Орос нөхөр (A Russian husband)

Жоорж Моор
Ирландын зохиолч, богино өгүүллэгийн мастер, жүжгийн зохиолч, яруу найрагч Жоорж Моорын (George Moore, 1852-1933) богино өгүүллэгүүдээс уншиж үзлээ. Тэдгээрээс "Орос нөхөр" (A Russian husband) хэмээх өгүүллэгийг орчуулсанаа  сонирхуулж байна. Мэргэжлийн орчуулагч биш тул алдаа мадаг цөөнгүй байх вий.
Монголчууд ба Оросуудын тухай тэр үеийн барууны ертөнц ямаршуу ойлголттой байсныг энэ өгүүллэгээс мэдэж болно. Хэдийгээр Монгол гэсэн үг үсэг байхгүй боловч Татар (Tartar) гэдэг нэрээр Монголчууд тухайн үед "танил болсон"  учраас хэний тухай яриа болж байгааг ойлгоход төвөггүй. Энэ утгаараа Моорын энэ зохиол бидэнд бас сонин байх болов уу гэж.
Болгоогтун.





Орос нөхөр  ( A Russian husband)

Парис хотын уугуул,  жижиг туранхай биетэй, шаргал үстэй хатагтай Ардлофф  нэгэн цагт Champs Elysees  гудамжны бүжгийн үдэшлэгүүд дээр хөнгөхөн эргэж, мөнөөх цэцэрлэгт гудамжны эргэн тойронд болж байгаа элдэв зүйлсийн талаар хөгжилдөн ярилцдаг байсан боловч өдгөө ямар ч зүйлд сонирхохоо больжээ. Парис хот түүний хувьд сарнисан  зүүд мэт санагдаж, харин Сибирь нутаг үл өөрчлөгдөх бодит ертөнц болжээ. Жил болгоны есөн сард нь цав цагаан уйтгарт цас нэлийж, нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цагаан гуниг бүүдийх бөгөөд дараа нь түр завсарлаж дов толгод, хөндийгөөр  дүүрэн өнгө өнгийн цэцэг алаглаж, төрөл бүрийн тоо томшгүй шавьж дүнгэнэх бөлгөө. Сибирь гэж энэ ажгуу.

Өөрийнхөө эцгийг сүйрлээс аврахын тулд тэрээр Тобольскийн захирагч гүн Ардлоффтой гэрлэсэн боловч соёлт газраас зэрлэг зэлүүдэд  очоод өөдөлсөнгүй. Одоогийн амьдралаа тэвчин ядах түүнийг анзаарсан нөхөр нь ихэд хилэгнэн, тэднийг нэгтгэн нийлүүлэх нэг ч зүйл үгүй бөгөөд зөвхөн гэрлэлтийн гинжээр  л тогтоон барьж  байгаагаа мэдэрч бухимдана.
"Орос хүний нүүрний арьсыг хуулбал цаанаас нь Татар гарч ирнэ". Энэ юутай үнэн үг  билээ.
Бидний өнөөгийн амьдралын  үзэгдэл болсон  хүмүүний сэтгэл зүй болон дотоод сэтгэлийн хөгжил дэвшлийг эртний угсаатан үндэстэн  зөвхөн дуурайж л чадах   бөгөөд харин гүн Ардлофф ба түүний эхнэрийн хооронд орших, олон зууны соёл  иргэншлийн явцад бий болсон тэр гатлах боломжгүй ялгааны ангалыг тэр давж  чадсангүй.

Тэрээр эхнэрээ цээжиндээ тэвэрч чадах боловч эхнэр нь Ванка хэмээх залуухан Польш офицертэй илүү дотно юм шиг  санагдана. Эхнэртээ үүнийг хий, түүнийг тэг гэж хэлэн, өөртөө захирагдахыг албадаж чадах боловч үүнээс хэтэрч үл чадна.  Тэд өөр өөр бодьгалууд бөгөөд энэ гэрлэлт тэднийг нэгтгэж чадсангүй. Тэд амьдралын замаа үе мөчөөрөө хэлхээтэй туулах боловч сэтгэл зүрхээрээ тусдаа үлджээ.

Гэвч Ванка байх үед бүх юм өөр болох бөлгөө. Хатагтай Ардлофф  гэмшсэн  эмзэг харцаар аз жаргалтай мэт ширтэх бөгөөд  бид бүгдийн эрж хайж, хүсэж мөрөөддөг  аз жаргалын хамгийн дээд болох сэтгэлийн энэ холбоо  эгшин зуур бий болсон нь харваас илт байв аа. Зүүд уянгын манан тэднийг бүрхэн хучиж, хөдөөд нууцхан хайртуудын  нэгэн гайхамшигт  үзэгдэл бий болжээ.  Үүнээс илүү цэвэр нөхөрлөл гэж байх уу. Тэд зөвхөн алс холын гэр орныхоо, орхиод явсан найз  нөхөд, огоорсон мөрөөдлийнхөө тухай ярилцдаг дүрвэгсэд биш байлаа.

Ийм сэтгэлийг Сибирьт ойлгодоггүй ажээ. Тийм ч учраас хатагтай Ардлофф болон залуу Ванкагийн тухай цуурхал  ам дамжин тархаж, хов тараагчид  төгсгөлд нь "псст" хэмээн долоовроо  уруул дээрээ хөндөлдүүлж,  ухаалаг царайлан жуумалзаж шивнээгээ  дуусгах авай.
Францын хуурамч гоёлоор гангарсан Сибирийн хатад хэдийгээр өөрсдөө хэл аманд орооцолдохоос эмээх боловч энэ хов живээс татгалзаж үл чадна. Гүн Ардлофф ч хардан сэжиглэж зэрлэг ирвэс лугаа адил хүлээн  отож байв. Тэрээр Геркулес мэт  хүч бардам, тавь эргэм насны, өтгөн саарал сахалтай  хүн байжээ. Парист өнгөрөөсөн 5 жил түүнд энгийн үедээ өөрийнхөө Татар зан авирыг нууж чаддаг  чадварыг олгосон бөгөөд боловсролтой ухаалаг Франц охин тухайн үед түүнтэй суучихаад гарыг нь налан хэвтэж байхдаа хэдэн аяга шампан дарс эсвэл бага зэргийн санал зөрөлдөөн энэ эелдэг эрийг зэрлэг Казак болгочихдог гэдгийг яахин тааж мэдэх  билээ.

Зөөлөн суудал дээрээ хойш налан сууж, Ванкагийн тод яриаг хайнгадуухан сонсож байгаа эхнэр рүүгээ гүнтэн хүйтэн харц чулуудлаа. Тэдний юуны тухай ярьж байгаа нь гүнтэнд  чухал биш аж. Тэд хожим гэрлэх санаатай оргон зугтаах тухай ярьж байна уу, эсвэл эзэн хааны тухай хөөрөлдөж байна уу гэдгийг олж тогтоох гэсэнгүй. Тэр зөвхөн эхнэрээ өөрийнх нь офицерүүдийн нэгтэй ийм  янаг дотно байгааг л үзэн ядаж байлаа. Эхнэр нь зөвхөн түүний мэдлийн  өмч бөгөөд тэрээр түүнийг өөрийнхөө хүсэл  тааллын дагуу  эд хөрөнгөө болгосон юм. Гэтэл яахаараа эхнэр нь бусдын тухай бодож, санаа тавьдаг билээ? Гүнтэн өөрт оногдсон гарын хөзрөө авч өөрийнхөө бахим хуруунуудын салаагаар цааш нааш холингоо ийнхүү бодно. Оросын армийн дүрэмт хувцастай арваад офицер түүнийг бүчин зогсох бөгөөд нимгэн даашинзтай бүсгүй төгөлдөр хуур хөгжим тоглож, мөнөөх өрөөний нууцхан булан тохой, зай бүрд тавьсан гоёмсог мод, бутны дор  хосууд суусан харагдана. Нэг их яриа хөөрөө тэнд үл сонсогдох бөгөөд бүгдийн анхаарал гүнтэн дээр төвлөрчээ.

Үе үе хэн нэг нь өрөөний дундуур явах бөгөөд  хэдэн минут  хөзрийг ажигласаны дараа магтан долигоносон үг амандаа бувтнан бялдуучлана. Хэлсэн болгон нь "Эрхэм дээдэс" гэсэн үгээр эхлэх ба  дуусах бөгөөд төгсгөлд нь бөхийх юм уу эсвэл дуугаа намсгаж өөрийнхөө нийгмийн зиндаа доогуур гэдгээ  илэрхийлнэ. Гэвч гүнтэн энэ мэт зусардалтыг үл анхаарна. Тэр сүүлийнхээ хөзрийг хаян тоглоомоо дуусгангаа эхнэрийнхээ сууж байсан зүг  рүү  харлаа. Польш залуугийн яриаг сонсож байгаа эхнэрийнх нь бодол сэтгэл улам холдон алсарчээ. Тэр залуу  өнгөрсөн амьдралынхаа тухай, бүтэлгүй хайрынхаа тухай ихэд харамсангуй өнгөөр нухацтай дурсан  ярих үед  хатагтай өөрийгөө  мөн хэрхэн хууртагдсан болон түүний баярт мөрөөдөл, тэмүүлэл нь энэ залуугийнх лугаа  адил замхран алга болсон тухай бодно. Хайртай хос болгон зөвхөн өөрсдөө үзэж туулсан мэт бодох боловч өнгөрсөн болон ирээдүйд хорвоод ирээд буцсан ба буцах  хэн бүхний сэтгэл зүрхийг хөндсөөр ирсэн энэхүү мөнхийн гунигт үнэний тухай тэд ярилцаж сууна.

Тэд тус тусын амьдралтай гэдгээ бие биендээ мэдүүлэх төдийхөн мэдрэмжээс өөр ухаарал үгүй шахам болтлоо өнгөрсөнийхөө тухай гүн бодолд автан уусчээ. Гадаад ертөнц тэднээс тасран холдсон  мэт. Тэр хоёрыг ойртуулсан итгэл дотносол гүнзгийрч,  хатагтай гараа сандлын ирмэг  дээр тавих  тэр эгшинд мөнөөх залуу өөрийн мэдэлгүй сандал дээр тайлаад тавьсан бээлийг нь аван гартаа барин тоглоно. Энэ дотносолыг  ажсан  гүнтэнгийн нүд  өсөл хорслоор дүүрэн гялалзан эхнэрээ дуудлаа:
- "Мари, надад шампан захиаладахаач!"   
Бүсгүй ямар нэгэн хариу хэлэлгүй Ванкаг хонх  дуугаргаач  гэж хэллээ. Залуу даруйхан босож хатагтайн хүслийг биелүүлэнгээ бээлийг нь буцаан өгөхөө мартсан чигээрээ нэгэн найзтайгаа саатан ярилцаж байна. Түүний найз нь харцаараа анхааруулахыг оролдсон  боловч нэг үг хэлж амжаагүй байхад нь Польш залуу мөнөөх гайт бээлийг хуруундаа эргүүлсээр аль хэдийн тасалгаан дотор  хөндлөн  алхаж явав. Тэрээр ингэж явахдаа огтхон ч  санаа үл зовсон, хэнэггүй байгаа нь гүн Ардлоффоос ч  илүү тайван уужуу эрийн дургүйг хүргэхээр байв аа. Гүнтэнгийн нүүрэнд  хэрцгий заналхийлэл тодорч , хажууд зогсож байсан туслахдаа ямар нэгэн үг шивнэлээ. Туслах нь тэр даруй өрөөнөөс гаран явав. Энэ мөчид гэнэт нам гүм , аймшигт түгшүүр ноёлж, хөөрхий Польш залуу  ирж буй аюулыг олж харахаас өмнө өрөөнд  хоёр казак цэрэг орж ирэв ээ. Тэнд байгсад мөнөөх хоёрт зай гарган хойшоо ухарцгаан эгнэн зогсов. Ванка цэргүүд рүү нуруугаа харуулан зогссон байдалтай, мөнөөх гайт бээлийг хуруундаа ороосон хэвээр.  Тэрээр гүнгийн хатагтайн баримал мэт цээжийг гөлрөн гүн бодолд автжээ. Өрөөний нам гүм байдлыг гэнэт анзаарсан тэрбээр цэргүүд түүнийг барин авах   тэр агшинд эргэн харлаа. Түүний айдас дүүрэн харц цэргүүдийнхтэй  мөргөлдөж  өөрийн мэдэлгүй гэдрэг ухрахуйд, цэргүүд урагш давшиж барин авлаа.
- "Эрхэм дээдсийн тушаалаар таныг баривчиллаа" хэмээн гүнгийн  туслах намуухан дуугаар хэлэв.
Эгдүүцэж цочирдсон тэрбээр цэргүүдийг өөрөөсөө түлхэж гараа алдлан гүнтэнд хандаж,
-"Яагаад энэ билээ, Эрхэм дээдэс ээ?" гэж чангаар бархирав. "Би ямар ч буруугүй, энд ямар нэгэн  алдаа байна".
Гүнтэнгийн өндөр ил духан дээр таазны том гэрэлний туяа тусаж дөрвөлжин царайных нь доод хэсгийг цайвар саарал сахал бүрхсэн байх бөгөөд  хариугаа авахаар бат шийдсэн байдалтай эгц цэх  зогсоно. Ванка дахин нэг удаа  гуйгаад  аль ч учраа ололгүй чимээгүй болов.
Хатагтай Ардлоффын   царай нь зэвхийж , чичрэн  боссон боловч гүнтэн гараараа  хол бай хэмээн дохив.   Офицерийн дохиогоор казак цэргүүд өнөөх Польшийг өрөөнөөс авч гарах хүртэл зочид царцсан мэт эгнээндээ  зогсоно. Энэ бүх үзэгдэл хоромхон зуур болж өнгөрөв.

Гүнтэнг хаа хамаагүй өөр юмны тухай ярьж   эхлэхтэй зэрэгцэн шампан дарстай  аягануудыг дамжуулан тойруулж эхлэв. Хатагтай Ардлофф санаа бодлоо цэгцлэх чадваргүй ухаанаа гээсэн мэт гөлрөн байтал гэнэт Ванкагийн газар унагасан бээлийг олж хараад түүний баривчлагдсан учрыг мэдэнгүүт машид ихээр эмээн чичирч, ирсэн зочидтойгоо  салах ёс гүйцэтгэж чадахгүй шахам болтлоо цочирдов оо. Харин гүнтэн саадгүй шалмагаар зочдоо үдэн гаргаж   байх зуураа  ирж байгаа зуны тухай, уурхайгаас хичнээн  хоригдол оргосон  тухай болон Эзэн хааны тухай зогсоо зайгүй ярьж байв. Эхнэр нөхөр хоёр хоёулхнаа үлдсэн хойно гүнтэн бээлийг авч хатагтайд өгөхдөө хоржоонтой инээвхийлж, саяын болсон явдлын тухайд дам утгаар ч эс хөндөн, зөвхөн хэтэрхий орой болсон тухай ярин өрөөндөө орж амрахыг зөвлөв. Гэргий нь юу ч эс дуугаран үгэнд нь орлоо. Ямар нэгэн аймшигт  зүйл болох гэж байгааг мэдрэн шатаар өгсөж явахдаа хатагтай айж эмээснээс болоод   оюун ухаан самуурсан  мэт байв.  Нөхөр нь үлдэж тушаал буулгаж ахуйд  айдсаа хүчлэн дарж  эхнэр нь түүнийг  нууцаар сонсов оо.

Гүнтэн   Ванкагийн цолыг бууруулах тухай өөрийнхөө туслахтай доод танхимд ярихыг сонсоод ийм хөнгөхөн ялтай мултарч байгаад баярласан хатагтайн зүрх хүчтэй лугшив. Хатагтай маш ихээр баярласан сэтгэлийн хөөрлөөсөө болж   дараагийн хэлсэн  үгийг нь сонсож чадалгүй алдаж, арай гэж биеэ цэгнэн  дахин сонсохуйд нөхөр нь туслахдаа бүх зүйлийг бэлэн болгохыг үүрэгдээд,  өөрөө өглөө 9 цагт хуаран дээр очно гэж хэлж байв аа.  Ямар нэгэн учир битүүлэг зүйл байгааг хатагтай мэдэрч сэтгэл тавгүй өрөөндөө холхино. Сүүдэр сааралтаж, дэнлүү жирийн бус гал улаанаар шатах мэт санагдаж, оройны аймшигт үйл явдалд сэтгэл үймэрсэн хатагтай орондоо орохоос ч эмээн чимээ үл гарган суув. Сибирийн өвлийн элбэг цас хөлдүү цонхны шилний цаанаас гялтганан харагдана.   Яагаад энэ нэвтэрч туулшгүй зэлүүд газар амьдрах шийтгэл хүлээх ёстойгоо тэрээр өөрөөсөө цөхрөн асууна.  Нохойны улих дуу шөнийн чимээ анирыг эвдэхэд энэ нь  шударга бусаар амиа алдаж буй хэн нэгний сүүлчийн дуу мэт хатагтайд төсөөлөгдөнө. Ванка юу болох бол?  Түүнийг яагаад аварч чадсангүй вэ?  Аврах хэрэгтэй! Ингэх хэрэг байна уу? Хатагтай суудлаасаа босонгоо өөрийгөө энэ мэт аюумшигт бодлуудаас салгахын тулд ихээхэн хүчлэнэ. Муу ёрын бодлууд  болон гэмшилд автсан тэрбээр хувцсаа тайллаа. Гэвч зуу зуун элдэв бодол, таавар тархийг нь үл амрааж ханын аравчин дээрх хээ дүрснүүд, шалан дээрх сүүдрүүд бүгд амь орох шиг болж тэрбээр булшинд байгаа сүнс лугаа цав цагаан юм өөрийнхөө томдсон орон дээрээ тарчлан хэвтэж өнжив.

Нойр нь хулжин одож хэсэг болсоны дараа гүн бөгөөд зүүдгүй нойронд автаж арай гэж унтан,  өглөө үүрээр хонгилд гарах хөлийн дэвсэх чимээнээр сэрэв ээ. Удалгүй нөхөр нь орж ирлээ. Оросын цэргийн урт цув өмсөж, гараа сэлэм дээрээ тавьжээ.
- "Бос", хэмээн тэрээр эхнэрээ яаруулав. "Надтай цуг яв.  Би  чарга дуудчихсан байгаа."
- "Би одоо яагаад босох ёстой гэж? Дөнгөж л үүр  цайж байна. Тэгээд ч би маш ядруу байна."
- "Ядруу байгаа чинь харамсалтай байна, гэхдээ би чамайг  надтай  цуг хуаран руу яваасай гэж байна."
Урд шөнийн өгсөн тушаалыг сэмхэн сонсож байхдаа хуаран гэж хэлж байсныг санаад хатагтай Ардлоффын царай хувирав. Энэрэл өршөөлийг нь гуйн нөхрийнхөө энгэрт асах хязгааргүй хүсэл  түмэнтээ огшиж гарч ирсэн боловч  гүнтэнг аргадах, зөөллөх ямар ч боломжгүй байгааг хараад урам зориг нь унтарлаа. Магадгүй ингэж гуйвал  Ванкагийн төлөө ингэх  нь түүний амь мултрах боломжийг бүр ч муутгаж магад гэж бас бодно.

Үнэгний арьсан нөмрөгөө нөмрөөд нөхөртөө явахад бэлэн болсон гэдгээ хэллээ.  Гүнтэн ямар нэгэн зүйл мартаагүй эсэхийг магадлав. Ширээн дээр байсан амны алчуурыг  нь эхнэртээ авч өгөхдөө flacon de sel volatile дээр нүд нь тусав. "Энэ бидэнд хэрэг болж мэднэ" хэмээн мөнөөх жижиг савтай зүйлийг аван эхнэрийнхээ хармаанд хийлээ.  "Юу гэсэн үг юм?" гэж хатагтай эргэн харангаа асуув. "Чи намайг алах гэж байгаа юм уу?"
- "Ална гэнэ шүү!" гэж нөхөр нь тавласан байдлаар инээв. "Тэнэг юм бүү ярь."
Ингээд авгайгаа урдаа оруулан  шахаж шавдуулсаар шатаар доош буув. Хатагтай хэд хэдэн удаа эсэргүүцэn цахласан авч  аргагүйн эрхэнд  чарганд суулаа.
"Хуаран руу!" хэмээн хөтөч рүү тушаагаад ноён Ардлофф эхнэрийнхээ хажууд суун хөлний хучлагыг янзлав. Зам зуур хэн нь ч юу ч ярьсангүй. Гүнтэнгийн царай ууртай мэт  дүнсийн барайсан байх ба  айсан эхнэр нь алсад харагдах гудамжнуудын гялбааг харан тонгойсхийн  явав. Хуаран хотын зүүнтээ захдуу  байрлах аж. Морьд ч хурдан хатирсаар, удалгүй нэгэн том байшин харагдав. Энэ байшин эргэн тойрон эль хуль талын дунд ганцаар торойх бөгөөд цасыг нь цэвэрлэж арилгасан хуарангийн талбай руу нэгэн том хаалгаар нэвтэрч орлоо.

Тэднийг хүлээж байсан офицер гүнтэнг чарганаас  буухад нь туслав. Хатагтай Ардлофф харин  чаргандаа сууж байх тушаал авлаа.   Бүрээчин дохио өгөнгүүт хэсэг хүн чарганд хэдэн метр ойрхон алхан ирж хоёр эгнээ болон зогсов. "Нүүрний эгнээ алхаад"  гэж офицер тушаалаа. Найм алхангуут "Зогс!" хэмээгээд "Баруун эргэ!" гэж тушаав. Дараа нь Ванкаг авчирлаа.  Тэрээр хоёр цэргийн дунд явах бөгөөд цээж нүцгэн ажээ. Ард нь цээрлүүлэгч гартаа аймшигт ташуурны бариулаа атган   явах  ба мөрөн дээрээ сольж хэрэглэх долоон янзын тарчлаах ташуурыг тохжээ.

Орос улсад армийн офицерийг ташуурдаж болохгүй боловч 24 цагийн дотор цолыг нь хурааж болдог аж. Яг ийм явдал энд болжээ. Ванка бол одоо жирийн цэрэг болсон бөгөөд  50 ташуурдах шийтгэлийг хүлээн зогсож байна.  Ташуурдах шийтгэлийг гүйцэтгэх ажиллагаа Орост дараах маягаар явагдана.  Шийтгэл хүлээх  хүн хоёр эгнээ цэргүүдийн дундуур явах бөгөөд түүний өөдөөс  харан аажмаар ухарч алхах офицер сэлмээ цээж рүү нь чиглүүлэн барьсан байна.  Тарчлаах суран ташуурнууд үзүүртээ хурц төмөр дэгээнүүдтэй бөгөөд арав юм уу арван нэг дэх ороолголт дээр хамгийн тэсвэртэй эр ч ухаан алдан газар унах бөлгөө.
Заримдаа цээрлүүлэгч нь өрөвч зан гаргаж шийтгүүлэгчийг шууд алж орхидог боловч бүх хүчээрээ ташуурдахыг ихэнхдээ түүнд зөвшөөрдөггүй. Зэрэмдэглэгдсэн шийтгүүлэгчийг эмнэлэгт хүргэж шархыг эдгээсний дараа  залхаалтыг үргэлжлүүлэх бөгөөд  шийтгэлээ бүрэн гүйцэд автал нь үүнийг  давтдаг.

Энэ бол Орос орон. Ванкагийн тухайд бүх зүйл бэлэн болжээ- цэргүүд эгнэн жагсаж, цээрлүүлэгч ташуураа  эргэлдүүлнэ. Ёслолыг удирдах офицерийг сонгох л үлдсэн бөгөөд гүн Ардлофф энэ сонголтыг хийх болно. Тэрээр орчин тойрноо ажих ба түүнийг тойрон зогсох тав зургаан офицерүүдээс аль нэгийг нь томилох магадлалтай харагдана. Мөнөөх офицерүүдээ ээлж дараалан ажин байх тэр үед талбайн нөгөө талд буй хаалганы тэндээс анхааралтай ажиглан зогсох  нэгэн хүн гүнтэнгийн анхаарлыг  татав.
- "Энэ хэн бэ?" гэж гүнтэн  асуулаа. Тэр хүнийг дуудан авчраад асуувал Ванкагийн ах байжээ. "Хаалганы тэнд юу хүлээж зогсном?"
"Эрхэм дээдэс таныг муу дүүг минь  өршөөх болов уу гэж харж зогслоо" хэмээн Польш залуу хариуллаа.
"Дүүг минь өршөөх гэнээ" гэж гүнтэн басамжлан ярвайв. "Би чамд яаж өршөөдгийг үзүүлээд өгье. Сэлмээ сугалаад ажиллагааг удирд. Удаан алхана шүү."
Гүнтэнгийн нухацтай, сорьсон  харц үг дуугүй дагахыг шаардах мэт. Гэвч Ванкагийн ах нь сэлмээ өвдөглөн хугалж ууртайгаар газар чулуудаад:
- "Намайг яанав дураараа л бол, гэвч би  чөтгөрүүдээр удирдуулсан, зэрлэгүүд амьдардаг улсад хүчин зүтгэхгүй."

Үүнийг сонссон Казакууд хүртэл тал зассан харц шидэлцэв. Гэвч тэд жинхэнэ үнэнийг нь мэдсэн байлаа ч ноёныхоо эсрэг босохгүй нь тодорхой. Хатагтай Ардлофф нөхрийнхөө аюулгүй байдлын төлөө тэрхэн хугацаанд санаа зовсныг хэлэх нь илүүц биз ээ. Гүнтэнгийн хэрцгий шийдэмгий байдал цэргүүдэд нөлөөлж, Ванкагийн ахыг гавлаад харуулаар манууллаа.
Дараа нь бий болсон дүр зургийг  дүрсэлбэл:  Хатуу хэрцгий  гүн Ардлоффын тушаалыг гүйцэтгэх хоёр эгнээ цэргүүд, дүү нь хагас нүцгэн цусанд хутгалдсан, ах нь гаванд дөрлүүлсэн, үслэг эдлэлээр биеэ ороосон эмэгтэйн царай зэвхийж цочирдсон байдалтай, хушуундаа угласан уутнаас тэжээлээ идэн болж байгаа үйл явцыг үл мэдрэн зогсох хос морьд.

Мөнөөх офицер дахин нэг хойшоо алхаж, хагалсан газар мэт уртаар онги татуулан  сийчүүлсэн биен дээр  долоон удаа  ташуур ээлжлэн бууж тасарсан махыг нь дахин сэт татлаа. Царай нь өвчиндөө шаналж хувхайсан Ванка урагш гуйван, хатагтай Ардлофф руу харахдаа  нүд нь,  "Чи намайг юунд мэхлээ вэ?" гэж нэхэн асуух мэт. Эмэгтэй хоёр гараа тас зуурсан байх ба сэтгэлийн цочирлоос болж үг  хэлэх ч   чадваргүй, зөвхөн өөрийгөө ямар ч буруугүй гэдгээ илэрхийлсэн чин сэтгэлээ илтгэхийг оролдоно.  Дараагийн ээлжит ороолголт эхлэхэд  цус үсчин олгойдож, шинээр сэт татсан мах унжиж  харагдана. Энэ аймшигт бөгөөд ой гутам байдлыг үл тэвчин хатагтай Ардлофф ухаан алдав. Гэвч нөхөр нь түүнийг өөрийнхөө   төлөвлөсөн энэ өшөө авалтыг  эхнээс нь дуустал нь харахыг хүсэж байсан ба эхнэрийнхээ нөмрөгний хармаанаас үнэрт давс бүхий савыг гаргаж ирлээ. Уг шингэнийг ашиглан тэрээр эхнэрээ төдхөн  ухаан оруулж чадлаа. Ухаан орж буй эхнэр нь, "Сэрээд, сэрээд, намайг доромжилсон хэнийг  боловч яаж шийтгэдэгийг чи харахтун" хэмээн  нөхрийнхөө хэлэхийг сонсов.

Ванка одоо 9 удаа ташуурдуулжээ. Тэрбээр салгалан чичрэх улаан мах болж хувирчээ. Зүүдэлж байгаа мэт, ухаан нь самуурч тамирдсан хатагтай Ардлофф юм хэлэх гэж оролдон, арайхийж хэл ам нь эвлэн хэлэх гэсэн  үг нь аман дээр нь гарч иртэл хэдийн оройтжээ. Өвдөлтөндөө байж ядсандаа тамлуулагч эр санаанд оромгүй хурдан эргэж өөр рүү нь чиглэсэн сэлэм рүү биеэрээ даран унаж, цогцос болон газар ойчлоо. Санаанд оромгүй гэнэтийн явдал боллоо. Хүмүүс хоорондоо яаруу сандруу үг солилцох, хөлний пижигнэсэн алхаа, дараа нь гэнэт чимээгүй нам гүм болохыг бүүр түүр дурсах  хатагтай Ардлоффт өөр санах юм үлдсэнгүй. Хатагтайг тэндээс авч явахад араас нь хараан зүхэн орилох  Ванкагийн ахын дуу энэхүү давхар эмгэнэлт явдлаас болж сэтгэл оюун хямарсан урт өдрүүдэд чихэнд нь бүдэгхэн бөгөөд алсаас сонсогдсоор байх  мэт бөгөөд учир нь тэр өдөр гэртээ ирсэний дараа Ванкагийн ахыг мөнгөн усны уурхайд цөлөх тухай нөхрийнхөө тушааж байгааг бас харсан  билээ.  Хатагтай ухаан жолоогүй  юм шиг залбиран гуйсан боловч нөхөр нь хариуд нь өршөөлгүй хүйтнээр инээх ажээ. Тэнгэр доошоо унаж, газар хуваагдан нээгдэж иймэрхүү хүн биш араатныг авч одох ёстой мэт бодогдоно. Тэрээр гараа дээш өргөн цөхөрсөн дуугаар хашгиран, оюун ухаан нь баларч нүднийх нь өмнө эрээлжилж байснаа ухаан  балартан хэдэн долоо хоногийн турш түүний хувьд цаг хугацаа зогсжээ.

Ямар ч идэвхгүй, ажиллагаагүй байсан  оюун санааны унтаа  байдлаас ангижирч, бүрхэг бүүдгэрийг нэвтлэх мэт   хатагтайн ухаан санаа, мэдрэмж нь  аажмаар буцан  ирэхтэй зэрэгцэн тэр өдрийн аймшигт гэмт хэргийг  эргэн санав. Энэ сэдэв дахин хэзээ ч хөндөгдсөнгүй. Энэ явдлын  тухай ярихыг дарж цээрлэж байсан боловч  цаг хугацааны явцад энэ хэрэг   хатагтай Ардлоффын амьдралд хар толбо  ч болсонгүй, мөн арилж алга болсонгүй ээ. Олон жилийн дараа Санкт-Петербург хотод нэгэн үдэшлэг дээр урт буурал үстэй, нүүрэндээ  амьдралын гуниг зовлонгийн тод мөр дурайлгасан, өндөр настай гүн Ванкатай тааралдахад тэрээр хатагтайд хандан, "Хатагтай, таны хүүхдүүд давгүй сайн биз дээ" гэж хэлэхэд нь өмнөх амьдралдаа үзсэн зовлонгоос илүүг ирээдүйд үзэхгүй юм шиг итгэл төрж сэтгэл нь ганц тайвширч  билээ.


Тайлбар:

1. Champs  Elysees - Парис дахь дэлхийн алдартай гудамжнуудын нэг
Дуудлага нь: Шаанз-Элизей

2. Flacon de sel volatile (франц) - Үнэртдэг  давс бүхий сав
Дуудлага нь: флакүүн дэ сел вүлатийл
Ухаан алдсан хүнд үнэртүүлж сэхээхэд хэрэглэдэг шингэн үнэртэн (үнэртдэг давс буюу smelling salt нэрээр танил болсон)


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө