"Шар" ТВ

Л. Мөнхбаясгалан
2-р суваг ТВ-ийн босс Мөнхбаясгалан гэж нэг питбулл шиг нэг зуусан бол тавьдаггүй айхтар өс санадаг хүүхэн байнаа. Тэр жил "сумо" Батбаяраас ТВ-ийн  тоног төхөөрөмж авч "Шонхор ТВ" байгуулаадахсан чинь өнөөх нь  шаардлага хангахгүй болж таараад шатсан тэр уурандаа "ардчилсан" гэгдэх "сэтэртэй" нөхдийг үзэж чадахаа байсан хүн. Уг нь хэргийн эзэн Батбаяртай л "муудах" ёстой байтал Ардчилсан Намынханд нийтэд нь нялзаагаад "нэг нүдээр харж" чадахаа больсон юмдаг уу даа. "Шонхор ТВ"  хаагдсанаас хойш АН-ыг муулсан нийтлэл бичих маягаар нэг хэсэг "таашаалаа хангаж" байгаад саяхан "2-р суваг ТВ" гэдгийг байгуулжээ. Брэнд болсон гэж онгирох дуртай "Цензургүй яриа" нэвтрүүлгээ тэрээр үргэлжлүүлэн хийхдээ мэдээж шинэ эрх баригчид, тэр дундаа АН-ынханыг онилохоо яаж мартахав. Муулж болохоор ямар л сэдэв байна шүүрч аваад л ур дүй муутай ярилцлага нэвтрүүлгээ (сүүлийн үеийн хэллэгээр "Тоок шоу" юм даа) хийсээр байна.
Шинэ байгуулсан ТВ-ийнхээ үзэгчдийн тоог нэмэхийн тулд "мундаг" менежмент хийж, олон жилийн өмнө Монголчуудын тархины тураалтайг нотолсон "Халтар царайт" хэмээх Венесуелийн олон ангит киног давтан үзүүлж гараагаа эхэлсэн  гэж байгаа. Тэр үеийнх шиг амьтан шавна гэж бодож  л дээ. Цаг цагаараа байдаггүй биз? Өнөөдөр Монголчууд "кимчитэй" савангийн дуурь сонирхдог болоод байгааг мэдмээр дээ.

Саяхны нэг ээлжит "Цензургүй яриа" нэвтрүүлэгтээ "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч Анужин хүүхнийг урьж оролцуулахдаа өөрийнхөө тавьсан асуултанд өөрөө ороогдож, бүр сүүлдээ 16 жил "дуугүй явж" ирсэн, одоо тэвчээр нь алдагдаж байгаа тухай хэлж байх юм.  16 жил дуугүй явсан гэдэг нь талийгч яруу найрагч Дашбалбартай холбоотой асуудал л даа.   Би энэ тухай асуудлыг  нарийн сайн мэдэхгүй  боловч миний ойлгосоноор  энэ сэтгүүлч хүүхэн, яруу найрагч Дашбалбар  хүүхэн хүчиндэхийг завдсан гэж   бичээд баахан шуугиан тарьсан нь сүүлдээ "хүчиндсэн" болж хувираад энэ нь яруу найрагчийн амьдралд ихээхэн хэл ам, гай авчирсан гэдэг. Найрагчийн үр хүүхэд өнөөг хүртэл эмзэглэж явдаг бөгөөд зарим хүмүүс Мөнхбаясгалан сэтгүүлч Дашбалбарыг "алсан" гэж ярьдаг  юм билээ.
Үнэн худал нь мэдэгдэхгүй хүчин хийхийг завдсан гэж бичиж чадсан юм чинь дараа нь нотлох баримт, гэрчлэх гэрчээ гаргаж ирээд үнэн гэдгийг  нотолж харуулахын оронд 16 жил дуугүй явна гэдэг гайхалтай.  Нэг юманд л ам нь үдээстэй байж дээ. Өөрөөр юу гэж тайлбарлах вэ дээ. Өдий олон жил ам нээгээгүй байж одоо дуугараад ч яах юм билээ?  Хэн үнэмших юм?

Энэ удаагийн гүтгэлгийн бай нь Хууль Зүйн сайд Тэмүүжин болжээ. Одоо тэрээр нэгэн "гэнэн"  охинтой нэр холбогдож,  гэр бүлээсээ гадуур "нууц амрагтай" хүн болж хувираад Дашбалбар шиг  адлуулж байна.  Мөнхбаясгалан энэ түүхийг зохиогоогүй  боловч өөрийнхөө индрийг (2-р суваг ТВ) ашиглаж, нотлогдоогүй үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлийг үнэн болгож харагдуулж цацсанд  гол учир байгаа юм. Мөнхбаясгалангийн  эфирт хэн нэгний хэлсэн ярьсан болгон үнэн байх албагүй бөгөөд шүүх дээр л үнэнийг тогтоодог номтой. Уг нь бол. Тэгээд ч уг нэвтрүүлгийн дараа нөгөө охин чинь хэвлэлийн бага хурал дээр би Тэмүүжинтэй бэлгийн харьцаатай байгаагүй гэж өмнө хэлсэнээ үгүйсгэж байсан. Мөнхбаясгалангийн шоу нэвтрүүлэг дээр дарамт, тулган шаардлагын улмаас худлаа хэлсэн гэж байна лээ. Ингээд харахаар хаана нь үнэн гэдэг зүйл "цохиж" явааг хэн ч үл мэднэ. Гэтэл Мөнхбаясгалан "шар тос" олчихсон үнэг  аятай (дотроо) баясан хөөрч, төрийн өндөр албан тушаалтан хүн энэ байдлынхаа төлөө хариуцлага хүлээх ёстой гэж би бодож байна хэмээн ичгүүргүй тунхаглаж байдаг. Тэмүүжинг "сүнсгүй алж" байгаа нь тэр.

Мөнхбаясгалангийн 2-р суваг ТВ үнэндээ "шар сонин" шиг болжээ. Сонин биш болохооор "Шар ТВ" гэвэл зохих байх. Дашбалбарыг "хүүхэн хүчиндэхийг завдсан" гэж цуураад нэг "алсан", одоо Тэмүүжинг "гэмгүй охиныг ашиглаж" байсан гэж  өөрийнхөө ТВ-ийг ашиглаж Монголоор нэг цацаад бас л "цусгүй алж" байна.  Тэмүүжинтэй "явалддаг" гэгдээд байгаа тэр охиныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр  юу гэж ярих ёстой гэдгийг  зааж өгсөн Цагдаагийн нэр бүхий нэгэн хурандаагийн утсаар ярьсан бичлэг олонд ил боллоо. Сарангэрэл гэгч тэр охин 2-р суваг ТВ-ээр  Тэмүүжинтэй "бэлгийн харьцаатай" байсан гэж хэлсэн нь хангалтгүй байж гэнэ. Бүр гаж байдлаар сексддэг байсан гэж ярих ёстой байсан юм байх. Ингээд тэр охин  цагдаагийн хэсэг бүлэг этгээдийн дарамтаар  худлаа хэлсэн болох нь ойлгомжтой болж байх шиг. Гэвч Мөнхбаясгалангийн олон нийтэд цацсан "хор" үйлчлээд эхэлчихсэн бөгөөд олон хүн Тэмүүжинг үзэн ядаж буй.
"Үгээр хүнийг алж болдог" гэдэг. Сэтгүүлч Мөнхбаясгалан түрүүчийнхээ алдаанаас сургамж авсангүй. Авахыг хүсээгүй бололтой. Олон хавар нэгэндээ гэдэг шиг юм болох вий. Хүний амьдралаар "тоглох" яавч сайхан зүйл биш гэдгийг өдий насалсан хүн мэдмээр. Эсвэл үүнийг огоорох шалтаг шалтгаан  цаана нь байна уу?



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө