МАН-ын "Болор цом"

МАН-ын шинэ генсек Ж.Мөнхбатын тавьсан илтгэлийн видео бичлэгийг  www.news.mn  сайт дээр "Ж.Мөнхбат төрийн бугшааг бут ниргэв" гэсэн сүржин гарчигтай тавьжээ.  Зүй нь "Ж.Мөнхбат намынхаа хурлыг Болор цомтой андуурав" гээд гарчигласан бол онох байлаа. За тэр гарчиг ч яахав. Хамгийн гол нь энэ намын шинэ генсек ямар  хүн бэ гэдгээ харуулсан нь чухал явдал  болжээ . Сурсан юмыг сураар боож болох биш гэгчээр шинэ генсек маань илтгэлдээ үг үсэг, толгой холбож уянгын халил оруулахаа мартсангүй.  Яруу найрагч генсектэй болсоны хэрэг юу билээ, айн?  Гэвч харамсалтай нь уянгын халил, уран цэцэрхэл нь энэ удаа урамгүй  нуршаа, хоосон чалчаа болчихжээ. "Бут ниргээд хаячихсан" юм огт алга, нөгөө л улиг болсон үглээ. МАН-ын лидер нэртэй лойдоруудын амнаас гардаг үгс тэр хэвээрээ. Зурагдсан пянз лугаа адил давтжээ.

- "Энэ бол өндөг"
Өндөг гэж ямаршуухан зүйл байдгийг энэ "Болор цом"-ын индэр дээрээс мэдлээ. Өндөгний үнэ өссөнийг ч бас мэдэж авлаа. "Хэдэн бор ач"-аа тэжээх гэж чанасан өндөг гудамжинд зарж буй эмээ "тансаглаж" байгааг Ерөнхий сайд мэдэлгүй, "Өндөг бол тансаг хэрэглээ" гээд хэлчихсэн юм байх. Үүнд дургүйцсэн МАН-ын  "будаг нь ханхалсан" шинэ генсек гайхан эгдүүцэж, ядарсан эмгэний зарж байгаа барааг "тансаг" гэсэн нь мөнөөх эмгэнийг доромжилсон хэрэг гэсэн санааг цаагуураа цухалзуулжээ.   Бараг л өндөг зарж буй эмгэн болгоноос уучлалт гуйхыг шаардаж байна гэчихсэнгүй. (Угтаа бол эмгэн буурал маань "тансаглах" гэж өндөг авсан юм биш, харин зарж хэдэн төгрөг унагаах гэж наймаалж буй хэрэг).

Гэвч генсек гуай алд дэлэм андуурчээ. "Өндөг зардаг эмгэн" өнөөдөр гэнэт бий болоогүй ээ. Ийм олон олон эмгэнийг бий болгосон он жилүүдэд энэ  яруу найрагчийн толгойлох гээд байгаа нам эрх барьж байсан юм шүү. Өндөг байтугай олон юмны үнэ МАН-ын засаглаж, дургиж байсан жилүүдэд нэмэгдэж ирсэн билээ. Хойшид ч нэмэгдэнэ. Энэ бол дэлхийн жишиг. Ямар ч улсад  юмны үнэ нэмэгдсээр ирсэн түүхтэй. Өнөөдөр өчигдрийн үнийг  нэхээд яахав дээ. Энэ бол зүгээр л "сайн санаатны" дүрд тоглодог муухан жүжгийн  хэсэг. 2012 онд МАН ялаад гараад ирсэн байсан ч  нэмэгдэх л байсан, магадгүй илүү ихээр ч  нэмэгдэх байсан юм бил үү.  МАН-ынхан арай "Бид ялсан байсан бол өндөгний үнэ нэмэгдэхгүй байх байсан юм" гэж хэлэх гээгүй байгаа?  Бараг л...

18 метр квадрат цаасны үлгэр ярьж байгаа нь
Мөнхбат дарга  дахин нэг "бодит нотолгоог" биетээр нь үзүүлж муугүй шоучин гэдгээ харууллаа. Тэрээр нэг долларын дэвсгэртийг 17 боодол  нэгтийн дэвсгэртүүдийн хамт гаргаж үзүүлэн Монгол төгрөгийг одоогийн эрх баригчид хэрхэн "цаас" болгосоныг 100 айлын барилгын дэлгүүрт зарагдаж буй обойн цаастай зүйрлэн нотоллоо. 17 боодол нэгтийн дэвсгэртийг нийлүүлж наавал 18 метр квадрат хэмжээтэй болох юм гэдгийг мань эр мэдэж авчээ. Тэгтэл 18 метр квадрат мөнөөх ханын обой 30 мянган төгрөгний үнэтэй байна гэнэ.  Монгол төгрөгийн ханшийг ямар болгосоноо эрх баригчид харах цаг болжээ гэж энэ эрхэм айлдлаа. 18 метр квадрат ханын обой цаас ба  нийлүүлбэл 18 метр квадрат хэмжээтэй болох 17 боодол нэгтийн дэвсгэртүүдийн хооронд ямар холбоо шүтэлцээ байгааг ойлгосонгүй.  Арай 18 метр квадрат   болох нэгтийн дэвсгэртээр (17 боодол буюу 1700 төгрөгөөр)  18 метр квадрат ханын обой цаас худалдаж авах ёстой гэж хэлэх гээгүй байгаа?  Бараг л ...

"Эрх баригчид ядууралтай дайн зарласан, авилгатай дайн зарласан, Улаанбаатарын утаатай дайн зарласаан"  гэж энэ эрхэм санууллаа. "Энэ олон дайн хэдий болтол үргэжлэх юм бэ гэж ард түмэн эрх баригчдаас асууж байна"  гэнэ.   Ард түмний нэр барихаас хэзээ л буцаж байлаа  гэж. Тиймээ, энэ олон дайныг эхлүүлэх үндэс суурь хэзээ тавигдсан билээ гэдгийг энэ нөхрөөс асуумаар. Авилгыг "Number one" толгойлж байх үед буюу МАН (МАХН гэдэг нэртэйгээр) засаг барьж байх тэр он жилүүдэд цэцэглүүлж эхэлсэн гэдэг. Ямар сайндаа л "Загалмалсан эцэг" дээр нь олон зуун сая төгрөг барьж орж байхав дээ. Цагаандаа цайсан хэрэг шүү! Сүүлд нь "Number one" энэ тухай ярьсанаас болж ороогдож байсан юм даг.   Ядуурлын тухайд ч мөн ялгаагүй, МАН-ын "мэргэн жолоодлогоор" энэ ард түмэн туйлдаа хүрч ядуурсан. "Ядуурлаас аварна" гэж амлахаар нь МАН-ыг сонгоод хулхидуулсанаа лав санаж байна.
2 жилийн өмнөөс ядуурч эхлээгүй юм. Банкны нийт хадгаламжийн 85% нь иргэдийн  5%-д оногдож байна гээд бодохоор л баян ядуугийн ялгаа ямар их болсоныг харуулж байгаа бус уу? Энэ ялгаа 2012 оны сонгуулиас хойш бий болоогүй юм.

МАН-ын мунхаг бодлогын уршгаар хөдөөнөөс хот руу нүүдэллэж шилжих нь ихэсч Улаанбаатарын эргэн тойронд замбараагүй гэр хорооллыг бий болгосоны балаг  өнөөдөр гарч байна. МАН-ынхан эрх барьж байхдаа газрын наймаа хийж хувьдаа баяжихаа бодож байснаас бус, гэр хорооллыг барилгажуулая, орон сууцжуулах тухай хуруугаа ч хөдөлгөөгүйн гор одоо илэрч байна.  Хотын менежер байсан Т.Бадамжунайгаас эхлээд газрын наймаагаар хөлжсөн олигархууд захаас аван байна. Намынх нь ирээдүйтэй  залуу боловсон хүчин гэгдэх  ( сэтгэлийн хөдөлгөөнөө барих менежментийн сургалтанд суувал уг нь сайнсан) Ж.Сүхбаатар ямар сайндаа "Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй байсан цагт  Монголд авилгачид жаргаж, олон түмэн айдас доромжлол амссаар байх болно" гэж хэлж байхав дээ. Энэ их замбараагүй хууль бус  газар олголт, гэр хороолол өнөөдрийн агаарын бохирдолт, хөрсний бохирдолт гэх мэтийн муу бүхний үүр үндэс болж байна. Гэтэл эрх баригчидын зарласан дайн хэзээ дуусах юм гэж ам асууж байгаа нь зүгээр л хоосон дүр. Өнөөдөр байтугай ойрын хэдэн жилд шийдэхэд хүнд  асуудлуудыг  өмнөх эрх баригчид бий болгочихоод өнөөдрийн эрх баригчдын амыг асуугаад байдаг сонин. Дахиад л асууя. МАН ялсан байсан бол эдгээр асуудлуудыг өдийд шийдээд сайн сайхан болгочих байсан юм болов уу? Хайдав гуайн хэлдгээр "Харагдаач!"  Харин ч өнөөгийн эрх баригчид дайн зарлаад эдгээр асуудлуудыг шийдэх гэж оролдож, арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай. МАН дахин сонгогдсон бол ингэж дайн зарлах байсан болов уу? Юу л бол.

Монгол орныг суурин иргэншилтэй, ард түмэн нь соёлтой, эрүүл, боловсролтой, ажил мэргэжилтэй болгосон муу нэртэй МАХН хэмээх коммунист намын хийсэн ажлыг өнөөгийн МАН-д нялзааж наалдуулах гэдэг нь энэ намын гэм биш зан болжээ. Хятадууд Монголын хаадыг "өөрийн" болгож дэлхийд сурталчлаад  өөрсдөө Монголын эзэнт гүрний дарлалд байгаагүй, харин Хятад дэлхийд хоёрхож байсан  юм шиг ойлголт төрүүлэх гэж оролддогтой адил юм уу даа. Хийгээгүй ажлаа хийсэн болгож сурталчлах нь өнөөгийн МАН-ын удирдлагуудын нэг даалгавар гэлтэй. 90 оноос өмнөх хийсэн бүтээсэн бүхэн тэр үеийн коммунист МАХН-д хамаарах болохоос 90 оноос хойшхи энэ намд ямар ч хүртээлгүй эд. Тэгээд ч коммунист нам биш болоод төрөл арилжсан биз дээ.

Өр тавьлаа гэж их донгодох болжээ. Өргүй улс орон гэж дэлхийд хаана ч байдаггүй юм. Алдарт Америк хүртэл өрөндөө баригдсан. Гэвч энэ нь бас муу гэсэн үг биш юм. Бизнес шинээр эхэлж байгаа хүн өр зээл тавьж байж эхэлдэг. Тэгэхээр Чингис бонд, Самурай бондыг арилжаалж мөнгө босгосоныг буруу гээд байгаа хүмүүс хаанаас яаж мөнгө олж бүтээн байгуулалтын ажлаа хийх байсан юм бол? Лав л хурааж хуримтлуулсан хувийнхаа мөнгөнөөс илүүчлэхгүй байх. Амь  нь тасрах биз. Энэ жил нийслэлд гэхэд л 282 км зам тавьсан байна. МАН эрх барьж байхдаа сонгуулийн бүрэн эрхийнхээ хугацаанд ч ийм хэмжээний замын ажил хийж байсангүй. Ганц жишээ авахад л ийм байна. Аймгуудыг засмал замаар холбож байна, төмөр замын ажил мөн урагшилж байна, гэр хорооллуудыг барилгажуулах их ажлыг эхлүүллээ гээд томоохон ажлууд ундарсан жил болж өнгөрлөө.  АН ба бусад хамтрагч хүчин засгийн эрх аваад жил хагас л болж байна. Цаана нь 2 жил хагас үлджээ. 2014 бүтнээрээ, 2015 он бүтэн, 2016 оны эхний хагас   үлдсэн байна. Энэ хугацаанд мөн багагүй зүйл хийж ирээдүйн хөгжлийн үндэс суурийг тавина гэж итгэж харж байна.

Өнөөгийн эрх баригчид 16 онд дүнгээ тавиулна гэж мэдэж байгаа учраас хэлсэн ярьснаа биелүүлэхийг хичээх байх. Харин МАН шиг "автоматаар", болохгүй бол мөнгөөр сонгогдчихно гэж бодвол алдана.  Засгийн эрхэнд гарсанаас хойш хийсэн ажил, санаачлагуудыг нь харвал юм хийе гэсэн хүсэл, сэтгэл байх шиг байна. Жаахан гайгүй яваа нэгнээ хялайдаг орчин үеийн "монгол зангаар"  МАН,  өнөөгийн эрх баригчид юм хийж, амжилттай байх тусам бачуурч уур нь хүрч байх шиг.  Шинэчлэлийнхэн гялалзах тусам МАН нэр хүндээ алдах учраас "ардын намын нүдээр" харвал  тэдний энэ араншинг  ойлгож болох мэт. Гэвч эцсийн эцэст Монголчуудын  эрх ашиг аливаа намын эрх ашгаас дээгүүр тавигдах ёстой гэдгийг л ойлгох хэрэгтэй.

Хүний нэр барьж худлаа хэлэх нь МАН-ын шинэ генсекийн нэг зуршил бололтой. Мьянмарын тэмцэгч , Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Сучи-гийн хэлсэн үгийг мушгиж хэлж байх юм. Энэ эмэгтэй Монголд ирээд хэлсэн үгэндээ "Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой" гэж анхааруулсаныг "Монголын ардчилал дүр эсгэсэн ардчилал бөгөөд дарангуйллаас аюултай" гэж  хэлсэн болгож гуйвуулж байх юм. Энэ ч арай дэндэнэ ээ. Өнөөгийн эрх баригчдыг муу хэлэх гэсэндээ харь хүний хэлсэн үгийг хүртэл мушгиж, улс төрийн нэг том намын удирдлагын амнаас гармааргүй хариуцлагагүй юм ярьж байгаа нь энэ албан тушаалдаа МАН-ынхан хүнээ олж тавьсангүй гэдгийг батлах мэт. Амных нь салиа бүрэн арилаагүй ийм балчируудын амнаас ийм л гоомой үг гарна.

Эцэст нь хэлэхэд, сөрөг хүчин байх нь "сөргөөд" байхын нэр биш, муулаад байхын нэр бүр ч биш, харин хяналт тавьж, зөв шүүмжилж, буруу хийвэл засахыг сануулж байна гэсэн үг. Уг нь МАН шинэчлэлийг өөрсдөөсөө эхлэх байсан юм. Гэвч "буруу ишилсэн" чигээрээ дуусах бололтой. Мөнгөөр сонгогдсон Увсын 2 гишүүнээ "загнаад" огцруулчихаж чадахгүй, тийм  жудаг байхгүй энэ нам бусдаас  юунд ёс зүй нэхнэ вэ?  Хэдэн аймгаар хэрэн, шинэчлэлийн Засгийн газрыг муулж харлуулж явах чинь сөрөг хүчний ажил биш ээ. Энэ бол 16 онд ямар ч аргаар хамаагүй засгийн эрхэнд гарах гэсэн хэтийн бодолтой хүмүүсийн арчаагүй тактик. Ийм аргаар хол явахгүй гэдгээ мэдрэх, ойлгох болоогүй байна гэдэг чинь энэ нам шинэчлэгдэх нь үлгэр юм байнаа гэдгийг нотолж байна. Энхболд, Мөнхбат мэтийн хүмүүсээр толгойгоо мэдүүлчихээр яаж ч шинэчлэгдэх билээ. Нөгөө "Тайлбаргүй" гэдэг тайлбар л энд зохино.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө