Хүчирхэг Монгол хүүхнүүд хаана явна?

Дэлхийн аварга Г.Болдбаатар
ОХУ-ын Челябинск хотод болж буй 2014 оны Жүдогийн дэлхийн аваргын тэмцээн өндөрлөх дөхөж байна. Монголын баг 1 алт авсан амжилттай, одоогоор медаль авсан багууд дотор дээхнүүр цохиж явна. Ганц Г.Болдбаатар  л хамгийн хөнгөн жинд алт авч   нүүр тахаллаа. Тэгээгүй бол ч Монголчууд "нүүр хийх газаргүй" болох байсан биз. Болдбаатартаа баярлалаа!

Чамлахаар чанга атга гэж үү? Үгүй ээ, чамлаад байна. Дэлхийд танигдсан бусад бөхчүүд маань хоосон хоцорлоо. Хаа байна, нөгөө Ням-Очир, Цагаанбаатар, Төмөрхүлэг, Бундмаа, Уранцэцэг?
Одоо удахгүй хасах 100-д Түвшинбаяр, нэмэх 100 кг-д Тэмүүлэн хоёр барилдана. Энэ хоёр медаль авах болтугай гэж найдая.

Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох нэмэх 78 кг-д манайхаас нэг ч  тамирчин алга. "Орон тоо" бөглөхдөө чухал биш л дээ, гэхдээ энэ жинд бэлтгээд барилдуулчих  Монгол хүүхнүүд олдохгүй байна гэж  үү? Нэмэх 78кг-д Азиас гэхэд л Хятадаас 2, Японоос 2, Өмнө Солонгосоос нэг бөх оролцож байна. Азийн үндэстнүүд дотроо биерхүү, хүч тэнхээтэй гэгдэх Монголоос байдаггүй ээ. Хүнд жинд барилдчихаар бие хаатай, сонирхолтой эмэгтэйчүүд олдохгүй байгаа юм уу, эсвэл сайн эрж хайхгүй байгаа юм уу?  Хүүхнүүд маань бүгдээрээ нарийхан гуалиг, чөрчгөр загвар өмсөгчид болчихсон баймааргүй л юм.

Миний бодоход манай жүдогийн холбоо эрэл хайгуул сайн хийхгүй байгаа байх. Хот суурин газраар хайгаад "юм" олдохгүй нь ойлгомжтой, харин хөдөөгүүр явбал чадалтай хүүхнүүд олдоно доо! Эмнэг хангалтай ноцолддог, морь малтай харьцаж хатуу ширүүнд сурчихсан манай малчин охид хүүхнүүд дундаас л Монголын нэрийг гаргаж төрийнхөө далбааг мандуулах  ирээдүйн дэлхийн, олимпийн аваргууд гарна.
Өмнөговийн  Дэмүүл арслан гэж нэг алдартай бөх байв даа. Тэр бөхийн тухай зөндөө л   яриа хөөрөө  байдаг, гэхдээ төрсөн эгчийнх нь тухай нэг домог шиг яриа байдаг юм.   Дэмүүл арслангийн эгч нь гэж нэг лут бяртай хүүхэн байдаг юм гэнээ гэж. Зил-130 машины хийлчихсэн запас дугуйг машины тэвшин дээр шидэж гаргах гээд тэвшийг нь давуулаад чулуудчихаж байсан гэдэг яриа сонсож байснаа мартдаггүй юм. Ямар их хүч тэнхээ вэ? Дэмүүл арслангийн удам угсаа, ялангуяа тэр энгүй чадалтай гэгдэх эмэгтэйн үр хүүхэд гээд эрж сураглаад хөөвөл сайн бөх болчихоор охид хөвгүүд байж л байгаа.  Мөн манай бусад алдартай бөхчүүдийн удам угсаа төрөл төрөгсөдөөс хайвал олдож л таараа. Мэдээж сайн бөх болохын тулд "материал" нь өөрөө шаардлага хангасан байх ёстой. "Сайн материал" хэрэгтэй гэсэн үг. Материалаа олчихвол засаж бэлдээд сургаад гаргахад дэлхийг доргиож, амьтныг ангайлгах нь дамжиггүй.

Зөвхөн хүнд жин гэлтгүй, хөнгөн жинд барилдаж байгаа манай хүүхнүүд ч бас л хүчний бэлтгэл муутай гэмээр харагдах юм. Гадны чац өндөр боловч зэгзгэр хүүхнүүдэд "азаргалуулаад" байхыг харахаар бухимдах гэж.  Жүдод мэхнээс гадна хүч тамир, ялангуяа гарын тэнхээ маш чухал гэдэг нь хэнд ч илт. Барьц авах, атгаж авсан л бол бахь шиг "зуучихдаг" байхын тулд  гар хурууны чадал, атгалт сайтай байх ёстой.  Нүүдэлчний хатуу ширүүн амьдрал, хүнд хүчир биеийн хөдөлмөрт нухлагдаж, "элдүүр" нь ханаж, гар нь чангарсан хүдэрхэн хүүхнүүд л "цахиур хагална."  "Сайн материал", сайн бэлтгэл хоёр байхад Монгол  жүдогийн ертөнцөд ноёлно. Арлын Япон сумо-гоо  Монголд "алдсан" шиг, мөн  жүдо-г Монголчууд эзэгнэх тэр цаг удахгүй ирэх болтугай.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө