Сочи ба тэгш тоотой бариа

Б.Бямбадорж
Сочигийн Олимпод уралдсан манай цанын 2 тамирчин 80-р (эрэгтэй) ба 70-р (эмэгтэй) байранд орсон мэдээ ирлээ. Эрэгтэй тамирчин (Б.Бямбадорж) маань 87 тамирчнаас долоог нь ардаа орхин "хурдалжээ".
Эмэгтэй тамирчин (Отгонцэцэг Ч.) маань 75 тамирчнаас тавыг нь ардаа орхин "жирийжээ".  68-р байранд  орсон Африк тивийн Того гэдэг улсын тамирчны араас элдээд бараагүй юм байх. Цасгүй тивийн тамирчны ард гишгэлээ гэж цастай Монголын спорт сонирхогчид их ам муутай байна.

Ч.Отгонцэцэг
Харин би бол тэр хоёрыгоо тэгш тоотой байранд орсонд их бэлэгшээж байгаа. Уг нь хамгийн сүүлийн байранд орсон бол баян ходоодын шагналтай ч байсан юм бил үү хэн мэдлээ. Гэхдээ Олимпод тийм шагнал өгдөггүй байх л даа.

Дараагийн Олимпод байраа 10-аар урагшлуулж эрэгтэй нь 70, эмэгтэй нь 60-р байранд орохын өлзийтэй сайхан  ерөөлийг дэвшүүлье дээ. Ингэж 10, 10-аар урагшилсаар хэзээ нэгэн цагт  тэргүүн байр эзэлж алтан медаль авах болтугай. Хурай, хурай!

Төгсгөлд нь хэлэх  үг...

Олон хүн янз янзаар л ярьж байна. Зарим нэг нь Олимпод оролцож  Монголынхоо нэрийг гаргаж байгаа нь их юм гэх. Тэнд далбаагаа барьж явсанаар улсын маань нэр хүнд өсдөг бол ч хамаа байж уу. Гэвч үгүй юм аа.

- Хүүе, Монголын баг гэсэн чинь хоёрхон тамирчин явж байна хэмээн үзэгчид сонирхон ярилцана. Цас ,мөсний сэрүүн орон гэхэд өвлийн спорт сайн хөгжөөгүй юм байх даа гэлцэнэ. Дараа нь  цанын 2 тамирчин нь адгийн байранд орсоныг уншаад гадны спорт сонирхогчид инээд  алдан өхөөрдөцгөөнө. Ингээд бодоход ичмээр ч юм шиг. Ер нь ингэж "орон тоо" бөглөж байхаар хөрөнгө мөнгөө хэмнээд өвлийн Олмпод оролцохгүй байвал яасан юм гэж хэлэх хүмүүс ч байна. Бодоход, тэдний зөв ч юм шиг. Барж ядсан мөнгөтэй  баян орон биш ямар!  Чаддаг спортын төрлүүдээрээ нэрээ гаргаж байсан нь дээр мэт.

Гэвч нөгөө талаас,  бас хор шар гэж нэг юм хатгаад болшгүй нь. Бид ямар улс гэхээрээ бусадтай адил цанаар уралдаж чаддаггүй юм гэж. Адилхан л хоёр хөлтэй, хохимой толгойтой хүмүүс дэг.
Хөл гар богинотой гэдэг шалтаг хэлэх хүн байх л байх. Гэвч энэ бол хүндэтгэх шалтгаан биш. Адилхан атигар Азийн Масако Ишида (Япон) түрүүлсэн тамирчнаас 1 минут 38 секундын дараа барианд орж 15-р байр эзэлсэн байна даг. Гэтэл манай Отгонцэцэг түрүүлсэн тамирчнаас даруй 10 минут 25 секунд хоцорч бариалжээ.  Хятадын 2 тамирчин, Өмнөд Солонгосын 1 тамирчин манай тамирчны өмнө гишгэсэн байна.  Дөрвөн мөчний чац яривал адилхан л улсууд. Чац урттай цагаан арьстнуудтай харьцуулахаа больё гэхэд.

80-р байранд орсон Бямбадорж ч гэсэн Хятад, Өмнөд Солонгосын тамирчдаас төө хойгуур бариалсан байна. Түрүүлсэн тамирчнаас мөн 10 минут хоцорч барианд оржээ. 10 минут гэдэг их хугацаа. Зарим хүмүүсийн  ярьж байгаагаар бол манай тамирчид барианд орж ирэхдээ тэгж их айхтар цуцсан шинжгүй байсан гэнэ. Гэтэл бусад орны тамирчид эцсийн хүчээ шавхаж цаг минуттай уралдсаар орж ирээд бахардаж унах нь элбэг. Харин манайхан болохоор тэгж хүчээ дайчилж уралддаггүй бололтой. Биеийнхээ амрыг боддог юм уу, эсвэл уралдаж байхдаа хэнд ямар бэлэг авч очихоо бодож явдаг   юм уу бүү мэд. За ямар ч байсан манай хоёр тамирчин тэгж эцсийн хүчээ шавхаж уралдаад барианд орж ирээд тэрий хадаад уналаа гэж дуулдаагүй.  Ингэж бодохоор манайхан "дүр эсгэдэг" ч юм шиг.

Энэ бол цэвэр  хариуцлагын асуудал. Нэгэнт тухайн тэмцээнд биеэ бэлдчихээд оролцож байхдаа өөрийгөө дайчлахгүй ингэж "оронцоглоно" гэдэг чинь тамирчид маань хариуцлагаа ухамсарлаагүй байна гэсэн үг. Ингэж тамирчнаа бэлдсэн дасгалжуулагч нь ажлаа хийж чадаагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл , аль аль "халтуурджээ". Тамирчны бие махбодийг бэлдэхээс гадна бас сэтгэл зүйг нь сайн бэлдэж өгөх хэрэгтэй гэдгийг хэн бүхэн мэдэх биз ээ. Тэгвэл манай тамирчид аль ч талаараа бэлтгэл сайн хангагдаагүй гэдэг нь илт байна. Ингэж "шоудахаа" больцгооё. Олимпод явахаасаа өмнө "бэлтгэл хангагдсан" л гээд байсан, 70, 80-р байранд орох бэлтгэл хангагдсан юм байж л дээ.

Үнэхээр бидний биеийн хөгжил гүйцэхгүй байна уу гэвэл үгүй юм аа гэдгийг дээр дурдсан. Ганцхан үнэн сэтгэлийн чармайлт, хөлсөө урсгаж бэлтгэл хийх л дутаад байгаа юм. Одоо ямар "материаллаг бааз" дутагдлаа гэх биш. Цана нь, хувцас нь байна. Дээр нь бэлтгэл хийх, гүйх газар хаа мунддаг юм. Хандгайтыг тойроод, Богд уулыг ороолоод яаж л бол яаж хөлсөө гаргаж "шүүсээ шахах" боломж байна. Ганцхан хүсэл алга. Дараагийн Олимпод олигтойхон амжилт үзүүлэхийн тулд үнэнхүү сэтгэл зүрхээ зориулсан, шүүсээ шахахаас айхгүй зоримог дайчин тамирчин бэлдэж эхлэх хэрэгтэй байна. Тэрнээс биш, газар үзэж, нүд тайлах зорилготой тамирчинг бид хөрөнгө зарж ийш тийш нь явуулмааргүй байна. Илүүдээ гарсан мөнгө гэж байдаг юм уу?
 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө