МАНАН плюс

"Ажил хийвэл дуустал нь, давс хийвэл уустал нь" гэдэг үг байдаг. Ажлаа дуустал нь хийлгүй, хоорондоо хөлөө жийлцэж байгаад засгаа унагааж авсан АН дахин МАНАН байгуулахаас аргагүйд хүрч шившгээ хутгаж байна. Хайран ч хүмүүсийн өгсөн итгэл, хайран ч зүтгэл! Засаглаж чадахгүй, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байх байсан юм бол анхнаасаа яах гэж сонгуульд оролцсон юм гэж асуумаар санагдчихлаа. МАНАН байгуулах байсан юм бол анхнаасаа МАН-тай эвсээд сонгуульд оролцохгүй яасан юм?  АН  өөрийн үзэл бодол, байр сууриндаа үнэнч байж сураагүй, нам болж төлөвшөөгүй, нэг зорилгын дор эв нэгдлээ хангаж сураагүй гэдгээ нотоллоо.  Төр засгийн эрх барих сонирхолтой улс төрийн намын хувьд дээрх шинж чанаруудыг эзэмшиж чадаагүй байж  сонгуульд өрсөлдөж байгаа  нь бяруу болоогүй байж бухын дүр эсгэхтэй  утга нэг хэрэг болсон байна. Хэн ингэнэ гэж санах вэ дээ. Авилга. луйвар дээрмээр хөлжиж, засгийн ажлыг  хувийн бизнесээ болгохын үлгэрийг үзүүлсэн МАН өнгөрсөн жилүүдэд  чадвар байвч сэтгэл  дутуу гэдгээ нотлохын дээдээр нотолсон. Тиймээс ч  сонгогчид маань  цөхрөхдөө АН-д эрхийг нь өгсөн хэрэг. Гэвч нөгөөх нь итгэлийг нь даасангүй. Хоорондоо хэмлэлцэж, Ардын Намынхны алдааг давтаж, хэл аманд өртсөөр өөрсдийгөө дэгээдээд унагачихлаа. Одоо "амьд үлдэхийн" тулд өрсөлдөгчтэйгөө эвсэж "МАНАН плюс" гэгч эвсэлийг байгуулахаас өөр аргагүй байдалд орсон байна. Эв нэгдлийг эрхэмлэж, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавиад нэг хөнжилд орж байгаа юм биш, ерөөсөө л амь зулбах арга нь энэ шүү дээ. 2008 онд МАН сонгууль луйвардчихаад дараа нь  5 хүний амь  хөнөөсөн хэрэг гарангуут өрсөлдөгчийнхөө амыг барихын тулд  МАНАН байгуулж байсан түүхтэй.  Энэ удаад АН нь МАН-аас аврал эрж байх шив дээ. Өмнөх МАНАН-г бодвол энэ удаагийн МАНАН арай өөр. "Шударга ёс" хэмээх гоё нэртэй эвсэл байгуулсан намуудаас төлөөлөл оролцсон учраас "цэвэр" МАНАН биш, "хольцтой" МАНАН юм. Тийм болохоор хооронд нь ялгахын тулд "МАНАН + " буюу "МАНАН плюс" гэж нэрлээд  байгаа ухаантай юм.

Нам болж "тоглохын" учир утга ер нь юу юм? Өөр өөр үзэл бодол, бодлого , арга барилтай гэдгээрээ  хоорондоо ялгардаг байх. Манайд бол  намууд нэрнээсээ өөр ялгарах юмгүй бөгөөд алс хэтдээ энэ нам гэгч бүлгээр дамжин  төр, засгийн албан тушаалд хүрч амьдралаа сайжруулах гэсэн арчаагүй атгаг аминч зорилготой хүмүүсийн шургалдаг үүр уурхай болжээ. Мөнгөтэй, хувийн бизнестэй хүмүүсийг татдаг соронзон бөгөөд хувийн сонирхолдоо хүрэх түлхүүр болсон газар бол энэ улс төрийн нам гэгч байгууллага юм.  Тийм ч учраас нэр нь өөр боловч багийг нь хуу татаж харвал зүс нь адилхан бүлэглэлүүд (намууд)  хоорондоо  "зөвшилцөж"  (хөшигний ард наймаалцаж),  гоё гоё  нэртэй ("Шударга ёс". "Ардчилал", "МАНАН" г.м) эвсэл байгуулдаг. Ингэж "тоглосоор" олон жилийг үджээ. Эцсийн дүнд нь улс орон, иргэд маань хохироод, нөгөө нам болж тоглосон этгээдүүд тэрхэн зуур хожоод, ямар ч ялгүй өнгөрдөг. Сонгууль хэмээх  шоуны дараа нэг дээрэмчинг нөгөөгөөр сольсоор өдийг хүрсэн учраас бид сайжралыг олсонгүй. 3 хүрэхгүй сая хүнтэй, хүнээсээ хэд дахин их мал сүрэгтэй, ан амьтан байгалийн баялаг ихтэй манай орны байдлыг  зүйрлэвэл, 3 хүүхэдтэй бөгөөд хотоороо дүүрэн  малтай, авдар дотроо дүүрэн алт эрдэнэстэй айл өлөн зөлмөн амьдарч байгаатай утга адил  харагдана. Гадныхан бидний арчаагүйг гайхдаг нь аргагүй. Бид өөрсдийгөө "Алтан дээр суусан гуйлгачин" гэж өхөөрддөг нь түмэн зөв.  Тэгвэл бид яагаад ийм байдалд орчихов оо гэсэн асуулт гарна.

Ерөөсөө л намыг их шүтсэний хар гай. Намаар дамжуулж бие биенээ хэмлэж, хэлмэгдүүлсэний балаг. Одоо тоглоомоо зогсоож , "амьдралаа бодох"  цаг болжээ. Намын далбаан  дор албан тушаалд хүрээд, ард түмнээ биш амин хувиа боддог хувалзнуудыг зайлуулах цаг болсон байна. Гэхдээ үүний тулд тэдний орогнодог үүр уурхайг "шатаах"  хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл намуудыг татан буулгах хэрэгтэй гэсэн үг. Ингэх юм бол мөнгөөр зодож намдаа байр суурь олоод, улмаар албан тушаалд хүрдэг  байдал алга болно. Түүнээс гадна намын "лист" гэдэг нэрийн дор чөтгөр ч байсан Их Хуралд автоматаар ордог явдал үгүй болно. Нам байхгүй болчихвол бүгд бие дааж нэр дэвшинэ гэсэн үг.  Ингэх юм бол сонгогчид маань намын харъяалалыг нь биш, тухайн  нэр дэвшигчийн мэргэжил, туршлага, нэр хүнд, хувийн зан чанар, ёс зүй зэргийг харгалзаж сонгох болно.  Өмнө нь намын нэрээр төр засгийн ажлыг нэр төртэй  хийж байсан хүмүүс одоо намаасаа гарч бие дааж нэр дэвших хэрэгтэй. Ийм эр зориг гаргах ёстой. Энэ бол нам гэгч шоглоомыг зогсооход чухал хувь нэмэр болно. Хэрвээ та нэртэй төртэй, ёс суртахуунтай, ёс зүйтэй бөгөөд бусад  шаардлагыг хангасан бол сонгогчид таныг сонгох л болно. "Ангийнхаа хүүхдийг" (УИХ-ын гишүүн Баярсайханыг) дуудаж гаргаж ирээд шанаадаад унагадаг У.Хүрэлсүх гээч сагсуу этгээд  Сайханбилэгийн Засгийн газрын Шадар сайдаар ажиллах юм гэнэ. (Бичлэг нь энд  байна).  Саяхан нэг телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа  тэрээр , "Улс орны эрх ашгийн төлөө нэг шанаа өгчихөд яахав дээ"  гэх ухааны юм хэлж  өөрийгөө өмөөрч сууна  лээ. Иймэрхүү ёс суртахуунтай, зан авиртай хүмүүс төр засгийн удирдлагад орсоны хар гайг бид өнөөдөр хүртэл амсаж яваагаа л ойлгох хэрэгтэй.

Ер нь УИХ-ын гишүүн хэмээх нөхдийг хэтэрхий дархлаажуулж байгаа нь буруу. Сонгогчид Монгол гэдэг айлын ажлыг олигтойхон аваад явах байх гэж итгээд тэднийг сонгосон хэрэг. Гэтэл сонгогдонгуутаа л зүс ааш хоёроо зэрэг хувиргаж, "Алтан загасны үлгэрийн эмгэн" шиг аашилдаг болжээ. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэдэг сайхан хамгаалалттай болж аваад бурхан болчихсон аятай аяглах аж. Сонгуулиар мөнгө тарааж санал худалдаж аваад сонгогдчихоод шударга ёс яриад л хүрэл царайлаад ичих ч үгүй суугаад байна. Элдэв хэл аманд орсон учраас сэжигтнээр татаж шалгая гэтэл дархан эрх яриад хөдлөхгүй. Ангийнхан нь ч эрхийг нь түдгэлзүүлж мөнөөх сэжигтнийг зохих газраар нь шалгуулахын оронд өмөөрч хамгаалаад аваад үлдэнэ. Амь нэгтэй юм биз дээ. Өөрсдөө бас "но"-той учраас ингэх нь аргагүй. Ийм адгийн шаарнууд Монголын төр засгаар тоглоод бүр амташсан байна. Мэдээж олон хүн дотор бас арай ёс суртахуунаа гээчихээгүй, ёс зүйтэйгээ байгаа хүмүүс мэр сэр бий. Тийм хүмүүсээ олж сонгох нь маш чухал болоод байна. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэгч балай юмыг халах хэрэгтэй. Гэмт хэрэгт сэжиглэгдээд шалгах шаардлага гарсан л бол Ерөнхий Прокурорын хүсэлтээр гишүүнээс нь шууд түдгэлзүүлж шалгадаг болгох нь зүйтэй. Харин шалгаад гэмгүй нь тогтоогдвол эргүүлээд гишүүнийх нь эрхийг сэргээх  нь зөв. Гишүүнээс нь түдгэлзүүлэх эсэхийг "ангийнх нь нөхдөөр" хэлэлцүүлж шийднэ гэдэг бол тэнэг хэрэг.

Одоо манайд байгаа нам нэртэй баг зүүсэн  бүлэглэлүүд байгаа цагт төр засагт хэн нь ч гарсан ялгаагүй. АН байна уу, МАН байна уу, ялгаагүй один чёрт болжээ.  Хүрэлсүх нь байна уу, Гуулинсүх нь байна уу ялгаагүй. Их юм хүлээж горьдоод хэрэггүй дээ. Сайханбилэг өөрийнхөө найз С.Баярцогтыг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын даргаар "татаж авч" байх шиг байна. Энэ найз нь гадаадад нээсэн дансныхаа үлдэгдлийг хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт оруулж бичихээ "мартдаг" хуучтай гэж байгаа. Хорин мянган хувьсагч ашиглан  тооцоо хийж Оюутолгойн гэрээг "өлгийдөж" авсан хүний нэг. Их сайн гэрээ болсон гээд магтаад байгаа нөгөө гэрээ нь одоо болтол хэрүүлийн алим болсоор. Ижилхэн ажил хийдэг Монгол ажилчин гадаадын ажилчнаас хэдэн арван дахин бага цалин авч байгаа нь үнэн бол яавч сайн гэрээ болоогүй юм шиг. За нэг иймэрхүү маягийн жүжиг олон жил тоглосон юм шиг байна даа, одоо бодоход. Бие биенийгээ дээш нь "татна", албан тушаал хоорондоо наймаалцана, солилцоно, хуйвалдана, тохиролцоно. Төр засгийн албан тушаалууд чинь Сайхансамбуугийн зах дээр зарагддаг Эрээний бараанууд шиг ингэж "гүйдэг" болжээ.

МАНАН плюс байгуулагдаад жил хагас л ажиллах эрхтэй. 2016 онд ээлжит сонгууль болно. Тэр болтол юу хийж базаах вэ дээ. Хятадаас томоохон зээл авч нэг хэсэг ажил хийсэн  дүрд тоглоно. Зээл авах нь буруу биш боловч түүгээрээ юу хийх нь чухал юм. Жил хагасын хугацаанд энэ МАНАН плюс-д багтаж байгаа бүх намуудын мөрийн хөтөлбөр гээчийг хэрэгжүүлэх үү? Тэр жил МАН-ын 1.5 сая төгрөг бэлнээр, АН-ын 1 сая төгрөгний хувьцааг МАНАН анх байгуулагдсаныхаа дараа  олгож эвссэн хоёр намын амлалтуудыг  амжилттай биелүүлсэн  "туршлага" бий. Сүүлийн сонгуулийн үүрэг амлалтуудаас аль намын ямар амлалтуудыг сонгон авч хэрэгжүүлэх бол оо?  Хоёр нам, нэг эвсэлийн амлалтууд ч нийлүүлбэл овоо юм байгаа даа. 2016 оны сонгууль болох алдад намууд маань өөрсдийгөө цагаатгах, өмөөрөх шалтаг шалтгаануудаа гаргаж тавиад сонгогчдын зүрхийг уярч хайлтал нь сэнхрүүлж өгөөд ичихгүй дахиад намайг сонгоод өг л гэнэ. Хамгийн түрүүнд хэлэх шалтаг бол "цаг хугацаа  давчуу"  байсан учраас зарим амлалтаа биелүүлж амжсангүй, дахиад сонгочих юм бол гүйцээгээд хаячихна гэдэг тайлбар. АН ингэж хэлээд, бас замын дундуур өөр хүчин нэгдсэн учраас тэд нарын хүсэлт зорилгыг харгалзаж ажилласан учраас хийх ажил их, хугацаа нь бага байлаа гэнэ. МАН болохоор, АН дангаараа засаглаж чадахгүй баларч байхад нь тусалж дэмжээд Монгол улсыг  дампуурлаас  аварч гайгүй болголоо гэнэ. Бид туслаагүй бол Монгол өдийд "сөнөчихсөн" байх байсан гэж ичих ч үгүй зална. МАН-ын УИХ дахь Бүлгийн дарга С.Бямбацогт саяхан өгсөн ярилцлагадаа энэ санаагаа шууд хэлсэн байна билээ: "АН бид дангаараа улс орноо хөгжүүлж чадахгүй нь, бидэнтэй хамтарч ажиллаач гэсэн санал тавьсан." (Яаж ингэж нэгнийгээ доош нь хийж чадаж байнаа? МАН-аас гардаг араншин мөн дөө!) Цаг бага байсан учраас өөрсдийнхөө амлалтыг биелүүлж завдсангүй, харин одоо биднийг сонгочихвол ёстой гялалзуулаад өгнө гэж сагсуурна. АН засаглах чадваргүйг харцгаасан биз дээ хэмээн ам асууна. Бүгд л нэг иймэрхүү худлаа "бүлтэрнэ."  Тэгээд нэг нь олонхи болж нөгөө нь цөөнх болоод л хоорондоо арсалдаж эхэлнэ. Бүх юм дахиад л давтагдана.

Ирэх сонгуульд шаардлага хангасан бөгөөд бие дааж нэр дэвшиж байгаа хүмүүсээ  сонговол энэ завхарсан байдал арай дээрдэж магад. Яваандаа намын нэр хүнд унаад, хэнд ч хэрэггүй болсон үед бүх  нэр дэвшигч бие даагч болсон байх учиртай. Тэр цагт намчирхах өвчин алга болж нийгэм тэр чигээрээ эрүүлжих юм. Нам ч хэрэггүй болно. Өнөөдөр аль нэг намд харъяалагдаж байгаа боловч ухаан бодол зөв, эх оронч, боловсорсон хүмүүс эртхэн намаасаа гарч бие дааж нэр дэвших тухай бодож эхлэх хэрэгтэй. Та нар төрд хэрэгтэй зайрангууд учраас ард иргэд маань сонгоно гэдэгт бүү эргэлз. Нам дагаж намба алдахаа больцгооё. Намтай намгүй нар манддагаараа мандаж, улс орон хөгждөгөөрөө хөгжих учиртай. Сонгогчиддоо хандаж хэлэхэд, нам дагаж хуйлрахаа больж ажил хийдэг, ардаа боддог хүмүүсээ шилж сонгох цаг болжээ. Намаас татгалзаж, намын нэрээр дэвшиж байгаа ямар ч алтан гургалдай байсан бүү дэмж. Нам бусчуудаа шилж сонгоё. Бидэнд өөр сонголт байхгүй. Намуудын туршилтын туулай болж хангалттай зовлоо. Хайран ч цаг хугацаа алдлаа. Эцсийн эцэст хэнээр удирдуулахаа бид мэдэж сонгох  учраас хувь заяагаа өөрсдөө шийдэе.                  

Намуудаас байгуулсан Их Хурал маань яаж "илжирсэнийг" харуулах ганц жишээ авч үзье. УИХ жил бүр гишүүдийнхээ "албан хэрэгцээнд" зориулж хүн бүрд жилд 90 сая төгрөг төсөвлөдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг гишүүн сард  7.5 сая төгрөг зарцуулах нь. Миний ой ухаанд багтахгүй байгаа юм. Юу хийдэг гэж энэ их мөнгийг сар бүр авна вэ?    С.Бямбацогтын хэлсэнээр, энэ зардалд  унаа, утас, хэвлэл мэдээлэл (?), тойрогтоо ажиллах, гадаад томилгоо, хууль боловсруулах, батлах, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих зардлууд ордог гэнэ. Унааны зардалд хувийн тэрэгнийх нь бензиний төлбөр ордог юм биз дээ. Эсвэл өдөр бүр таксиддаг юм уу? Утасны сарын төлбөр хэд гардаг билээ? Хэвлэл мэдээлэл гэж юугаа хэлээд байгаа юм бол? Сонин хэвлэлд юм бичиж нийтлүүлэх, ярилцлага өгөхдөө арай мөнгө төлдөг гээгүй байгаа? Сар болгон тойрог руугаа явна гэж лав байхгүй. Ялангуяа хотод болон ойрхон тойргоос сонгогдсон гишүүдэд "тойрогтоо ажиллахад" ямархан зардал гарах вэ дээ.  Сар болгон гадаад томилгоотой байна гэж лав байхгүй байх. Хууль боловсруулах, батлах зардал энд бас орсон гэнэ. Уг нь гишүүдийн үндсэн ажил биз дээ? Энэ ажлынхаа төлөө тусдаа цалин гэж нэг юм авдаг баймаар. Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих зардал мөн багтана гэнэ. Яаж хяналт тавиад, юу хийлээ гэж, ямар зардал гаргадаг юм бүү мэд. За нэг иймэрхүү байдлаар өөрсөддөө мөнгө батлаад сууж байдаг улс бололтой. Ингээд гишүүн болгон сар бүр 7.5 сая төгрөгөөр "тоглоод" сууж байдаг юм байна. Жилийн 90 саяыг 76 гишүүнээр үржүүлэхээр 6.8 тэрбум төгрөг гарч байна. Өөрсдийнхөө хэрэгцээнд нэг жилийн төсвөөс бараг 7 тэрбум төгрөг "хусаад" сууж байдаг тансаг гишүүд маань авч байгаагийнхаар хэрээр ажлаа хийдэг бол бас яая гэхсэн. Ийм ёс суртахуунгүй улс толгой дээрээ залчихаад амьдрал өөдлөхгүй байна гэж гоншигноод ч яах юм билээ. Хоёр гурван намыг ээлжилж "тахиад" ч  ямар утга байгаа юм!? Бүгд нэг тэрэгний  дугуйнууд гэдэг нь илэрхий болсон учраас эртхэн яах вэ гэдгээ бодож эхэлсэн нь өлзийтэй байх аа. Алийн болгон алдах вэ? Алдаж болно, хууртагдаж болно, гэхдээ алдаан дээрээ суралцдаг байвал тэр чухал. Хойшид алдахгүй өөдлөх боломж зөвхөн ард иргэд бидний  гарт байгаа гэдгээ ухамсарлаж, алдаагаа давтахгүй байж чадвал  аяндаа бүх юм сайхан болно. Намуудад мадлуулсаар насыг барах уу, ирээдүй үеэ бодож өөрчлөлт хийх үү гэдгээ сонгох цаг нь болжээ, Монголчууд минь.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө