёр удаагийн сонгуульд сонгогчдынхоо гарыг цайлгаж (бэлэн мөнгө тараасан гэж унш) гарч ирсэн, зүй нь хууль зөрчсөн учраас гэмт хэрэгтэн гэж хэлэгдэх гавъяатай Чойжилсүрэн гэгчийг Сангийн сайдаар тавьжээ. Санхүү эдийн засгийн мэргэжилгүй юм гэсэн. Гэхдээ  "хар ухаантай"  юм гэнэ лээ.

Гадаад Харилцааны сайдаар Ц.Мөнх-Oргилийг томилжээ.  Хууль Зүй Дотоод Хэргийн сайдаар 2008 онд ажиллаж байхдаа сонгуулийн дараах үймээнийг зохицуулж , олон хүний амь нас үрэгдэж, гэмтэж хохирохоос сэргийлж чадаагүй буруутан. Өөрөөр хэлбэл түүнд иймэрхүү ажил хийх чадвар байгаагүй гэсэн үг. Харвардын диломтой байх нэг өөр, яам толгойлж ажиллах нэг өөр. Одоо гадаад харилцаа хариуцах юм байна. Уг нь гадаад харилцаа, хуульчийн мэргэжилтэй гэх боловч дээр хэлсэнчлэн, цаасан диплом, ажлын чадвар гэдэг бол хоёр өөр зүйл гэдгийг санах хэрэгтэй.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдаар Н.Номтойбаяр сонгогджээ. Өмнө нь богино хугацаагаар дэд сайд нэг удаа хийж байсан энэ хүнд туршлага гэх юм бараг байхгүй гэхэд болно. Харин мөнгө бол байгаа гэлцдэг. Дэд сайдын суудлыг 1 тэрбум төгрөгөөр "худалдаж авсан"  гээд л тухайн үед нэг хэсэг шуугисан даа. Элдэв хэл аманд зөндөө л өртөж, бичигдэж байсан боловч тэгсгээд дарагддаг. Чингис бондын мөнгөнөөс хувийнхаа компанид авсан гишүүдийн нэг (110 тэрбум төгрөг).

За тэгээд бусад сайдыг нь гоочилбол  юм юм гарах л байх. Ёс суртахууны хувьд тэнцэхгүй ч  этгээд орсон харагдана.

Одоо ч МАН-ынхан "мастер төлөвлөгөө" ёсоороо санхүүжилтээ босгоод зохих хүмүүсээ байршуулаад дуусч байгаа биз ээ. Төрийн албыг наймаа болгосон гэдэг нь МАН-ын алдагдсан бичлэгээс  тодорхой харагдаж байна. Бичлэгт М.Энхболд (МАН-ын дарга, сая УИХ-ын дарга болсон),  Ц.Сандуй (Нийслэлийн МАН-ын хорооны дарга , одоо Нийслэлийн ИТХ-ын дарга  болсон), болон Сандуйгийн зөвлөх гэх Ганбаатар нарын яриа хураагджээ. (  Бичлэгийг сонирхоно уу )  Мөнгө хандивласан МАН-ын гишүүд бүгд оноогдсон албан тушаалдаа очиж, өмнө нь ажиллаж байсан бусад намын болон нам бус албан хаагчид жийгджээ.

МАН-ын Засгийн газрын дараагийн алхам нь өмнөх эрх баригчдын (АН-ын) санаачилсан, хийсэн, эхлүүлсэн болгоныг гутаах, зогсоох, болиулахад чиглэсэн гэлтэй.
Өмнөх Их Хурлаар баталчихсан (!) зарим хуулиудыг зогсоосон нь ойлгомжгүй бөгөөд буруу жишиг тогтоосон  явдал болсон. Баталсан боловч ёсчлоогүй гэдэг шалтгаанаар эдгээр хуулиудын үйлчлэлийг зогсоожээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай хууль зэрэг нь энэ хэлмэгдэлтэнд өртсөн байна.
Мөн Ипотекийн зээлийг, Хүхдийн мөнгийг,  Гэр хорооллын дахин төлөвлөлтийг, Хүүхэд харах үйлчилгээг, Сайн хөтөлбөрүүдийг зогсоожээ. Түрүүчээсээ хэл ам хийгээд эхлэнгүүт зарим нэгийг нь эргэж харах бололтой.  За тэгээд 1111 төвийг татан буулгаж, янз бүрийн тэтгэмжүүдийг (эмч багш нарын, ажилгүйдлийн г.м) бууруулсан гэнэ. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэж баахан зээл аваад тохижилт хийсэн иргэд "шатах"  эсэхээ шийдүүлэх гээд ид үзэлцэж байгаа сурагтай. Ёстой л хүүхдийн төлөө гэсэн сэтгэлгүй мангарууд юм даа. Өөрсдийнхөө тансаглал, хэрэглээнээс илүүчлээд энэ үйлчилгээг үргэлжлүүлж болноо доо. Цэцэрлэг ясли угаасаа хүрэлцээгүй одоо цагт засгийн ачааллыг хөнгөвчилж, залуу гэр бүлийг ажилтай байх боломжийг олгож байгаа гэдэг утгаар нь ойлгож болдоггүй  юм байх даа. Хүсдэггүй юм болов уу?

Төр, засгийн албыг наймаалж сурсан МАН-ынханд  өөрсдийнхөө  найз, хамаатан, ах дүүгээ шургуулахад юу л саад болов гэж. АН-ынханд ч бас ийм зүйл байсан биз, гэхдээ ингэж айхтар дуулиан шуугиан болж байсаныг санахгүй юм байна.  Төрийн албыг төрлийн алба болгохыг жинхэнэ үлгэр жишээчээр үзүүлж байгааг жишээгээр нотлоё. О.Магнай энэ талаар судалгаа хийж баримтжуулжээ. Худлаа хэлж хүн гүтгэвэл торны цаана сууна гэдгээ энэ залуу мэдэхийн дээдээр мэдэж байгаа байх гэж найдая. Хэн эрх баригч болсон билээ, Магнай?!
МАН-ын дарга бөгөөд УИХ-ын дарга М.Энхболдын хамаатан, найз, ах дүү гээд 20 (!) хүн ямар нэгэн албан тушаалын бялуу хүртжээ!  М.Энхболдын хүү Э.Анараа Монгол Банкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал болжээ. Цаашилбал, Ерөнхий сайд байсан С.Батболдын хүү (Б.Баттүшиг-Монгол Банкны  мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр), мөн эхнэрийнх нь  дүү (Б.Асралт- Гаалийн ерөнхий газрын даргаар), одоо Шадар сайд болсон У.Хүрэлсүхийн дүү, төрсөн ахынх нь хүү, С.Бямбацогтын дүү, УИХ-ын гишүүн Сарангэрэлийн хүү, Сангийн сайд асан Очирхүүгийн хүү, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү (Н.Анхбаяр- Гадаад харилцааны яаманд Газрын даргаар), УИХ-ын гишүүн Лүндээжанцангийн дүү (Д.Баярсайхан- Төрийн банкны гүйцэтгэх захиралаар), УИХ-ын гишүүн Аюурсайханы эгч, УИХ-ын гишүүн Гарамжавын хүргэн, УИХ-ын гишүүн Саранчимэгийн нөхөр (Мөнхбаатар- Чингис хаан олон улсын нисэх буудлын даргаар), УИХ-ын гишүүн Оюунчимэгийн дүү, УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ , УИХ-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Морин Спорт Уяачдын Холбооныхон (энэ холбооны дэд тэргүүн нь Хүнс Хөдөө Аж Ахуйн сайд болсон, дэд Ерөнхийлөгч нь Барилга Хот Байгуулалтын дэд сайд болсон)  гэх мэтээр энэ жагсаалт үргэлжлэнэ.  МАН-ын мөрийн хөтөлбөрт зааснаар бол төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс  ах дүү, хамаатан саднаа ажилд авахыг хориглоно гэж байгаа. Гэвч энэ заалтыг зөрчихгүйгээр, хөндөхгүйгээр хийхэд  амархан шүү дээ. Жишээ нь, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  хүү Н.Анхбаярыгаа  Гадаад  Харилцааны Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар  томилох эрхгүй учраас "Би томилоогүй ээ" гэж хэлнэ.  Тэгвэл Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх Оргилыг буруутгах үндэслэл байхгүй, яагаад гэвэл  Анхбаяр түүний ах дүү, хамаатан биш учраас.  Харин Ц.Нямдорж, Ц.Мөнх Оргил хоёр хаа нэгэн газар шар айраг зооглож суунгаа нууцаар энэ томилгоог тохиролцсон байж болох юм. Гэвч үүнийг батлах хэрэгтэй. Нотлох баримтгүй учраас таамаглал, хардлага болохоос хэтрэхгүй. Нэг намын удирдлагад байгаа хүмүүс нэг нэгэндээ иймэрхүү маягаар саймширсан байж мэдэх нь ойлгомжтой логик. Хүн талаас нь харвал мэдээж асуудал ч юм шиг.  Хамгийн гол нь хэтрээд явчих нь хэцүү, нөгөө талаар мөнөөх нэр дэвшигч маань тухайн ажлыг хийж чадахаар шаардлага хангасан хүн мөн үү гэдэгт  л байгаа юм.  За манайх шиг ичих булчирхай нь ажиллахаа байчихсан улс төрч нэртэй дүр эсгэгчдээр дүүрсэн улсад иймэрхүү үзэгдэл  мөд алга болохгүй.
МАН-ын шинэ Ерөнхий сайд их марзан тайлбар бодож олсон байна билээ. Ах дүү, хамаатан садан нь ингэж олноор төр засгийн албанд  байгаа нь хүн ам цөөтэйн гачлан юм биш үү гэсэн утгатай.  О.Магнайгийн бичлэгийг энд дарж  үзнэ үү.

УИХ-ын дарга М.Энхболд  уг нь намын дарга гэдэг утгаараа Ерөнхий сайд болох ёстой хүн. Гэвч тэгсэнгүй УИХ-ын дарга болохыг илүүд үзсэн бололтой.  АН-ын дарга З.Энхболд бас Ерөнхий сайд хийхгүй УИХ-ын дарга болж байв даа. Энэ буруу жишгийг МАН үргэлжлүүлж байгаа юм байна. УИХ-ын дэд даргын суудалд   урьд өмнө нь УИХ-ын дарга хийж байхдаа хууль зөрчсөний улмаас огцорч байсан шударга хэмээх хочит Ц.Нямдоржийг суулгасан нь бас л нэг марзан үзэгдэл.  Дахин энэ албан тушаалд залрах ёс суртахууны эрхгүй л хүн баймаар. Хууль зөрчсөн гэмт хэрэгтнийг шагнаад байгаа юм шиг сэтгэгдэл төрөхгүй байна гэж үү? УИХ-ын дэд дарга байтугай УИХ-ын гишүүн ч болох эрхгүй хүн. Хууль зөрччихөөд тэгээд өөрийгөө хууль тогтоогч, хуулийн хэрэгжилтийг хянагч гэж нэрлэх нь инээдтэй биш байна уу?

Сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд МАН бас ялсан гэлцэнэ. Зарим газарт ч булхай орсон тухай бичицгээж байна. Ерөнхий дүндээ сонгогчидын маань толгойны эргээ гараагүй нь харагдаж байх шиг. Арьс махан дээрээ мэдрээд "Би хэнийг сонгочихов оо?"  гэж дуу алдах хүртэл цаг хугацаа хэрэгтэй юм шиг байна.  Хамгийн гол нь тэр үед нөхөж болшгүй хохирол, ухралт бий болчихсон байвал хэцүү дээ гэж бодох юм.  Засаж залруултал бас л хугацаа , хөрөнгө орох болно. МАН урд хөршөөс зээл авна гэж байгаа бололтой.  Зээл авахаас өөр гарц байхгүй юм уу, эсвэл олж харахгүй байгаа юм уу?
Өмнөх бондын зээлээс хувьдаа "хишиг"  хүртсэн  түшээд маань (зарим нэгнийх нь нэр , мөнгөний дүнг дээр бичсэн байгаа даа) мөнгөө арай 100 жилээр аваагүй байлтай. Буцаан төлөлт эхлэх цагт эх оронч сэтгэл гаргаад авсан мөнгөнөөсөө боломжоороо буцаан өгч дэм тус болох ухаан байгаа болов уу? За даа, энэ ч бараг хоосон мөрөөдөл биз дээ.
Ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө төр засгаа бүрдүүлсэн  МАН ирэх 4 жилд яаж холион бантан хийхийг л харж суух болж дээ. Буруу хийвэл бас зүгээр хараад суух хэцүү.  Хэзээ нэгэн цагт иргэд маань буруу зөвийг ялгадаг болоод, сонголтоо зөв хийдэг болсон цагт дураараа дургилт багасаж, бүх юм зөв голдрилдоо орох байгаа гэж найдахаас. Эс бол систем, тогтолцоогоо өөрчилж байж нэг хувьсал бий болох байх. Иймэрхүү маягаар жаахан удвал цөхрөлөө барсан ард түмэн сүүлийн сонголтыг хийж мэдэх л байх шүү.





Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө