Эзнээ андуурсан цааз

Хэлмэгдэгсэд
22 жил. "Гал үндэстэн"  холбооны тэргүүн  Ц.Мөнхбаяр , Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарын хүмүүст  шүүхээс ийм ял оноожээ. Эд нар ийм хүнд шийтгэл  авахаар ямар гэмт хэрэг хийв ээ гэж.  Дараах 4 үндэслэлээр  буруутгасан бололтой.
1. Зандалчлах (эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулахын тулд шууд нөлөөлсөн)
2.  Олон нийтэд айдас төрүүлж, хүч хэрэглэхээр заналхийлсэн
3. Галт зэвсэг, тэсрэх бодис  хууль  бусаар олж авсан, хийж бэлдсэн, хадгалсан
4. Төрийн ордны хамгаалалттай бүсэд тэсрэх бодис байрлуулсан, галт зэвсэгтэй нэвтэрсэн

Дээрх 4 үндэслэлийн эхний 2-ыг нэгтгээд хэрэглэж болох юм байна. Эрүүгийн хуулийн 177.1-р зүйлд "Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн бол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. Харин 177.2-р зүйлд "Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас хүний амь нас  хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол 20-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл цаазаар авах ял шийтгэнэ" гэжээ.

Зандалчилсан гэж үзээд Ц.Мөнхбаярт 20 жил 6 сар, Ж.Ганболд, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар нарт  тус бүр 20 жил 1 сар оноосон гэнэ. Буруутгасан 3 дахь үндэслэлээр буюу галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авч хадгалсан гэж шалтгаанаар Ц.Мөнхбаярт 5 жил 6 сар, Ж.Ганболд, Г.Болдбаатар нарт 5 жил 1 сар өгчээ. Харин 4 дэх буруутгалд  оноох ял юу байх болон ямар шийтгэл өгсөн нь тодорхой бус байна. Ингээд "зандалчлах" болон "галт зэвсэгтэй" холбоотой зүйл ангиар авсан ялуудыг нэмбэл Ц.Мөнхбаяр нийтдээ 27 жил, Ж.Ганболд 25 жил 2 сар, Г.Болдбаатар мөн 25 жил 2 сар хоригдох болж байна.

Шүүгч М.Алдар даргатай,  шүүгч Б.Мөнх-эрдэнэ, шүүгч С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй зөвлөл хэлэлцээд дээрх нийлбэр ялыг 22 болгон бууруулж "харж үзсэн" бололтой юм. Гэвч маргах юм байна. "Номоороо бол" энд Эрүүгийн хуулийн 177.1-р зүйлийг хэрэглэх ёстой байсан мэт. Хүний амь нас хохироогүй, бусдад  хор уршиг учраагүй болохоор  177.2 -р зүйлийг хэрэглэх нь буруу бус уу? Гэтэл "зохион байгуулалттай бүлэг" гэдэг нь 177.2-т байгаа учраас энэ заалтыг хэрэглэсэн юм шиг. Эндээс  харахад л манай хууль нарийн сайн зүйлчилж бичигдээгүй нь харагдаж байна.  "Зохион байгуулалттай танхайрсан" болохоор 177.2-ыг хэрэглэмээр байдаг, гэтэл "хүний амь хохирч, бусдад хор уршиг учраагүй" болохоор хэрэглэж болмооргүй юм шиг. Энэ  мэт юмаа нарийн сайн ялгаж салгаж, хуулиа сайжруулахгүй бол иймэрхүү маягтай  шүүгч нарын "толгой гашилгасан"  хууль зөндөө байдаг биз.

Энэ хэргийг өөр өнцгөөс хараад  үзье. Шүүгчид энэ хэрэгт дэндүү механикаар ханджээ гэж хэлж болмоор. Мөнөөх нэр бүхий "танхайчууд" яг үнэндээ нийтийн эрх ашгийн төлөө өөрсдийнхөө амьдралыг "зольжээ". Тэд хувийнхаа эрх ашгийн төлөө энэ үйлдлийг хийсэнгүй. Урт нэртэй хууль буюу "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль" гэдгийг өөрчлөхийг эсэргүүцээд бүхий л арга чаргаа хэрэглээд "сүүлийн мэхээ" хийсэн нь тэр. Мөнхбаяр нар хүч хэрэглэж хүн алъя гэсэнгүй. Хэрэв тэгэх байсан бол Төрийн ордны хамгаалалтыг буудаж унагачихаад дотогшоо ороод баахан хүн барьцаалаад сүйд хийж болох байлаа. Яг үнэндээ Төрийн ордны хамгаалалт гэж юу байсан юм? Гар буутай үгүй нь мэдэгдэхгүй хэдэн ёслолын хувцас өмссөн "жижүүрүүд" л байгаа биз дээ?

Мөнхбаяр нарын сүүлийн арга бол иргэдийн анхаарлыг татах, "дээдсүүдэд" анхааруулга өгөх гэсэн оролдлого. Манай иргэд ч гэж иргэд. Зүй нь бид Мөнхбаярыг дэмжээд тэнд жагсаж байх ёстой байсан юм. Уул уурхайн "донтолт" хэрээс хэтэрч газар, дов болгоныг сэндийлж байна. Хэн дуртай нь металл хайгч бариад алтны "аянд" гарч байна. Ус, модтой газар хайгуул хийж, ашигт малтмал олборлоод гол нуур ширгээж, байгаль сүйтгэж, нөхөн сэргээлт хийх ч үгүй хаяад явж байна. Үнэндээ  Монголд газар болгоныг төнхөөд байх шаардлагагүй, цөөхөн хэдэн тоймтой том ордоо ашиглахад л өгөөжөө хангалттай өгнө. Бид байгалиа сайхан гэж шүтэх мөртөө цаагуур чинь сүйтгээд байгааг мэдэхгүй гэр гэртээ Мөнхбаярын тэнэгийг гайхаад, муулаад, буруутгаад сууцгааж байна. Эх орныхоо байгалийг хамгаалахын төлөө болох болохгүй арга хэрэглэж, цөхөрч   яваа тэр  хүмүүсийг шүүж байхад шүүхийнх нь гадаа жагсаад , Төрийн ордны гадаа цуглаад өмөөрөх  ёстой байсан юм уг нь. Харангийн Лхагваагийн нэг дуу байдаг даа, "Хамгийн сүүлчийн..." гэж.

Хамгийн сүүлчийн мод цавчигдаж унахад
Хамгийн сүлчийн загас ангаж үхэхэд
Хамгийн сүүлчийн гол ширгэж дуусахад
Хүмүүс та нар мөнгийг идэж болдоггүйг мэднээ 

Мөнх хөх тэнгэр минь надад хэрэгтэй
Мөнх ногоон дэлхий надад хэрэгтэй
Мөнх цастай уулс үргэлж сүрлэгээрээ
Мөрөн гол минь тунгалаг урсаж байхыг хүснэ

Замбараагүй уул уурхай, ухалт төнхөлт ийм л байдалд хүргэнэ. Муу нэртэй урт нэртэй хууль энэ байдлыг хазаарлахад маш их хэрэгтэй хэрэгсэл. (Нөхөн төлбөр энэ тэр  бол тусдаа асуудал.) "Савхин бээлий шатаадаг" нь буруу байж болох боловч цаагуураа санаа зорилго нь эх орныхоо байгалийн төлөө юм шүү гэж үзээд хэдэн сар хориод, торгоод өнгөрөөж болсонгүй юу , шүүгч нараа? Автомат робот шиг ажиллахаа больж, эрүүл ухаанаар цэгнэж дүгнэлт хийж сурмаар юм, манай шүүгчид. Шүүгч гэдэг бол хүн учраас өөрийнхөө үзэмжээр, зөв гэж бодсоноороо хуулиа зөрчихгүй шийдвэр гаргаж болдог, тийм эрхтэй. "Зандалчлах" гэдэг зүйл ангиар шийтгэх эсэх нь шүүгчдийн эрх хэмжээний хэрэг. Мөнхбаяр нар улсын мөнгө хулгайлж, албан тушаалаа ашиглаж гарын үсгээ арилжаагүй, авилга авч лиценз тараагаагүй, мөнгө тарааж сонгогдоогүй, тендерийн луйвар хийгээгүй. Нийгмийн жинхэнэ дайснууд л ингэдэг. Мөнхбаяр ба түүний нөхөд бол нийгмийн дайснууд биш, нийтийн эрх ашгийг  хамгаалагчид юм.
 



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө