Нам наашаа, лам цаашаа

Шашин бол хар тамхи мөн гэж  Марксын хэлсэн үг байдаг. Ухаантай хүн болохоороо оноод хэлчихэж. Бодоход, шашин гээч нь ямар ач тустай, хэрэгтэй зүйл юм гэж асуувал хариуд нь зөвтгөөд  хамгаалчихаар олигтой үндэслэл байхгүй юм шиг.  Шашинд итгэснээр хүмүүс энэрэнгүй үзэлтэй, алж талдаггүй, үнэнч шударга, зөв санаа бодолтой, худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй болох ёстой гэдэг, "номоороо" бол. Ямар ч шашин ийм үзэл номлоно. Гэвч бодит байдал нь шал эсрэгээрээ. Зөвхөн Монголоороо жишээ аваад үзэхэд л илэрхий. Буддизм Монголд ямар ач тусаа өгч, Монголчуудыг ямар ард түмэн болгов оо гэж. Дэлхийгээр жишээ аваад үзэхэд л олон ард түмэн шашнаараа хуваагдан талцаж, бие биенээ алж хядаж байна. Бие биенээ үзэн ядах шалтагуудын нэг нь шашин болжээ.  

Тодорхой номлол, үзэл бодлыг түгээж сурталчилдаг, зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулдаг арга барил, бүтэц зэрэг олон шинж чанараараа  шашинтай  адилтгаж болох үзэгдлүүдийн нэг бол улс төрийн нам юм. Үзэл бодлоороо ижил хүмүүсийг нэгтгэж, тодорхой зохион байгуулалтанд орж, зохих бүтэцээр үйл ажиллагаа явуулдгаараа бидний мэдэх олон шашны урсгалууд нь үзэл онолоороо ялгарах олон улс төрийн намуудтай ижил мэт. Ерөнхий зарчим яриад байна шүү дээ. Буддын шашны итгэгч,  Ардчилсан намын гишүүн хоёр өөр өөр шошготой ижилхэн бүтээгдэхүүнүүд юм.   (Энэ утгаараа Социал-демократ намын гишүүн, исламын шашинтан  хоёрыг мөн адилтгаж зүйрлэж болно)

Буддынхан, лалынхан, загалмайтнууд бүгд л адилхан эгнээгээ өргөтгөж "гишүүдийнхээ" тоог нэмэхийг бодно. Бүгд Найрамдахчууд, Хувьсгалт Намынхан мөн ялгаагүй ингэж мөрөөддөг. Өнөөдөр дэлхийд ноёлох гол 3 шашныхан (Буддистууд, муслимууд, христийнхэн) бие биенээ "далдуур муулах" нь өрсөлдөгч улс төрийн намынхан бие биенийхээ эсрэг "пи-аар" хийхтэй тун ч адилхан. Эдгээр шашнууд дотроо мөн олон урсгал, чиглэлтэй байдаг нь улс төрийн намууд мөн дотроо зүүн баруун талдаа хаана байрладагаас хамаарч өөр өөр  "гуншин" авдагтай агаар нэгэн. Шашин, нам хоёрт адилхан юм их бий. Гэвч "Улс төрийн нам бол хар тамхи мөн" гэж хэлсэн хүн одоохондоо алга. Бодоход,  биш бололтой.

Шашин нам хоёрт ялгаатай юм бас бий. Шашин нь хоосон номлолоор  хүмүүсийг "мунхруулдаг" бол, улс төрийн нам "олон хувьсагчтай"  тодорхой  онолоор  хүмүүсийн "толгойг эргүүлдэг."  Шашин нь далдын хүчээр "түрий барьдаг" бол улс төрийн нам тодорхой үр дүн  санал болгодог. Шашин бол хүмүүсийн мухар сүсэгийг ашигладаг бол улс төрийн нам хүмүүсийн оюун ухааныг уралдуулдаг. Тэгэхээр  нам нь наашаа, лам  нь цаашаа гэж хэлмээр  байгаа юм.

Хүмүүн гэдэг "амьтан" уураг тархитай, оюун ухаантай боловч өдийг хртэл амьдарч ирсэн түүхэндээ байгалийн үзэгдэл, сүр хүчийг тайлбарлаж эс чадахын хэрээр  хүчин мөхөс гэдгээ   мэдэрч "далдын ид шид, хүчтэнд" өвдөг сөгдөн "бууж өгсөөр" иржээ. Ойлгохгүй , тайлбарлаж чадахгүй аливаа юмс үзэгдлийг "үл үзэгдэх ер бусын хүчтэнд" хамаатуулахаас өөр яах ч юм билээ. Тэр "хүчтэнээ" БУРХАН гээд нэрлэчихсэн хэрэг.  Өөрсдөд нь үл захирагдах, нөлөөлж үл чадах үзэгдлийг Бурхны таалал гэж үзнэ. Бурхандаа өөр өөр нэр өгөөд (Будда, Мухаммед, Есүс), мөн шүтэж дагах өөр өөр онол философи бий болгоод л дэлхийн ард түмнүүдийг "хуваагаад авчихсан"  юм. Хамгийн харамсалтай нь,  "Танай бурхан хуурамч, манайх жинхэнэ" гээд итгэгч нар нь хоорондоо дайтах нь хэцүү! Үүнийг шашин хоорондын мөргөлдөөн гэж нэрлэнэ.

"Далдын хүчийг" ашиглаж "шашны бизнесийг" бий болгосон боловч үнэндээ далдын хүч гэж байдаг юм шиг.  Хүн бүр адилгүй. Дийлэнх нь мөнөөх "далдын хүчийг" эзэмшдэггүй бөгөөд харин тодорхой үл тайлбарлагдах шалтгаанаар зарим нэг нь тийм ид шидтэй болох нь бий. Тийм хүмүүсийн тухай улс орон бүрд жишээ авах бодит хүмүүс байдаг. Аянганд хальт "ширвүүлээд"  аливаа биетийг нэвт шувт хардаг шидтэй болчихсон хүн байдаг тухай мэдээ байдаг. Дээхэн үед Өмнөговийн нэг сурагч далдыг хардаг ид шидтэй байсан тухай бичиж  л байсан. Дотуур байранд амьдарч байхдаа хөдөө гэртээ юу болж байгааг алгандаа хардаг байсан гэдэг. Сүүлдээ гэрээ харуулах гэсэн хүүхдүүдийн "захиалганд" дарагдаад, "дэндүү ачаалалтай" ажилласанаас болсон уу яасан, далдыг харж чадахаа больсон юм гэнэ лээ. Гадаад орнуудад ч мөн иймэрхүү жишээ олон бий.  Болгарын  Ванга авгай бол дэлхийд алдаршсан нэгэн байсан. Хүн бүрийн мэдэх энгийн жишээ гэвэл илбэчин гэх хүмүүс байна. Хөзрөөр молигоддог, эсвэл өөр аар саар жижиг заль хэрэглэдэг "илбэчинийг"  хэлээгүй шүү. Харин тэр ер бусын  хүчийг ашиглаад жирийн хүний хийж чаддаггүй үйлдлийг хийдэг чадвартай хүмүүсийн тухай ярьж байна.

Гипнозын тухай бид мэднэ дээ. Хүнийг "унтуулдаг" энэ ид шидийг хүн бүр эзэмшдэггүй. Гипнозын хүчээр хүний оюун ухааныг удирдаж, унтуулах, эсвэл унтаа мөртөө  сэрүүн байдалд зэрэг байлгаж болдог. Унтаа юм шиг мөртөө хөндлөнгийн хүний хэлсэнийг дагаж тодорхой үйлдэл хийх чадвартай байдалд оруулна гэсэн үг. Энэ бол заль мэх биш. Тухайн илбэчин (гипнозчин) далдын хүчийг ашиглаж бусдын оюун ухааныг эзэмдэж байгаа үйлдэл. Ийм чадвартай хүмүүсийг сургаж мэргэшүүлэх сургууль хүртэл байгуулагдаж, ийм чадварыг анагаах ухааны (эмчилгээний) зорилгоор ашиглаж ирсэн түүхтэй.

Шашныг дэлгэрүүлэхэд иймэрхүү ер бусын чадвартай хүмүүсийг ашигласан, эсвэл тэдгээрийн үйлдлийг ашигласан байж болох. Мөн  тийм чадвартай хүмүүс өөрсдөө оролцсон ч байж мэднэ. Ямартай ч энэхүү бодитоор орших, хүн бүрийн эзэмдэж чадахгүй далдын хүчийг ашиглаж бусдыг бишрүүлсэн  гэдэг нь ойлгомжтой. Тийм биш бол хэн "Бурханд" итгэж тэр шашинд орох билээ?  Далдын хүчний өчүүхэн хэсгийг ашиглаж ер бусын чадвартай болдог илбэчин, далдыг харагч, зөнч мэтийн хүмүүс өнөөдөр тэр чадвараа  ашиглаад олныг өөртөө татаад өөртөө ашигтай элдэв зүйл хийх, тодорхой зорилгоо биелүүлэх буюу муу үйл хийх боломжгүй болжээ.  Хүний оюун ухаан, ухамсар, боловсрол өөр болсон цагт тийм боломж гарахгүй. Харин эрт "балар" цагийн үед "хувьсгалын тохироо" бүрэлдсэн (хүмүүсийн ухамсар, боловсрол, мэдлэг муу) байсан болохоор бусдыг "ид шидээр" дагуулахад амар байж. Одоо бол чадвартай илбэчин, гипнозчин нарын чадварыг циркийн үзүүлбэр төдий ойлгож хүлээж авдаг болж. Гэвч үнээг нь жалганд аваачиж нуучихаад дараа нь эзэн нь ирж мэргэлүүлэхэд "алга болсон"  үнээг хаана байгааг "яг хэлдэг" лам багшийн далдыг хардаг ид шидэнд шүтэн биширч, хамаг байдгаа  өргөдөг бид хөөрхийлөлтэй байж.

Коммунистуудын засаглалын үед нэг хэсэг дарагдаж байснаа ардчилсан хувьсгалаас хойш эрх чөлөөгөө олсоноор айл бүр ламтай болохыг шахлаа. Лам оролцохгүй юм гэж байхаа болилоо. Шав тавьсан ч лам, нээлт хийсэн ч лам, бөх барилдсан ч лам, ой тэмдэглэсэн ч лам... Лам нарын "том дарга" нь төрийн өндөрлөгүүдийн хажууд л заларч харагдах болж. Шашин төр нь "холилдоод" ч байгаа юм шиг. Үндсэн Хуулиндаа "Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ" гээд хачин заалт оруулаад  бүр дархлаажуулчихсан. Ардчилсан засаглалтай юм бол аль нэг шашныг илүүд  үзэж дөвийлгөх юу билээ? Буддын шашинг уламжлалт шашин гэхэд хэцүү. Адаглаад л харь хэлээр "ажил хэргээ" явуулдаг болохоор юу гэж хэлээд байгааг нь итгэгчид үл ойлгоно. Унших номнууд нь янз бүрийн "зориулалттай" бөгөөд үнэ тариф нь өөр өөр. Ном уншиж өгөөд төлбөр авдаг ийм шашин өөр байдаг юм уу? Муслимууд, христийнхэн лав тэгдэг гэж дуулаагүй юм байна. Харин хандив авдаг юм билээ.

Монголчуудын дийлэнх нь Буддистууд гэдэг. Гэвч эдгээр итгэгчид маань  шүтэн биширдэг Бурхныхаа "сургаалийг" үнэхээр дагаж мөрддөг үү гэдэг эргэлзээтэй.  Лам нар нь ч үнэхээр ном ёсоо баримталдаг гэдэгт итгэхэд хэцүү болж. Оюутнууд улсын шалгалтанд орохдоо, гадаад явах иргэд маань  визний ярилцлаганд очихоосоо өмнө Гандан ордог нь  ямар итгэл үнэмшил, ёс суртахуун бэ?  Ухаанаа уралдуулж   шалгалтаа өгөхийн оронд лам нараас "тусламж" эрэх, цаадуул нь тэр "тусыг" нь үзүүлж орлого олж байдаг нь ямар учир ёс вэ?  АНУ-ын Элчин Сайдын Яаман дээр визний консулын өөдөөс ламаас өгсөн шившлэгтэй шар будаа цацаад виз нь бүтэж байсан тохиолдол байна уу? Хараал ерөөл хийдэг, хийлгэдэг л гэнэ, орлогын "үүдийг" нь нээлээ, хаалаа  л гэнэ, ажил хэргийг нь бүтээлээ л гэнэ, саад тотгорыг нь арилгачихлаа л гэнэ, засал горим хийлээ л гэнэ. Ламын үйлчилгээний төрөл их олон бөгөөд тэр тоолонгоор ашиг  орлого нь муугүй байдаг бололтой. Дээр хэлсэнчлэн, өнөөдөр ч лам оролцохгүй бизнес гэж байхгүй болж. Тэгэхээр тун боломжийн орлоготой, их  ирээдүйтэй "мэргэжил" болж хувирсан байгаа биз?  Харин орлогодоо татвар төлдөг эсэхийг мэдэхгүй юм. Төлдөггүй бол төлүүлдэг болгомоор.

Буддын шашинтнууд  энэрэнгүй ёсыг их номлодог. Харамсалтай нь тэр энэрэнгүй сэтгэл нь бодит амьдрал дээр харагдахгүй л байна.  Нийслэлдээ шавсан олон Монголчууд дотор сайнтай муутай, ядарсан задарсан янз бүр л бий. Хахир хатуу капитализмыг байгуулж байгаа өнөө үед олон шалтгаанаар сайханаа байг гэхэд боломжийн амьдрал зохиож чадаагүй тодорхой хэсэг нь гудамжинд гарч ядуучууд гэдэг давхаргыг бий болгожээ. Гадаад улс оронд Христийн сүмийн (аль ч урсгал нь гэсэн)  иймэрхүү  хувь заяа муутай ядуу дорой хэсгийг энэрч хайрлаж, тусалж  байдаг юм билээ. Ядаж л боломжоороо шөнөд нь сүмдээ орогнуулж, хооллож, хувцаслаж байх юм.  Харин манай энэрэнгүй Буддистууд энэ тал дээр таг шүү! Юун ядуу гуйлгачдыг хооллох. Өөрсдөө өтгөнөө хаттал махан хоол чихэж, тос даасан боов идэн шар тосоор хэхрэн суух. Энд тэнд нэмж сүм, суварга барих хөрөнгө мөнгө гаргах мөртөө   дээр нь бас ядарсан иргэдээсээ нэмж хандив цуглуулахдаа ичихгүй. Цагаан сараар бас хэвийн боов зарж  бизнес хийдэг гэж байгаа.

Монголын Буддистууд маань армиа томсгож байна. Шашны сургууль гэдэгт нь олон хүүхэд сурч, ирээдүйд лам болох зам мөрөө хөөжээ. Тэд "productive" хүчин болж улс орондоо хүч, оюун ухаанаа зориулах үйлсийг хэзээ ч хийхгүй бөгөөд ирээдүйд хэнд ч  хэрэггүй "хүний нөөц" болж хувирна. Монголоос цөөнгүй хүүхэд гадаад улсад (Энэтхэг г.м) бас шашны чиглэлээр сургуульд сурч буй. Хэдэн жилийн өмнө Энэтхэгт сурч байсан Монгол баньд нараас нэг нь сургуулиасаа оргож, нэлээн зовлон үзэж байж эх орондоо эргэн ирсэн тухай хэвлэл дээр  бичиж л байсан. Яасан гэсэн чинь мөнөөх хүүгийн сурдаг байсан шашны сургуульд банди нарыг "эмлэдэг" явдал хэвшил болсоныг биеэр үзээд тэвчээгүй хэрэг. Том лам нар, багш сургагч нар нь сурагчдаа "бандиддаг" гэнэ. Ижил хүйстэнүүдийн хийдэг ажил. . Тэнд сурч байгаа хүүхдүүд ихэнх нь юм сурахаасаа илүү сургуулийнхаа  аж ахуйн ажилд зарцлагддаг аж. Олон орноос ирсэн хүүхдүүд арга буюу хүчинд автан хэн нэгний өвөрт ордог бөгөөд лам багш нар бүгд л  тус тусдаа "хувийн амрагтай" байдаг гэнэ. Ахлах ангийн оюутнууд нь шинэ ирсэн болон бага ангийн "бацаануудыг" их хүчинддэг тухай мөнөөх оргодол баньд ярьсан байна лээ. Ялангуяа түвд оюутнууд Монголчуудыг их хүчинддэг гэсэн. ("Deserted monk" нийтлэлийг  http://mayaguais.blogspot.com/2013/05/deserted-monk.html холбоосоор орж уншаарай)

Буддистууд "хомосексийг" сайшаадаггүй гэсэн. Христийнхэн мөн ижил хүйстэний сексийг жигшдэг боловч пасторууд нь итгэгч нараа (мэдээж хөвгүүдийг)  элдэв аргаар эрхэндээ оруулан хүчирхийлдэг байсан нь илэрсэн жишээ олон бий. Энэ тухай Интернетээр хайгаад үзвэл их олон юм гарч ирнэ. Харин хаа очиж муу нэртэй Исламын шашинтнууд (муслимууд) ингэж явалдсан тухай юм сонсогдохгүй юм.

Ер нь Түвдийн Буддизм Монголд орж ирээд байгуулсан гавъяа юу байдгийг мэдэхгүй юм. Зарим нэг хүмүүс Буддизм Монголд соёл оруулж ирсэн л гэдэг юм. Тэр их соёл нь тэгээд юу ч байгаа юм. 20-иод онд Нийслэл Хүрээнд 100 мянган лам байсан юм гэнэ лээ. Тухайн үеийн хүн амын тоотой харьцуулбал  мөн их хүн хүч шүү. Ажлын чадвартай ийм олон хүнийг ямар ч баялаг бүтээдэггүй, зүгээр л  ард иргэдийг мэхлэн шулж суудаг "хувалзнууд" болгосон нь энэ шашныг авсаны "ач  тус" л гэдэггүй юм бол. Ажил хийж баялаг бүтээхээ байг гэхэд авгай авч болдоггүйн харгайгаар Монголын хүн амын өсөн үржихүйг маш ихээр боогдуулж байсан нь бас үнэн.   Тэгэхээр зөвхөн энэ хоёр үндэслэлээр л (маш олон хүнийг баялаг бүтээгч биш болгосон, эхнэр авч болохгүй учраас хүн амын нөхөн үржихүйд саад болсон)  Түвдийн Буддизм бидэнд тус болохоосоо  илүү  ус болсон гэхэд болно.

Өнөөдөр энд тэндгүй сүм хийд, суварга мэтийг босгож байна. Тэгсэнээрээ Монголын ард түмний амьдрал  сайн сайхан болдог бол юу ярих билээ. Гэвч харамсалтай нь лам олширсоноор, энд тэнд ийм тийм байгууламж барьсанаар бид хөгжихгүй. Хүн бүр толгойгоо ажиллуулж, гар хөлөө хөдөлгөж дор бүрнээ ажил хийж баялаг бүтээж байж улс орон маань хөгжинө. Ойлгомжтой асуудал.  Тэр зам руу биднийг дагуулж залж орох субьект нь лам биш нам бөлгөө. Ямар нам, яаж  гэдэг нь  шал тусдаа асуудал. Ингэхээр  шашинд сохроор  итгэж, итгэгчийн дүр эсгэж явахаа больцгооё. Сүм хийдэд очиж төлбөртэй ном уншуулж байхын оронд тэр мөнгөө амьдралдаа хэрэглэцгээ. Өгмөөр байгаа бол гудамжинд суугаа ядарсан хүмүүст өгчих. Эсвэл өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүст эмчилгээнийх нь зардалд нэмэрлээд хандивлачихвал тэр чинь жинхэнэ буян болно. Сайн явах санааных гэдэгчлэн өөрөө л сайн сайхныг бодож, итгэж, мөрөөдөж явбал ажил үйлс бүтэж амьдрал сайхан явахаас биш утга агуулга нь мэдэгдэхгүй номыг тэнд байгаа хэдэн ламаар "бөөндүүлсэнээр" сайхан болохгүй ээ. Лам нарыг "тэжээж" бөөцийлөхийн оронд намуудаа цэгцэлж тордож авбал улс орны хөгжил, бидний амьдралд тустай.  Төр засгийн тэргүүнүүд ч гэсэн Лам гэж "хөл алдан гүйцгээх" нь бусдад буруу үлгэр үзүүлж байгаа туйлын зохисгүй үйлдэл бөгөөд үүнийгээ  анхаарч , хийх ёстой ажлаа хийж байвал зохимжтой санагдана.  Бидэнд лам хэрэггүй, ажил хийдэг хүн хүч хэрэгтэй байна.

пи ээс:  Зурхайн ухааныг, мөн улс төрийн онолыг  шашинтай хольж хутгахгүй  байхыг хүсье.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө