Бохирдсон хөрс ба хортой жимс

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн хэлж байгаагаар бол Монголчууд тэнэг хүмүүс юм гэнэ. Цолмон л хэлсэн болохоос бус бараг л үнэн болох гээд байна. Экс тэргүүн хатантай санал нэг байгаа хүмүүс олон байдаг биз ээ.
Монгол судлаач гэх Япон бүсгүй Кимура Аяако бас Монголчуудыг "тархины тураалтай" гэж оношлож байлаа. Гадны хүн ямар нэгэн цензургүй хэлэх байх л даа.
Монгол хүн л юм болохоор би ч бас өөрийгөө өмөөрөөд өрвөлзөнө биз дээ? Манай Монголчууд шиг ухаантай, тусч, уужим сайхан сэтгэлтэй, авъяастай сэргэлэн улс хаана байна гэж...
Бодлоо. Ер нь яагаад өөрийн хүнийгүй биднийг муу хэлээд байдаг бил ээ? Бид тийм муу хүмүүс юм уу? Тийм арчаагүй юм уу? Арчаагүй байж болох ч муу байна гэдэг бол байж болмооргүй. Муу ард түмэн гэж байдаггүй гээ биз дээ?
Эцэг өвгөд маань ийм арчаагүй байсан юм уу гэтэл үгүй юм аа. Тэгвэл энэ өнөөдрийн арчаагүй муухай Монгол саяхны "бүтээгдэхүүн" болж таарах нь. За ер нь он цагаар нь тооцвол 21 оны хувьсгалаас хойш л бидний Монголчууд  "муухай"  болж  хувирч эхэлсэн юм уу даа. Тэр  үеэс хойш систем нь, бүтэц нь, үзэл суртал нь, нийгэм нь биднийг ийнхүү зангаа хувиргахад хүргэжээ. Өнөө гэгээлэг, өрөвч, тусч, найрсаг гэмгүй, зожигдуу Монгол чинь атаач, матаач, эдийн шуналтан, дээрэлхүү, ойворгон  болж эхэлжээ.
За энэ байдал даамжирсаар өнөөдрийг хүрэхэд Монгол хүн "хүн биш" болж хувирсан байна.

Харамсалтай нь бид хүн биш болсоноо мэдэхгүй, мэдрэхгүй байна. Олонхи нь. Мэдэрч байгаа цөөхөн хэсэг нь  хичнээн хэлээд ч нэмэр алга.  Дийлэнх олонхи нь мэдрэх ч сөхөл, хүсэлгүй болохоор бид өөрчлөгдөхгүй, өсөж дэвжихгүй, бахь  байдагтаа улаан шороо босгоод л хэмлэлдээд сууж байна. Машинаар бол дугуй нь хий эргээд урагшаа явахгүй орилоод байгаатай адил.
Социализмын он жилүүдэд  бол Монголчуудыг их эвдэрсэн дээ. Залгаад ардчилсан өөрчлөлтийн дараах 20 хэдэн жилд бүр ч хүнээ байсан. Мөнгөөр бүхнийг хэмждэг, дэнсэлдэг харгис капитализмыг  байгуулна гээд зүтгэчихсэн чинь бүр дордсон. Одоо мөнгө биднийг захирч байна. Мөнгөтэй л бол ямар ч мал (жинхэнэ мал биш, хүн-малыг хэлж байна) сүргийн толгойлогчоор сонгогдож  чаддаг болжээ. Сүргийн манлай мал маань зөвхөн өөртөө яаж жаал өвс хужир хурааж чадахав, яаж ахиухан тарга тэвээрэг авах вэ гэдгээ л боддог учраас сүргийн амьдрал ахуй дээрдэхгүй байгаад гайхах юм алга.

Оросын мафийг   хэрхэн "буулгаж"  авч байсан тухай Тэргүүн хатан асан  Цолмонгийн ярианд хүн итгэх үү?  Ийм хүмүүсээр төр бариулж байсан бидний  заяа тавилан. Цаана чинь эр, эм зөндөө  ийм Цолмонгууд сая  сонгуулиар  "од"  мэт тодорч  тэмдгээ зүүлээ. Хэнийг нь ч тэр гэхийн арга алга. Ургаж гарсан хөрс шороо нь ингэж бохирдчихсон  юм чинь ямар л олигтой үр жимс боловсрох вэ  дээ. Химийн бордоогоор бөмбөгдөөд олон жил болсон  үржил шим муутай хөрсийг яаж өөрчлөх, шинэчлэх вэ гэдгийг ярихгүйгээр тэндээс боловсорч гарсан "хорт жимсийг"  яриад нэмэр байна уу?

Тэгвэл хөрсөө яаж цэвэрлэх вэ?  Коммунизмын онол, капитализмын сургаалиар өнөөг хүртэл тархиа цэнэглүүлж эвдэрсэн Монголчуудыг  сэтгэл зүй, ухамсрын хувьд өөрчлөх амаргүй. Бага багаар ахих хэрэгтэй. Хугацаа их орно. Төр засгийн эрхийг ээлжилж барьж ирсэн "толгой"  намуудад  иргэдийнхээ харанхуй мунхагийг арилгаж гэгээрүүлэх нь байтугай харин ч бохирдсон, сохорсон хэвээр нь байлгах сонирхол бий.  Тийм болохоор тэдэнд найдах хэрэггүй. Ганц найдлага нь нам бус бөгөөд тархи нь харьцангуй эрүүл сэтгэдэг, бохирдоогүй иргэд, нийгмийн өмнө үүрэг хүлээсэн, иргэд сонгогчдоо зөв  үзэл бодол, мэдээллээр хангаж гэгээрүүлэх хүсэл зорилготой төрийн бус, олон нийтийн байгууллагууд юм.
Санаачлага л их хэрэгтэй. Мэдээж санхүүжилтийн асуудал гарах нь ойлгомжтой. Гэхдээ эх орноо, иргэдээ гэсэн ухамсарт иргэд өөрсдөө сайн дураараа эвлэлдэж, ийм байгууллагуудтай хамтран бохирдсон хөрсийг цэвэрлэх ажилд дуртайяа оролцох байх аа гэдэгт итгэнэ. Танилцуулга материал хэвлэж тараах, уулзалт цугларалт зохиож ухуулга хичээл заах гэх мэтээр зардал мөнгө багагүй орно. Хэдхэн удаа хэвлэмэл материал тараагаад, эсвэл уулзалт хийгээд зогсох биш, харин ч ноёлогч  намуудын эрх барьж байгаа бүрэн эрхийн хугацаанд тасралтгүй хуваарийн дагуу, төлөвлөгөөтэй энэхүү соён гэгээрүүлэх ажлыг явуулах шаардлагатай. Ингэж байж ирэх сонгуульд хийх сонголтондоо иргэд маань бэлдсэн байх болно. Нэг сонгуулийн мөчлөгт багтаж энэ бохир хөрсийг бүрэн цэвэрлэж амжихгүй. Нэлээн хэдэн сонгуулийн цикл дамнаж байж өөрчлөгдөх байх аа. Тэр цагт иргэд нь нийгэм, улс төрийн гүнзгий мэдлэгтэй, мөнгөөр саналаа худалддаггүй ухамсартай, жинхэнэ эх оронч, эх орныхоо эрх ашигт харш аливаа үйлдэл ажиллагааг эсэргүүцэн тэмцэж чаддаг болсон байна. Тэр цагт л төрийн эрх мэдэл бидний гарт жинхэнэ утгаараа байх болно.

Иргэд сонгогчид маань мэдлэгтэй боловсролтой, ухамсартай болсон нөхцөлд хариуцлага тооцож чаддаг, сонголтоо зөв хийж чаддаг болох юм. Хариуцлага тооцдог болсон цагт луйварчид , дээрэмчид, хулгайчид  төр засагт шургалж орох  боломж  бараг үгүй болох ёстой.
Харин түүнээс нааш аливаа сайжралыг горьдоод хэрэггүй биз дээ. Мунхаг харанхуй байлгасан иргэдийг маань хаашаа л бол хаашаа эргүүлж чаддагийг толгой намууд маань ээлжилж нотолсоор ирсэн. Нэг намд нь итгэл өгч ялуулчихаад дараагийн сонгуульд өрсөлдөгч намд  нь гуйвж  саналаа  өгөх жишээтэй. 180 градус эргэж хувирч чаддаг хамелеон зангаа бид нэг бус удаа гайхуулсаан.
Суурь хөрсөө сайжруулж, эрүүлжүүлэхээс нааш өнөөдөр бидний харж, мэдэрч байгаа муу муухай бүхэн арилахгүй, алга болохгүй. Бохирдсон хөрсийг цэвэрлэж, эрүүл үр жимс авахын тулд ухамсартай зорилготой хэсэг маань цөөнх гэлтгүй одооноос үйл ажиллагаагаа эхлүүлж "гэгээрлийн  хувьсгал"  хийхгүй бол энэ байдлаар бид явсаар нэг мэдэхэд  бид бүгд шороо үмхэж доройтлын туйлд хүрсэн байна гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ. Тэр цагт Монголчууд нэг бол  харийнхан болон харьд элэгтэй эрлийзүүдийн гарт орсон байна, үгүй бол  иргэний дайн дэгдээчихсэн бие биенээ хөнөөж байх    магадлалтай. Оройтохоосоо өмнө сэрцгээгтүн, Монголчууд аа!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө