Хуучин заншлаа сэргээж, хүүхэд багачуудаа аврая

А.Баярмагнай (ММСУХ-ы зөвлөх)
Өөрөө биеэрээ амсаагүй бол хүний зовлонг яаж ойлгох вэ гэж. Эрүүл саруул хүүхдээ хурдан морины нуруун дээр суулгаж  явуулаад дараа нь амьгүй цогцсыг нь буцааж авна гэдэг аймшиг. Энэ аймшгийг биеэр үзсэн эх хүн, эцгүүд, ах дүү нар нь л ойлгоно. Хөндлөнгийн хүн, тэр тусмаа  морины уралдаанаар нэр нүүр, алдар нэр, ашиг хонжоо горилогчид үүнийг ойлгохгүй.
Хурдан морины уралдаан бол морьтойгоо амь нэгтэй Монголчуудын нэг соёл. Гэхдээ энэ соёл маань гажуудсаар байгаад өнөөдөр бидэнд баяр баясгалан авчрах цэнгэл биш, зарим нэг хэсэгт  нь уй гашуу авчрах эрсдэл  болж хувирчээ. Яаж гажуудсан гэхээр эрт цагт жаахан хүүхдээр хурдан морь унуулдаггүй байсан бол орчин үед  моринд өгөх ачааллыг аль болох бага байлгах ганцхан  зорилгоор болж өгвөл бага жинтэй хүүхдээр  (жин бага гэхээр нас нь бага байж таарах гээд байгаа юм) унуулах хандлагатай болж. Энэ чинь л өөрөө бүх асуудлын эх үүсвэр болоод байна.

Дээр нь нэмээд хахир хүйтэнд (өвөл буюу Цагаан сарын дараагаас эхлээд) хурдан морины уралдаан зохион байгуулах нь мөнөөх унаач хүүхэддээ бүр эрсдэлтэй болж байгаа юм. Хамгийн гол нь цас мөстэй энэ үед морь халтирч гулгах  эрсдэл ихтэй бөгөөд тэр тоолонгоор хүүхэд эндэж бэртэх аюул элбэг. Бага насны хүүхдийн бие, яс нь өсөж төлжиж байгаа үедээ байгаа болохоор эмзэг хэврэг гэдгийг хэлүүлэх шаардлагагүй биз ээ. Гэвч энэ бүхэн хурдан морины уяач, эзэмшигч, малчид болон   Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо гэдэг байгууллагынханд "сонин биш" бололтой.  (Бэртэл авахын тухайд, хүүхэд мориноос ойчих, том хүн мориноос ойчих хоёр их ялгаатай).  Тэдний ганц ярьдаг юм нь "уламжлал". Гэвч  бага хүүхдээр хурдан морь унуулдаггүй байсан жинхэнэ уламжлалаа тэд харин мэддэггүй юм биш үү?

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны (ССАЖЯ) сайд Ц.Оюунгэрэл саяхан өвөл цагийн (Дүнжингаравын уралдаан гэх мэт) хурдан морины уралдаан унаач хүүхдэд эрсдэл ихтэй учраас ер нь хоригловол яасан юм гэж ярьжээ. Гэтэл яасан гээч? Өнөөх "уламжлал" ярьдаг ухаан муутууд эсэргүүцэж бөөн  юм боллоо. ММСУХ-ы  зөвлөх А.Баярмагнай гэгч нөхөр  Оюунгэрэл сайдыг "5-р цувааны хүн" гэж тодорхойллоо. (Энэ нь мань зөвлөхийн өөрийнх нь тайлбарласанаар гадаадын  сонирхолд  үйлчилдэг дотоодын урвагч нарыг хэлдэг бололтой). Харин хэн нь Монголын сонирхолд харш хандаж байгааг бодоод үзье. Халтиргаатай, хүйтэн хүнд нөхцөлд хүүхдээр морь унуулж амь биеийг  нь эрсдэлд оруулж байгаа А.Баярмагнай юу, эсвэл тэр эрсдэлийг хаахын тулд тухайн уралдаанаас татгалзая гэж байгаа  Ц.Оюунгэрэл үү? (Зуны урин дулаан цагт энэ эрсдэл харьцангуй бага).

Хүн гэдэг аливаа улсын үнэт капитал. Тэр тусмаа өсөж байгаа хүүхэд гэдэг бол тухайн улсын ирээдүй юм. Тэгэхээр энэ эрдэнэт хүнийг  хамгаалж байгаа сайд "урвагч" уу, эсвэл хүүхдийн амьнаас илүү "уламжлал" чухал гээд байгаа Баярмагнай зөвлөх "урвагч" уу гэдгийг уншигчид өөрсдөө дүгнэнэ биз.
Тэр хүүхэд яахав, ганц нэг үхэж л байдаг юм гэсэн бодолтой хүмүүс өөрсдийгөө нэг толинд сайн харчихад гэмгүй шүү. Би жинхэнэ  Монгол хүн мөн үү, биш үү гэж. Баярмагнайгийн мушгиж хэлж байгаа  шиг "Үндэсний соёл уламжлалаа эсэргүүцэж"  байгаа юм биш харин уламжлалаа сэргээж зөв голдрилд нь оруулая, эрдэнэт хүнийхээ аминд халгүй наадаж цэнгэж байяа гэж байгаа юм. Хурдан морь уралдуулдаг, спорт болгочихсон улс орнуудад насанд хүрсэн том хүн морь унадаг юм билээ. Бид ч тийм л байсан гэдэг. Одоо тэр заншилдаа эргэж оръё.

 (Энэ сэдвээр өмнө нь  өөрийн санал бодлоо илэрхийлж хэд  хэдэн  нийтлэл бичиж байжээ:  "Хүүхдийн амь чухал уу, "уламжлал" чухал уу?" : http://bodonchor.blogspot.com/2013/07/blog-post_17.html , мөн "Хүүхдээр туг тахихаа больёо" : http://bodonchor.blogspot.com/2013/05/blog-post_21.html , "Хүүхдийн амь хэдэн төгрөг вэ?" : http://bodonchor.blogspot.com/2013/04/blog-post_24.html, "ММСУХ донтоод байна уу?" : http://bodonchor.blogspot.com/2013/03/blog-post_26.html, "ММСУХ дахин нэг хүүхдээр туг тахив"
: http://bodonchor.blogspot.com/2013/08/blog-post_278.html )

"Өөрсдөө Монгол газар шороон дээр төрсөн атлаа асуудлынхаа мөн чанарыг ойлгоогүй, амт шимтийг нь авалгүй өсчихөөд, мэдэхгүй юмаа дайсагнаад байж болохгүй шд" гэж Баярмагнай гуай айлдаж байна. Хурдан морь уралдуулдаг наадмын мөн чанар, амт шимт нь хүний амь эрсдүүлж, эсвэл насаар нь  эрэмдэг болгох явдал биш юм аа. Үүнийг амт шимт гэж байгаа бол та ам руугаа алгадуулсан ч багадахаар гэмт үйл хийлээ гэж ойлгох хэрэгтэй.  Ноднин олон мянган морь уралдуулж Гиннесийн номонд бүртгүүлнэ гэж хөөрцөглөж байж нэг хүүхдийн амийг хохироосон. Нэг хүүхдийн амь зольж байж тэр нэг гэрчилгээ гэх цаасыг авах шив дээ. Ийм амт шимт ярьж байгаа хүнийг юу ч гэмээр юм. Эцэст нь, Баярмагнайтай ярилцсан видео сурвалжлагыг хийсэн www.news.mn -ий сурвалжлагч Т.Дарханхөвсгөлийн төгсгөлд нь хэлсэн тайлбарыг сонирхоё:   "...харин хэдэн зууны уламжлалтай морин уралдааныг элдэв янзаар хориглохыг оролдож , хурдан морь унах нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр хэмээн үзэж байгаа нь буруу гэдгийг энд тэмдэглэн хэлэхийг хүслээ." "Учир нь хурдан морь унах нь Монгол хүүхдийн төлөвшил, биеийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэгээс гадна хаврын морин уралдааныг дагаад албан бус тоогоор 10 мянга орчим ажлын байр бий болдог гэж албаны хүмүүс хэлж байсныг энд дахин сануулая". Ха ха ха, мөн тэнэгтэв ээ.

Тэмээ гэхээр ямаа гэдэг иймэрхүү хүмүүс уламжлалаа сэргээх, шинэчлэлийг нэвтрүүлэхэд мөн ч их төвөг болно доо. Морин уралдааныг хэн ч хориглох гээгүй байна. Ямар насны хүнээр унуулах тухай ярьж байна. (Миний санал бол том хүнээр унуулдаг болгох). Мөн хэдийд ямар цаг нөхцөлд ийм уралдаан зохион явуулбал эрсдэл багатай вэ гэдэг тухай ярьж байна. Ийм ийм тодорхой зүйлийг хөндөж байхад л ""хориглох гэлээ", хүүхдийн биеийн хөгжил төлөвшилд чухал үүрэгтэй" гээд л (хурдан морь унадаггүй хүүхэд биеийн хөгжил нь муу, төлөвшдөггүй юм уу даа) , бас болоогүй уралдааны үеэр бий болох "ажлын байрны тоог"  ч дурдаж байх шиг. Асуудлыг нь өөрөө ч ойлгоогүй  сэтгүүлч бололтой. Манай хэвлэлийнхний түгээмэл үнэн дүр төрх.   Тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа юу гэвэл үнэндээ тийм. Хурдан морь унах, хонины морь унах хоёр ялгаатай. Тэгээд ч нэг ёсны эрсдэлтэй ийм тэмцээнд оролцож байгаа хүүхэд зохих шан хөлсийг авах ёстой боловч шуналын дэвүүд морийг нь унасан хүүхдийг хэдэн бор төгрөг, унадаг дугуйгаар молигодоод бүр амташчихжээ.  Бага  ч гэсэн хөлс шан авч байгаа болохоор хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн үг. Тийм болохоор  хүүхдийн хөдөлмөрийг, тэр тусмаа ийм эрсдэлтэй ажлыг "тэвчишгүй хөдөлмөр" гэхгүй бол өөр юу гэж нэрлэх юм? Дарханхөвсгөлийн хэлж байгаагаар бол энэ нь "тэвчиж болох хөдөлмөр" юм байх. Асуудлынхаа мөн чанарыг ойлгож байж бурмаар юм.

Эцст нь хэлэхэд, Монголчууд маань дэндүү гэхэд дэндүү амгалан улс. Өөр дээр нь ирэхгүй л бол бусдын зовлон "надад падгүй" гэсэн хандлагатай, амиа бодсон арчаагүй болоод байгаа юм шиг. Энэ хурдан морины уралдаанаас болж өнөөг хүртэл хэдэн хүүхдийн амь хохиров? Хэдэн хүүхэд насаараа тахир дутуу болов? Цаашид хэдэн унаач хүүхэд эндэх бол? Энэ асуултууд бидэнд сонин биш гэж үү? Бид чинь хүн хүч муутай улс, бушуухан 3 сая хүрэх юмсан гэж хүсэх мөртөө "зүй бусаар"  "уламжлал" нэрийн дор энэ мэтээр алдаад байх нь ариун явдал мөн үү? (Бяцхан үрсэд маань зовлон багадаагүй). Яс үс нь бэхэжсэн том хүнээр унуулж уралдвал бид хүүхэд багачуудаа энэ  аюулаас зайлуулж буян болох биш үү? Монгол морь тэсвэртэй, чадалтай. Том хүн унаад уралдахад юу нь  болохгүй гэж. Зай нь холдоод байвал жаахан богиносгохгүй юу. Шийдэж болохгүй асуудал гэж байдаг юм уу? Гагцхүү хүсэл байх хэрэгтэй.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө