Салаавч Ганхуяг урвагч Ганхуяг болох учир нь

Ч.Ганхуяг (Сангийн дэд сайд асан) 
"Талх", "Салаавч", "Түүхч" гэх мэт олон гуншинтай Ч.Ганхуяг "Өдрийн сонин"-д ярилцлага өгчээ. Тэрээр сүүлийн үед их  идэвхжиж, "муусайн популистуудын" эсрэг  дайн зарлачихаад байгаа. Ядаж байхад босоо Ганбаа маань дипломгүй гэдэг нь илэрч  Ганхуягийн уурыг хүргэж бахыг нь хангадаг нь ч бас юүв. Уур нь хүрсэн  "бизнесчин" маань  эрхэм гишүүнийг "новш" гэж хараав. Их "хулхидуулсан" юм байх. ( Эндээс уншина уу )

Дээр дурдсан ярилцлаганд Ч.Ганхуяг  олонд "популист" нэрээр алдаршаад байгаа Г.Уянга, С.Ганбаатар нарыг "эх орноосоо урвагчид", "хоосон толгойтнууд" гэхчлэн  доромжлоод, мөн Ганбаатарын толгойлж байгаа ХҮН гэгч намд элссэн өөрийн танил, найз нөхдөө "тэнэг новшнууд" гэж хэлээд үүнээс хойш найз биш  болсон гэдгээ зарлажээ. Бодвол ингэж  "догшрохдоо"  лав согтуу байгаагүй байх.
Өнгөрсөн жил Чингисийн талбай дээр Төрийн ордон руу чиглүүлж  байгаад салаавч гаргасан үйлдэл, саяхнаас бусдыг новш, тэнэг, урвагч зэргээр цоллож байгаа зэргээс харвал  энэ нөхөр хараал урсгагч бүдүүлэгдүү нэгнээс огт ялгаа алга. ( dnn.mn сайтаас уг ярилцлагыг уншаарай)

Хуучин хэвлэх үйлдвэрийг хувьчлах дуудлага худалдаанд Монголын иргэн Абдул Карим гэх "монгол бус" нөхөр ялсанд Ч.Ганхуяг мэтийн "эх орончид" их дургүйцэж , Монголчууд авах ёстой байтал харь хүнд "алдсан" нь бараг л үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж мэдэх ухааны юм ярих нь холгүй гаслалдав.  Тэр Абдулын  гаргах гээд байгаа мөнгөний эх үүсвэр тодорхой юу, татвар төлсөн үү гэхчлэн мань эр "хэл ам" хийсэн.  "Хүргэн" Абдул хэл амнаас залхаж,  авсан үйлдвэрээ буцааж өгөөд  дэнчингийн 715 сая төгрөгөөрөө "шатжээ."
"Жинхэнэ эх оронч" Ганхуяг маань Монголчууддаа уг хэвлэх үйлдвэрийг "авч өгөх" гэж мөнгө цуглуулаад барсангүй алдчихлаа, гэхдээ дараа сайхан үзнээ ч гэх шиг сархайж байв даа. Бас болоогүй дараа нь Абдулд захиа бичиж "манжилсан" гэж байгаа.
("Таван Богд Трейд" ХХК  дээрээсээ хоёрдахь үнэ санал болгосны хувьд мөнөөх үйлдвэрийг авч байх шиг байна.)

"Хас банкны" гэгдэх энэ этгээд Уянга, Ганбаатар нарыг "эх орноосоо жинхэнэ урвагчид" гэж доромжилсонтой холбоотой хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь.
Тэд нарыг гол нь Оюутолгой болон Таван Толгой зэрэг том төслүүдийг гацааж Монголын урагшлах хөгжилд тушаа болж байна хэмээн үзэн ядаж байгаа гэж ярьдаг. Тэгвэл Оюутолгой төслийн гэрээ нь Монголд ашиг муутай хийгдсэн гэж олон хүн хэлж байгаа. Сая сүүлд үзэглэсэнээр бол манай тал Оюутолгойн зардлын хэтрүүлэлтийг хүлээн зөвшөөрөөд, тэр хэмжээгээр манайхаас гарах хөрөнгө оруулалтын хэмжээ  нэмэгдэж, ашиг хүртэж эхлэх хугацааг өчнөөн жилээр хойшлуулж (2037 оноос нааш горьдолт байхгүй) буулт хийсэн. Зөвхөн төслийг хөдөлгөхийн тулд гадны хөрөнгө оруулагчийн аманд багтсан хэрэг. Монголд ашиггүй ч гэсэн төсөл явж л байх нь өнөөгийн эрх баригчдад чухал байсан. С.Баярын үед төслийг ямар ч үнээр хамаагүй эхлүүлэх нь чухал байсан бол өнөөдөр бидний хийж байгаа "наймаа" улам л алдаатай болж байна. Муу хэлээд байгаа "популистууд" чинь үүнийг л яриад байгаа юм. Тэрнээс биш тэд гадны хөрөнгө оруулагчдыг хөөгөөгүй юм. Мэдээж гуйвуулах дуртай хүмүүс тэгж л хэлнэ л дээ.

Энэ Оюутолгойн гэрээ бидэнд ашиггүй хийгдсэн гэж "эсэргүү" юм ярьж, "тэрс үзэл" гаргаад байгаа өөр ямар хүмүүс байна?  Хамгийн түрүүнд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн  гуай энэ "урвагчдын"  эгнээнд орно.  Энэ өгүүллийн баатар бол Бямбасүрэн гуайн чигчий хуруунд ч хүрэхгүй жижигхэн амьтан шүү дээ, уг нь. Гэвч буурал маань түүний хэлснээр яалт ч үгүй "урвагчдын" тоонд орж байна.   Оюутолгойн  гэрээ Монголд ашиггүй болсон гэдгийг  Уянга, Ганбаатар болон зарим гишүүд (Б.Бат-эрдэнэ, Л.Цог, Д.Ганхуяг  г.м),  бусад бие даагчид, Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай , С.Авирмэд (уул уурхайн инженер, эдийн засагч, доктор), Ч.Хурц (Геологи, уул уурхай сайд асан, Геологийн ухааны доктор)  зэрэг хүмүүс ч хэлээд байгаа юм биш, УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээний төвөөс ч  бас ийм дүгнэлт гаргаж байсан байх юм. Ийм "эсэргүү" дүгнэлт гаргасан энэ төвийнхөн бас бүгдээрээ  "эх орноосоо урвагчид" болох нь тодорхой болжээ. Дээр нэр дурдагдсан "урвагчидтай" Ч.Ганхуяг "ясаа цайтал" үзэлцэх бололтой.  Нэлээн заналтай агуулга бүхий мэссэж илгээгээд байгаа.

"Бизнесчин" ухаантай юм бол энэ Ганхуяг уг нь нэг юм мэддэг л байх  ёстой. Энэ нь юу вэ гэвэл, ямар ч хүн өөртөө  ашиггүй бизнес хийдэггүй. Тэгвэл Монгол гэдэг хүн Рио гэдэг хүнтэй бизнес хийжээ. Харамсалтай нь туршлагагүйдэж, мөн бусад нууцлаг хүчин зүйлийн улмаас Монгол өөртөө ашиггүй наймаа хийчихжээ.  Уг нь Монголд  баялаг нь, цаад Рио гэгч нөхөрт туршлага, технологи нь байгаа юм. Гэвч наймаа шударга бус болсон. Үүнийг л дээрх нэр бүхий "урвагчид" хэлээд байгаа юм. Наймаа хийхгүй гээгүй, харин шударга, аль аль талдаа тэнцүү ашигтай байх ёстой л гэдэг асуудал ярьж байгаа юм. Харамсалтай нь, мөнгөгүй бөгөөд хямралтай байгаа гэдэг ганцхан шалтгаанаар, ямар ч үнээр хамаагүй буюу Монголд хохиролтой байсан ч хамаагүй энэ наймааг хийхээр шийдсэн нь биднийг үнэхээр өрөвдөлтэй харагдуулж байна. Рио одоо хөх инээд нь хүрээд, гэдсээ илээд сууж байгаа.

Глобал юм ярьж худлаа сүржигнэдэг Ганхуяг мэт нь  асуудын мөн чанарыг ойлгохгүй байгаа гэдэгт итгэхэд хэцүү. Тэгвэл ойлгож байгаа мөртөө  ашиггүй наймааг хийхийг  зориуд дэмжиж, эсэргүүцэгчдийг элдвээр доромжилж байгааг нь юу гэж тайлбарлах вэ? Өөрийнхөө талд биш, наймаа хийгч нөгөө талд үйлчлээд байгаа энэ нөхрийг (болон түүний өрөөсөн дугуйнуудыг)  харин урвагчид гэж нэрлэвэл зохих бус уу?  Урвагч гэдэг бол эх орондоо хохирол учруулахаар гадны эрх ашигт үйлчилсэн, нөлөөлсөн, дэмжсэн, уриалсан, үйлдэл ба эс үйлдлээрээ тийм нөхцөл байдлыг бий болгосон этгээдийг хэлдэг. Эхнэр хүүхдээсээ  урваж байсан  хүн эх орноосоо  бас урвасан  бололтой. Ийм хүнийг өөрийнх нь хэрэглэх дуртай үгээр бол новшийн амьтан гэж нэрлэдэг юм. "Популистууд" биш харин иймэрхүү жинхэнэ урвагчид Монголд гай болж, гамшиг учруулж байна. Харилцан ашигтай буюу хэн нэгэнд нь хэт давуу эсвэл хохиролтой байдал үүсгэхээр л биш бол бид чөтгөртэй ч наймаа хийж болж байна. Үгүй бол бид хохироод үлдэх нь. Хохирсон тал хөгжсөн гэж дуулдаагүй. Наанатай цаанатай наймаалцая л гэж байна. Энгийн логик.



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө