Хатнаа ба түүний команд
![]() |
Хатнаа ба түүний команд (Хатнаа урд эгнээний голд) |
Дунд насны ангилалд Монголчууд дэлхийд "азаргалж" байна. Энэ хүүхдүүд нас бие гүйцээд ирэхийн цагт насанд хүрэгчдийн ангилалд Монголчууд дэлхийд ноёрхох болно. Ийм л төлөв харагдаж байна. "Бүдүүлэг барбарууд" оюун ухаан сайтай гэдгийг дэлхийд нотолж, Монгол хүний потенциалыг харуулж чадсан явдал бол Хатнаа ба түүний командын гавъяа. Дан ганц биеийн хүч тэнхээ, сэлэмний ирээр биш бас оюун ухаан сайтайдаа дэлхийг захирч байсан улс юм шүү гэдгийг нотлоод байгаа хэрэг. Монголын тухай эерэг суралчилгаа харамсалтай нь маш бага байдаг нь дэлхийгээр хэрэн бэдрэгч Монголчуудад алхам дутамд нь мэдрэгдэж бухимдуулдаг. Их л бодож Чингис хааныхаа нэрээр түрээ барих боловч их хаантан маань сүүлдээ явсаар хятадынх болж хувирсаныг чихээрээ сонсож дуулаагүй цагаач Монгол байдаг юм уу? Монгол гэхээр Хятадын харъяат биз дээ гэж асуух нь наад захын хэрэг. Хятадын их "тархи угаалтын" компанит ажлын уршгаар дэлхий өнөөдөр ийм ойлголттой болжээ.
Хэдийгээр түүхийн үйл явдлыг арай зөв талаас нь харуулсан ном зохиол ганц нэг гарч байгаа ч гэсэн дээрх буруу нийтлэг ойлголт амархан засагдахгүй. Монгол гэж агуу түүхтэй улс байдаг бөгөөд Монголчууд гэж оюунлаг мундаг хүмүүс байдгийг Хатнаа ба түүний команд дэлхийд сурталчилж байна. Бусад спортын төрөл дээр амжилт гаргаж эх орныхоо нэрийг гаргаж байгаа тамирчид ч мөн ялгаагүй Монголыг "рекламддаг." Дэлхийн аваргын тэмцээнд улсынхаа далбааг мандуулсан тамирчин мөнгөн шагнал авдаг. Хатнаагийн баг сая Хятадад болсон дэлхийн аваргын тэмцээнд 2-т оржээ. Адилхан л спорт. Адилхан амжилт. Адилхан л үнэлэх ёстой. Багаар нь шагнаж боломгүй бол тодорхой төрлүүд дээр медальт байранд орсон тамирчдыг нь шагнах хэрэгтэй. Бага ч гэсэн мөнгөн шагнал өгвөл тэдэнд их урам хайрлах болно. Хэдийгээр оюуны тэмцээн бусад төрлийг, жишээ нь жю-дог, бодвол нийтлэг биш ч гэсэн ямар ч байсан улсынхаа нэрийг гаргаж, дэлхийд сурталчилж байгаа нь хамгийн чухал учраас төр засгаас тодорхой хэмжээгээр үнэлэх нь шударга гэж бодно. Монголчуудыг оюунлаг, ой ухаан сайтай ард түмэн гэдгийг нотолж сурталчилж байгаа нь өөрөө онцгой бахархмаар "реклам."
![]() |
Монгол Улс багаараа мөнгөн медаль авсан тухай гэрчилгээ |
Эцэст нь, Хатнаа ба түүний командынханд спортын өндөр амжилт хүсье! Монголчууд та нараар бахархаж байгаа шүү! Үзүүлээд өгөөрэй!
Comments
Post a Comment